Ё.Отгонбаяр 230 сая төгрөгийн авлига нэхжээ


УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын эхнэр О.Эрдэнэсолонго, Эрүүл мэндийн сайд асан Н.Хүрэлбаатар нар хэдэн арван тэрбумаар хэмжигдэх дуулиант хэргийн эзэд болоод байгаа. Тэдэнтэй зэрэгцээд их хэмжээний мөнгөтэй гадаадын иргэн алга болсон хэрэгт ТЕГ-ын Сөрөх тагнуулын тасгийн дарга Д.Цогтбаатар холбогдсон. Улсын мөрдөн байцаах газраас тэдний хэргийн явцын талаар өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм.
Ё.ОТГОНБАЯРТ ДАРАМТЛУУЛСАН ХОХИРОГЧИЙН ХЭРГИЙГ ШАЛГАХ ЯВЦАД ЭХНЭРИЙНХ НЬ "НО" ИЛЭРЧЭЭ
УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын эхнэрийн нэр дээрх дөрвөн банкны
26 дансаар мөнгө угаасан хэрэг сөхөгдөхөд тэрээр худлаа хэмээн улстөртэй холбон
тайлбарлаж байгаа. Тэгвэл Ё.Отгонбаяр БСШУ-ны сайд байхдаа бусдаас авлига нэхэж
дарамталсан нь тогтоогджээ. Энэ тухай өнгөрсөн гуравдугаар сарын 20-нд УМБГ-т иргэн
Ч гомдол гаргасан байна. Тэрээр Налайх дүүрэгт сургуулийн зориулалттай барилга
барьжээ. Барилга нь ашиглалтад орж, Улсын комисст хүлээлгэж өгөх гэтэл Ё.Отгонбаяр
нэг хүнээр зуучлуулан 230 сая төгрөг нэхсэн гэнэ. Ингэхдээ тодорхой дансны дугаар
өгч, тийш нь шилжүүлэхийг даалгажээ. Ч түүний хэлсэн мөнгийг өгөөгүй аж. Тэгтэл
Энхтайвны гүүрэн дээр явж байхад нь бүлэг хүмүүсээр зодуулж, "Ланд-200" маркийн
автомашиныг нь дээрэмджээ. Хохирогч Ч-гийн гомдлын дагуу УМБГ-ынхан шалгахад
үнэн болох нь тогтоогджээ.
Тухайн үед Ё.Отгонбаяр иргэн Ч-д санал болгосон дансыг шалгахад түүний эхнэр О.Эрдэнэсолонгын нэр дээр байсан гэнэ. Улмаар түүний нэр дээр дөрвөн банкны 26 данс байгаа нь илэрчээ. Ингэж О.Эрдэнэсолонгын хэрэг мандсан байна. Түүний нэр дээрх дансууд руу 300 сая, 400 сая, 80 сая гээд их хэмжээний мөнгө хэсэг хугацааны зайтай ордог байж. Тэр их мөнгө хоёр дансаар салаалж, буцаж нэгдээд төв банк руу орж бөөнөөрөө гараад явсан байжээ. Хэн авсан нь тодорхойгүй энэ их мөнгөний асуудлыг нягтлахын тулд зайлшгүй дансны эзнийг цагдан байцаах болсноо УМБГ-аас тайлбарлав. О.Эрдэнэсолонгын дансанд 400 гаруй сая ам.доллар байршиж байсан гэх мэдээлэл байсан. Тэгвэл түүний нэр дээрх дансуудаар 13.9 тэрбум төгрөгтэй тэнцэх гадаад валютын гүйлгээ хийсэн болохыг анх цагдаагийн байгууллагаас мэдээлсэн гэж албаны эх сурвалж онцоллоо. Энэ дүн бол сүүлийн дөрвөн жилийн хугацаанд О.Эрдэнэсолонгын нэр дээрх 26 дансаар явагдсан гүйлгээний нийлбэр гэв. "Ер нь мөрдөн байцаах ажиллагаанд дандаа эргэлзээтэй, хоёр талын маргаантай тоо орж ирдэг. Тэгэхээр хөндлөнгийн аудит хийлгэж, шинжээчдийн баг томилон үнэн зөв мөнгөн дүнг тогтоодог. Бид О.Эрдэнэсолонготой холбоотой энэ хэргийг шалгаж байна. Мөнгөний хэмжээг бид мөрдөн байцаалтын үед шалгаж тогтоох үүрэгтэй. Мөнгөн дүн буруу гараад хүн ял авбал алдаа болно. Тиймээс одоо шалгах ажиллагаа явагдаж байна. Яригдаж байгаа өндөр мөнгөн дүнг бид түрүүчээс нь тогтоогоод эхэлж байна. Дампуурсан банкуудын дансыг шалгаж байна. Энэ бүх ажиллагаа прокурорын хяналтан дор явж байгаа" гэж УМБГ-ын дарга цагдаагийн хурандаа Ц.Батсүх онцоллоо. О.Эрдэнэсолонгын биеийн байдлаас шалтгаалан батлан даалтад гаргаж, гадуур байцаах хүсэлтийг түүний ар гэрийнхэн нь тавьжээ. Тиймээс О.Эрдэнэсолонгыг өчигдрөөс ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр хорих ангиас суллаж, гадуур байцаахаар болсон байна.
Д.ЦОГТБААТАРЫН ХЭРЭГТЭЙ ХОЛБООТОЙ ГЕРМАНААС ХОЁР МӨРДӨН БАЙЦААГЧ ИРЛЭЭ
Эрүүл мэндийн сайд асан Н.Хүрэлбаатарыг өнгөрсөн баасан гаригт эх орондоо ирэхэд нь баривчилсан юм. Түүний нууц хүүгийн гэрээс их хэмжээний валюттай сэйф нь алдагдсанаар Н.Хүрэлбаатар хэрэгт холбогдоод буй. Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга байсан Д.Түмэндэмбэрэлийн хэрэг шалгагдаж эхлэнгүүт Н.Хүрэлбаатар хил гарч зугтсаныг албаны эх сурвалж онцолсон. Ийнхүү эрэн сурвалжлах ажиллагаа явуулж, Н.Хүрэлбаатарын хүүг хорьж цагдангуут эх орондоо буцаж ирсэн юм байна. Түүний гэрээс хоёр сая 145 мянган юань гарч ирсэн баримт нь цагдаагийн байгууллагад байгаа аж.
Тагнуулын ерөнхий газрын Сөрөх тагнуулын дарга Д.Цогтбаатар нь Германы иргэн алга болсон хэрэгт холбогдоод байгаа. 2005 онд Монголд 13 сая евротой орж ирсэн Германы иргэн ор сураггүй болсон юм. Тэрээр Германдаа 2000 гаруй иргэнээс луйвар хийгээд зугтаж манай улсад ирсэн тухай өмнө бид мэдээлсэн. Уг хэрэгтэй холбоотойгоор Германаас өчигдөр өглөө хоёр мөрдөн байцаагч манайд ирсэн байна.
Ийнхүү их мөнгөний луйварчдыг манай цагдаагийн байгууллага илрүүлж байгаа энэ үйл явцыг зарим намынхан улстөржүүлж байгаа. Харин УМБГ-ын зүгээс "Мөрдөн байцаах ажиллагаа тодорхой хугацаанд үргэлжилдэг. Бид илэрсэн хэргүүдийн талаар нээлттэй мэдээлж байгаа. Сонгуультай холбоотой мөрдөн байцаах ажиллагаа зогсдоггүй юм аа. Тиймээс зарим намуудыг бидний үйл ажиллагааг улстөржүүлэх хэрэггүй" гэсэн юм.
М.МӨНХ