ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
ЭНТЕРТАЙМЕНТ ЕРТӨНЦ
2013.06.30 07:06

Хятадын цэргүүд Бутаны хил рүү дайрчээ

Энэтхэгийн "Times now" мэдээний сувгаар Хятадын Ардын чөлөөлөх армийн цэргүүд хил залгаа орших Бутаны вант улсын хил рүү довтолсон талаар мэдээлжээ. Хятадын цэргүүд Энэтхэгийн гол үнэнч холбоотон болох тус улсын хилийг нэвтрэнгүүтээ  өөрсдийн гурван ч хуаранг байгуулан харуул хамгаалалтаа чангатгасан гэнэ. Сануулахад өнгөрсөн дөрөвдүгээр сарын 15-нд Хятад Улс  маргаантай нэг  нутаг руу дайрч байсан удаатай. Тэр нь Энэтхэгийн Ладакх. Хоёр улсын хооронд орших цэрэггүй зурвас  4057 км үргэлжилдэг юм. Тухайн үед Энэтхэгийн тал хил дээр байрлуулсан бункерүүдээ холдуулсан нөхцөлд Хятадын тал цэргүүдээ эргүүлэн татахаар ярилцаж  тохиролцоонд хүрч байв.  Энэ үйл явдал БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян Энэтхэг Улсад айлчлахаас өмнө болсон юм. Уг довтолгоо  хоёр талын харилцаанд сэв суулгасан хэрэг болж байв.

"Тimes Now" телевиз дээрх мэдээг Энэтхэгийн тагнуулын албаны эх сурвалжийн өгсөн мэдээлэл дээр  үндэслэн цацжээ.   Тус агентлагийн уламжилснаар Хятадын тал өмнө нь буюу  өнгөрсөн тавдугаар сарын 28-нд довтлох газар руугаа  урьдчилсан  тагнуулын ажиллагаа явуулж байжээ. Одоогийн байдлаар Бутаны хүчний байгууллагын зүгээс бие даан ямар нэг хариу арга хэмжээ авч чадаагүй байгаа аж. Учир нь хэдхэн мянган цэргээс бүрдэх Бутаны армийн хувьд  эсэргүүцэл үзүүлэх боломжгүйгээс гадна хангалттай  хэмжээний техник ч байхгүй билээ.

  "Times Now"-д дурдсанаар Бутанд байлдааны онгоц байдаггүй гэнэ.  Армийнх нь хэмжээнд Орост үйлдвэрлэсэн "Ми-8" нисдэг тэрэг долоо, Германд үйлдвэрлэсэн хуучны үеийн  "Dornier 228" хэмээх загварын нэг онгоц л байдаг аж. Харин Энэтхэгийн цэргүүд тус улсад өөрсдийн цэргээ байрлуулж, батлан хамгаалахын чиглэлээр сургуулилт явуулдаг байна. Мөн Энэтхэгийн  инженерийн цэргүүд тус улсад олон тооны зам, гүүр, нисдэг тэрэг буух талбай байгуулж байжээ. Үүнээс гадна  "Паро" хэмээх нисэх онгоцны буудал ч барьж өгсөн гэдэг. Хэрэв Бутаны тал Энэтхэгийн зэвсэгт хүчнээс дэмжлэг авахыг хүсвэл туслахад бэлэн гэж зарим эх сурвалж мэдээлж байна. Гэхдээ  Энэтхэг улс дэмжлэг өгөх тал дээр эргэлзээтэй байгаа гэх мэдээлэл ч байна.  Тус улс Бутантай адил хилийн маргаантай асуудлаар Хятадтай саяхнаас тохиролцоонд хүрч чадсан тул дээрх асуудалд хөндлөнгөөс оролцох гэж  яаравчлахгүй байгаа бололтой.  Хятадын тал хил залгаа орших Энэтхэг, Бутан улсын хил рүү ийн ойр ойрхон дайран орсон  үйл явдлыг  дэлхий нийт анхааралтай ажиглаж байна.

Хятад Улс хилийн маргаантай асуудлаа Бутан Улсын тухайд яаж шийдэх нь цэнхэр гаригийн анхаарлын төвд байна. Дэлхийн улсуудын сонирхлыг аль хэдийнэ татсан энэ асуудал манай улсын хувьд ч анхаарахгүй орхиж болохгүй сэдэв билээ.  Манайтай хил залгаа оршдог урд хөрш хилийн маргаантай асуудалд  хэрхэн хандах  бол?

Д.Цэрэндолгор

Онцлох нийтлэлүүд