ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
ЭНТЕРТАЙМЕНТ ЕРТӨНЦ
2013.07.04 09:07

Египетийн огцорсон Ерөнхийлөгчийг хамгаалалтад авчээ

Пүрэв гаригт шилжих шөнөө Египетийн Ерөнхийлөгч М.Мурсиг огцруулан  хамгаалалтад авсан талаар төрийн тэргүүнээ дэмжигч "Лалын ахан дүүс" хөдөлгөөнийхөн албан ёсоор мэдэгдсэн байна. Түүний хамт Ерөнхийлөгчийн  зөвлөх Эссам аль-Хаддадыг бас хамгаалалтад авчээ. Египетийн Ерөнхийлөгчийг баривчилсан талаарх мэдээллийг тус улсын хууль сахиулах байгууллагынхан мөн батлав. М.Мурсиг одоогоор цэргийн тагнуулын мэдэлд байдаг нутаг дэвсгэрийн нэг обьектод хорьж байгаа гэх. Эрх баригч  "Лалын ахан дүүс" -ийн мэдээлснээр М.Мурси болон зөвлөхийг нь гэрийн хорионд оруулсан гэжээ. Урьд нь мөн эрх баригч намын 300 гаруй гишүүнийг баривчилсан талаар мэдээлж байлаа. Долдугаар сарын 3-нд Египетийн Батлан хамгаалахын сайд Абдель-Фаттах аль-Сиси телевизээр хандан үг хэлэхдээ М.Мурсиг албан тушаалаас нь огцруулсныг албан ёсоор мэдээлсэн аж.

Зургадугаар сарын 30-нд М.Мурсиг огцрохыг шаардан олныг хамарсан жагсаал Египет даяар болсны дараа арми нь ийнхүү төрийн тэргүүнээ огцруулсан байна. М.Мурси  суудлаасаа огцрох хүртэл хууль ёсны Ерөнхийлөгч хэвээр байх болно гэдгээ мэдэгдэж байсан. Тэрээр ард иргэддээ хандан бүрэн эрхийн хугацаа нь  дуусгавар болтол хамгаалахыг уриалж байсан юм. Харин ийнхүү түүнийг огцруулсныг "Лалын ахан дүүс" хөдөлгөөнийхөн цэргийн эргэлт боллоо хэмээн үзэж байна. Египетийн армийнхан М.Мурсийн оронд Үндсэн хуулийн цэцийн дарга Адли Мансурыг түр хугацаагаар томилжээ.

Д.Цэрэндолгор

Онцлох нийтлэлүүд