ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
ЭНТЕРТАЙМЕНТ ЕРТӨНЦ
2014.03.06 08:03

Х.Булгантуяа: Энэ үед цэгцтэй бодлого л хэрэгтэй байна

МАН-ын намын байгуулалт, хамтын ажиллагаа, төрийн бус байгууллага хариуцсан нарийн бичгийн дарга Х.Булгантуяатай ярилцлаа.

-Танай намынхан хөдөө орон нутгаар яваад байгаа юм байна. Ямар ажил амжуулж байгаа юм бэ?

-Намын байгуулалт, хамтын ажиллагаа, тө­рийн бус байгууллагууд хариуцсан учраас орон нутгийн асуудал энэ хү­рээнд багтдаг. Бид на­мынхаа 27 дугаар Их хур­лын дараа намын шинэ удирдлагын бүрэлдэхүүн хөдөө орон нутгаар нэ­лээд явлаа. Одоо ч бид хөдөө орон нутгаар явж байна.

-Орон нутгийн иргэд юу ярьж байх юм?

-Үнэнийг хэлэхэд ца­лин, тэтгэвэр нэмэгдэхгүй байгаад бухимдалтай байна лээ. Хамгийн сүүлд 2012 оны зургадугаар сард цалин, тэтгэвэр нэмс­нээс хойш ямар ч арга хэмжээ аваагүй. Гэтэл бараа, бүтээгдэхүүний үнэ өсөөд байдаг. Сая цалин, тэтгэврийг хэдхэн хувиар нэмж ёстой нөгөө шилний цаанаас чихэр долоолгоно  гэдэг шиг л юм боллоо. Энэ тухай л иргэд хэлж байна. Ер нь бол зам харгуй тавьж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ эдийн засгийн оно­лоор ярихад  А, Б хоёр цэгийг холболоо гэхэд Б цэгээс юу тээвэрлэх гэж ийм их хөрөнгө оруулалт хийж байгаа вэ гэдгээ ч бодох л хэрэгтэй юм билээ.

-МАН-ынхан эрх ба­ригчдыг хангалттай шүүм­жилж байх шиг байна. Гэхдээ энэ шүүмж­лэлээс илүү та­най намын ажил хэрэгч санал  чухал юм шиг ээ...

-АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама  сон­гуулийнхаа кампанит ажлын үеэр "Ардчилсан эсвэл бүгд найрамдах Америк улс гэж байхгүй. АНУ л гэж бий" хэмээн хэлж байсан. Үүн шиг АН юм уу МАН-ын Монгол Улс гэж байхгүй.  Бид бүгдээрээ Монгол гэдэг нэг л эх оронтой. Тиймээс эх орондоо тулгамдаад байгаа асуудлыг шийд­вэрлэхэд бүгдээрээ орол­цох үүрэгтэй. Нэгэнт засаг төр бариагүй учраас МАН бүх зүйлээс  хол байх ёстой гэсэн үг биш. Бидний мон­голчууд цөөхүүлээ учраас аль нэг нам, улс төрөөр зааглагдаж, ялгаварлалгүйгээр турш­лагатай хүмүүсийнхээ нөөц бололцоо, мэдлэг чадварыг ашиглах л хэ­рэгтэй. Энэ  утгаараа манай нам бүтээлч сана­лууд дэвшүүлдэг.  Жишээ нь бондын асуудал байна. Өн­гөрсөн хугацаанд бид нэлээд өр тавьчихлаа. Үүнийгээ үр ашигтай үрэн таран хиймээр байна. Үнэнийг хэлэхэд шилэн тендер гээд яриад байгаа мөртөө  төсөвтэйгээ тэн­цэх хэмжээний хэр­нээ  төсвөөс гадуур зар­цуулагдаад буй бондын мөнгө шилэн тендер шигээ ил байж чадахгүй байна.

-Та өмнө нь биз­несийн салбарт ажиллаж байсан байх аа?

-Тийм. АНУ-д байх­даа Дэлхийн банкны төс­лүүдэд зөвлөхөөр ажил­ладаг байлаа. Голдуу хөгжиж байгаа орнууд болох  Африк, өмнөд Ази, Араб руу очиж ажилладаг байсан.  Монголд ирээд Оюу толгой компанид биз­нес стратегийн зөвлөх, Петровис компанид биз­нес стратегийн зөвлөхөөр ажиллаж байлаа. АНУ-ын эдийн засаг хямарчихсан үед би эх орондоо ирж байв. Яагаад гэвэл тэр үед манай эдийн засаг өсч байсан л даа. Гэтэл өнөөдөр эргээд эдийн засаг унаж бай­на. Манайд үйл ажил­лагаагаа явуулдаг  до­тоод, гадаадын то­моо­хон компаниудын ажил зогсонги байдалд орчихлоо. Өр, авлага нь дийлдэхээ байгаад хоорондынх нь өрийн сүлжээ үүсчихсэн ханд­лагатай байна шүү дээ. Харамсалтай нь манайхан нэг л буруу бодолтой яваад байна. Байгалийн баялаг зөвхөн Монголд бий. Тийм учраас хөрөнгө оруулагчид ирээд энэ баялгийг ашиглавал ашиг­ла, болиулвал боль, гуйхгүй гэдэг байдлаар хандаад байх юм. 

-Яагаад ингэж асуув гэхээр бизнесийн сал­барт ажиллаж явсан хүний хувьд улстөржиж, намаар талцалгүйгээр яавал ашиг олж болох тухай яриач л гэх гэсэн юм. Өнөөдөр ямар ч компани зээл авч байж хөл дээрээ босдог. Гэтэл  төр засаг бонд гаргаж өр тавихаар буруу болчихдог юм уу. Та энэ тал дээр юу хэлэх вэ?

-Зээл авах нь буруу биш л дээ.  "Хямд мөнгө олдох л юм бол ав" гэдэг нь өөрөө олон улсын санхүүгийн зарчим.  Гэх­дээ манай Засгийн газар тийм хямдхан мөнгө ав­чихаагүйд асуудал нь байгаа юм. Солонгос улс маш урт хугацаатай, манайхаас бага хүүтэй зээл авч бүтээн бай­гуу­лалтын ажлаа хийсэн.  Германд хүмүүсээ ажил­луулж, тэднийхээ цалинг барьцаанд тавьж, Германы Засгийн газраас зээл авч байсан шүү дээ. Гэтэл манай Засгийн га­­зар байгуулагдаад удаагүй байхдаа Чингэс бондыг гаргасан. Сон­гуулийн дараа баяр наа­дам, зуны амралтууд үр­гэлжилсэн. Ингээд үнд­сэндээ есөн сард ажилдаа орсон Засгийн газар хоёр сарын дараа  ийм их өр тавьсан. Энэ мөнгийг юунд зарцуулах юм, аль салбарт хөрөнгө оруулалт шаардлагатай байна гэдгээ бүрэн гүйцэд су­далж амжаагүй байж, нарийн төлөвлөгөөгөө хийгээгүй мөртөө баахан өр тавьчихсан. Мөнгө данс руу орж ирлээ л бол өрийн тоолуур гүйгээд эхэлдгийг  ухаараагүй юм шиг загнасан нь буруу. Уг нь бол нарийн төлөвлөгөөгөө гаргасны дараа  хавар тийшээ энэ мөнгийг авсан бол магадгүй үр өгөөжтэй бүтээн байгуулалтын төсөлд зарцуулах байсан болов уу гэж бодогддог. Тавдугаар цахилгаан станц, Таван толгойн цахилгаан станцынхаа ТЭЗҮ-г ядаж хийчихсэн хойноо энэ мөнгөө босгох хэрэгтэй байсан. Айлаар төсөөлөөд бодсон тийм биз дээ. Хүнээс өр тавьж мөнгө зээлчихээд түүгээрээ чихэр, боов аваад идчихвэл болохгүй биз дээ. Аль болох хурдан мөнгө болоод эргэлдэх ашигтай бизнест нь зарцуулах нь зөв. Ийм л зарчмаар явах байлаа. Тэгтэл манай Засгийн газар өр тавьж авсан зээлээ хүүхдийн дүрэмт хувцас гэх мэтийн хэрэгтэй, хэрэггүй юманд л зарлаа шүү дээ.

-Тэгэхээр одоо ямар гарц байгаа гэж?

-Манай орлогын гол эх үүсвэр нь байгалийн баялаг. Үүнийг агаараар тээвэрлээд гадагшаа гаргаж чадахгүйгээс цааш  хүссэн хүсээгүй урд, хойд хоёр хөрштэйгээ сайн харилцаатай байх нь чухал. Гэтэл шинэ Засгийн газар ирээд нүүрсний салбарт Хятадтай хийсэн гэрээг болохгүй байна гэж хэлээд л цуцалсан. Үүнээс нь болоод Хятадын Засгийн газартай харилцах харьцаа муудсан. Нүүрсний экспорт өнөөдөр ямар хэмжээнд хүрчихсэн байгааг харж байгаа биз дээ. Хоёрхон машин нүүрс гаргадаг болчихсон байна. Гадны хөрөнгө оруулалт буураад зогсохгүй дотоодын томоохон ком­паниуд зогсонги байдалд орлоо. MCS-ээр төсөөлөөд харъя. Үнэхээр Монголдоо яалт ч үгүй том компани. Гэтэл ажил нь доголдож байна шүү дээ. Гэтэл Солонгос, Японд яадаг билээ. Үндэснийхээ ийм компаниудыг улам дэмжиж, хүчирхэг бол­годог. Тэр хэрээр тухайн компанид нийгмийн хариуцлагыг нь үүрүүлдэг. Харин манайхан эс­рэгээрээ нэг нь баяжаад томроод ирэхээр нухчин дардаг. Цохиж унагаагаад олон жижиг компани болгон хуваадаг шүү дээ. Ийм л байдал руу шилжиж байна.  Тэгэхээр одоо цэгцтэй бодлого л хэрэгтэй байна. Маргарет Тетчер Ерөнхий сайд болоод хатуу бодлого явуулсан  нь ард түмнийхээ дургүйцлийг хүргэж байсан. Гэсэн ч түүний бодлого амжилтад хүрсэн байдаг. Яг л үүн шиг Монгол Улс ийм цаг үед хатуу гараар явах хэрэгтэй.  Өнөө маргаашдаа аргацааж, мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлсээр 2016 оны сонгуультай золгочихож болно л доо. Эцэст нь ард түмэн, улс орон хоёр жилийн дараа туйлдаа хүрнэ шүү. Улс орны хэмжээнд яригдаж байгаа төслүүдийн аль алиныг нь урагшаа ахиулах юм гэдгээ шийдэх хэрэгтэй. Оюу толгойг яг яах гээд байгаа тодорхой болгомоор байна. Гэх мэтээр шийдлүүд хэрэгтэй байна шүү дээ. Нүүрсний экспортоо сайжруулах шаардлагатай байна. Гэтэл одоо ямар хэмжээнд байгааг хүн бүр мэдэж байгаа.

-Хятадын эдийн засаг хямарчихсан учраас ийм зүйл боллоо гэдэг тайлбар хийдэг л дээ?

-Үгүй шүү дээ. Хятад улс манайхаас авах нүүрсний хэмжээгээ багасгаад Орос, Австралиас нүүрс авах хэмжээгээ нэмэгдүүлчихсэн. Тэгэхээр хямарсандаа биш гэдэг нь ойлгомжтой байгаа биз. Тиймээс юун түрүүнд хоёр хөрштэйгээ хэл амаа ололцох шаардлага байна. Ер нь манай улс эдийн засгийн гол түншүүдээ сайн судалж байх хэрэгтэй. Хятадын эдийн засаг хямраад долоон хувь болчихсон юм биш. Тэд бодлогоор хөгжлийн зорилтдоо ийм тоо оруулсан юм аа гэдгийг л мэдэхгүй "Хятадын эдийн засаг хямарчихлаа" гээд тайлбарлаад сууж байх юм.  Өнөөдөр гадны хөрөнгө оруулагчид "Танайд шинэ Засгийн газар гарч ирэхээр өмнөх бодлогуудаа үгүйсгэдэг нь төвөгтэй байна. Мөн гадаадын хөрөнгө оруулагчид руу ард түмнээ турхираад байна. Энэ нь танайхыг эдийн засгийн хямралд оруулаад байна шүү дээ" гэдгийг л хэлдэг. Нэгэнт л өөрсдөө юм хийж  чадахгүйгээс цааш одоохондоо гадны хөрөнгө оруулалтыг дэмжихээс өөр яах юм бэ.

-Харин ч гаднаас хэрэгтэй, хэрэггүй юм авахаа боль гээд байгаа шүү дээ?

-Юу ч бодолгүйгээр шууд ингэж хэлж болохгүй л дээ. Монголд гутал, хув­цас үйлдвэрлэдэг л байх. Гэхдээ үүнийг хийх тоног төхөөрөмжийг  гаднаас л авна. Чи юуг хамгийн хямд өртгөөр үйлдвэрлэж чадах вэ түүнийгээ л хий. Бүгдийг хийх гэж оролдох хэрэггүй гэдэг л эдийн засгийн хамгийн наад захын зарчим шүү дээ.  Үүнээс гажаад гаднаас авч байгаа бүх хэрэглээгээ хорьчихлоо гэж бодъё. Тэгвэл мах, гурилаа идээд, Цагаан сараар өмсдөг монгол гутлаасаа жилийн дөрвөн улирал салахаа болино биз дээ. Үүнээс өөр ямар дүр зураг харагдаж байгаа юм. Үнэндээ 21 дүгээр зуунд тансаг хэрэглээнээсээ салж, өндөг идэхээ больё гээд хэлээд сууж байгаа Ерөнхий сайд нь ичгэвтэр байна л даа. 

-Долларын ханшийн тал дээр юу хэлэх вэ?

-Долларын ханшийг барихын тулд экспортоо л нэмэгдүүлэх хэрэгтэй байна. Засгийн газар элдэв популизм хийх­гүйгээр тогтвортой үйл ажиллагаа явуулсан цагт энэ тэнцвэрийг хан­гаж чадна. Тэрнээс биш өмнөх сайдын гаргасан шийдвэрийг дараагийн сайд үгүйсгэдэг байх юм бол ямар ч нэмэргүй. Харамсалтай нь өнөө­дөр манай зарим сайд  Оюу толгойн гэрээнд өөрчлөлт оруулж чадах­гүй юм бол огцорно гэ­дэг хариуцлагагүй мэ­дэгдэл хийж байх жи­шээтэй. Ийм мэтийн зүйлээс нь болж  Оюу толгой зогсонги байдалд орчихлоо. Тэгэхээр эдийн засаг унахгүй яах юм.  Барилгын салбарын ажил өсөөд байна л гэх. Тэглээ гээд яах юм. Уул уурхайн орлого нэмэгдэж байж л барилга худалдан авах чадвар өснө биз дээ. Тиймээс одоо Засгийн газар улстөржихгүй, попу­лист зүйлүүд ярихгүй гэдэг мессежийг гадна талд өгөх хэрэгтэй.  Ил тод байдлаа нэмэгдүүлмээр байна. Чадвартай бо­лов­сон хүчнээ халж со­лихгүй ажиллуулах л шаардлагатай байна.  Уул уурхайн ченж менежмент ямар байх ёстой вэ гэдгийг ард түмэндээ ойлгуулах хэрэгтэй. Уул уурхайн баялгийг олборлоно гэж юу байдгийг мэдэхгүй сууж байтал гэнэт гад­наас хүмүүс ирээд га­зар шороог нь ухаад эх­лэхээр ард түмэн мэдээж дасахгүй шүү дээ. Тиймээс  уул уурхайн ченж менежментийг ойлгуулах ажлыг Засгийн газар хиймээр байна.

-Танай намынхан ийм саналуудаа ярихгүйгээр эрх баригчид руу дайраад улстөржөөд байгаа хандлага давуу байх шиг санагддаг...

-Тийм л дээ. Ийм бүтээлч саналуудыг гаргаж тавихгүй бол хэн хаанаас ирээд зөвлөгөө өгөх вэ. Нам эвсэл гэж талцахгүйгээр "Асуудал ийм байна. Одоо яах вэ" гээд ширээний хоёр талд суугаад яримаар байгаа юм, уг нь. Гэтэл тэгж чадахгүй байна л даа. Бид дотооддоо жалга довны үзлээсээ салж чадахгүй гал тогооны хэрүүл хийхээс цаашгүй байна. Тэгтэл дэлхийн улс орнууд геополитикийн тоглолт хийгээд, өргөн цар хүрээнд сэтгээд хөгжөөд байна шүү дээ.

-Ийм үед нам эс­вэл гэхгүйгээр нэг­дээд лобби бүлэг бай­гуулчихмаар байгаа юм?  

-Эдийн засгийн фо­ру­мын гол зорилго уг нь энэ шүү дээ. Үүнийг л Монгол Улсын хэмжээнд хэрэгжүүлэх шаардлагатай. 

-Та ер нь яагаад улс төрд орох болсон юм бэ?

-НАМЗХ-ны дэд ерөн­хийлөгчөөр ажиллаж бай­лаа. Өмнө нь МАН-ыг дэмждэг байсан л даа. Өнөөдрийг хүртэл Монголын нийгэмд гүй­цэтгэсэн үүргийг нь үнэл­сэн учраас энэ намд ор­сон. Мөн боловсрол мэдлэгтэй хүмүүсийг дэм­жээд гаргаад ирнэ гэсэн учраас сонгосон юм.

-Та Хятадад бо­ловсрол эзэмшсэн гэл үү?

-Австралид дунд сур­гуульд сурч байсан. Хятадад бакалаврт сураад АНУ-ын Иелийн их сургуульд магистрийн зэрэг хамгаалсан. Өглөө 09.00-өөс оройн 18 цаг хүртэл ажиллаад тав, зургаан мянган ам.долларын цалин ав­чихаад тайван амьдрах боломж өнөөгийн бо­ловсрол мэдлэгтэй за­луучуудад нээлттэй. Гэхдээ нас залуу, зоримог байгаа үедээ улс орны эрх ашгийн төлөө мэдлэг чадвараа сориод үзье л гэж бодсон хэрэг. Монголын улс төр Америкийнх шиг болоосой гэж хүсдэг. На­мууд популизм хийх­гүй, бодлогоороо өрсөлддөг байгаасай гэж мөрөөддөг. Тийм учраас зарим улстөрчид манай намынхны ч хийж байгаа ажил сэтгэлд хүрэхгүй байх нь бий. Мэдээж нам эвсэл гэхгүйгээр  шүүмжлэлтэй зүйлд шүүмжлэлтэй л хандмаар байдаг.

-Таныг "Петровис"-ийн Оюунгэрэл МАН-д хөтөлж оруулсан гэдэг яриа бий. Энэ тал дээр юу хэлэх вэ? 

-Оюунгэрэл захирал намайг НАМЗХ-нд байдгийг мэддэг байсан. Гэхдээ  улс төрд дэмжээд байсан юм байхгүй л дээ. Бидний хувьд ураг садангийн ямар ч хэлхээ холбоо байхгүй.

Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Онцлох нийтлэлүүд