ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Нийгэм
2018.05.18 05:05

​ART-2018 үзэсгэлэн нээлтээ хийлээ

МУБИС-ийн Дүрслэх урлаг технологийн сургуулийн оюутнуудын “ART-2018” үзэсгэлэн өнөөдөр Монголын уран зургийн галерейд нээлтээ хийлээ. Үзэсгэлэн нийтдээ 50 гаруй уран бүтээлийг олон нийтэд дэлгэн үзүүлж байна.

МУБИС-ийн Дүрслэх урлагийн технологийн сургуулийн захирал А.Энхмаа ярихдаа “МУБИС-ийн дүрслэх урлаг технологийн сургууль 60 жилийн түүхтэй. Энэ жил ойн нэрэмжит олон ажил хийгдэж байгаа. Ойн босгон дээр манай сургуулийн оюутнууд бие даасан үзэсгэлэнгээ гаргаж байна. Багш нарын уламжилж ирсэн суурь мэдлэг, онолыг дараагийн үедээ хэрхэн дамжиж байгаа болон сургалтын чанар үр дүнг оюутны бүтээлээс харах боломжтой. Бид жил бүр үзэсгэлэнгээ гаргадаг. Үзэсгэлэнг нээхийн тулд оюутнуудын хичээл зүтгэл их байлаа. Үзэсгэлэн оюутнуудад ирээдүйд чадварлаг уран бүтээлч, багш болохын гараа нь болж өгдөг. Басхүү үзэсгэлэнг тавих, дэглэх, оролцох ажилд тэд суралцаж байдаг. Энэ жил уран зураг, график дизайн, хувцас загвар, уран сийлбэр, дархан гэсэн хэд хэдэн төрлийн бүтээлүүд дэлгэгдэж байна. Багш, шавийн бүтээл бол хамтын хөдөлмөр байдаг. Оюутнуудын бүтээлд багшийн арга барил, чиглэл шингэсэн нь харагддаг. Багш төвтэй сургалт гэхээсээ илүү оролцоо төвтэй, оюутан төвтэй болсон. Хүүхдүүдийг хөгжүүлэх, авъяасыг нь хөтлөх тал дээр түлхүү ажиллаж байна. Оюутнууд өөрсдийн сонгосон чиглэл, сонирхсон сэдвээрээ ур чадвараа харуулсан бүтээлүүдээ дэлгэж байгаа юм. Энэ жил манай оюутнууд олон тэмцээнд амжилттай оролцож байна" гэлээ.

МУБИС-ийн Дүрслэх урлагийн тэнхимийн эрхлэгч Ц.Эрдэнэцог ярихдаа “МУБИС-ийн Дүрслэх урлаг технологийн сургууль байгуулагдсаны 60 жилийн ойг угтаж манай сургуулийн оюутнууд ART-2018 уран бүтээлийн үзэсгэлэнгээ нээж байна. Сургуульд үнэлт дүгнэлт өгөх, багшилж байсан нэрт зүтгэлтнүүд хамтдаа баяраа тэмдэглэх, энэ жилийн төгсөгчид анх удаа Монголын уран зургийн галерейд үзэсгэлэнгээ гаргаж байгаагаар онцлогтой болж байгаа юм. Уран зураг, дүрслэх урлагийн 20 гаруй, дизайны 20 гаруй бүтээл, сийлбэр технологийн 10 гаруй бүтээл нийтдээ 50 гаруй бүтээл дэлгэгдэж байна. Үзэсгэлэн маань ирэх долоо хоногийн даваа гариг хүртэл үргэлжилнэ" гэлээ.





Б.НОМИН-ЭРДЭНЭ

Онцлох нийтлэлүүд