ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Булангууд
2014.07.28 02:07

Bank of China-гийн төлөөлөгч байр сууриа илэрхийлжээ

Bank of China-гийн салбар Монголд байгуулагдана гэсэн мэдээлэл цацагдаж буй. Өмнө нь тус банкны төлөөлөл Улаанбаатарын эдийн засагчдын клубынхэнтэй уулзахдаа банкныхаа салбарыг байгуулах хүсэлтийг Төв банкинд тавьснаа онцолж байсан. Харин энэ удаа хэвлэлээр байр сууриа илэрхийлжээ. Хятадын банкны Улаанбаатар хот дахь Төлөөлөгчийн газрын ахлах төлөөлөгч Дай Шинжун “Хятадын банк маш том банк. Харин монголын зах зээл жижиг. Иймд олон хүн монголын эдийн засгийн аюулгүй байдалд нөлөөлнө гэж болгоомжилж байна. Би энэ талаар олон газар ярьж байна. Бид монголын банкуудтай өрсөлдөхөөс илүү хамтарч ажиллана. Мөн уул уурхай, дэд бүтцийн томоохон төслүүдэд л зээл олгоно. Жижиг дунд бизнес эрхлэгчдэд зээл олгох, хадгаламж төвлөрүүлэх үйлчилгээ үзүүлэхгүй. Монголд үйл ажиллагаа явуулж буй арилжааны банкууд нийт 1500 гаруй салбартай. Эдгээрт 10 мянга орчим хүн ажилладаг гэж би дуулсан. Хэрэв бид салбараа байгуулах зөвшөөрөл авбал зөвхөн Улаанбаатарт салбараа нээнэ. Мөн манай ажилчдын тоо 40-өөс хэтрэх ёсгүй гэж заасан. Тэгэхээр бид монголын банкуудтай өрсөлдөх ямар ч боломжгүй... Монгол бол тусгаар тогтносон улс. Гадны ямар ч байгууллага үүдээ нээхэд өөрийн хууль тогтоомжийн дагуу хяналт тавих эрхтэй” хэмээн ярьжээ. 

 Гадаадын хөрөнгө оруулалтын газар, Татварын ерөнхий газар, Монголбанк гэх мэт хууль сахиулах, гадны байгууллагуудыг хянах олон байгууллага бий. Хууль зөрчлөө гээд үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг нь хүчингүй болгох буюу гэрчилгээг нь ч хураах эрхтэй. Тийм болохоор Хятадын банк орж ирснээр үндэсний аюулгүй байдал, эдийн засгийн эрх чөлөөнд нэвтрэх вий гэж санаа зовох шаардлага байхгүй юм.

-Туушин компанид олон улсын сүлжээ зочид буудлын нэг салбарыг барихад та бүхэн зээл олгоход би хувьдаа талархалтай хүлээж авсан. Учир нь ганц буудал баригдахгүй. Аялал жуулчлалын олон улсын стандарт дагаад нэвтэрнэ. Жуулчдын тоо ч өснө. Гэтэл УИХ-ын гишүүн Х.Баттулга наадмын өмнө ил захидал бичин, “Монгол Улсын арилжааны 13 банкны нэг жилийн цэвэр ашиг нийлээд 150 сая ам.доллар хүрэхгүй байхад зах зээлийн сонирхлоос өөр зүйл л дэлхийд дөрөвт бичигдэх аварга банкийг Монгол руу дуудаж байгаа болов уу” гэсэн. Та энэ талаар юу хэлэх вэ?

-Би энэ талаар шууд тайлбар, хариулт өгөх боломжгүй. Энэ бол мэдээж эмзэг асуудал. Монголын улстөрчид бүгд л өөрийн саналыг илэрхийлэх эрхтэй. Хятадын банк байгуулагдаад 100 гаруй жилийн хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд бид өөрсдийн зарчмаа баримтлан ажиллаж ирсэн. Энэ нь бид тухайн улс орны дотоод үйл хэрэг болон улс төрд оролцохгүй гэсэн зарчим юм.

-Умард Солонгосыг эдийн засгийн эрхшээлдээ оруулан, хяналтандаа хэдийнэ оруулсан гэж жишээ татдаг. Энэ бодит мэдээлэл үү?

-Би монголын зах зээлийн талаар л судалж байгаа болохоор энэ талаар  сайн мэдэхгүй юм.

-Хятадын банкны зээлийн бүтээгдэхүүнийг танилцуулахгүй юу. Хугацаа, хүү, зээлийн дээд хэмжээ ямар байдаг вэ. Харилцагчдад өөр ямар шаардлага тавьдаг вэ?

-Хятадын банкны улс орон бүр дэх  салбарын зээлийн бүтээгдэхүүний шаардлагууд харилцан адилгүй байдаг. Тухайн төслөөс мөн олон зүйл шалтгаалдаг.

-Тэгвэл та ойролцоо тоо хэлэх боломжтой юу?

-Тодорхой хэлэх боломжгүй ч монголын арилжааны банкуудын дундаж хүүнээс доогуур. Зээлийн хугацаа төслийн хэрэгжих хугацаанаас шалтгаалах бол зээлийн дээд хэмжээг тухайн компаний санхүүгийн чадамж тодорхойлдог.

-Ер нь Хятадын банкны салбар нээгдсэнээр тухайн улсын эдийн засагт бодит түлхэц болсон жишээнүүд хилийн чанадад байдаг уу?

-Ямар ч газарт банк нээх нь эдийн засагт эерэг нөлөөтэй. Хятадын банк төлөөлөгчийн газар эсвэл салбараа нээлээ гэх сургаар хятадын хөрөнгө оруулалттай бусад команиудын тоо олширдог талтай. Энэ нь эдийн засагт сайн нөлөөтэй. Энэ шалтгаанаар бусад улс орнууд гадны банк үүдээ нээхэд талархаж хүлээж авдаг.

-Одоогоор та бүхэнд нийт 3 тэрбум ам.долларын зээлийн хүсэлт иржээ. Эдийн засгийн одоогийн нөхцөл байдлаас харахад цаашид зээл авах хүсэлт улам л нэмэгдэх байх. Та бүхэн нэг жилийн хугацаанд Монголын аж ахуйн нэгжүүдэд нийт хэдий хэмжээний зээл олгохоор төлөвлөж байна? 

-Хэрэв бид охин компаниа монголд байгуулвал гаргах зөвшөөрөлтэй капиталын хэмжээ 56 сая ам.доллар байна. Тэгэхээр олгох зээлийн нийт хэмжээ нь 460 сая ам. доллар байх юм. Монголбанкны зүгээс гаргах зөвшөөрөлтэй капиталын 12 хувиас зээлийн хэмжээгээ давуулж болохгүй гэсэн шаардлага тавьсан. Тэгэхээр Улаанбаатар дахь охин компанийн зээлийн дээд хэмжээ адартаа туллаа гэхэд бид бусад салбарууд руугаа уламжлах юм. Бидний олгох зээлийн нийт хэмжээ бусад арилжааны банкуудын олгодог нийт  зээлийн 7 хувьд ч хүрэхээргүй байгаа юм.

Монгол бол хөгжиж буй улс. Барилга, дэд бүтцийн салбарт санхүүжилт маш их хэрэгтэй байна. Миний хувийн үзэл бодол гэвэл гадны банк монголд орж ирэх нь сайн зүйл. Гадны банк монголд үйл ажиллагаа явуулснаар бусад хөрөнгө оруулагчдыг ч татна. Энэ нь монголд шинэ үнэлэлт, дүгнэлт өгөхөд хүргэнэ.

-Одоо танай төлөөлөгчийн газарт хэдэн хүн ажиллаж байгаа вэ?

-Одоо 15 хүн ажилллаж байгаагаас 9 нь хятадаас ирсэн.

-Анхаарал татсан бас нэг зүйл байгаа нь Хятадын хөрөнгө оруулалттай компаниуд болон бусад компаниудад олгох зээлийн хувь хэмжээ. Энэ харьцаа ямар байх вэ?  

-Тийм зүйл огт байхгүй. Тус тусад нь шаардлага тавихгүй байгаа. Гэхдээ аль болох Монголын компаниудад зээл олгох бодлого баримтална. Бид шинэ салбаруудаа тухайн газарт нь нутагшуулах бодлого баримталдаг. Өөрөөр хэлбэл тухайн газрынхаа компанийг илүү дэмжихийг хичээдэг. Тэгэхээр бид зөвхөн Хятадын хөрөнгө оруулалттай компанийг илүүд үзнэ гэж бодох нь бас л андуу ойлголт. Хамгийн түрүүнд бид Туушин компанид зээл олгосон нь энэ бодлогын илэрхийлэл юм.

-Засийн газрын төсөл хөтөлбөрүүдэд илүүтэй зээл олгоно гэдгээ та мэдэгдсэн. Гэтэл манайхны дунд төр сайн бизнесмэн, менежер биш гэсэн ойлголт, хандлага түлхүү байдаг. 

-Засгийн газраас хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн цахилгаан, ус, харилцаа холбооны төслүүд олон нийтийн эрх ашигт чиглэсэн байдаг. Ийм шалтгаанаар бид өндөр ач холбогдол өгдөг. Энэ нь  ганц Монголд ч биш, дэлхийн өнцөг булан бүрт л бидний баримталдаг зарчим. Хэдийгээр энэ төрлийн төсөлд хөрөнгө оруулах нь бизнесийн хувьд ашиг багатай ч олон нийтийн гэдэг утгаараа онцлогтой төслүүд юм.       

БНХАУ-ЫН ЭДИЙН ЗАСАГ ШИЛЖИЛТИЙН ҮЕДЭЭ БАЙНА

-Хятадын банкны ойрын жилүүдэд хилийн чанадад баримтлах бодлого юу вэ. Аль улс болон салбарт илүүтэй анхаарч ажиллах бол?

-Хятадын банкны эх орондоо баримталж байгаа болон хилийн чанад дахь бодлогууд өөр хоорондоо ялгаатай. Улс улсын хууль тогтоомж өөр байхаас гадна салбар бүрийн хөгжил харилцан адилгүй байна. Хятадад хөгжүүлэхийг эрмэлзэх салбар нь зарим оронд хэдийнэ дээд цэгтээ хөгжсөн байх жишээтэй. Гадаад улс орнууд дахь Хятадын банкны бодлого ч өөр өөр. Гэхдээ ерөнхий нэг зарчим нь ашигтай ажиллахын төлөө, эрсдэлээ бууруулахын төлөө л ажиллах юм.

-Хятадад цагаан заан олон байдаг гэж нэг эдийн засагч ярьж  байсан. Сүүлийн жилүүдэд дотоодын бүтээн байгуулалтаа дэмжих зорилгоор хийсэн хөрөнгө оруулалтууд төдийлөн үр дүнд хүрээгүй гэж дүгнэсэн байсан. Хятадын эдийн засгийн үзүүлэлтүүд сайнгүй байгаа гэх юм. 

-Барилгын салбарын хувьд байдал их хүнд байгаа нь үнэн. Мэргэжилтнүүд тал талаас үзэл бодлуудаа уралдуулж байна. Энэ салбар олон жил үр бүтээлтэй байсан ч одоо үнийг нь зохицуулах цаг болсон. Сүүлийн жилүүдэд үл хөдлөх хөрөнгийн үнэ тогтмол өссөөр ирсэн. Хотуудын хөгжлийн түвшин өөр тул хот тус бүрт энэ салбарын хөгжил мөн л өөр. Зарим барилын үнэ өндөр байсан бол зарим нь буурч байна.   

-БНХАУ-д бүтээн байгуулалтын эрч саарч байгаатай холбогдуулан гадаад зах зээл рүү тэлэх бодлого баримталж байна гэж ойлгож болох уу?

-БНХАУ-ын эдийн засаг шилжилтийн үедээ байна. Эрчим хүч их хэрэглэдэг, агаарын бохирдол ихээр бий болгож буй хүнд үйлдвэрүүдийг олноор нь хаасан. Энэ нь эдийн засгийн хүндрэл үүсгэсэн тал бий. Цемент, төмрийн гэх мэт хүнд үйлдвэрүүд үүнд олноор багтсан нь эдийн засгийн өсөлт буурахад хүргэсэн юм. Гэхдээ урт хугацаанд харвал эерэг нөлөө үзүүлнэ гэж бид харж байна.

-Шилжилт нь хэр удаан үргэлжлэх вэ?

-Ахин хугацаа шаардлагатай.

-Ярилцсанд баярлалаа. 

Онцлох нийтлэлүүд