ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Цаг үе
2018.07.27 09:07

​“Deepfakes” буюу хуурамч дүрс

Мэдээллийн технологийн дэвшлийг ашиглан иргэдийг хууран мэхлэх систем өндөр түвшинд хөгжиж байна. Хэн дуртай нь хүссэн хүнийхээ дүрд хувиран хуурамч видео бүтээх боломжтой болжээ. Технологийн ийм шийдлийг мэргэжилтнүүд “Deepfakes” гэж нэрлэж байгаа юм. Энэ нь хиймэл оюун ухаан дээр суурилсан хүний дүрийг бүтээх техникийн арга ажээ. Тодруулбал, энгийн иргэд олны танил эрхмийн дүрд хувирч, түүний дуу хоолой, нүүрний хувирал, тэр бүү хэл үрчлээс, амны хайрцаг зэргийг нь хүртэл ялгахын аргагүй дуурайдаг гэсэн үг. Сүүлийн үед ийм төрлийн технологи дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад улс төрийн зорилгоор илүүтэй ашиглагдах болсон юм. Саяхан АНУ-ын ерөнхийлөгч Д.Трампыг хэл амаар доромжилсон Б.Обамагийн яриа бүхий бичлэг олон нийтийг ихэд цочирдуулав. Үнэн хэрэгтээ энэ нь “Deepfakes” байсан нь нотлогдсон. Мөн хэдэн жилийн өмнө ОХУ-ын ерөнхийлөгч В.Путины хэлээгүй үгийг нь ярьсан болгож хуурамч бичлэг цацагдаж байв. Харин өнгөрсөн оноос дэлхийн оддыг эротик кинонд тоглосон мэт харагдуулах хиймэл видео цахим орчинд нэлээд дэлгэрсэн. Энэ мэтчилэн “Deekfakes”-ыг ашиглан хүссэн хүнийхээ дүрийг бүтээж, юу дуртайгаа ярьж, мэдэгдэж ард түмнийг төөрөгдүүлж байгаа юм. Гагцхүү дүрс бичлэгийн жинхэнэ, хуурамчийг мэргэжлийн программистууд л ялгаж чадна. Гол таних тэмдэг нь дүрсний нягтаршил юм билээ. Өнөөдөр хүн төрөлхтөн цахим мэдээллийн эрин зуунд амьдарч байна. Цаг хугацаатай уралддаг бид завгүй амьдралын хэв маягтаа мэдээллийн шуурхай чанарыг хадгалсан онлайн ертөнцтэй алхаагаа нийлүүлдэг болоод удлаа. Орон зайнаас үл хамааран мэдээллийг хүссэн газраасаа авах тэр боломжийг технологийн хөгжил бидэнд мэдрүүлдэг. Орчин цагт бараг л хүн бүр мэдээлэгчийн үүрэг гүйцэтгэдэг болсон гэхэд хэлсдэхгүй биз. Гэвч сайнаасаа муу нь түрүүнд цойлж, цахим мэдээлэл тараа таниулж байна. Харсан, үзсэн, бодсоноо ямар ч цензургүйгээр цахим ертөнцөд түгээдэг нэг төрлийн тархи угаалт давалгаалдаг болов. Авууштай нь хэт нэг талыг баримталсан, хувийн үзэмжээрээ баталгаагүй, хуурамч мэдээллийг олон түмэн ялгаж, таньж чаддаг болсон. Тэр хэрээр цахим мэдээллийн нэр хүнд унаж, иргэдийн итгэл үнэмшил ч буурч байна. Дээрээс нь “Deekfakes” буюу хуурамч дүрс газар авлаа. Хэн дуртай нь хүний өмнөөс дүрд нь хувираад ярих боломжтой болчихлоо. Цахим ертөнц дэх эдгээр хуурамч мэдээлэлд ард түмэн нэг удаа хууртсан байж болно. Дараагийн удаад хичнээн үнэн зүйл гаргасан ч иргэд итгэдэггүй гэдэг нь хэд хэдэн удаагийн судалгааны дүнгүүдээс харагдаж байгаа юм. Хуурамч бичвэр, дүрс бичлэгүүдээс залхсан иргэд зөвхөн цаасан хэвлэлийг илүүд үздэг юм. Ялангуяа урт хугацаанд оршин тогтносон, буурьтай суурьтай хэвлэлийг сонгодог. Сэтгүүл зүйн түүхэнд нэрээ тамгалж чадсан цаасан хэвлэлүүд бүгд л цахим хувилбартай байдаг. Жишээлбэл, үндэсний өдөр тутмын хэвлэл “Өдрийн сонин”-ы цахим сонин эх орондоо төдийгүй дэлхийн өнцөг булан бүрт хүрч байна. Гадаадад ажиллаж, амьдарч байгаа монголчууд маань улс эх орондоо болж буй өдөр тутмын үйл явдлууд, төрийн бодлого шийдвэрүүдийг зөвхөн төв хэвлэлээсээ авахыг хүсч ийнхүү алс холоос цахим “Өдрийн сонин”-оо захиалан уншдаг юм. Интернэт орчинд тархдаг эрээвэр, хураавар мэдээллүүдийн цаана хариуцлага хүлээх эзэн бие байдаггүй. Тиймээс хэн дуртай нь амныхаа зоргоор донгосдог тэр орон зайг сошиал медиа бүрдүүлээд байгаа хэрэг. Харин түүхийн аль ч үед оюунлаг, ухамсартай хүмүүсийн сонголт нь сонин байсаар ирсэн юм шүү. Баримттай, мэдээлэл сайтай, олон ургалч үзлийг шингээсэн төв хэвлэлүүд өнөөдрийг хүрэхдээ нэлээд бартаатай замыг туулсан. Сонин хэвлэлийн амыг таглах гэж төрийн эрх мэдэлтнүүд сүрийг үзүүлж, элдэв хуулиар боомилох гэж оролдоно. Эсвэл улстөрчид өөрсдийгөө магтуулах зорилготой түр зуурын сонин хэвлэл байгуулна. Мэдээллийн эрин зууны шуурганд зөвхөн буурьтай цаасан хэвлэлүүд л хөл дээрээ бат зогсч, шалгарч үлддэг. Улстөрчид нэг нэгийгээ намнахдаа пиарын хар технологийг түлхүү ашигладаг болсон. Сонгуулийн үеэр бүр ч их дэлгэрдэг. Ийм худал хуурмаг мэдээлэл тараах гол хэрэгсэл нь цахим орчин болоод байгаа. Тэгвэл “Deekfakes” буюу хуурамч дүрс бүтээх техникийн аргыг пиарчид хамгийн их ашиглах нь мэдээж. Нэгэн цагт цаасан хэвлэл эд мандаж байх үед ведио зурагтай, мэдээллийгэх баримт болгоно гэдэг туйлширдаг байсан бол өнөө цагт энэ нөхцөл байдал эсэргээрээ болжээ. Хэн нэгнийг үнэмшихийн аргагүй адилхан бүтээдэг болсон хиймэл дүр бүхий видео дэлхий дахинд дэлгэрсэн болохоор хүмүүс итгэхгүй. Тиймээс хамгийн найдвартай мэдээллийн хэрэгслээр гарт баригддаг цаасан хэвлэл лцагийн цагт тодордог юм. “Deekfakes”-ыг манайд хөгжүүлэх чадварлаг программистууд хангалттай олон бий. Хуурамч видео хийх арга нэлээд олон жилийн өмнөөс эхлэлтэй. Анхандаа хиймэл дүрсийг анимейшнээр бүтээдэг байсан гэнэ. Саяхныг хүртэл ашиглаж байсан ийм арга нь тун болхи, хугацаа их зарцуулдаг байжээ. Учир нь IT-гийн компаниуд өөрсдөө тэр программаа бүтээдэг байв. Тэгвэл орчин цагт соурс кодоо нээлттэй тавьдаг болсон бөгөөд дэлхийн өнцөг булан бүрт ашиглах бүрэн боломжтой. Уг хуурамч дүрсийг “Tensortflow” программын тусламжтайгаар бүтээдэг байна. Ерөнхийдөө системийн ажиллах зарчим нь анимэйшнтэй төстэй. Тухайн хүний бодит ярианы бичлэг, үйл хөдлөлийг хиймэл оюун ухаан шинжлээд мэдрэлийн импульс, хоолойн кодуудыг бүрэн таниад авчихдаг гэнэ. Ийнхүү хиймэл оюун ухааны тусламжтайгаар богино хугацаанд хуурамч дүрсийг бүтээх боломж бүрдсэн байна. Түүнчлэн “Hologram” гэдэг технологи сүүлийн үед дэлгэрч, хөгжих хандлагатай болохыг мэргэжилтнүүд сануулж байгаа юм. Энэ нь хүнийг байхгүй газар нь байгаа мэт харагдуулдаг аж. Тэгэхээр энэ технологийг “Tensortflow” программтай хослуулаад хөгжүүлбэл хэн нэгнийг видеогоор нь биш, амьдаар нь дуурайж болох юм байна. Нэг ёсондоо хэн нэгний дүрд хувирсан хуурамч хүн биетээрээ яг дэргэд байгаа мэт гарч ирнэ гэсэн үг. Мэдээллийн технологи цаашид улам боловсронгуй хөгжиж, та бидний санаанд ч багтамгүй, төсөөлөлд ч байгаагүй тийм зүйлсийг бүтээх нь ойлгомжтой. Сануулахад ирэх аравдугаар сарын эхээр УИХын 42 дугаар тойрог буюу Хэнтий аймгийн гурван суманд нөхөн сонгууль болно. Нэр дэвшигчид хасах оноо авахыг хүсэхгүйн тулд сонгуулийнхаа сурталчилгааг хэрхэн хаагуур яаж явуулахаа зөв сонгох нь чухал. Нэгэнт сонгогч олон түмэн цахим ертөнцийн сурталчилгаанд итгэл алдарсан. Хэрэв нэр дэвшигчид аливаа мэдээлэл, мэдэгдэл хийвэл сонгогчид “Deekfakes”-ийг ашиглажээ гэж эргэлзэж, төөрөгдөхийг үгүйсгэхгүй. Өнөө цагт иргэд зөвхөн цаасан хэвлэлд итгэж үнэмшиж байгаа. Иймд нөхөн сонгуульд нэр дэвшигчид баттай, барьцтай сонин хэвлэлийг сонгож сурталчилгаагаа явуулбал амжилтад хүрч чадна.

Онцлох нийтлэлүүд