Нийгэм
2021.02.15 03:02

DNN-Тодруулга: Иргэд “Бүрэн судлагдаагүй вакцин хийлгэх нь халдвар авснаас аюултай” гэв

Коронавирусийн эсрэг вакцин орж ирэхтэй холбогдуулан энэ талаарх иргэдийн байр суурийг тодрууллаа.

Баянгол дүүргийн X хорооны иргэн М.Анужин:

-Хийлгэхгүй. Коронавирусаар өвчилсөн ч гэсэн буцаад эдгэх боломжтой нэг төрлийн ханиад гэж оношлоод байгаа шүү дээ. Хувийн ариун цэврээ сахиад, эрсдэлтэй бүсээр явахгүй бол тусахгүй, эрүүл байх боломжтой. Мэдээж вакциныг гарын үсгээ зурж байж хийлгэнэ. Тиймээс ирээдүйд гарч болох эрсдэл, эрүүл мэндээ бодоод судлагдаагүй вакциныг бие дээрээ туршихгүй.


СХД-ийн II хорооны иргэн Ч.Очирренчин:

-Хэрвээ вакцин хийлгэхээр болчихвол миний хувьд аль улсаас, ямар шат, дамжлагаар орж ирсэн зэрэг гарал үүслийг нь маш сайн судалж байгаад хийлгэнэ. ОХУ-ын “Спутник” уу, АНУ-ын вакцин уу гэдгийг сайтар судална. Хичнээн хүн хамрагдсан, дараа нь ямар үр дагавар гарсан зэргийг харж байгаад заавал хийлгэнэ. Яагаад гэвэл миний хувьд гадуур явах шаардлагатай ажил эрхэлдэг. Өөрийнхөө судалсан вакциныг хийлгэснээр өөрийгөө 70-80 хувь вирусээс хамгаалж, гэр бүлээ ч бас хамгаална.


Дархан-Уул аймгийн IV багийн иргэн Б.Ундаръяа:

-Хэрвээ вакцин Монголд орж ирвэл миний хувьд хийлгэхгүй. Яагаад гэвэл нэг вакцин бүрэн судлагдах гэж хэдэн жил болдог билээ. Гэтэл энэ өвчин гараад нэг жилийн л хугацаа өнгөрч байна. Тэгэхээр бүрэн судлагдсан гэдэгт эргэлзэж байна. Өдөр бүр вакцины сөрөг үр дагавартай холбоотой мэдээллүүд гарах боллоо. Өөрийгөө эрсдэлд оруулан байж заавал хийлгэх шаардлагагүй гэж үзэж байгаа. Тухайн тунг хийлгэлээ гэхэд үр дагавар нь өнөөдөр мэдэгдэхгүй ч хэдэн арван жилийн дараа ямар үр дүнд хүргэхийг таашгүй шүү дээ.

СБД дүүргийн VII хорооны иргэн А.Гэрэлтуяа:

-Вакцины талаар тодорхой зүйл мэдэхгүй байгаа ч гадаадын эх сурвалжийн мэдээллээр бол хийлгэсэн хүмүүс олноороо нас барж, зарим хэлбэрийн харшил, эмгэгтэй болж байна гэж сонссон. Тиймээс хийлгэхгүй гэж бодож байна. Коронавирусээс урьдчилан сэргийлэхээр вакцин хийлгэсэн биш түүнээсээ болоод өвчтэй болчихвол хэцүү.


Хан-Уул дүүргийн X хорооны иргэн Г.Хулан:

-Миний хувьд дархлаа султай ханиад, томуу амархан хүрчих гээд байдаг. Тиймээс коронавирусээр өвчлөхгүйн тулд вакцин хийлгэнэ. Гэхдээ мэдээж гарал үүслийг нь сайн судалсны үндсэн дээр хийлгэнэ. Манай гэр таван гишүүнтэй. Нэг өрх, нэг шинжилгээ гэдэг шиг манайхаас нэг хүн заавал вакцинд хамрагдана. Нөгөө талаас харвал вакцин орж ирэх сургаар их хэмжээний мөнгө идэх луйврын чанартай асуудал мэдээж хажуугаар нь гарах л болов уу гэж харж байна .

Ч.Биндэръяа

Онцлох нийтлэлүүд