Туслах ангилал
2021.03.03 03:03

DNN- Тодруулга: Ковид иргэдийг дайраад эрх баригчдыг тойроод өнгөрдөг юм уу?

Одоогоор эдийн засгаа аварч, энгийн амьдралдаа эргэн орох ганц найдвар бол вакцин гэж дэлхийн нийт найдаж буй. Манай улсад өнгөрөгч сарын сүүлээр вакцины эхний тунг хүлээн авч, одоогоор 11 мянга гаруй хүнийг вакцинжуулалтад хамруулаад байгаа ч нэгэнт дотооддоо алдсан халдварын тархалт буурахгүй явсаар батлагдсан тохиолдол 3000-ыг даваад байна. Засгийн газраас авч хэрэгжүүлсэн “Нэг хаалга- Нэг шинжилгээ” ажлын үр дүн болон вакцинжуулалтын тал дээрх иргэдийн байр суурийг тодрууллаа.

Баянзүрх дүүргийн XXVII хорооны иргэн С.Отгонням:

-Өнгөрсөн долоо хоногоос манай улсад вакцин хийгдэж эхлээд одоогоор 10 мянга гаруй хүнд л хийгдсэн юм байна. Энэ удаашралтай явцыг харахад бүх иргэдээ вакцинжуулахад хоёроос гурван жил болно гэсэн тооцоолол гарсан гэнэ лээ. Үүгээр манай улс эдийн засгийн хувьд дорой, олон улсын харилцаа ч муу байна гэсэн үг.

Вакцин үндсэндээ хүмүүсийн амьдрах тасалбар болчихлоо. Тэгэхэд Япон улс 2020 оны сүүл гэхэд бүх иргэддээ хүрэлцэхүйц 150 сая вакциныг хэдийнээ захиалаад одоо тэр нь хэрэгжээд улс орнууд хэвийн амьдралдаа ороод байна. Ер нь манайх шиг юм л бол хааж хорино гэдэг улс дэлхий дээр алга.


Саяхан МАН-ын 100 жилийн ой гээд эрх баригчид нь өөрсдөө маскгүй талбай дээр зогсож байсан. Дээдэх нь суудлаа олохгүй бол доодох нь гүйдлээ олохгүй гэдэг шиг ард иргэддээ үлгэрлэх ёстой хүмүүс нь ийм байхад яаж иргэдийг ухамсартай бай гэж хэлэх инээдтэй биш гэж үү?

СХД-ийн VI хорооны иргэн Ч.Очирренчин:


-“Нэг хаалга-Нэг шинжилгээ”-гээр халдвартай олон хүнийг илрүүлээд байгааг манайх өнгөрсөн нэг жилийн хугацаанд манай улс ямар ч үр ашиггүй хөл хорио тогтоосон. Нэг хориод л нэг тавиад л яг яах гээд байгаа нь мэдэгдэхгүй байсан болохоор халдвартай хүмүүс нь мэдэхгүй гадуур яваад улам нэмэгдээд байна. Хэзээ оюутнууд нь вакциндаа хамрагдаад хичээл сургуульдаа явж болох вэ?

Дөрвөн жил сурч дээд боловсрол эзэмших ёстой оюутнууд хоёр жил гэртээ хоригдлоо. Цахимаар сурсан энэ үеийн оюутнууд ирээдүйд яаж ажил дээр гарах вэ? Тэгчхээд дарга нар нь Сүхбаатарын талбай дээр маскгүй бөөгнөрөөд болоод байдгийг ойлгохгүй юм.

Налайх дүүргийн VI хорооны иргэн О.Сэрүүнээ:

-“Нэг хаалга-Нэг шинжилгээ” ажлыг үр дүнтэй байсан гэж бодож байна. Цар тахлын хумих төр засгийн хамгийн зөв, шийдвэртэй алхам болсон. Хэрвээ Цагаан сараар баярлаад өнгөрсөн бол өдийд барьж дийлэхгүй хэмжээнд очих байсан байх. Вакцины хувьд онцгой нөхцөл байдалд ажиллаж байгаа эмч, цагдаа гэх мэт албан хаагчдад тарьж эхлүүлсэн байна лээ.

Манай ах цагдаагийн албан хаагч. Гэтэл өөрийнх нь саналыг сонсохгүй вакциныг нь сонгох чэрх олгохгүй тарьсан. Өөрөө бол тариулах дургүй байсан. Тариулснаас хойш хоёр хоногийн дараа халуурах, толгой өвдөж, бие сульдах шинж тэмдгүүд илэрсэн. Манай гэр бүлийнхэн гомдолтой байгаа.


Ийм байхад надад вакцин хийлгэх найдваргүй санагдаж байна. Дээр нь намынхаа ойг тэмдэглэж байна гээд талбай дээр бөөгнөрч байгааг харахаар корона иргэдийг дайраад, эрх баригчдын болохоор тойроод өнгөрдөг юм байлгүй дээ.

Сүхбаатар дүүргийн IX хорооны иргэн Ц.Сарнай:

-Хорио тавигдснаас хойш Цагаан сарын золголтууд их явагдаж үүнээс үүдэлтэйгээр халдварын тоо буурахгүй байгаа болов уу. Орон нутаг рууявах иргэд шинжилгээ өгөхдөө тэврэлдэх нь холгүй бөөгнөрөл үүсгэж байна. Шинжилгээ өгөх гэж дугаарлаж байхдаа халдвар авах магадлал өндөр байна. Тиймээс шинжилгээ авах ажлаа оновчтой зохион байгуулмаар байна. Вакцинжуулалт маш удаашралтай байна. Санаатай ингэж удаагаад байгаадаа биш ч гэсэн энэ чигээрээ байвал тал иргэдээ хамруулах гэж хоёр, гурван жилийн нүүрийг үзэх бололтой.

Зарим хүмүүс бас 14 хоногийн өмнө хийлгэсэн шинжилгээндээ найдаад гадуур сэлгүүцэх, ахуйн хүрээнд архидах, зарим нь тахлыг энгийн л ханиад гэж үзэх буруу хандлагууд яваад байна. Маскийг хоёр цаг тутамд сольж байгаа хүн алга, хэд хоног нэг масктайгаа хэлбэр төдий л зүүгээд өнгөрч байна. Төр засгийн шийдвэрээс гадна иргэд ч өөрсдөө ухамсартай баймаар байна.

Ч.БИНДЭРЪЯА

Онцлох нийтлэлүүд