ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Булангууд
2019.04.01 01:04

"Facebook Live"-д өөрчлөлт орно

Манай компани аюултай, зохисгүй контентыг цаг тухайд нь олж илрүүлэх зорилгоор технологиудаа сайжруулах болно гэж “Facebook” компанийн үйл ажиллагаа хариуцсан захирал Шэрил Сэндберг мэдэгджээ.

"Крайстчерч хотын сүмд террорист халдлага болсон хэргийн дараа манай компани "Facebook Live" буюу шууд дамжуулалтын дүрэм журам, “Facebook”-ийн платформ дахь үзэн ядах үзэлтэй тэмцэх явдлыг чангатгах, Шинэ Зеландын нийгэмлэгэд үзүүлэх дэмжлэгийг нэмэгдүүлэх гэсэн гурван чиглэлд арга хэмжээ авч хэрэгжүүлэн ажиллаж байна. Түүнчлэн бид хүчирхийллийг харуулсан дүрс, бичлэг болон түүний засварласан хувилбарыг даруй олж илрүүлэх, тэдгээр дүрс, бичлэгийг дахин нийтлэх явдлыг таслан зогсоохын тулд илүү дэвшилтэт технологийг бий болгохыг зорьж, түүнд чиглэсэн судалгаа шинжилгээнд хөрөнгө оруулж байгаа” хэмээн Шэрил Сэндбергийн нээлттэй захидалд дурдсан байна.

Крайстчерч хотын сүмд халдлага үйлдсэн Австралийн 28 настай иргэн Брентон Таррант нь халдлагын үйл явцыг “Facebook” нийгмийн сүлжээгээр шууд дамжуулан үзүүлж байсан юм. “Associated Press” агентлагийн мэдээлснээр, “Facebook” компанийн зохисгүй контентыг таних автомат систем нь энэхүү халдлагын шууд дамжуулалтыг таньж, цацагдаж буй бичлэгийг шууд хааж чадаагүй байна. Хиймэл оюун ухааны систем хүчирхийллийг харуулсан дүрс бичлэгийг видео тоглоомны шууд дамжуулалтаас ялгаж чадахгүй байгаа учир халдлагын шууд дамжуулалтын утга агуулгыг автоматаар тодорхойлж, зогсоож чадаагүй байна гэж тус агентлаг мэдээлсэн байна.

Онцлох нийтлэлүүд