ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Нийгэм
2018.04.17 03:04

GSP+ механизм ба хүний эрх

Democracy Report­ing International олон улсын байгууллага Глоб Интернэшнл төвтэй хамтран “GSP+ механизмаар дамжуулж хүний эрх, хөдөлмөрлөх эрхийг хөхиүлэн дэмжих нь” төслийг хэрэгжүүлж эхэллээ.

Европын холбооны GSP+ буюу хөнгөлөлтийн ерөнхий системд Монгол Улс 2005 оноос хамрагдаж эхэлснээр 7200 нэр төрлийн бүтээгдэхүүнээ Европын зах зээлд татваргүйгээр экспортлох боломжтой болсон. Харин үүний хариуд Европын Холбоо хүний эрх, хөдөлмөрийн эрх, байгаль орчин, сайн засаглалтай холбоотой НҮБ-ын 27 үндсэн конвенцийг дагаж мөрдөхийг шаарддаг аж. Монгол Улс 1992 оныхоо ардчилсан Үндсэн хуулиар хүний эрх, эрх чөлөөг дээдлэн баталгаажуулж 10 дугаар зүйлд “Олон улсын өмнө хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлэх” амлалт авч, мөн зүйлд “Монгол Улсын нэгдэн орсон, соёрхон баталсан олон улсын гэрээ, конвенци “дотоодын хууль адил үйлчлэх” тухай тунхаглан зарласан билээ. Монгол Улс НҮБ-ын суурь конвенциудыг соёрхон баталж, хэрэгжилтийг тайлагнах үүргээ биелүүлж байгаа ч конвенциудын зүйл заалтуудыг хэрэгжүүлэх явцад бэрхшээл учирсаар байгаа юм. Хэдийгээр манай улсад хууль эрх зүйн таатай нөхцөл бүрдсэн ч иргэний болон улс төрийн эрх бүрэн хэрэгжих боломжгүй хязгаарлагдмал, анхаарал татахуйц ноцтой асуудлууд байсаар байна.

“GSP+ механизмаар дамжуулж хүний эрх, хөдөлмөрлөх эрхийг хөхиүлэн дэмжих нь” төсөл НҮБ-ын үндсэн конвенциудийг үр өгөөжтэй хэрэгжүүлэх, олон улсын өмнө авсан амлалт, үүргээ биелүүлэхэд нь иргэний нийгэм, нийгмийн түншүүдийг мэдээллээр хангах, мэдлэг ойлголтыг нь нэмэгдүүлж, чадавхжуулах зорилготой юм. Глоб Интернэшнл төв төслийн хүрээнд Иргэний болон улс төрийн эрхийн олон улсын пакт (ИБУТЭОУП), ялангуяа иргэдийн үзэл бодолтой байх эрх, үзэл бодлоо баримтлах эрх чөлөө, илэрхийлэх эрх чөлөөг баталгаажуулсан Пактын 19 дүгээр зүйлийг онцлон, хэрэгжилтийг хангахад хувь нэмэр оруулна. Энэ төсөл хэрэгжсэнээр Монгол Улсад хүний эрхэд суурилсан эдийн засгийн хөгжлийг эрчимжүүлэхэд чухал хөшүүрэг болж, хувь нэмэр оруулна гэж төслийн багийнхан үзэж байна. Democracy Report­ing International олон улсын байгууллага Европын холбооны санхүүжилтээр GSP+ буюу хөнгөлөлтийн ерөнхий системд хамрагдсан Армени, Болив, Кабо Верд, Киргиз, Парагвай, Пакистан, Филиппин, Шри Ланка есөн улсад “GSP+ механизмаар дамжуулж хүний эрх, хөдөлмөрлөх эрхийг хөхиүлэн дэмжих нь” төслийг хэрэгжүүлж байна.

Х.БАТТӨГС

Онцлох нийтлэлүүд