ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Соёл урлаг
2014.05.17 06:05

“Playtime-2014”-ын бүртгэл үргэлжилж байна

Амьд хөгжим сонирхогчдын “Playtime-2014” наадам ирэх долдугаар сарын 19, 20-нд Гачуурт дахь “Монгол шилтгээн”-д болохоор товоо зарлаад байгаа билээ. Тэгвэл энэ удаагийн наадамд 30-35 хамтлаг тоглох юм байна.
Наадамд уламжлал ёсоор зочин хамтлагууд оролцохоос гадна шинэ залуу хамтлаг, дуучдыг шалгаруулалтад оруулж, сонгох нь ээ. Наадмын шалгаруулалтын бүртгэл тавдугаар сарын 30-ныг хүртэл үргэлжлэхийг зохион байгуулагчид дуулгалаа.
 “Амьд” хөгжмийн хамгийн том наадам болох “Playtime” нь хөгжмийн хөгжилд түлхэц үзүүлэх зорилготой учраас шинэ залуу, чадварлаг хамтлагийг гаргаж ирэх, чадваржуулахыг хичээдэг юм. Тиймээс шалгаруулалтын босгыг жилээс жилд өндөржүүлж байгаа учраас шалгуурт тэнцсэн болон урилгаар оролцох хамтлагууд бүтэн “сэт”  тоглолтоо хийх нь ээ.
Энэ жилийн наадмын эргэн тойрон дахь бэлтгэл ажлуудыг эхлүүлсэн байна. Тоглолтын тайз урьд жилийнхтэй адил гол болон жижиг тайзнаас бүтнэ. Наадмын талбайд хөгжим сонирхогчдод зориулсан худалдаа, наймаа, хоолны үйлчилгээ үзүүлэх хүмүүсийг бүртгэж эхэлснээс гадна жижиг тайзан дээр өөрсдийн “сэт”-ийг тавих хүсэлтэй DJ нарыг ч бүртгэж байгаа ажээ. Энэ жилийн наадмын онцлох мэдээлэл бол ОХУ-д альтернатив рок урсгалыг хөгжүүлсэн гэгддэг “МумийТролль”, “пост рок” урсгалаар тоглодог Японы “Envy” хамтлагууд зочин хамтлагаар ирэх юм.

Сонирхуулахад, энэ жилийн наадамд урилгаар оролцож байгаа “The Lemons” хамтлагийн төрсөн өдөр наадмын эхний өдөр тохионо. Учир нь тус хамтлаг нь анх 11 жилийн өмнө “Playtime” амьд хөгжмийн наадамд оролцож, уран бүтээлийн гараагаа эхэлж байв. Тиймээс ч жил бүрийн “Playtime” наадмын эхний өдөр тэд фэнүүдийнхээ хамт төрсөн өдрөө тэмдэглэдэг уламжлалтай. Тэд 11 жилийн төрсөн өдрөөрөө гурав дахь шинэ цомогт орсон дуунуудаасаа тоглоно гэсэн шүү.

Онцлох нийтлэлүүд