ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Нийгэм
2020.06.30 04:06

​“Playtime 2020” наадмыг виртуал хэлбэрээр цацна


Амьд хөгжмийн “Playtime 2020” наадмыг энэ жил виртуалаар долоодугаар сарын 4,5-ны өдрүүдэд 17 цагаас UniLive 88 суваг, LookTV-ээр оюуны өмчийн эрхтэй, өндөр чанартайгаар цацагдахаар болжээ. Сонирхуулахад, UniLive 88 суваг 6-р сарын 29-нд нээгдсэн аж.

Коронавирусын хорио цээрийн улмаас Playtime наадам энэ жил уламжлалт хэлбэрээрээ зохион байгуулагдах боломжгүй болсон бөгөөд энэ удаа тэд Unitel групп, Univision компанитай хамтран наадмаа виртуалаар зохион байгуулах ажээ. Энэ нь томоохон хүрээг хамарсан анхны дотоодын виртуал фестиваль болж байгаагаараа онцлог юм. 6 сарын 29-нөөс 7 сарын 4 хүртэл Univision-ийн Unilive 88 сувгаар дамжуулан өмнөх жилүүдийн онцлох тоглолт, хамтлаг дуучдын үзүүлбэрүүдийг гаргах юм байна. Харин 7 сарын 4-нөөс 5-ны хооронд энэ жилийн наадамд зориулан бэлтгэсэн уран бүтээлчдийн шинэхэн виртуал тоглолтууд онцгой эрхтэйгээр цацагдах ажээ. Unilive 88 сувгийг идэвхжүүлэх үнэ 10 мянган төгрөг.

Энэ жилийн Playtime наадам зөвхөн LookTV, Unilive 88 болон DDish-ийн сувгуудаар дамжин үзэгчдэд хүрэх бөгөөд үндсэн цацалтаас (7 сарын 4,5) 14 хоногийн дараа Playtime-ийн албан ёсны фэйсбүүк хуудсаар лайв цацагдана. Мөн LookTV-ийн Монгол кино, Entertainment, Тоглолт хэсэг, Univision-ийн Бүх кино, Энтертайнмент Шоу, Концерт хэсэг болон DDish-ийн Кино сан, Онцлох, Монгол цэс хэсгүүдэд 14 хоногийн хугацаатай онцгой эрхтэйгээр байрших ажээ.

Playtime наадам нь 2002 онд анх үүсгэн байгуулагдаж байсан бөгөөд тэрхүү үед шинээр дэлгэрч эхэлсэн амьд хөгжмийн олон хамтлагийн онцлогуудыг хүмүүст хүргэх тайз нь болсноороо онцлог юм.

Б.МӨНХДУЛАМ

Онцлох нийтлэлүүд