ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Булангууд
2018.09.27 04:09

“Spot Mini” нэртэй робот нохойг танилцууллаа

Амьтны хэлбэр загвартай роботын төхөөрөмжийн технологиороо АНУ-ын “Boston Dynamics” инженерийн компани салбартаа дээгүүрт тооцогддог. Тус компани дөрвөн хөл дээрээ явах чадвартай “Spot Mini” нэртэй робот нохойгоо танилцуулан зах зээлд нэвтрүүлэхэд бэлэн болчихсон байгаа юм. Тэгвэл энэхүү роботтой өрсөлдөхүйц чадвартай “Anymal” нэртэй робот нохойг Швейцарийн өндөр технологийг хөгжүүлэгч “Robotics Systems lab” нэртэй лаборатори сургуулийн инженерүүд зохион бүтээсэн байна.

Бостон Динамикс компанийн Спот Мини робот нохой өрөө тасалгаан дундуур чөлөөтэй мөлхөх, шатны өөд болон уруу өгсөж уруудах мөн хаалганы бариулнаас барин онгойлгох чадвартай. Энэ харагдаж байгаа Anymal нэртэй робот нохой ч гэсэн эдгээр үйлдлүүдийг дутахааргүй хийж гүйцэтгэж сурсан байна. Үүнийг Швейцарийн Цюрих хотноо орших өндөр технологийн судалгааны “Robotic Systems Lab” лабораторийн “Anybotics”-ийн инженерүүдийн баг зохион бүтээсэн юм. Анхны туршилтаа энэ сарын дундуур хийж эхлэн, олон нийтэд үзүүлсэн байна. Туршилтаар Anymal нэртэй робот нохой хаалганы бариулаас болгоомжтойхон атган онгойлгож байгааг харуулжээ. Мөн гадны нөлөөллийн эсэргүүцэх чадварыг нь шалгах үүднээс хөндлөнгөөс түлхэх, татах зэрэг үйлдлийг хийсэн байна. Робот эсэргүүцэх чадвар сайтай гэдгээ харуулж чадсан юм. Мөн ямар ч тохиолдолд тэнцвэрээ сайн олж чаддаг гэжээ.

Тусгай төхөөрөмж бүхий гараараа аяга усыг цалгиулахгүйгээр атган зөөх чадвартай. 3,3 кг жинтэй зүйлийг дааж чаддаг байна. Дөрвөн хөлтэй робот нохой ямар ч хүнд хэцүү үүрэг даалгаврыг биелүүлж чадна. Өөрөө 30 кг жинтэй юм. Тэнцвэржүүлэгч үүрэгтэй титан пурштэй мөн IP67 стандартын металл материал бүхий их биетэй. ALMA Articulated Locomotion and Manipulation загварын систем дээр тулгуурлагдсан технологитой. Худалдаа аж үйлдвэрийн салбарт болон хэрэглээний хүрээнд ашиглагдах боломжтой. Зах зээлд яг хэзээнээс нэвтрүүлэх нь одоогоор тодорхойгүй байгаа юм байна.

Онцлох нийтлэлүүд