ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Нийгэм
2020.04.29 01:04

“TRACETOGETHER” АППЛИКЕЙШНИЙ ТАЛААР


Дэлхийн өнцөг булан бүрт Засгийн газар болон эрүүл мэндийн байгууллагууд “COVID-19” цар тахлын эсрэг шийдлийг олох, хүмүүсийг хамгаалах, нийгмийг сэргээн босгоход мэдээллийн технологийг ашиглаж байгаа билээ. Энэ удаад Сингапур улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй “TraceTogether” аппликейшнийг онцлон танилцуулж байна.

Энэхүү аппликейшний гол зорилго нь цар тахлын хавьталыг түргэн тодорхойлон, тархацыг саармагжуулах, хумихад чиглэжээ. “Android”, “IOS” үйлдлийн системүүд дээр ашиглах боломжтой уг аппликейшн нь хэрэглэгчдэд утасны “BLUETOOTH”[1] сигналын тусламжтайгаар хоорондоо мэдээлэл солилцох боломж олгодог.

Аппликейшн нь зөвхөн Сингапур улсын оператор компанийн утасны дугаараар баталгаажуулан ашиглах боломжтой. Хэрэглэгчдийн мэдээллийн нууцлалыг хангахдаа “END-TO-END”[2] тусгай шифрлэлтийн аргачлал ашигладаг ба хэрэглэгчид хоорондоо ойртох үед “BLUETOOTH” сигналаар дамжуулан “temporary ID” буюу түр зуурын дугаарлалтаа ашиглан мэдээлэл солилцож хавьтагчаа бүртгэдэг байна. Солилцсон мэдээлэл зөвхөн тухайн утсан дээр хадгалагддаг бөгөөд хэрэв аль нэг хэрэглэгч халдвар авсан бол тусгай алгоритмыг ашиглан Сингапур улсын эрүүл мэндийн яамны серверийн мэдээлэлтэй тулгалт хийгдсэнээр уг хэрэглэгчийн хавьтагчдын утсанд анхааруулга мэдээг өгдөг байна. Энэхүү аппликейшн нь хэрэглэгчийн байршлын болон бусад хувийн мэдээллийг хадгалдаггүй.

Кибер халдлагаас сэргийлэх зорилгоор ашиглаж буй түр зуурын дугаарлалт нь тодорхой хугацааны интервалаар солигддог бөгөөд энэхүү дугаарлалтыг төв системээс шинээр авахаас бусад тохиолдолд уг аппликейшн нь интернет холболт шаарддаггүй байна. Энэ нь өдөрт 1MB-аас бага интернэт хэрэглээ буюу дата (cellular data) ашигладаг гэж тооцоолсон байна. Мөн өнгөрсөн баасан гарагт үүнтэй төстэй шийдлийг буюу Засгийн газар, эрүүл мэндийн агентлагуудад COVID-19 тархалтыг бууруулахад туслах зорилгоор BLUETOOTH технологи дээр суурилсан “сontact tracing” буюу хавьтагч тодорхойлох хэрэглэгчийн нууцлал, аюулгүй байдлыг хангасан шийдэл боловсруулахад Google болон Apple компаниуд хамтран ажиллахаар болсноо зарлаж программ хөгжүүлэгч нарт ашиглуулахаар техникийн бичиг баримтыг нийтэлсэн байна.


[1] Bluetooth нь богино зайд мэдээлэл дамжуулах утасгүй сүлжээний технологи юм.

[2] End-to-End нь өгөгдлийг гуравдагч этгээдэд задрахаас сэргийлж, илгээгч болон хүлээн авагч хоорондын мэдээлэл нууцлах шифрлэлтийн аргачлал юм.

Онцлох нийтлэлүүд