Монголд өдрийн сонин л үнэнийг хэлж чаддаг
Өдрийн сонины дугаарт
2016.11.28 10:11

Ардын нам Баярыгаа Англи руу баяртай үдэж байхад Ардчилсан нам Алтанхуягаа Ганц худагт гавтай явуулах нь ээ

Шалгуулбал бүгд л шалгуулъя. Бүгдийг нь шалгахгүй гэвэл хорсож занасан хүнээ ингэж ах дүү, амраг садангаар нь хорьж шийтгэхийн оронд урьдын хонзонгоо мартаад цаашаа явах л хэрэгтэй байна даа.

Өнгөрсөн долоо хоногийн УИХ-ын чуулганы хуралдаанаар гадаад орнуудад суух Элчин сайдуудыг батламжилж томиллоо. Энэхүү томилгооны нэг Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад Монгол Улсаа төлөөлж суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын зөөлөн суудалд МАН-ын лидерүүдийн нэг С.Баяр оногдсон байлаа. Одоо намын нөхөд нь түүнийг тэмдэглэн болор хундага харшуулсан тансаг үдэлтийн шоу зохион байгуулж байгаа биз ээ. Харин яг энэ цаг үед Ардчилсан намд арай өөр үйл явдал өрнөж байна. Намдаа С.Баяртай эн зэрэгцэхүйц хувь нэмэр оруулж, ялалтын тугаа мандуулж явсан Ерөнхий сайд асан Н.Алтанхуягаа Ганц худагт гавтай нь үдэхэд бэлэн болчихоод байна, тэд. Сүүлийн өдрүүдэд Н.Алтанхуягийн эхнэр хүүхэд, ах дүү, амраг саданг хуйгаар нь Ганц худаг руу ачиж байгаа мэдээ ар араасаа цуврах болов. Эхнэрийг нь хилээр гадагш гаргахгүй буцаалаа л гэнэ. Герман руу эмчлүүлэхээр явж байсан төрсөн дүүг нь баривчиллаа л гэнэ. Төрсөн эгчийнх нь охиныг Ганц руу ачлаа л гэнэ. Араас нь дахиж хэнийг нь ачихаар зэхэж байгааг таамаглах арга алга. Зарим мэдээллээс харахад Н.Алтанхуягийн эхнэрийнх нь дансанд хоёр, гурван тэрбум төгрөг шилжиж орсноос үүдэн ийм баривчилгаа эхэлсэн бололтой. Үүнийг Монголын нийгэм дэх ганц шударга үйл явдал болж байна хэмээн хөөрцөглөж, “Идэж уусан бол шалгуулах ёстой, зөв зөв” хэмээн илт дөгөөж байна. Тэгвэл одоогийн эрх барьж байгаа МАН-ынхны идсэн уусны дэргэд Алтанхуягийн холбогдоод байгаа энэ мөнгө дэндүү өчүүхэн хэрэг юм. Зүйрлэвэл, тогоо дүүрэн махыг тойгны махтай адилхан гэсэнтэй утга нэг үйл явдал юм.

Элчин сайдаар илгээгдээд байгаа С.Баяртай холбоотой хэмээн толгой эргэм их мөнгөний тоо хэвлэл мэдээллээр бишгүй их гардаг. Тэдний заримаас нь иш татаж үзье л дээ.

С.Баярын Засгийн газрын үед үзэглэсэн Оюу толгойн гэрээг Монгол Улсад ашиггүй байдлаар хийсэн хэмээн ард түмэн дургүйцдэг. Мэргэжлийн эдийн засагчид ч дуу нэгтэй шүүмжилдэг. Ийм гэрээ байгуулсныхаа төлөө түүнийг шовгор авсан байж магадгүй гэж харддаг хүн олон бий.

“Жаст”-ын гэгддэг Ш.Батхүү Өмнөд Африкийн Стандарт банкнаас 150 шахам сая долларын зээл авахдаа “Эрдэнэт”-ийг барьцаанд тавьсан дуулиан намдаагүй байгаа. Хэрэг шийдэгдээгүй байгаа бөгөөд “Эрдэнэт”-ийн төрийн мэдлийн 51 хувь аль хэдийнэ гаднын банкны барьцаанд орчихсон. Ийм үйл явдал мөн л С.Баярыг Ерөнхий сайд байх үеэр гарсан билээ. Улсын хамгийн том үйлдвэрийг гаднын банкны барьцаанд тавих хэмжээний том асуудал түүний оролцоотой хийгдсэн гэж яригддаг. Тийм ч учраас ард түмэн түүнийг хариуцлага хүлээх ёстой гэж үздэг юм.

Канадын Хан Ресурст Монгол Улсын төлсөн 70 сая долларыг мөн л С.Баяртай холбон ярьдаг. Учир нь С.Баярын Засгийн газрын үед хууль номоороо ажлаа хийж байсан Хан Ресурсын ажлыг зогсоож, лицензийг нь цуцалсан билээ. Мэдээж, тэд Монголын Засгийн газрыг Арбитрийн шүүхэд өгч, ялсан юм. Тухайн үед С.Баяр сайд нисдэг тэрэг хөлөглөн хойшоо хил гарч, эргэж ирээд Мардай дээр давхин очиж Канадын ураны уурхайн ажлыг зогсоосон гэдэг.

Эдгээрийн хажууд Н.Алтанхуягийн эхнэрийн дансанд орсон гэх хоёр тэрбумын хэрэг арай л жул сонсдож байгаа бус уу. Үүнийхээ төлөө Н.Алтанхуяг Ганц худаг руу ачигдахад бэв бэлэн болчихож. Харин Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Баяр гуай “Жаст”-ын Батхүүгийнхээ хэргийг дарах талаар сэтгэлээ чилээж суугаа биз. Энэ шударга явдал мөн үү. Хуулиа дээдэлж, шударга ёсыг тогтооё гэж байгаа бол хэнийг ч ялгалгүй адилхан шалгаж, зөв бурууг нь нэг талд нь гаргах ёстой.

Н.Алтанхуяг хөдөөний гаралтай, бүдүүлэгдүү ч хүн юмаа даа. Авгай хүүхэд, ах дүү нь бүгд Монголдоо. Тийм болохоор тэд л цувралдан баривчлагдаж, Ганц руу орилолдсоор ачигдаж байна. Харин С.Баярын авгай хүүхэд Америкийн иргэд. Америкийн иргэдийг шалгах гэж оролдоод үзээрэй. Бараг улсаараа бөмбөгдүүлэх байлгүй.

Бүх үйл явдал бидний нүдэн дээр улаан цайм ил цагаан өрнөж байхад Ардчилсан нам загас мэт дув дуугүй сууцгаах юм. Энэ намыг удирдан зургаан удаа сонгуульд ялалт байгуулсан намын даргыг нь илт шударга бусаар дээрэлхэж байхад журмын нөхөд нь яагаад ганц үг ганхийхгүй байна вэ. Харин ч намын даргад өрсөлдөх нэг хүн алга боллоо хэмээн сэм сэм баярлалдаж гүйлдээд байгаа сураг дуулдах юм.

Улс төрд өрнөж байгаа дээрх үйл явц ирээдүйн Путинчуудын хийж байгаа ажил гэж дүгнэх хүн олон байна. Путин Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаад Медведевийгээ дөрвөн жил өөрийнхөө оронд тавьсан. Өөрөө Ерөнхий сайд нь. Дараа нь өөрөө дахин Ерөнхийлөгч болж Медведев нь Ерөнхий сайд болсон. Төрийн толгойд гарч, завсаргүй хаанчлах ийм загварыг Монголын улс төрд хэвшүүлэхийн тулд дийлэх нэгнээ Ганц руу ачиж, дийлэхгүй нөгөөг нь Элчин сайд болгон замаа засч байна хэмээн учир мэдэх хүмүүс ярьцгааж байна.

Монголын ард түмний нүдэн дээр өрнөж байгаа шударга бус үйл явдлыг бид харсаар суух уу. Шалгуулбал бүгд л шалгуулъя. Бүгдийг нь шалгахгүй гэвэл хорсож занасан хүнээ ингэж ах дүү, амраг садангаар нь хорьж шийтгэхийн оронд урьдын хонзонгоо мартаад цаашаа явах л хэрэгтэй байна даа.

С.БАТБОЛД

Онцлох нийтлэлүүд