Монголд өдрийн сонин л үнэнийг хэлж чаддаг
Улс төр
2016.12.02 12:12

Ж.Батзандан: Ерөнхийлөгчид нэр дэвшинэ гэсэн болгоныг дууддаг, хорьж цагддаг боллоо

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар хэлэлцэх асуудлуудын талаар гишүүд байр сууриа илэрхийлэв. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Батзандан УИХ хаалттай хуралдах шаардлага тулгарсаныг УИХ-ын даргад уламжлав.

Тэрбээр “Ерөнхийлөгчид нэр дэвшинэ гэсэн болгоныг дууддаг, хорьж цагддаг боллоо. Одоо Алтанхуяг даргын асуудал, АТГ-т өдөр болгон дууддаг. Энэ юунаас болоод байна вэ? 65 суудалтай эрх баригч нам үүнийг хийгээгүй байх гэж бодож байна. Хүний эрхийг хамгаалах байх гэж найдаж байна. Нэг бол хэдэн арваар нь ажлаас халдаг. Нөгөө бол Ерөнхийлөгчид нэр дэвших хүмүүсээ баривчилдаг, хорьдог, дарамталдаг явдал хэрээс хэтэрлээ. Н.Энхбаярыг найман жил бүлэглэлүүд дарсан. Одоо Алтанхуяг руу орлоо. Тиймээс УИХ энэ эмх замбараагүй баривчилгаа, дарамт шахалт, хууль хяналтын байгууллагын дураараа дургилтыг таслан зогсоох чиглэлээр хаалттай хуралдаан зохион байгуулах зайлшгүй шаардлагатай байна” гэв.

Мөн тэрбээр орон нутгийн сонгуулиар АН ялалт байгуулсан сумдын удирдлагуудыг томилохыг шаардав. Ж.Батзандан “Сүхбаатар аймагт АН ялчихаад байгаа. Өнөөдрийг хүртэл Засаг дарга Ж.Батсуурийг томилохгүй байна. Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваад би үнэхээр дургүй. Гэхдээ Баянзүрхэд АН ялсан. Ялсан учраас Батзандан дуртай байна уу, дургүй байна уу хамаагүй томилох ёстой. АН-ын ялсан 50 гаруй суманд Засаг даргыг томилохгүй байна. Үүнийг нэг тийш нь болгомоор байна, МАН-ынхан. Хэн нэгэн дуртай дургүйгээр асуудалд хандахаа больё. Зарчмаа, хуулиа барья” хэмээн асуудлыг шийдэхийг эрх баригчдаас хүсэв.

Онцлох нийтлэлүүд