Монголд өдрийн сонин л үнэнийг хэлж чаддаг
Нийгэм
2016.10.19 12:10

Залуучууд аа, саналаа идэвхтэй өгөөрэй

Өнөөдөр улс орон даяар орон нутгийн сонгууль явагдаж байна. Бүх нийтээрээ сонгуульдаа идэвхтэй оролцох боломжийг хангаж энэ өдрийг төрөөс амралтын өдөр болгосон. Хүний сонгох, сонгогдох эрх бол үндсэн хуулинд заасан язгуур эрх ашиг билээ. Тиймээс та өөрсдийгөө төлөөлөх хамгийн ойрын төлөөлөл болох хүнээ сонгохдоо яараарай. Залуучууд идэвх султай оролцож байгаа мэдээ эхнээсээ гараад эхэлчихлээ. Таны төлөө төрөөс асар их хөрөнгө гарган энэхүү сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулж байгаа гэдгийг санаад яг одоо та суудлаасаа босон дөрвөн жилдээ нэг оногдох иргэнийхээ үүргийг биелүүлээрэй. Хэн ч гарч ирсэн яахав дээ, эсвэл бүгдийг нь танихгүй юм чинь дээ гэж хойш суулгүй хороон дээрээ очин нэр дэвшиж байгаа хүмүүсийн материалыг уншаад ч болов өөрийн итгэл даах хүнийхээ нэрний ард ганцхан удаа үзгээр дугуйлаарай. Нэр төрөө эрхэмлэдэг сонгогч таны нэг өдрийн урагшаа алхсан алхам монголын маань сайн сайхан ирээдүйд асар их хувь нэмэр болно гэдгийг бүү мартаарай. Энэ өдрийг тэнгэр хүртэл ивээж ойрдоо хүйтэрнэ гэсэн цаг агаар дулаан өнгөө үзүүлж сонгуулиа хурдан өгөөрэй гэх шиг намрын шаргал өдөр налайж байна. Төрийн гурван тэргүүн маань ч аль хэдийн хаана өгөхөө товлож эхнээсээ өгөөд эхэлчихлээ. Монгол төрийн алтан гагнаас үеийн үед бэхжихийн тулд таны ганц санал ч гэсэн хувь нэмэр болж үр хүүхдийн тань амар амгалан нийгэмд амьдрах нь таны идэвх зүтгэлээс хамаарах юм шүү. Залуус аа, саналаа идэвхтэй өгөөрэй!

Энэ сонгуульд зориулан 13.9 тэрбум төгрөгийг төрөөс гаргажээ. ИТХ-аас гарсан аливаа шийдвэрийг өөрчлөх эрх дээд шатны ИТХ болоод УИХ-д ч байдаггүй. Тэгэхээр энэ сонгууль ямар их ач холбогдолтойг та гадарлаж байгаа биз. Энэ удаагийн сонгуульд залуучууд идэвхтэй нэр дэвшиж буйг та бүхэн гудамж талбайд хаа сайгүй тааралдах сурталчилгааны самбараас харсан биз ээ. Улс орны хөгжлийг харъя гэвэл залуус нь хэр идэвхтэй байгааг нь хар гэсэн нэгэн алдартай хүний үг бий. Тэгэхээр залуусаа хөгшин настай хүмүүсээсээ үлгэр жишээ аваад өнөөдрийн сонгуульдаа идэвхтэй оролцоцгооё!

О.ӨНӨР

Онцлох нийтлэлүүд