Монголд өдрийн сонин л үнэнийг хэлж чаддаг
Өдрийн сонины дугаарт
2016.12.02 08:12

Монгол Улсын арслан Д.ГАНХУЯГ: Хадаа аваргыг давчихаад гүйж явсан минь санаанаас гардаггүй

Монгол Улсын арслан Доржпаламын Ганхуягтай ярилцлаа.


-Та ээжийн талаасаа бөхийн удамтай бил үү?

-Би Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэгт төрж өссөн юм. Миний аав Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумынх. Харин ээж Гучин-ус сумын харьяат. Ээжийн удамд Махбал гэж даншгийн заан цолтой хүн байсан юм билээ. Би тэр хүний удмын тав дахь үеийн хүн л дээ. Манай өвөө бас барилддаг хүн байсан. Сумын заан цолтой Доржсүрэн гэж хүн байлаа. Харин өвөөгийн ах Мэгд гэж хүн 1935 онд 25 насандаа аймгийн начин цол хүртсэн гэдэг. Мөн өвөөгийн үеэлүүд аймгийн заан Мижиддорж, аймгийн арслан Аюушжав гэсэн бөхчүүд бий. Бид гурав Өвөрхангайн наадамд 30 жилийн зөрөөтэйгөөр үзүүр, түрүүнд үлдсэн байдаг юм билээ. Мөн Монгол Улсын гавьяат тамирчин Д.Цэрэнханд бид хоёр төрсөн эгч, дүүсийн хүүхдүүд юм. Харин манай аавын талынхан биерхүү хүмүүс байдаг. Бас сайхан ч барилдчихдаг, гарын дүйтэй, уран дархан хүмүүс байдаг даа.

-2000 онд начин цол хүртсэн. Хэнээр начин цол хүртэж байсан бэ?

-Би аавынхаа төрсөн нутгаар овоглуулж явдаг. Манай Өвөрхангайн “Их Монголын хүчтэн” дэвжээ 1998 онд байгуулагдсан. Би 16 настайдаа нутгийнхаа Д.Цэрэнтогтох аваргаар ахлуулсан галд гарч бэлтгэл хийж эхэлсэн юм. Ганбаатар, Долгорсүрэн, Дүвчин, Эрдэнэбат гээд сайхан заануудтай наадмын бэлтгэлд гардаг байлаа. 16-тай хүүд тэр том бөхчүүдтэй наадмын бэлтгэлд гарна гэдэг их сайхан хувь тохиол шүү дээ. Шувууны бага нь жиргэдэг гэдэг шиг хий гэснийг нь шууд л хийдэг байв. Ах нарынхаа хувцсыг нь хүртэл угаана. Оймсыг нь ч угааж байсан үе бий.

Харин би хамгийн анх 1995 онд 19 настайдаа Өвөрхангай аймгийнхаа баяр наадамд түрүүлж аймгийн арслан цол хүртсэн. Аав намайг аймгийн наадамд явахад “Аймгийн начин болоорой” гэж захисан юм. Аавынхаа захиасыг бүр давуулан биелүүлчихээд холбоон дээрээс гэр лүүгээ залгаж хэл дуулгасан. Тэр үед аав минь маш их баярлаж билээ. Дараа нь 24 насандаа О.Бахыт харцагаар гурав, Д.Эрдэнэбат заанаар дөрөв, дархан аварга Цэрэнтогтохоор тав давж улсын начин цол хүртсэн түүхтэй юм. Энэ чинь 2000 он шүү дээ. Түүнээс хойш цолоо ахиулчих юм шүү гэж их л боддог байлаа.

-2008 онд цолоо ахиулж арслан цол хүртсэн...

-Хэдий цолоо ахиулчихъя гэж хичээсэн ч болдоггүй л байсан. Харин түрүүлдэг жилээ заалны барилдаан нэг ч удаа таслаагүй, бэлтгэл ч сайн байсан. Гэхдээ түрүүлнэ чинээ бодож яваагүй л дээ. Сайн барилдаж цолоо ахиулна л гэж бодож явсан. Харин эргээд бодоход тэр жил миний бэлтгэл ханачихсан байж дээ гэж бодогддог юм. Би улсын заан Б.Соронзонболдтой үзүүр, түрүү булаалдаж түрүүлсэн дээ. Наадмын өмнөхөн нэгэн барилдаанд Б.Соронзонболдод хутгуулаад унасан юм. Тиймээс хутгаж магадгүй гэсэн бодол мэдээж байсан. Харин маш тайван байж санасан барилдаанаа хийж чадсан даа. Их сайхан барилдаан болсон.

-Та заалны барилдаанд Хадаа аварга, Долгорсүрэн заан нарыг давсан гэдэг бил үү?

-Би 17 настай байсан. Аравдугаар ангийн л сурагч байлаа. Жанжин Сүхбаатарын мэндэлсний ойн барилдаанд Хадаа аваргаар гурав, Долгорсүрэн заанаар дөрөв давсан. Хадбаатар аваргатай таараад хоёулаа хаялцдаггүй их уддаг юм байна. Би ч яахав, жаахан хүүхэд тэр том хүнээс зуураад л байлаа. Тэгж, тэгж аварга надад тахимаа өгчихөж билээ. Хадаа аваргыг давчихаад гүйж явсан минь санаанаас гардаггүй юм. Хүүхэд байсан болоод ч тэр үү, аз, од байсан болов уу гэж боддог юм. Манай ангийн багш тэр барилдааныг зурагтаар үзсэн юм билээ. Тийм ч айхтар бөх мэддэг хүн биш л дээ. Тэгсэн маргааш нь “Ганхуягийг би тэр том бөхөд даруулж унахвий гэж айж байлаа. Миний хүү битгий тийм том бөхчүүдтэй барилдаж байгаарай” гэж билээ.

-Х.Намшир багшийнхаа тухай яриач?

-Би эхээс дөрвүүлээ. Гурван ахтай. Хөвгүүд л болсон хойно ноцолдоно. Хөдөлгөөнтэй гэж жигтэйхэн хүүхдүүд байлаа. Харин аав намайг бөхийн секцэнд явахыг зөвлөсөн юм. Би сургуулийнхаа бөхийн секцэнд хичээллэж байгаад 1998 онд “Хөдөлмөр” нийгэмлэгт Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Х.Намшир багшийн шавь болж байлаа. Багаасаа л багшийнхаа удирлаган дор хичээллэсэн учраас юу хэлэх гэж байгааг нь бараг харцаар нь ойлгочихдог болсон гэхэд хилсдэхгүй. Багшийн арга барил бусад хүмүүсийнхээс ондоо санагддаг юм. Хаанаас барьц авахыг нь хүртэл нарийн заадаг байсан.

Анх хичээллэж эхлэхэд минь “Хөдөлмөр” нийгэмлэгийнхэн гадагшаа тэмцээн, уралдаанд их явдаг байлаа. Би тэмцээнд очих хэмжээнд хүртэл бэлтгэгдээгүй байсан л даа. Гэтэл намайг Х.Намшир багш тэмцээнд авч явна гэдэг юм байна. Багш маань “Ухарч хожигддог энэ муу бөхчүүдээс, ялагдсан ч хамаагүй урагшилж довтолдог Ганхуягийгаа авч явна” гэж билээ. Энэ үг надад маш их урам өгч байсан даа. Мөн Биеийн тамирын дээд сургуулийн Монгол Улсын гавьяат багш Ж.Даваажав, Ч.Дамдиншарав, Дамдин, Д.Сэрээтэр, З.Ойдов гээд сайхан хүмүүсийн шавь нь байлаа. Тийм болохоор өөрийгөө их азтайд тооцож явдаг юм даа. Энэ багш нарын ачаар манай ангиас начин Эрхэмбаяр, хурц арслан Отгонбаатар, аймгийн арслан Энхтайван, Цэдэндамбаа, аймгийн заан Оюунбаатар, Мөнхзориг гэх мэт сайхан бөхчүүд төрсөн. Спортын мастер цолтой хүмүүс ч цөөнгүй бий.

-Та сагсан бөмбөгийн “Генералууд” багт тоглодог байсан. Хэдий хугацаанд тоглосон бэ?

-Би Улсын биеийн тамирын дээд сургуулийг төгссөн. Оюутан байхдаа сагсан бөмбөгийн тэмцээн уралдаануудад оролцдог байлаа. Ер нь дажгүй эвсэлтэй, сонирхолтойг минь сагсан бөмбөгийн багш, дасгалжуулагч Дамба анзаарч байсан юм билээ. Лигийн тэмцээнд оролцохын өмнө “Генералууд” баг сэлгээ хийж, хүч нэмэхээр залуу тоглогчдыг авсан. Энэ үед манай курсын оюутнуудаас хэдэн хүүхэд элсэн орсон юм. Үүнд багтаж хоёр жил гаруй “Генералууд” багийн төвийн тоглогчоор тоглосон. Гэхдээ үндэсний бөхөөрөө амжилт гаргах сонирхол минь давамгайлж сагсан бөмбөгөө орхисон доо.

-Та Өвөрхангай аймгаа төлөөлөн сагсан бөмбөгийн тэмцээнд оролцдог. Өнгөрсөн жилийн бөхчүүдийн хоорондох тэмцээнд аваргалсан байх аа?

-Одоо Үндэсний лигийн тэмцээнд Өвөрхангай нутгаа төлөөлөн оролцож байна. Мөн “Мөнгөн цагариг” клубээс санаачилж ес дэх жилдээ зохион байгуулж буй бөхчүүдийн сагсан бөмбөгийн тэмцээн арванхоёрдугаар сарын 1-нээс эхлэх юм. Энэхүү тэмцээнд оролцохоор бэлтгэлээ базааж байна. Өнгөрсөн жилийн тэмцээнд манай “Их Монголын хүчтэн” дэвжээ аваргалсан. Нийтдээ хоёр түрүүлж, хоёр удаа гуравт шалгарсан юм байна. Би энэ сагсан бөмбөгийн тэмцээнд орохдоо дуртай байдаг шүү. Ялангуяа бөхчүүд сагсан бөмбөгийн тэмцээнд оролцох нь олон давуу талтай. Энэ нь бөхчүүдийн эв дүй, эвсэл, ур чадварыг нэмэгдүүлдэг юм. Мөн тоглож байх явцдаа их гүйдэг учраас нэг бодлын маш сайн сургуулилт болдог л доо. Энэ жилийн бөхчүүдийн хоорондох сагсан бөмбөгийн тэмцээн аймгийн арслангаас дээш болон доош цолтой бөхчүүдийнх гэсэн ангилалтай болно. Энэ хоёр ангиллын хоёуланд нь Өвөрхангай аймгийн бөхчүүд оролцох юм.

-Та маш олон спортын төрлөөр хичээллэсэн юм билээ. Хичээллэсэн спорт бүртээ чамгүй амжилт гаргасан байсан?

-Бөхийн төрлүүдээр голчлон хичээллэсэн. Хэдий бөхийн төрлүүд дүрэм, барьц нь өөр хэдий ч зорилго нь бол адилхан шүү дээ. Ер нь бөхийн төрлүүдээр хичээллэснээр давуу тал ихтэй байдаг. Би кураш бөхийн Дэлхийн аварга, сонирхогчдын сумо болон самбо бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл, сонгомол бөхийн зүүн Азийн наадмын мөнгө, чөлөөт бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, "Монгол говь" олон улсын тэмцээний аварга, улсын аварга, оюутны Дэлхийн аваргын мөнгөн медальт, регби Америк хөлбөмбөгийн Монголын анхны тоглогч, мөн жүдо бөхийн хүнд жинд барилдаж байсан.

-Эдгээр спортоор хичээллэж амжилт гаргахын тулд маш их бэлтгэл сургуулилт хийсэн байх?

-Би оюутан байхдаа өдөрт дөрвөөс таван бэлтгэл хийдэг байсан. Манай биеийн тамирын сургуульд хөлбөмбөг, гимнастик гээд хичээлүүд ордог. Тэд бүгд зааланд ордог юм. Түүнээс гадна манайх бөхийн багш, дасгалжуулагчийн анги тул өглөө ирээд бөхийн дасгал, сургуулилт хийнэ. Өдөртөө сагсан бөмбөгийн бэлтгэлдээ эсвэл лигтээ тоглоно гээд нэг цаг 30 минутын хугацаатай дөрвөөс таван бэлтгэл хийдэг байжээ. Оюутан байх хугацаанд зөвхөн бэлтгэлдээ цаг хугацаагаа зориулахад ээж, аав минь дэмжиж тусладаг байсан. Харин гэр бүлтэй болсны дараа эхнэр минь үргэлж дэмждэг болсон доо. Миний эхнэрийг Ганчимэг гэдэг. Бид хоёр нэг сургууль төгссөн. Сургуулиа төгсөөд нэг гэрт ороод, үр хүүхэдтэй болсон ч намайг бэлтгэлээ л сайн хийхийг зөвлөдөг байлаа.

Бид хоёр хүүхэдтэй болоод удаагүй байлаа. Тэр үед эхнэр маань “Хүүхэд шөнө уйлна миний хань өөр өрөөнд унт” гэдэг байв. Хань минь ид барилдаж бөхөд сэтгэл зүрхээ өгч байх үед тийм л их анхаарал хандуулж ар талыг бат даадаг байсан.

-Ам бүл хэдүүлээ вэ?

- Манайх ам бүл дөрвүүлээ, охин, хүү хоёртой.

-Энэ жилийн наадамд начин цол хүртсэн хоёр ч бөхөөс допинг илэрлээ. Та энэ тал дээр ямар бодолтой байдаг вэ?

-Би допингийн эсрэг 100 хувь зогсдог хүний нэг. Хүмүүс уураг, нэмэлт тэжээлэнд допингд хамаарах бодис байдаг, түүнийг санаандгүй байдлаар хэрэглэснээр допинг илэрлээ гэж бодоод байх шиг санагддаг. Уураг, нэмэлт тэжээлд допингийн ямар нэг бодис байдаггүй. Үүнийг олон улсын стандартын дагуу тестээр шалгаж нэвтрүүлдэг юм. Тиймээс допинг санаандгүй байдлаар хэрэглэнэ гэж байхгүй. Хүмүүс өөрсдөө мэдэж байгаа болохоор л хэрэглэж байгаа гэсэн үг. Амжилтын төлөө шунасандаа л хэрэглэж байгаа юм.

-Шавьтай болж байна уу?

-Нутгийнхаа залуучуудтайхоёр жил ажилласан. Ирээдүйд их юм дуулгах сайхан залуучууд бий. Одоогоор дэвжээний бөхчүүдийнхээ бэлтгэл сургуулилтад нь анхаарах гэхээсээ илүү нөхцөл боломжийг нь хангахыг зорьж байна.

О.АРИУНЦЭЦЭГ

Онцлох нийтлэлүүд