Монголд өдрийн сонин л үнэнийг хэлж чаддаг
Онцлох нийтлэл
2016.11.30 04:11

Н.АЛТАНХУЯГ: Элбэгдоржийн үгэнд ороогүй нь шоронд ордог ийм ардчиллын төлөө би яваагүй

Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэхээ мэдэгдээд байсан Н.Алтанхуягт АТГ-аас зарлан дуудах хуудас илгээжээ. Өмнөх хугацаанд түүний төрсөн дүү болон хамаатных нь нэг хүнийг дуудаж байсан юм. Дүү Н.Наранцэцэг нь одоо болтол хоригдож байгаа.

Харин Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг АТГ руу очих замдаа сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрбээр “АТГ-аас надад 14:00 цагийн үед зарлан дуудах хуудас ирүүлсэн. Үүний дагуу АТГ руу очих гээд явж байна. Яг юу болсон бэ гэж үү. Тэгэхээр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гээд хэлчихсэн чинь нэлээд үйл явдал өрнөх юм шиг байна. Мөн өмнө нь нэвтрүүлэгт ороод Монголын нийгэмд болохгүй байгаа зүйлийн тухай ярьсан. Тэгж ярихдаа Монголын баялгийг тухайлбал, Тавантолгой, Оюутолгой, Эрдэнэт зэргийг цөөхөн хүмүүс хувьдаа завшаад байна гэж хэлсэн чинь манай энэ Элбэгдорж, тэд нарын бүлэг амь тавьж байгаа бололтой. Цөөхөн хоногийн дотор 3-аас 4 эмэгтэй хүнийг шоронд хийлээ. Өнөөдөр намайг ир гэхээр нь би ирж байна. Ер нь бол манай Ерөнхийлөгч ба тэрний бүлэглэлийн бий болгочихсон хууль хяналтын байгууллага дотор нэг тийм хонгил байдаг гэж өнгөрсөн дөрвөн сард хэлсэн. Тэр хонгил руугаа намайг шахаж оруулах гэж их л юм болж байна даа. Худал хэрэг төвөгт гүжирдэж байна. Тэгээд сая манай ойр хавийн хүмүүсийг хорьж бариад, эцэст нь намайг дуудаж байна. Эртхэн дуудаад асуучихгүй, заавал миний ойр хавийн хүмүүсийг шорон гянданд хорьж, тарчлаах шаардлага байхгүй байсан. Намайг тэр шорондоо хийгээд тэр хүмүүсийг суллах цаг нь ирсэн гэж би үзэж байна. Жаахан давчуу мэдэгдэл ирлээ. Ер нь Элбэгдорж бид хоёр 1990 оноос хойш хамт явсан. Элбэгдоржийн үгэнд заавал орох ёстой, Элбэгдоржийн үгэнд ороогүй нь шоронд ордог ийм ардчиллын төлөө би яваагүй. Элбэгдоржийн үгэнд ч ормооргүй байна. Улс эх орныхоо төлөө зүтгэмээр байна. Шоронд хийсэн ч гэсэн бууж өгөлгүй зүтгэнэ” гэлээ.


АТГ-ын гадаа. 16:20 цагийн үед

Онцлох нийтлэлүүд