Монголд өдрийн сонин л үнэнийг хэлж чаддаг
Улс төр
2016.12.02 02:12

О.Баасанхүү: Хилийн хүчийг сулруулах гэсэн бодлоготой хууль болж байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Хилийн тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ. Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд үг хэлж, асуулт асуулаа.

Тухайлбал, УИХ-ын гишүүн О.Батнасан:Хил хамгаалах байгууллага ОХУ, БНХАУ-ын хүчний байгууллагатай хэрхэн хамтарч ажиллаж байна вэ. Хил зөрчигчийг хэрхэн зохицуулалт хийж байгаа вэ. Мөн энэ хуулийг баталснаар хилийн хамгаалалттай холбоотой асуудлыг яаж шийдэх вэ?

ХХЕГ-ын дарга Ц.Сэргэлэн:Монгол улс хөрш орнуудтай хиллэж байгаа боомтууд дээр бүх асуудлыг хэлэлцдэг. Олон улсын гэрээний дагуу хил зөрчлийн асуудлыг шийдээд явж байгаа. Цаашид ч гэрээний дагуу шийднэ. Улсын хил хамгаалалтад техник, технологийн дэвшилтэт байдал хэрэгтэй байгаа. Үүнийг хуулиар зохицуулахаар тусгасан.

УИХ-ын гишүүн Н.Оюундарь:Хил хамгаалах чиглэлээр мэргэжлийн боловсон хүчинтэй болох, техник технологио шинэчлэхэд санхүүгийн асуудлаа хэрхэн шийдвэрлэхээр хуульд тусгасан бэ. Мөн хилийн тагнуулын үйл ажиллагааг хуульд хэрхэн тусгасан бэ?

ХХЕГ-ын дарга Ц.Сэргэлэн:Хил хамгаалах байгууллагын боловсон хүчнийг бид дотооддоо ч, ОХУ-д ч бэлтгэдэг. Хилийн тагнуулын үйл ажиллагаа Хилийн тухай хуулиар зохицуулагддаггүй.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:Одоогийн энэ хуулийн 70 хувь нь 1994 оны хуулиас хуулбарласан байдалтай байна. Энэ хуульд маш няхуур хандах ёстой. Хилийн хүчийг сулруулах гэсэн бодлоготой хууль болж байна.

Ийнхүү УИХ-ын гишүүд асуултдаа хариулт авсны дараа Хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл түүнийг дагалдах хуулиудыг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэх нь зүйтэй гэж гишүүдийн олонхи үзлээ. Тиймээс хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд шилжүүлэв.

Үүгээр өнөөдрийн УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан өндөрлөлөө.

Онцлох нийтлэлүүд