Монголд өдрийн сонин л үнэнийг хэлж чаддаг
Нийгэм
2016.12.02 12:12

С.Сүхбаатар: Би хүүгээ танихгүй байна

“Хар сарнай” хамтлагийн ахлагч С.Амармандах ОХУ-ын дипломат албаны ажилтанд зодуулсан хэрэгтэй холбоотой асуудлаар түүний гэр бүл, хамтран зүтгэгчид нь сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд С.Амармандахын аав С.Сүхбаатар, өмгөөлөгч Батбаяр, "Хар сарнай" хамтлагийн гишүүн Маадай, "Сүнс" хамтлагийн ахлагч Б.Лхагвасүрэн нар хүрэлцэн ирлээ. С.Амармандахын аавын хувьд тун хүнд байдалтай байсан юм.

Нийслэлийн тодорхой удирдлагуудын санаачилсан "Аз жаргалтай Улаанбаатар" арга хэмжээ болсон Хан-Уул дүүргийн "ONE EVENT" концерт зааланд болсон. Тэрхүү үйл ажиллагаанд дуулаад гарч явах үед нь нэгэн балмад этгээд төмрөөр ар шил рүү цохиж унагаан ухаан алдтал нь цохиж балбасан хэрэг гарсан юм. Уг хэргийг хийсэн нэг тодорхой хүн байгаа. Тэрбээр өөрөө очиж мэдүүлэг өгсөн. Энэ хэргийг шалгаж байгаа. Монголчууд маань зөв зүйтэй хандаач гэж хүсмээр байна. Хэргийг холбогдох хүмүүс шалгаж байгаа болохоор Монголчууд маань хүлээцтэй хандахыг хүсч байна" гэж ар гэрийнхэн нь хэлж байна.

Түүний аав С.Сүхбаатар "Надад маш хүнд байна. Та нар намайг таньж байна уу. Намайг Сэвжидийн Сүхбаатар гэдэг. Би энэ арваад хоногийн хугацаанд өөрийнхөө хүү, Монгол Улсын иргэн Амармандахыг таниагүй. Энэ бичлэгийг та нар үзвэл тэр хүнийг танихгүй. Тэр зодож байгаа, танхайрч байгаа тэр сахалтай хүнийг харлаа. Би энэ 10 хугацаанд өөрийнхөө хүүхдийн царай зүсийг таниагүй. Одооноос харин эмч нарын гавьяагаар одоо хүүтэйгээ танилцаж байгаа. Балбаж нүдэж хүүг минь зодсон. Надад хэлэхэд хэцүү байна. Монгол, Оросын дипломат харилцааг эвдэж, аливаа улс орнуудыг эвтэй байлгахын тулд дипломат ёс гэж байдаг. Тэгтэл тэр хүн ийм зүйл хийлээ. Мөн хас тэмдгийг маш буруугаар ойлгуулж байна.

Өнөөдөр би Монголын хээ угалз гэсэн ном авчирлаа. Энэ газар шороог халуун амиараа хамгаалсан хүмүүс Монгол Улсыг хасу тамгаараа тамгалж байсан. Энэ гайхамшиг түмэн наст хээг Монголчууд дээдлэн мөнхөлсөн. Зөвхөн нэг номон дээр л энэ тухай байгаа. Өнөөдөр Монголын үнэмлэх дээрээ Монгол Улсын иргэн гэж бичүүлсэн. Энэ хүн өнөөдөр хохирогч. Дипломат ёсыг би мэднэ. Тэр танхай этгээд өөрийнхөө хувийн үзлээр хүүг минь хохироосон.

Хүү маань оёдлоо авхуулж байгаа. Харин цаанаа тархиндаа нөж хурчихсан. Гэтэл Монголчууд энэ тархиараа бид дэлхийд гайхуулж байгаа. Гэтэл нэгэн Монгол Улсын иргэн ингээд хохирчихлоо. Надад хэлэх үг олдохгүй байна. Хосгүй авьяастанг Монголын газар шороон дээр гишгэх газаргүй болгочих вий л гэж хэлмээр байна" гэв.

Онцлох нийтлэлүүд