Монголд өдрийн сонин л үнэнийг хэлж чаддаг
Нийгэм
2016.10.19 08:10

Сум, дүүргийн ИТХ-ын сонгууль эхэллээ

Сум, дүүргийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгууль эхэллээ. Санал хураалт 07:00-22:00 цагийн хооронд явагдах юм. Энэ удаагийн сонгуулиар 21 аймгийн 1613 баг, нийслэлийн есөн дүүргийн 152 хорооноос 7282 төлөөлөгч сонгогдох юм.

Эдгээр 7282 мандатын төлөө өрсөлдөхөөр 15212 нэр дэвшигч бүртгүүлснээс улс төрийн нам, эвслээс 14489 нэр дэвшигч, 723 бие даан нэр дэвшигч бүртгүүлжээ. Мөн үүнээс 4530 нь эмэгтэй нэр дэвшигч байгаа аж.

Сум, дүүргийн ИТХ-ын 2016 оны сонгуульд Монгол Ардын Нам, Ардчилсан Нам, Иргэний Зориг Ногоон Нам, Монголын Ногоон Нам, Бүгд Найрамдах Нам, Монгол Ардын Хувьсгалт Нам, Ардчилсан нам-Монгол Ардын Хувьсгалт намын "ТӨВ НУТАГ" эвсэл, Эх Орон Нам, Монгол Үндэсний Ардчилсан Нам, Хөдөлмөрийн Үндэсний Нам оролцож байна.

Мөн сонгууль зохион байгуулахаар 1765 тойргийн хороо, 2082 хэсгийн хороо ажиллаж байна. Энэ удаагийн сонгуульд зориулж нийт 1765 төрлийн хоёр сая гаруй саналын хуудас хэвлүүлж хэсгүүдэд хүргүүлжээ. Сонгуулийг 13.9 тэрбум төгрөгөөр зохион байгуулахаар төсөвлөгдсөн бөгөөд иргэдийг сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж байна.

Сонгогч та нийслэлд амьдардаг бол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд нэр дэвшиж байгаа нэр дэвшигчийн, аймаг, суманд амьдардаг бол сумын Иргэдийн Төлөөлөгчийн хуралд нэр дэвшигчийн нэр бичигдсэн саналын хуудаст тэмдэглэгээ хийх шаардлагатай.

Мөн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр 11.30 цагт Сүхбаатар дүүргийн III хороо Орос, Монголын хамтарсан гуравдугаар сургуулийн байранд очиж саналаа өгөх аж.Харин УИХ-ын дарга М.Энхболд нийслэлийн 23 дугаар сургуулийн хичээлийн байранд байрлах сонгуулийн хэсгийн хороонд 15.00 цагт саналаа өгөх бол Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат 12.30 цагт Баянзүрх дүүргийн “Номноо” хотхонд байрлах 1834 дүгээр хэсгийн хороонд очиж, саналаа өгнө. Одоогоор сонгуулийн ирцийн мэдээлэл хараахан гараагүй байна. Дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй хүргэнэ.

Онцлох нийтлэлүүд