Монголд өдрийн сонин л үнэнийг хэлж чаддаг
Өдрийн сонины дугаарт
2016.10.19 12:10

Сэрүүн сайхан Алтай буюу Сутайн цагаан салхи

Усан Зүйлийн гол мэлмэрч Сутай хайрхан ханайна

Хан их Алтайн арван гурван цаст оргилын нэгэн Сутай хайрхны тэргүүн мөнгөрөн цавцайж харагдана. Говийн Алтайн дүнжгэр хайрхдын ноёлог өндөрлөг, тэнгэрийн цэнхэр мандалд цайвалзах сүүн Богдод золгон Зүйлийнх нь голоос аршаалан хүртэж, зүлгэмэл цагаан салхинд нь адислуулна гэхээс сэтгэл яарнам. Тонхил сумын төвөөс хөдөлсөн бидний цуваа их Сутай руугаа хошуу өлгөлөө. Нам дороос машинаар зүтгүүлэн өгсөх тусам давхар давхар уулсын ноён сэрвээн дээгүүр эрдэнийн гилбэрт цагаан уул дүгэрэглэн манхайна. Яг л хөх пансан торгон дээр томоо гэгчийн эсгий цагаан бүрх титэмлэсэн мэт жавхлантай харагдах нь бий. Өнөө хөх дурдмал торго нь хоёр тал руугаа дээлийн ханцуй шиг нарийн зурвас татуулан үл ялиг намирах нь бүр чиг үзэсгэлэн төгөлдөр. Энгэр бэлээд нь тэмүүлэхэд эрхэмсэг хайрхан тэнгэрийн цээлд ингэж л утга төгс угтаж байгаа юм.

“Энэ жилийн төрийн их тахилгад хайрхан маань нэлмэгэр цагаан манантай, оргил тэргүүнийхээ өмнүүр хөшиг татчихаад бараа дүрээ харуулаагүй. Одоо харин хүүгээ угтаж буй ижий шиг өндөлзөн байх чинь” гэх элгэн халуун яриа чих шүргэнэм.

Хүү нь хэн байх билээ гэх бодол тэрхэн агшинд зурсхийв. Үнэн юм үнэнээрээ сайхаан гэдэг шиг монгол төрийн хасбуу тамгыг атгаж явсан эрхэм буюу Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга өндөр Билэгт ах нүдэнд торойдог байна шүү. Өдгөө далан насны даваан дээр тулж ирсэн тэрээр элгэн саддынхаа хайранд, их Сутайнхаа энгэрт ёстой нэг жаргаж байгаа бололтойдог. Хайрхныхаа салхийг ханатал залгилж, уярам сайхан харцаар усан Зүйлийнхээ голыг тольдон цэнхэр тэрлэгнийхээ хормойг чичрүүлж зогсоно. Өвгөн бүргэд үүрэндээ ирлээ гэдэг шиг өндөр ах минь ууландаа ирсэн нь энэ ээ.

Сутайн тэргүүн овоонд уншлага номоо хөгжөөж, сүүн Богдын шүншиг ерөөлийг хүртчихээд үхэр чулуудын дундуур бандгар олон жийп шил шилээ даран тэнтэр тунтар өгсүүллээ. Лусын бумбат Хүрэн товгорын овооны зүүн дэнжийн цэнхэр асарт Тонхилын зон олон хүндэтгэн угтав. Б.Энх-Амгалан гишүүн “Их хүн гэдэг аргагүй өөр юм. Хоёр аймгийн нутаг дамнаж төрдөг байна” гэж Бээк зөвлөхөө явуулсан нь учиртай. Энэхүү тэлэмгэр хөндий бол Говь-Алтай, Ховдын зааг юм. Үндсэндээ Тонхил, Цэцэг сумдууд Эрээний нуруугаар зааглагдан оршиж байгаа ажгуу. Эрээний нурууг тонгойгоод л алдарт Ард Аюушийн нутаг үргэлжилнэ. Цэцэг нуур цэлэлзэж, жаахан цаашлаад Мянган угалзатын нуруу залгагдана гээд бодохгүй юу.

Монгол төрийн дархан түшээ өндөр Билэгт ах төрсөн бууцнаа

хөөрөг зөрүүлж зогсоо нь

“Сутай хайрхан уул суусан ч боссон ч харагдана, харагдах гэж өндөлзөхгүй харанхуй манан дундаас ч харагдана. Сутайн цагаан салхи дөрвөн сумын нутагт салхилна, Сутайн цагаан үүл дөрвөн сумын нутагт зүмбэртэнэ” гэж Цэцэг нуурын хөвөөнөө төрсөн цэцтэй найрагч Бямбажавын Хүрэлбаатарын шүлэг бий. Уг шүлгийг уншсан шигээ, усан Зүйлийн харгилсан голоос алгаараа савируулан уух сайхан. “Зүсэр цагаан Сутайдаа очъё, Зүйлийн гол мэлмэрч л байгаа даа, Зүүдэн хайлан ээжийдээ золгоё, Зүгийн тэнгэр ширтэнхэн суугаа даа” хэмээн уярмаар дууны аялгуу урсаад л ороод ирнэ. Яруу найрагч Эмүжингийн аав Рэнцэндорж гуайн шүлэг, энүүхэн хажууд ханараад байгаа Алаг хайрхны хүү Баатарын Цэрэндондовын аялгуу, Хан Хэнтийн гавьяат бүсгүйн энэ дууг анх Алтайн дууч Тансармаа олонд хүргэсэн гэдэг. Цэрэндондов гэж өдгөө Эрдэнэт хотод суугаа авьяасын хүүдий түүний олон чиг бүтээл нь энэ л дагшин сайхан уулсын дундаас төржээ. “Сутай зүгийн нутаг минь нартай л дуулдах юм даа, наран тогоруу шувууд нь тийшээ л нисч байгаа даа. Сургийг нь сонсож явахад сэтгэл нялхраад байдаг, сум нутгийн бүсгүй минь тэндээ л суугаа шүү дээ” гэж Гочоогийн Чардагийн шүлэг энэ дууг “Хонгорзул”-ын Энхбат гэж Алтайн дуучин амилуулсныг бид мэднэ.

Өндөр Сутайгаасаа эх аван урсах Зүйлийн голын хөвөөгөөр сарлагийн сүрэг налайгаад намрын сарын тэнгэр дор гэгээн тунгалаг байна. Хуучин цагт энд сарлагийн сүүн заводын тасаг гэж ёстой л нөгөө тос даасан цөцгий шиг нүнжигт газар байжээ. Анжгай Түдэв хэмээх нутгийн олны хүндлэл хүлээсэн аймгийн аварга үхэрчин, дүнэгэр эрийн тухай яриа хөөрө ундарна. Гэргий нь Цэдэв гэж сүү сааль сүү шигээ дэвэрч цалгилсан, түмэн олныг ундаалж цэлмээсэн сайхан хүмүүний дүр бас л сэтгэлд ургана. Сутайгаасаа хөдлөх боллоо. Өндөр Бээк ах минь “Зулай цагаан Алтай”-гаа дуулж, “Дэлгэр зуны улиралд цэцгээ дэвсэж харуулдсан, дэнжийн цагаан гэртээ ээж минь хүүгээ хүлээсэн” гэх бадагт хоолой нь чичирч байна лээ.

Улаан Пүрэв гэх Цоодол багшийн хэлснээр сэтгэлийн хэц нь мэдрэгдсэн эр байна. Тонхилын засаг ноёноор арван хоёр жил сууж, одоо бол байгаль орчны байцаагч сэтэртэй Сутайнхаа салхинд сэмэрч яваа нэгэн. Залуу идэрхэн цагтаа барилдаж, Тонхил, Бугатын наадамд торолгүй түрүүлж аархжээ. Харин сумаа удирдсанаас хойш барилдаж чадалгүй, хий дэмий л төв асрын хойморт тогтож ядан суух болсон гэнэ. “Усан Зүйлийн минь гол мэлмэрсээр л байна уу, улаан Пүрэв ах минь уярсаар л сууна уу” гэх шүлэг сайхан үгс урсана. Сутайд очсон хэн чиг мань эрд хүндэтгэлтэй ханддаг нь нэгийг хэлэх ажгуу. Манай хүн яахав дээ, ирсэн явсан бүхэнтэй хөөрөг зөрүүлэн уярсаар, хөөрсөөр л хоцорч байгаа юм чинь. Гэргий Мөнхцэцэг нь Тонхил нуур шигээ торомгор алаг нүдэн эгч.

Тэрээр ерэн гурван онд “Хүмүүс ээ, надад урам хайрла” хэмээх энхрийлэл элгэмслийн шидэт тарнийн эзэн Тоомойн Очирхүүгийнхээ уран бүтээлийн үдэшлэгт зорин ирж байсан түүхтэй. Тоомой панзын билиг авьяаст хөвгүүн бол Тонхил сумын Алтансоёмбо багийн нутаг Балбархайн хаваржаанд төрсөн найрагч билээ. “Чулууны магтаал” шүлгээрээ наян таван оны “Болор цом”-ыг хүртсэн цалгилсан халуун сэтгэлт түүнийг эл ус нутгийнхан дээдэлнэ гэж жигтэйхэн. Сумын засаг Цэдэнбал дарга Очирхүү найрагчтай эгч дүүсийн хүүхдүүд бөгөөд алдарт “аргамжааных нь чулуу”-г хамтдаа чирч, гулдчиж явснаа дурссан.

“Төрийн наадмыг миний нутгийн хүүхдүүд эхлүүлдэг” гэж тонхилынхон бас бахархана. Өнөө цагийн нэртэй уртын дуучид болох Баасанхүүгийн Батболд, Батмэнд, урлагийн гавьяат зүтгэлтэн Содномын Эрхэмбаяр нар энэ нутгийнх учир тийн ханхалзаж буй хэрэг л дээ. Батмэнд, Батболд хоёрын аав Баасанхүү бааяа гэж нэгдлийн бурхан жолооч явсныг буурал өвгөдөөс сонсч л байлаа. Сумын төвийн урдхан Тонхил нуур цэнхэрлэн дугариглана. Цэдэнбал дарга “Талын зэрэглээ сүүмэлзсэн Тонхил нуурын захад, ус авахаар очиход минь уулзаж сууснаа санаач ээ. Эхний яриа яасан бэ, үүрд намайгаа мартаа юу” гэж дууг тийм нэг хуучны аялгуугаар нугалааг юуг нь зохирууллаа.

Ардын жүжигчин Дэндэвийн Чимэд-Осор гуайн “Зууны манлай бүсгүй” Цогзолмаа гуайд зориулж бичсэн дуу юм гэдэг. Дөчөөд оны дундуур баруун хил Байтагийн заставыг зорьсон Хэнтийн морин бригад Улаанбаатараар дайрч өндөр Алтайд ирэхдээ Тонхил нуурын захад буудалласан байна. Тэр үеэр уг дуу гарсан гэж нутаг зоныхон хуучилсан. Ингээд л дурсаад байвал домогт Сутай, Тонхилын тухай барагдана гэж үгүй дээ. “Шөнийн саран шингэх зүгт сэрүүн сайхан Алтай минь бий” гэж дуулсан Шоовойн Шажинбат, хагас зуун жил хөдөөдөө сууж хүн зоныхоо төлөө зүтгэж ирсэн ардын эмч Павдайн Шижээ гээд олон хүний тухай хөрөглөн туурвиж болох юм.

Их Алтайгаа нар зөв халиаж яваа бидний цуваа Ихэс нуурын баруун урдуур туушиндаад алдарт Дарвийн цэнхэр нурууг бараалан зогслоо. Нуурын мэлмэрсэн хөвөө рүү хэдэн хонь ямаа зүглүүлээд орхисон залуу тэрүүхэн хажууд байх гэрээдээ год год шогшиж харагдана. Говь-Алтайн Дарви бол Санжийн Пүрэв баавайн маань өлгий билээ. Мөн их утга зохиолын үймээнт эр, билиг танхай Сономын Лочингийн нутаг юм. Утга зохиолын сургуулийн оюутан ахуй цагтаа Пүрэв баавайн “Гурван говийн зэрэглээ” туужийн бүтээлийг уншчихаад “Ийм сайхан хүнтэй нэгэн он цагт амьдарч буйдаа бахархнам” гэж өдрийн тэмдэглэлдээ бичиж байсан жулдрай ямар чиг л байсан Дарвийн цэнхэр нуруунд ирлээ. Эвлэлийн төв хороонд алдарт Лодонгийн Түдэвийн цэрэг байхаасаа л нутаг гүймтгий болж, улаан загалмайн нэрээр хөглөгөр Алтайнхныхаа хөлийг дулаалцуулж ирсэн их Довж ахыгаа уруу татлаа. Цуваанаас түрхэн хоцорч, Дарвийн нуруунд сэржим өргөе гэлээ. Равдан зангийн хүү үүнийг л хүлээж байсан мэт ихэд баясалтай байна. Алтан аягаа аваад, өнөө том сүрдмээр хөөргөө бариад буугаад ирлээ. Алтайнхан аяны замд зогсох бүрийд хөөрөглөж, мэнд усаа мэддэг хүмүүс ажгуу. Жижиг цагаан тэрэг урдуур хөндлөн шунгаснаа зогтусан эргээд хүрээд ирэх нь тэр. Самдандовж даргыгаа таньсан нь мэдээж. Дарви сумын хурлын дарга тэргүүтэй нөхөд байна.

Оройн нар өндөр Сутайн цаахнуур шингэн алдаж, Ихэс нуурын хоймор ханайх Завилаа Богдын тэргүүнд тунарсан шаргал гэгээ алтрах цаг дор Дарвийн нуруунд залбирсан бүлгээ. Энэ л ханарсан их нурууныхаа дундаас гүдэнтэн тодорч, алсаас ажихуйд өлийж суугаад ульж буй чонын дүрстэй ч гэж хэлж болохоор нарийн шовх Хараат хайрхны энгэр бэл, Их гашууны өвөлжөөнд Пүрэв баавай мэндэлжээ. “Өглөөний сэрүүнд газар хороохоор их говиос үүр цүүрээр хөдөлсөн нүүдэл өдөр дунд уулын хормой түшив. Нүүдлийн түрүүнд зам даган цуварсан хэсэг үхэр явдалд залхан, эврээ сэжлэн хүзүү шөргөөж, говь гатлан уул давж үзээгүй тугалууд нь эхийн сүүдэрт нойтон хамраа шургуулан шөрөн шөрөн алхална. Түүний араас энэ хоёр айлын хоньд нарийн хүрэн тоос будруулан тааваараа урагшилна...” гэж “Азын цэнхэр уул” өгүүллэг эхэлдэг сэн. Тэрхүү азын цэнхэр уулыг хараачлан зогсном. Монхоны Ганбаатар хэмээх бас л над шиг Пүрэв баавайгаа жигтэйхэн хайрласан, хүрээд ирэхэд нь Дарвийнх нь нуруу руу дагуулаад “нисчихдэг” эртэй хуучилж зогстол хажуугаас “Энэхүү мөнгөн аяга чинь Алтайн суран хар гэж алдаршсан Амартүвшин зааны маань аяга шүү дээ” гэж Сосорын Цогт дарга хэлж байна. Нээрээ л Дарвиас тодорсон сайхан бөх Чогдовын Амартүвшин заан байсан. Ерээд оны эхээр зааныхаа наадмыг тэмдэглэжээ. Түүний хариу болгож, үндсэндээ сэтгэлийн мялаалга болгон “суран хар” нь тэрхүү аягыг нутгийнхандаа өгснөөр үе үеийн хурлын дарга нарын машинд явдаг дугарааны хундага болжээ.

Дарвийн нурууг шөнө оройд давж, цаашлаад Баян-Уул сум орж хоноглолоо. Бас л утга зохиолын хайрлам авьяастан, Д.Нацагдоржийн шагналт яруу найрагч Ламжавын Мягмарсүрэн буюу шар Мягаа ахын минь нутаг билээ. Домогт Хүйсийн говийн хаяа дэрлэн бууж, оддыг нь хүлхэж байгаа минь энэ. “Хөөрхий дөө миний муу аав Хүйсийн говьдоо л усчин байсан юм” гэж Дагвын Цахилгаан гуай хэлдэгсэн. Маргааш өглөөний мандах нарнаар Баян хайрхны тэргүүн дээр гарна. Тэндээс л Хүйсийн говь тунарч, алдарт Их Монгол элсний сэжүүр шаргалтаж үзэгдэнэ дээ. Залгуулаад Эрээн нуур, Хасагт хайрхан, Хантайширын нуруу, Дэлгэрийн тал хүлээж байгаа бүлгээ.

Н.Гантулга

Үргэлжлэл бий

Онцлох нийтлэлүүд