Монголд өдрийн сонин л үнэнийг хэлж чаддаг
Нийгэм
2016.11.30 03:11

Татварын алба, МХГ, Гаалийнхан авлигад хамгийн их өртдөг гэж дүгнэжээ

Монгол Улс дахь авлигын ерөнхий дүр зургийг харуулах судалгааг Азийн сан, Сант Марал сантай хамтран хийснээ танилцууллаа. "Бизнес эрхлэлтийн орчин дахь авлигын нөхцөл байдал" судалгаагаар Төрийн байгууллагуудаас хамгийн их авлигад автсан нь Татварын алба, Мэргэжлийн Хяналтын газар, Гаалийнхан хэмээн гарчээ.

Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд дээрх судалгаанд хамрагдсан байна.

Долоо дахь жилдээ зохион байгуулж буй эл судалгаа нь бизнесийн орчин дахь авлигын нөхцөл байдал ямар байгааг харуулахаас гадна хувийн хэвшил болон төр хоорондын харилцаа, мэдээлэл, шинэчлэл хийх шаардлагатай салбаруудыг ил болгохыг зорьдог

Сант Марал сангийн зөвлөх Сумати Мина ярихдаа,

“Энэ оны судалгаа нь 2016 оны УИХ-ын сонгууль, эдийн засгийн хүндрэл, төгрөгийн ханшийн сааралтаас үүдэн Монголын Засгийн газар эдийн засгаа сайжруулах, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэхэд анхаарч буй үед хийснээрээ онцлогтой. Бидний хийсэн судалгаа төр засгийн бодлого тодорхойлогчид, төрийн албан хаагчид болон бизнес эрхлэгчдийн бизнесийн орчин дахь сайн засаглалын арга туршлагын тухай мэдлэгийг нэмэгдүүлэх, цаашид хандлагыг өөрчлөх, авлигаас урьдчилан сэргийлэх үүднээс мэдээллийг түгээж байна. "Бизнес эрхлэлтийн орчин дахь авлигын нөхцөл байдал" судалгаанаас гадна Азийн сангаас үндэсний хэмжээнд Авлигын талаарх олон нийтийн ойлголт мэдлэг тогтоох судалгаа явуулдаг. Монгол Улсын хувьд эдийн засгийн үзүүлэлтүүд 2016 онд буурсан хэвээр байна. Бизнесийн ерөнхий орчны үнэлгээ 2014 онд -0.73 хувиас буурсаар 2015 онд -0.91, 2016 онд -1.0 болсон. Хөрөнгө оруулалтын нөхцөл байдал муудсаар байна. 2012 онд компаниудын 11.8 хувь нь нөхцөл байдал муудаж байна гэж мэдээлсэн бол 2016 онд энэ үзүүлэлт 56.7 хувьд хүрлээ. Бизнесийн орчинд өөдрөг хүлээлт харагдахгүй байна. 2012 оны 12 дугаар сард судалгаанд оролцогсдын 57 хувь нь хөрөнгө оруулалтын нөхцөл байдал сайжирна гэсэн хүлээлттэй байсан бол 2016 оны 9 дүгээр сард 26.4 хувь нь өөдрөг харагдахгүй байна хэмээн хариулсан” хэмээн онцлов.

Эдийн засгийн үзүүлэлтүүд буурснаар авлигын ойлголт, төсөөлөлд өөрчлөлт гарч байгааг судалгааны багийнхан тодотгосон юм.

Судалгаанд оролцогсдын бараг тал хувь нь төрийн салбар дахь авлига “маш их” гэж хариулжээ. Мөн оролцогчдын 10 гаруй хувь нь хувийн салбарт авлига “маш их” гэж дүгнэсэн байна. Харин судалгаанд хамрагсдын тал нь буюу 43.6 хувь нь төрийн салбар дахь авлига бизнест шууд нөлөөлдөг гэж дүгнэжээ. Тодруулбал оролцогсдын 62 хувь нь төрийн үйлчилгээг авлигад хамгийн их өртөмтгий гэж үзсээр хэвээр байгаа аж. Төрийн үйлчилгээний дараа 48.8 хувь нь уул уурхай, 41.2 хувь нь барилгын салбарынхан оржээ

Түүнчлэн оролцогсдын 10 хүрэхгүй хувь нь Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагааг эерэгээр үнэлсэн бол талаас илүү хувь нь сөрөг үнэлгээ өгсөн байна. Бизнесийн салбарынхны хувьд бичиг баримтаа хурдан гаргах, зөвшөөрлөө бүтээлгэх зорилгоор төрийн байгууллагынханд авлига өгдөг байна. Судалгаагаар бизнесийн салбарын авлигатай тэмцэхэд одоогийн байгаа хууль эрхзүйн орчин огт үр дүнгүй гэж үзжээ.

Онцлох нийтлэлүүд