Монголд өдрийн сонин л үнэнийг хэлж чаддаг
Нийгэм
2016.10.18 02:10

Төвбанкинд ипотекийн зээл олгох санхүүгийн эх үүсвэр бий юу

Монголбанкнаас арилжааны банкуудад хийсэн шалгалтаар ипотекийн зээлийн эх үүсвэрийг өөр зориулалтаар зарцуулсан болох нь тогтоогдсон. Энэ дагуу шалгалтын дүнг нэгтгэж, асуудлыг цэгцэлтэл түр хугацаанд ипотекийн зээлийн санхүүжилтийг зогсоож буйгаа Монголбанкнаас өнгөрсөн сарын эхээр мэдэгдсэн билээ. Гэвч Монголбанкнаас арилжааны банкуудад хийгдсэн шалгалтын асуудал ерөнхийдөө цэгцэрсэн гэсэн мэдээлэл өгч байгаа ч ипотекийн зээлийг олгож эхлээгүй хэвээр байгаа аж.

Ипотекийн зээл бол иргэдийн ч, банкны ч хувьд амин чухал асуудал. Үүгээр улс төрийн нам, хүчин тоглолт хийх нь дэндүү эрсдэлтэй юм. Ипотекийн зээлийн 20 хувиас найман хувийг иргэн, 12 хувийг арилжааны банкуудтай Засгийн газрын байгуулсан гэрээний дагуу төлөхөөр улсын төсөвт тусгадаг. Иргэдийн төлж буй найман хувийг эрсдэлд орсон тохиолдолд арилжааны банкууд тухайн орон сууцыг өөрийн мэдэлд шилжүүлдэг аж.

Монголбанкнаас ипотекийн зээлийн асуудлаар УИХ-ын өнгөрөгч есдүгээр сарын 7-ны өдрийн 40 дүгээр тогтоолоор “Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” өмнө УИХ-ын тогтоолыг хүчингүй болгосон.

Энэ хүрээнд ипотекийн зээлийн шаардах эрхийн өмчлөл болон санхүүжүүлэх асуудлууд Монголбанкинд шилжээд байгаа юм. Энэ дагуу Монголбанк, засгийн газар хоорондын гэрээ болон арилжааны банкууд дахь холбогдох гэрээнд өөрчлөлт орох ажлыг эхлүүлээд байгаа гэсэн тайлбар өгсөн. Тодруулбал, энэ шинэчлэлийн ажил дуустал ипотекийн зээлийг олгох боломжгүй гэдгээ Төвбанк онцолж байна.

Харин Сангийн сайд Б.Чойжилсүрэн он дуустал ипотекийн зээлийн эх үүсвэрийн санхүүжилтийг Монголбанк хариуцах боломжтой. Ирэх оноос зээлийн өөр эх үүсвэрээр санхүүжлүүлэх асуудал яригдаж буй гэж мэдэгдсэн. Албаны эх сурвалжууд Монголбанк ипотекийн зээлийг олгох санхүүгийн эх үүсвэргүй болсон гэж тодотгож байна. Засгийн газар, Монголбанк дотооддоо шинэчлэлийн ажлууд явагдаж байх хооронд гаднаас зээл авах асуудал шийдэгдэнэ гэсэн хүлээлттэй байгаа гэх мэдээлэл байна.

Онцлох нийтлэлүүд