Монголд өдрийн сонин л үнэнийг хэлж чаддаг
Өдрийн сонины дугаарт
2016.10.19 10:10

Хятад гүрнээс айж сэжиглэх биш хөгжил дэвшлийг нь ашиглах хэрэгтэй байна

Сүүлийн үед манай улстөрчид болоод улс төрийн өндөр дээд албан тушаалтнуудаас нэг сонин үзэгдэл илт анзаарагдах боллоо. Тэр нь товчхондоо Хятадыг муу улс, хятад хүнийг муу хүн гэх ойлголтыг нийгэмд төрүүлж, тэртэй тэргүй хужаа гэхээр бөөлжис нь цутгадаг ард түмнээ улам л урд хөршөөсөө холдуулаад байх шиг. Тухайлбал, монгол хүн давхар иргэншилтэй байхыг хуулиар зөвшөөрч байгаа. Гэвч хятад улс энэхүү хуульд хамаарахгүй. Аялал жуулчлалыг хөгжүүлж, өмнөх жилүүдээсээ илүү олон жуулчин хүлээж авахаар ажиллаж байна. Харин хятад хүн байж болохгүй. Гадны ажиллах хүчин болоод гадаадын томоохон хөрөнгө оруулалт Монголд орж ирэхэд бүх зүйл нээлттэй. Гагцхүү хятад хүн, тухайн улсынх байж болохгүй юм гэнэ.

Ингэж эдийн засгийн хөгжлөөрөө дэлхийд манлайлж буй Хятад гүрнээс бид айн сэжиглэж, зэнзийрхэн цэрвэх боллоо. Бүр сүүлдээ төвийг сахих үзлийг дэлхий нийтэд сурталчилдаг Монгол Улсын Ерөнхийлөгч маань хүртэл Хятадын банк манай улсад үйл ажиллагаа явуулах боломжгүй гэж хэлж байх юм даа. Улс төрийн өндөр албан тушаалтнуудын барьж буй бодлого, хийж буй үйлдэл арай л эрүүл биш харагдаад байна. Өнөөдөр дэлхийн хүн төрөлхтний дийлэнх нь анхаарлаа Хятадын зүг хандуулж эдийн засгийн огцом өсөлт, үйлдвэрлэл, бүтээн байгуулалт, улс төрийнх нь хатуу бодлогыг сайтар ажиглах болсон.

Азийн хөгжлийн банкны өнгөрөгч онд гаргасан судалгаагаар Хятадын эдийн засгийн өсөлт 7.2 хувьтай гарсан. Мөн сүүлийн таван жилд Ази тивийн хөгжиж буй эдийн засгийн бүс дэлхийн өсөлтөд 60 хувийн нөлөө үзүүлснийг онцлоод Хятад улс 32 хувийг нь эзэлж байна гэдгийг мэдэгдсэн юм. Энэ нь Америк, Япон болон Европын бүстэй харьцуулбал өндөр үзүүлэлт гэж тодотгосон байдаг. Хятад бол эдийн засгийн өсөлтөөрөө дэлхий нийтэд ингэж нөлөөллөө тогтоож буй улс гүрэн билээ.

Тиймээс аливаа асуудалд эрүүл саруул ухаанаар хандаж өнөө Хятад л бол муу, муухай гэх ойлголтыг арай учиртай болгон, сэжиглэж холдохын оронд сайн хөршийн найрсаг харилцаагаа улам батжуулахыг чухалчилсан нь дээргүй юу. Зүгээр л харанхуй нулимж байхын оронд туулж ирсэн замнал, амьдралын хэв маяг, ажлын хариуцлага, хөгжил дэвшлийн өнөөгийн өндөрлөгт хүрсэн бодит үнэ цэнэ, түүхийг нь ойлгож, эргэцүүлж, ухаарч болдоггүй хэрэг үү. Хүн төрөлхтөн дэлхий нийтээрээ даяарчлагдаж буй энэ үед хөрш гүрнээсээ нүүр буруулж, бараг л нэг нүдээрээ ч үзэж чадахгүй байна гэдэг энэхүү эрин зуунд үнэндээ хоцрогдсон үзэл болоод байна. Гэхдээ уг асуудал бас цаанаа эргэлзээ төрүүлдэг. Учир нь бид Хүннүгийн үеийн сэтгэлгээтэй ийм хоцрогдсон улс уу, аль эсвэл Хятадын эдийн засгийн хөгжлийн нууц, техник технологийн дэвшлийг нь монголчуудад үзүүлж болохгүй, огтоос мэдрүүлж, ашиглуулж болохгүй гэсэн далдын бодлого үйлчлээд байдаг юм уу. Дэлхийн зууны чиг хандлагыг тодорхойлж байгаа их гүрний бодлогыг монголчууд мэдчих юм бол гай тарина, тэд зүгээр л уулын мухар сахисан хэвээрээ, Хятадыг үзэн ядсан сэтгэлгээгээр байж байг гэх санаархал хаа нэгтээ нуугдаад байх шиг. Миний бие тэгж хардаж байна.

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй дэлхийн тэрбумтан Дональд Трамп саяхан нэг айхтар ултай үг хэлсэн байна лээ. Тэрээр “Мексик улс Америкийн хажууд байсаар байгаад огт хөгжихөө больсон. Яг түүн шиг Монгол Улс Хятадын дэргэд байгаад хөгжил буурай орон болж байна. Иймээс Монголыг Азийн Мексик хэмээн хэлж болно” гэх утгатай үг шоун дээрээ хэлсэн. Түүнээс улбаалаад “Монголыг Хятадын нэг хэсэг гэж Трамп мэдэгдлээ” гээд манай эх орончид баахан сүржигнэсэн. Гэвч ачир дээрээ дэлхийн нэртэй улстөрч, эдийн засагч, стратеги судлаач, бизнесмэнүүдэд Монгол орон ийм ойлголтыг төрүүлдэг байх нь.

Үнэндээ бол Хятадаас өөр улсын бизнесмэнүүд Монголд үлэмж хэмжээний хөрөнгө оруулалт хийж, манай эдийн засгийг тэлнэ гэдэг юу л бол доо. “Монголчууд бид хужаагийн эрлийз болж гүйцнэ”, “Их гүрний бодлого нэг л өдөр Монголыг уусгаад байхгүй болгоно”, “Монгол Улс Хятадын харьяат болно” гэх энэхүү ойлголт монголчуудаас өөрсдөөс нь л хамаарна.

Бид өөрсдөө л шуналаа дарж чадалгүй цусалж байж аманд нь орчихгүй бол тэгж айж болгоомжлохын хэрэг байхгүй. Хөрш орноосоо тусламж авах, найрсаг харилцаатай байх, улс төрийн соёлтой байх зэрэг нь дэлхийн аль ч улс оронд байдаг зүйл. Олон улсын томоохон сүлжээ бүхий Хятадын компаниуд Монгол Улсад үйл ажиллагаа явуулахад манай эдийн засаг л эргэлтэд орохоос өөрөөр муу нөлөө гарахгүй. Бид Хятадын мэдэлд орчихгүй. Хүн төрөлхтний явж ирсэн түүхэн зам мөр, дэлхий нийтийн бизнесийн алтан зарчмаар энэ бүхэн зохицуулагдана. Дахин сануулахад, монголчууд бид л шуналаа дарж чадах эрх зүйн чадамжтай байж сурах хэрэгтэй.

Хятадын банк орж ирэхийг дээрээсээ аваад л хүн бүхэн дэмжихгүй, толгой сэгсэрсэн байдалтай байх шиг байна. Тэгвэл дэлхийн улс орнуудад нэгэнт хүлээн зөвшөөрөгдсөн “Bank of China” Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулах цаг нь болсон. Хятад улсдаа эхний дөрөвт эрэмбэлэгддэг тус банк нь хоёр мянгаад оны эхээр Хонгконгийн хөрөнгийн бирж дээр IPO хийж найман тэрбум евротой тэнцэх хөрөнгө босгон шуугиан тарьж байсан удаатай. Алдарт “Форбес” сэтгүүлээс гаргадаг томоохон компаниудын жагсаалтад 2013 онд арваннэгдүгээрт бичигдэж байв. “Bank of China” өнгөрсөн нэгдүгээр улиралд нийт 45.4 тэрбум юань буюу 7.3 тэрбум ам.доллартай тэнцэх цэвэр ашиг олсон нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 14 хувиар өссөн гэдгийг эдийн засагчид онцолсон. Олон улсын банк санхүүгийн системд ийм өндөр үзүүлэлттэй, маш амжилттай ажиллаж буй банк Монголд үйл ажиллагаа явуулах нь зөв гэж үзэж буй минь үүнтэй холбоотой. Хятадын гол банк Монголд орж ирнэ гэдэг Азийн эдийн засгийн гол судас Монголоор дамжиж урсана гэсэн үг.

Анзаараад байх нь ээ, Хятадын тал айхтар аядуу бодлого явуулах юм. Ухаандаа, Хятад орныхоо тухай цуврал кино телевизүүдээр гаргаж байна. Мөн “Улаанбаатарын үдэш” зэрэг Монголын олон дуу Хятадад хит болж ч байх шиг. Бид Хятадын эрлийз болчихно гэж зүхэхийн оронд энэ бүгдээсээ мөнгө олдог байвал хамаагүй дээр. Наад зах нь Монголын телевизүүд киног нь мөнгөтэй гаргаж, улс хоорондын төсөл боловсруулах хэрэгтэй. Мөн уран бүтээлчид маань хамтлаг дуучдаас нь төлбөр аваад хит болж буй бүтээл бүхэн асар их мөнгөний эргэлтийг бий болгодог системийг бүрдүүлээд эхэлбэл гараад өглөө гэсэн үг. Ингэж соёл урлагаар дамжуулж өөрсдийгөө сурталчлах дээрээс нь бизнесийн маш том том боломж, үүр уурхай бэлээхэн хүлээж байна.

Мөн Монголын залуучууд хятад хэлийг төгс эзэмших ёстой. Тэгж байж тэр агуу ертөнцөд нэвтрэх бүрэн эрхтэй болно. Гэвч “хужаа хэрэггүй” гэх ойлголт шинэ цагийн залуучуудад хүчтэй нөлөөлж, тэд бас сэжиглээд хэл усыг нь сурахгүй байгаа нь харамсалтай. Дэлхийн соёлт орнууд хятад хэлийг сурч, амьдралынх нь философийг мөрдлөг болгон ажиллаж байхад монголчууд эсрэгээрээ Хятадыг үзэн ядаж, хятад хэл үзэж байгаа нэгийг элдэв дээдээр доромжлох болсон. Гудманд алхаж яваад “наад нөхөр чинь хужаа ш дээ” гээд хэлчих юм бол эх оронч имижтэй бүдүүлэг нөхөд шууд ална гэж улайран дайрах болсон Монголын нийгмийн энэ солиорол улс орны ирээдүй хийгээд хөгжил дэвшилд үнэхээр халтай байна. Намайг Хятадыг өмөөрч бичлээ гээд баахан зүхнэ л дээ. “Хятадын шээс минь” гээд л эхэлнэ байх. Ингэж их тэнэглэснийхээ горыг амсаж, Монгол Улс цаг хугацааны дараа хэн ч тоож харахын эцэсгүй хөгжил буурай орон болж, монголчууд бид хүн төрөлхтнөөс гээгдэж уулын мухар сахисан малчдынхаа хувь заяаг давтах вий гэхээс санаа зовних юм. Тэгэхгүйн тулд ядах нь ээ, Хятад гүрнээс айж сэжиглэх биш хөгжил дэвшлийг нь ашиглах хэрэгтэй байна.

Н.ГАНТУЛГА

Онцлох нийтлэлүүд