Монголд өдрийн сонин л үнэнийг хэлж чаддаг
Гадаад
2016.12.02 01:12

Эмэгтэйчүүдээс бүрдсэн хамгийн том экспедиц Антарктидыг зорино

БУЭНОС-АЙРЕС./PrensaLatina/. Дан эмэгтэйчүүдээс бүрдсэн хамгийн өргөн бүрэлдэхүүнтэй судалгаа шинжилгээний багийнхан Антарктидыг өнөөдөр зорих гэж байна.

Энэ экспедицийг дэлхийн хуурай газрын хамгийн захын цэг болох Аргентины нэгэн хүйтэн, салхитай боомт хотын нэрээр “Ушуая” гэж нэрлэжээ.

Энэ хотоос эмэгтэйчүүдийн экспедиц Антарктидыг зорих аж. Шинжлэх ухааны салбарын 70 гаруй эмэгтэй тэнд 20 хоногийн хугацаанд судалгаа хийх юм.

Шинжлэх ухааны чухал салбаруудад ажиллаж буй эмэгтэйчүүдийн тоог нэмэгдүүлэх зорилго бүхий Австралийн “Homeward Bound” санаачилгын хүрээнд эдгээр эмэгтэйчүүдийг өмнөд туйл руу явуулж байгаа ажээ.

Анкет бөглөсөн 1000 гаруй эмэгтэйчүүдээс сонгогдсон тэдэнд уур амьсгалын өөрчлөлт Антарктидад хэрхэн нөлөөлж байгааг судлах боломжийг олгож байгаа юм.

Дараагийн буюу 2018 оны экспедицийн бүрэлдэхүүнд багтахыг хүссэн хүмүүсийг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс бүртгэж эхэлнэ.

Онцлох нийтлэлүүд