Монголд өдрийн сонин л үнэнийг хэлж чаддаг
Нийгэм
2016.12.02 01:12

Үндэсний семинарт 650 гаруй төлөөлөгч оролцоно

Монгол Улсын Шадар сайдын санаачлагаар “Мэдлэгээ түгээцгээе: газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлийг бууруулахад олон нийтийн оролцоо ба хариуцлага” сэдэвт үндэсний семинар ирэх долоо хоногт буюу арванхоёрдугаар сарын 6-нд Төрийн ордонд болох гэж байна.

Тус семинарыг Шадар сайдын ажлын алба, Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөл хамтран зохион байгуулж байгаа юм.

Дэлхийн хүн амын 60 хувь амьдардаг Ази тив нь газар, хөдлөлт, цунами, далайн шуурга, үер, зуд, ганд өртөх эрсдэлтэй бүс нутаг юм. Монгол орны хувьд ч газар хөдлөлтийн давтамж жил бүр өссөн үзүүлэлттэй байгаа ба жилд дунджаар 30 мянга орчим газар хөдлөлт бүртгэгдсэнээс 60 орчим нь 3.5 магнитуд болон түүнээс дээш хүчтэй газар хөдлөлт болж байна. Нийслэл Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт 2006 онд 318 удаагийн газар хөдлөлт бүртгэгдэж байсан бол 2016 оны 10 дугаар сарын байдлаар 1260 болж өссөн байна.

Ялангуяа нийслэл хотод хүн амын төвлөрөл ихсэж, барилгажилтын нягтрал нэмэгдэж, ихэнх барилга, хуучирсан, шинэ барилгууд нь норм стандартыг хангахгүй байгаа зэрэг нь эрсдэлийг улам нэмэгдүүлж, газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах, иргэдийн мэдлэг, ойлголтыг дээшлүүлэхэд онцгой анхаарах шаардлага бий болж буй юм.

Тийм ч учраас Монгол Улсын Ерөнхийлөгчийн өгсөн үүрэг, чиглэлийн дагуу Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 95 дугаар тогтоолоор “Газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах үйл ажиллагааг улсын хэмжээнд уялдуулан зохицуулж, нэгдсэн удирдлагаар хангах, эрх, үүрэг бүхий байнгын ажиллагаатай, орон тооны бус зөвлөлийг байгуулсан.

Энэ хүрээнд тус байнгын ажиллагаатай зөвлөлийг тэргүүлэн ажилладаг Монгол Улсын Шадар сайдын санаачлагаар “Мэдлэгээ түгээцгээе: газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлийг бууруулахад олон нийтийн оролцоо ба хариуцлага” сэдэвт үндэсний семинарыг анх удаа зохион байгуулж байгаа юм.

Монгол орны газар хөдлөлтийн нөхцөл байдал, эрсдэлийг бууруулах менежмент, олон нийтийн оролцоо, цэцэрлэг, сургууль, эмнэлэг, томоохон үйлчилгээний газрын аюулгүй байдлын талаар хэлэлцэх тус семинарт Улаанбаатар хотын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, их, дээд сургууль, эмнэлэг, томоохон үйлчилгээний байгууллагуудын удирдах албан тушаалтан зэрэг 650 гаруй төлөөлөгч оролцоно.

Онцлох нийтлэлүүд