Монголд өдрийн сонин л үнэнийг хэлж чаддаг
Нийгэм
2016.12.02 07:12

Өглөө босоод цардууллаг, хөнгөн хоол идээрэй

“Өглөөний цайг өөрөө, өдрийн хоолыг найзтайгаа хуваа, харин оройн хоолыг дайсандаа өг” хэмээх нэгэн үг бий. Энэ бол өглөөний хоолны ач холбогдлыг тодорхойлж байгаа бодит үнэлгээ гэж үзэх үндэстэй. Өглөөний хоол их ач холбогдолтой. Та өчигдөр орой 19-21 цагийн хооронд хооллосон байгаа. Өглөө босоод 07:00-09:00 цагийн хооронд өглөөний цайгаа уухаар бол та 12 цагийн турш өлсгөлөн байжээ.

Өглөөний хоол иддэг хүмүүс идээгүй хүмүүсийг бодвол бага үдэд илүү сэргэлэн цовоо байдаг. Анхаарал нь илүү төвлөрч сэтгэх нь хурдан, хичээл, ажилдаа идэвхтэй байна. Өглөөний хоолоо идээгүйн муу тал нь өдөртөө их ядрамтгай байдаг. Өглөөний хоол хоногийн хоопны 1/4 юмуу 1/3-тэй тэнцүү байвал зохимжтой.

Өглөөний хоолонд нүүрс ус ихтэй хоол хэрэглэхэд цусан дахь глюкозын хэмжээ нэмэгдэж хүрээлэн буй орчны таагүй нөлөөнд бие махбодын эсэргүүцэх чадварыг сайжруулдаг. Тэр өдрөө эрч хүчтэй байх, тэр өдөртөө тэжээлээр хангалттай байхын эхлэл болно. Биеийн хүчний идэвхийг сэргээж, осол аваарт өртөх нь бага байдаг. Асуудлыг шийдвэрлэх чадварыг нэмэгдүүлдэг.

Цардууллаг будааны агшаамал, төмс, талх зэргийг бага цардуултай жимс, ногооны зууш, салаттай идвэл бага цардуултай жимс, ногооны амин дэм, ферментүүд цардуулын боловсролтыг сайжруулж өгнө. Бид өглөө бүр талх идэж сурсан улс болохоор эрүүл мэндээ бодож хөх тарианы хар гурилын талх, бүтэн үрийн гурилын талх, хивэгтэй талх, бусад бүдүүн ширхэгтэй гурилын талхан дээр маш нимгэн жинхэнэ монгол цөцгийн тос /маргарин биш/ түрхээд чихэргүй идэж байхыг хичээгээрэй. Цагаан талх, цагаан гурилаар хийсэн чихэргүй бин 7 хоногийн 3-4 өдөрт идээд чихэртэй элдэв боов, жигнэмэгийг өдөр бүрийн идэх зүйл болгож хэрэггүй. 7-10 хоногт 1 удаа идэж бай.

Үдээс өмнө биеийн хүчний ажил хийх, биеийн тамирын хичээлд орох бол уураг бүхий бага зэрэг мах, загас, сүүн бүтээгдэхүүн, үр тарианы бүтээгдэхүүнтэй хоол, сууж ажилладаг ажил хийдэг бол илүү амин дэм, эрдэс бүхий жимс, ногоо, сүүн бүтээгдэхүүн, үр тарианы бүтээгдэхүүнтэй хоол иднэ.

Сайн зажилж удаан идэхээ мартуузай. Зөвхөн хоол боловсруулах эрхтнийг хэвийн байлгах тухай асуудал биш бүх бие махбодод үүсэх хорноос сэргийлэхийн тулд л бид хоолоо сайн боловсруулан шингээхэд анхаарлаа хандуулах ёстой гэдгийг мартаж болохгүй.

Онцлох нийтлэлүүд