Улс төр
2015.04.14 05:04

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн төслийг өргөн барилаа

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөрийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр өнөөдөр өргөн барилаа.

Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт авлига, хүнд сурталтай хийх тэмцэлд эрс шинэчлэл гаргах асуудлыг зорилго болгосон. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Монгол Улсын мянганы хөгжлийн зорилтод суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлого зэрэг баримт бичгүүдэд авлигатай тэмцэх чиглэлийн арга хэмжээ тусгагдсан боловч тэдгээрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх арга зам, үйл ажиллагааг тодорхойлж хэрэгжилтийг хангах механизмыг бүрдүүлэх, дэмжлэг үзүүлэх бодит хэрэгцээ, шаардлага байгааг харгалзан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөрийн төслийг санаачлан боловсруулжээ.

Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөрийн төсөл нь 8 бүлэгтэй, үндсэн 12 чиглэлтэй байхаар тусгасан болохыг УИХ-ын даргад танилцуулав.

Мөн тэрээр, тус төслийг боловсруулахдаа 50 гаруй улсын Авлигын эсрэг хууль, 48 улсын Авлигын эсрэг стратеги, хөтөлбөрийг судалсаны зэрэгцээ, хөтөлбөрийн төслийг улс орон даяар хэлэлцүүлэн иргэд, олон нийт, мэргэжлийн байгууллагын саналыг тусгасан гэлээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Онцлох нийтлэлүүд