Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Гадаадад буй монголчууд “Эрдэнэс Тавантолгой”-н ногдол ашиг хүртэнэ Дөрөвдүгээр эмнэлэг өнөөдрөөс ажиллаж эхэллээ Австралид ажиллах хүчний хомсдол үүсчээ Казахстанд үймээний үеэр зэвсэг тарааж байсан этгээдүүдийг баривчилжээ УБТЗ-ын албаны даргыг хахууль авсан хэргээр саатуулжээ Маргаашийн бөхийн барилдаан цуцлагджээ Цэцгийн сав руу бие зассан эрэгтэйд хариуцлага тооцжээ “СҮҮ“ ХК баглаа боодлын хомсдолд оржээ Тэрүнофүжи, Митакэүми, Аби нар адил 10 даваатай боллоо УЕП: Хүүхдийн эрхийг зөрчих зөрчил 21.8 хувиар өсчээ Гадаадад буй монголчууд “Эрдэнэс Тавантолгой”-н ногдол ашиг хүртэнэ Дөрөвдүгээр эмнэлэг өнөөдрөөс ажиллаж эхэллээ Австралид ажиллах хүчний хомсдол үүсчээ Казахстанд үймээний үеэр зэвсэг тарааж байсан этгээдүүдийг баривчилжээ УБТЗ-ын албаны даргыг хахууль авсан хэргээр саатуулжээ Маргаашийн бөхийн барилдаан цуцлагджээ Цэцгийн сав руу бие зассан эрэгтэйд хариуцлага тооцжээ “СҮҮ“ ХК баглаа боодлын хомсдолд оржээ Тэрүнофүжи, Митакэүми, Аби нар адил 10 даваатай боллоо УЕП: Хүүхдийн эрхийг зөрчих зөрчил 21.8 хувиар өсчээ
Цаг үе
2015.12.22 07:12

Автоматжуулсан тооллогоос татгалзвал ухралт

-Хар хайрцаг гэж хардаж байснаас ажлаа сайн хийвэл болох бус уу-

Сүүлийн үед монголчуудын ганц яриа нь сонгуулийн хар хайрцагны тухай сэдэв болов. Яг тэр хар хайрцаг яадаг учраас, яачихсан учраас ингэж ярианы бай болоод байгаа нь сонин.

Уг нь энэ хар хайрцгийг хэн нэгэн нөхөр авчирч, хүчээр бидний саналыг авчихсан юм байхгүй. Хууль тогтоох байгууллагаас шийдвэр гаргаснаар сонгуулийг энэ “хэргийн эзэн”-ээр явуулахаар болсон юм. Тухайлбал, 2011 оны арваннэгдүгээр сарын 10-ны өдөр УИХ-аас Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийг баталсан байдаг. Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийн зорилт нь Монгол Улсын Их хурлын сонгууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль, аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын сонгууль болон ард нийтийн санал асуулга (цаашид “сонгууль” гэх)-ыг зохион байгуулан сонгуулийн дүнг гаргах ажиллагаанд автомат тоолох хэрэгсэл ашиглах зарчим, журмыг тодорхойлж, түүнийг ашиглахтай холбогдон үүсэх харилцааг зохицуулахад оршино гэсэн байдаг.

Гэтэл одоо автомат тоолох хэрэгслээсээ татгалзан, буцаад гар аргаараа тоолох тухай яриад байж байгаа нь харамсалтай юм. Уг нь хүний хүчин зүйлийн нөлөөллөөс сэргийлж автомат тооллогод орсон баймаар юм. Харин одоо хар машинаас аймаар амьтангүй мэт ярих зарим нэгэн улс төрийн хүчин бий болжээ. Хэрэв сонгуулийн автоматжуулсан тогтолцооноос татгалзаж, буцаад гар арга руугаа шилжих юм бол ухарсан шийдвэр болно. Дээхнэ цагт хот орж ирэх гэж ачааны машин дээр сар шахам явдаг байсан гэдэг шиг онгоц байсаар байтал итгэхгүй ээ гээд газраар явбал ачааны тэрэг, бүр үхэр тэргийг сонгосон шиг л юм болно.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-д суудалтай намуудын төлөөллийг хүлээн авч уулзахдаа “Саналын дүнг автоматаар гаргадаг Монголын сонгуулийн туршлагыг олон улсын байгууллага үзээд шударга сонгууль явуулахад бүрэн нийцсэн маш сайн туршлага байна гэсэн. Лондонд төвтэй Парламент судлалын төв жилийнхээ шагналыг СЕХ-нд олгосон. Бусад зарим улс орон манай туршлагыг хэрэгжүүлээд явж байгаа шүү дээ. Үүнд эргэлзэх зүйл баймааргүй юм” гэж учирласан байна лээ. Уг нь сонгуулийн автоматжуулсан системд шилжсэнээр бидний дунд эргэлзэнгүй хандахад хүргэдэг байсан олон зүйл тодорхой болсон. Үүднээс орохоос эхлээд хурууны хээгээр таны тухай мэдээлэл гарч ирж, дэлгэцэнд гарах зураг чинь сонгуульд ажиллаж байгаа ажилтан, ажиглагчдаас гадна дэргэдийнх нь хүмүүс хүртэл хянах боломжийг өгсөн. Цаашлаад бидний өгсөн саналыг хэн нэгэн тоологч давхар зураад хүчингүй болгочихгүй нь гэсэн итгэлтэй болгосон юм. Гар аргаар тоолох үед гардаг хууль бус зүйлсийг бид зөндөө л сонсч байсан даа. Сонгуулийн хэсэгт орж ажилладаг нам дагасан хүмүүс сонгуулиас сонгуульд хэрхэн сонгуулийн хуудсыг хүчингүй болгох вэ гэдэгтээ бүр мэргэшчихсэн байдаг гэдэг сэн. “Ард түмний саналыг алтан бөгжтэй булцгар хуруу шийддэг болсон” гэсэн яриа тухайн үедээ оргүй хоосноос гарч ирээгүй юм. Хумсны завсартаа хийсэн балны үзүүрээр давхар нэр дугуйлахад тэр хуудас хүчингүй болно. Ер нь саналыг булхайцан өөрчилж, утгагүй болгох өчнөөн олон арга байдаг гэлцдэг. Сүүлдээ энэ байдал даамжирч, ард түмэн сонгуулийг үнэн шударга явдаг гэдэгт итгэхээ байчихсан учраас саналын хуудсыг автомат тооллоготой явуулах болсон. 2008 оны долдугаар сарын 1-ний хэрэг явдал яг л ийм зүйлээс улбаатай. Олон нийт “Бидний өгсөн санал хаачив. Ард түмний өгсөн санал яав” гэж асуулт нэхэн эрх баригч МАХН-ын (одоогийн МАН) цагаан байрны үүдэнд очиж байлаа. Сүүлдээ эмх замбараагүй байдал үүссэн болохоос үнэндээ өөрийнх нь өгсөн санал, олны олонд өгсөн санал өөрөөр гарч ирсэнд бухимдсан олон мянган хүн тэнд цугларсан байсан юм. Сонгуулийг автомат тооллогод шилжүүлэх болсон явдал нь долдугаар сарын 1-ний үймээнээр амь насаа алдсан таван иргэнийхээ дурсгалд зориулж гаргасан шийдвэр гэж ойлгодог. Улмаар гаргасан алдаагаа залруулж, дахин ийм явдал болгохгүйн төлөө Монголын төрөөс хийсэн алхам гэж ухагддаг. Хэрэв сонгуулийг шударга хийдэг байсан бол, иргэдийн өгсөн санал үнэн зөв тоологддог байсан бол тэнд хүмүүс тэгж олноороо цугларахгүй байсан. Энхийн цагт амьдарч байгаа атлаа энгийн таван иргэн амь насаа алдахгүй л байсан.

Тийм ч учраас 2011 оны зургадугаар сарын 20-ны өдөр УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатарын нэртэй албан бланк дээр З.Алтай, Э.Бат-Үүл, Д.Дондог, Д.Лүндээжанцан, Ц.Мөнх-Оргил, Д.Одхүү, С.Оюун, Д.Оюунхорол, Ч.Сайханбилэг, Ө.Энхтүвшин, Д.Энхбат нар Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан байж таарна. Тийм ч учраас энэ хуулийг 2008-2012 онд УИХ-д сууж байсан гишүүд олонхиороо 2011 оны арваннэгдүгээр сарын 10-нд баталсан байж таарна. Энэ үеийн парламентын олонхи гишүүн нь МАН-ын гишүүд байсан. Уг хуулийг батлахыг дэмжсэн 36 гишүүний 22 нь бас МАН-ынх байсан юм билээ. Харин энэ хуулийн төслийг өргөн барьсан 12 гишүүний зургаа нь МАН-ынх, гурав нь АН-ынх, хоёр нь ИЗНН-ынх, нэг нь бие даагч байв.

Тэгэхээр энэ хар машинд л учир байгаа мэт, АН-ынхан үүнийг өөрсдөдөө тохируулж сонгуулийг булхайтуулж байна гэж буруутгах нь учир дутагдалтай юм. Хар машин үнэн зөв тоолж байна гэдгийг харуулах оролдлого дандаа л хийгдэж ирсэн. Автомат машины тооллого үнэн зөв эсэхийг батлахаар сонгуулийн хэсгүүдийг санамсаргүй сонголтоор сонгож, давхар тооллого хийж л байлаа. Улс төрийн бүх нам хүчнүүдийн төлөөллийг нь оролцуулж хийсэн давхар тооллогоор ноцтой гэх асуудал гарч байгаагүй. Сая хэдхэн хоногийн өмнө гэхэд СЕХ намуудын төлөөлөл, хэвлэл мэдээллийнхнийг байлгаж байгаад санал тоолох туршилт хийлээ. Бас л яг таг таарсан л гэсэн. Нөгөө кинон дээр Сүхбаатар жанжны гэргий Янжмаа голио чихрийг хүүхдэд идүүлэх гээд “Би энэ чихрийг дандаа иддэг юм, манай хүүхэд ч бас иддэг” гээд өөрөө идэж үзүүлдэг шиг л юм болж өнгөрөв.

Сор залж, золигт гаргаж байгаа мэт шатаалгаад байсан хар машинд учир байхгүй ээ. Харин хүндээ, хүмүүс бидэнд өөрсдөд маань асуудал байгаа гэдгийг сайтар ойлгомоор байна. Хар машинд итгэхгүй байна гэж байгаа нам хүчнүүд бол үнэндээ өөрсдөдөө итгэхгүй байна л гэсэн үг. Тэд ард түмнийхээ төлөө, амлалтаа биелүүлэхийн төлөө ажиллаж чадаагүй учраас асуудлыг ингэж машин руу чихэж байна гэж ойлгогдож байна. Эсвэл сонгуулийг дандаа ингэж будлиантуулж, булхайцаж санал авч ирсэн болохоороо дараагийнхаа эрх баригчдыг бас тэгж байгаа гэж хардаад байдаг юм болов уу.

Бодоход үүний оронд ажлаа л сайн хийчихэд болмоор санагдах юм. Гараар тоолдог байснаа машин болгож, тэгснээ үүнийгээ буцаад гараар тоолно гэвэл үнэнхүү ухралт, хуучин руугаа буцах гэсэн тэнэглэл болно. Гар бас машинаар давхар тоолно гэж ярих хүмүүс байна. Ингэх юм бол автомат болгох гэж хэдэн тэрбумаар нь мөнгө зарцуулах ямар хэрэг байсан юм. Дээрээс нь тэр гар, машин хоёрынх нь дүн зөрлөө гэхэд алийг нь зөв саналд тооцох юм гэсэн асуулт гарч ирнэ. Харин түүний оронд шалгалтын тооллогоо санамсаргүй байдлаар сонгоод саналын дүнг баталгаажуулчихад болно. Ер нь хүнээс илүү хорлонтой сонгууль будлиантуулах хүчин гэж байх биш дээ. Хүний хүчин зүйл орох тусмаа аюултай байдаг. МАН-ын гишүүд хар машин шатааж, хардлага сэрдлэг тээж байхын оронд өмнөх ажлаа л сайн хийчихвэл аяандаа ард олон санал өгөх байлгүй. Ажлаа сайн хийж, итгэл сайн дааж байгаа хүмүүст сонгогчид саналаа өгдөг. Ард олноос санал авч чадна гэдэгтээ итгэхгүй байгаа хүмүүс л амьгүй энэ машинтай ноцолдоно шүү дээ. Хугацаа бага үлджээ, сонгууль болоход. Тиймээс амжиж ажлаа сайн хийгээрэй, намын гишүүд ээ.

Онцлох нийтлэлүүд