ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Гадаад
2019.12.12 03:12

Ажилтнуудаа арван сая ам.доллараар шагнажээ


АНУ-ын Мэрилэнд муж улсын үл хөдлөх хөрөнгө зуучлалын “St.John Prop­erties” компани өнгөрсөн амралтын өдөр шинэ оны баяраа тэмдэглэжээ. Тус байгууллагын захиргаанаас ажилтнууддаа улаан дугтуйтай бэлэг барьсан нь том сюрприз болсон байна. “St.John Properties”компани нийт 198 ажилтантай аж. Тус байгууллагын зүгээс шинэ орсон ажилтандаа 100 ам.доллар, олон жил ажилласан ажилчиддаа 270 мянган ам.доллар гээд нийт 10 сая ам.долларын мөнгөн шагнал гардуулжээ. Түүнчлэн компанийн зүгээс Мэрилэнд муж улсаас өөр муж улсад байрлах бусад найман салбар охин компанийн ажилтнуудынхаа шинэ жилийн баярыг тэмдэглүүлэхээр нисэх онгоц, байрлах зочид буудлын зардал гээд бусад зардлыг нь гаргасан талаар мэдээлжээ.

Компанийн захирал ЛоренсМэйкранц CNN телевизэд өгсөн ярилцлагадаа “Манай байгууллага өмнөх онтой харьцуулахад хоёр дахин үр бүтээлтэй ажилласан тул ажилтнуудаа ийн баярлуулахаар шийдсэн юм” гэжээ. Шагнал задарсны дараа ажилтнууд маш их баярласан гэнэ. Энэ талаар Л.Мэйкранц ярихдаа “Миний амьдралдаа үзсэн хамгийн гайхалтай зүйлсийн нэг энэ байсан. Бүгдийнх нь сэтгэл маш их хөдөлсөн байсан.Тэд орилж хашгирч, инээж, уйлж, тэврэлдэж байгааг харахад их сайхан байсан” гэжээ.

Д.ЦЭРЭНДОЛГОР

Онцлох нийтлэлүүд