Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Архины чанар, аюулгүй байдалд лабораторийн шинжилгээ хийлээ DNN.mn Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан болно DNN.mn Ирэх долоо хоногийн бямба гариг “Автомашингүй өдөр” DNN.mn Маргааш “Олон улсын музейн өдөр”-ийг “Музейн хүч нөлөө” сэдвийн хүрээнд тэмдэглэнэ DNN.mn Түр орон байрны хүртээмжийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна DNN.mn Шилжилт хөдөлгөөнийг цахимаар хийнэ DNN.mn "Кансат-2022" үндэсний V тэмцээний шилдгийг ирэх сарын 4-нд тодруулна DNN.mn “Хэрэг буцаах” зохицуулалтыг өөрчлөх хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв DNN.mn Нэг ажилчинд ногдох ДНБ оны эхний улиралд 10.2 хувиар багасав DNN.mn Байнгын хороо: Донорын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг 100 хувийн саналаар дэмжлээ DNN.mn Архины чанар, аюулгүй байдалд лабораторийн шинжилгээ хийлээ DNN.mn Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан болно DNN.mn Ирэх долоо хоногийн бямба гариг “Автомашингүй өдөр” DNN.mn Маргааш “Олон улсын музейн өдөр”-ийг “Музейн хүч нөлөө” сэдвийн хүрээнд тэмдэглэнэ DNN.mn Түр орон байрны хүртээмжийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна DNN.mn Шилжилт хөдөлгөөнийг цахимаар хийнэ DNN.mn "Кансат-2022" үндэсний V тэмцээний шилдгийг ирэх сарын 4-нд тодруулна DNN.mn “Хэрэг буцаах” зохицуулалтыг өөрчлөх хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв DNN.mn Нэг ажилчинд ногдох ДНБ оны эхний улиралд 10.2 хувиар багасав DNN.mn Байнгын хороо: Донорын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг 100 хувийн саналаар дэмжлээ DNN.mn
Онцлох нийтлэл
2020.11.18 08:11

Ажил, амьдралдаа хариуцлагатай байх цаг ирлээ


Дэлхий нийтийг бүтэн жилийн турш айлгаж байгаа цар тахал дотоодод дэлгэрлээ. Маргаангүйгээр бид аюулт цар тахалтай нүүр туллаа. Хор уршгийг нь урьдчилан таамаглахад түвэгтэй хүнд цаг үе ирж байна.

Коронавирусийг дотооддоо алдаагүй цөөн орны тоонд орж, туршлага судлуулах хэмжээнд хүрч байсан бид яалт ч үгүй хариуцлагын алдаа гаргалаа. Эргээд бодоход хэт назгайрч, найр наадам ч хавтгайрч. Зуны амралт, намрын найрандаа мансуурсан монголчууд аюулт цар тахал отож байгааг хэсэгтээ л мартаж. Маск зүүсэн нэгэн нүдний гэм болтлоо ховордсон байсан нь ч үнэн.

“Чоно борооноор” гэгчээр энэ сиймхийгээр цар тахал тархаж амжлаа. Хөл хориог ягштал биелүүлэх учиртай сувиллууд анхаарлаа сулруулж, ариутгал цэвэрлэгээгээ ч хойш тавьсан байна. Тэр дундаа “Энхсаран” сувилалд цар тахлыг алдахаас өөр аргагүй нөхцөл байдал үүссэн байж. Тус сувиллаас 40 гаруй хүн халдвар авсан нь үнэн болохыг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан хүлээн зөвшөөрсөн. Эрүүл ахуйн шаардлага хангаагүйн дээр тусгаарлагчдыг хольж сольж, чөлөөтэй өрөө хоорондуур зорчуулсан болох нь ч ил болоод байгаа. Зорчуулсан ч юу байхав, 21 хоногийн хатуу тусгаарлалтыг үл ойшоож тэнгэрлэг гэдэгтээ итгэсэн монголчууд маань хөзөр, даалуухан барьж нэгнийхээ өрөөгөөр зочилсон хэрэг. Эцэст нь өнөөдрийн үр дүнд хүрлээ.

Гэлээ ч нэгэнт болоод өнгөрсөн зүйлийг буцаах боломж бидэнд үгүй. Тийм арга чарга ч байхгүй. Хариуцлага алдаж нөхцөл байдал буруугаар эргэсэн энэ цаг үеэс бид зугтаж, бултах аргагүй. Бидний амьдарч буй цаг үед тулж ирсэн энэ сорилтоос зугтах гарц хараахан алга. Цар тахал хэрэн тэнүүчилж байхад хаашаа ч зугтах вэ дээ. Зугтвал бие нь ил байхад элсэнд толгойгоо шургуулчихаад аюулаас зайллаа гэж сэтгэдэг тэмээн хяруулын л адил болно. “Өдрийн сонин”-ы өнгөрсөн баасан гаригийн дугаарт нийтлэлч П.Хашчулуун “Тулаад ирсэн зовлонг туулаад гарахаас өөр замгүй” гэж бичсэнийг та бүхэн уншсан байх. Энэ гарцаагүй үнэн. Бидэнд туулаад гарахаас өөр зам байхгүй. Гагцхүү хөл хорионы дэглэмийг сахиж, эрсдэл багатай даван туулах зам л бидний цөөхөн монголчуудад үлдсэн.

Хамгийн гол нь бидэнд ажил, амьдралдаа хариуцлагатай байх цаг иржээ. Ажилдаа ч, амьдралдаа ч тэр хариуцлагыг нэн тэргүүнд тавих хэрэгтэй байна. Хариуцлага гэдгийг юу гэж ойлгох вэ гэж үү. Хариуцлага гэдэг нь бүх зүйлсийг чин сэтгэлээсээ хийхийг л хэлж буй. Бидэнд энэ зан чанар учир дутагдалтай байдаг. Аливаа ажлыг эхлүүлэхдээ хариуцлагатай нэгэн байж чаддаг ч хамгийн чухал үе дээрээ хэнэггүйтдэг. “За ингээд л болчихдог юм. Ингэж л хийдэг. Ганц удаа халтуурдчихъя, яав л гэж” гэсэн хандлага нь давамгайлж, хойш сууж, биеийн амрыг хардаг. Энэ нь ч коронавирус тархсан саяны үйл явдлаар тодорхой харагдлаа. Угтаа хариуцлагатай байна гэдэг нь хүний нүд хуурдаг зангаа ор тас мартахыг, аливааг стандартын дагуу хийхийг, хэрэггүй зүйлд хошуугаа дүрэхгүй байж, шуналаа тэвчихийг хэлж байгаа юм. Хийгээгүй зүйлээ хийсэн болж дүр эсгэхээ болих нь ч үүнд хамаатай. Товчхондоо өөрт оногдсон ажил үүрэгээ яс, тас биелүүлэх явдал юм.

Энэ хүнд үед ажил олгогч бүр цалин таслахгүйн тулд эрвийх дэрвийхээрээ хичээж байгаа. Тийм байхад байгууллагынхаа ажлыг хойш таталгүй, цар тахлын үе юм чинь гэж хойш суулгүй ажилдаа сэтгэл, зүтгэл гаргая. Мөн гэр бүлдээ ч үүргээ биелүүлж сайн аав, ээж, үр хүүхэд нь байя. Үр хүүхдээ эрүүл саруул байлгахын тулд сэтгэл гарган амт чанартай хоол бэлтгэж, элдэв чихэр, шоколаднаас хол байлгая. Ээж, аавынхаа эрүүл мэндэд анхаарч, тэр талаарх шинэ содон мэдээллийг цаг алдалгүй дуулгая. Гэр бүлдээ стрессгүй өдрүүдийг бэлэглэх нь ч мөн таны үүрэг, хариуцлага. Жижиг зүйлсийг ч орхигдуулалгүй анхаарцгаая.

Дээр хэлсэнчлэн бүх зүйлд чин сэтгэлээ зориулж чадвал өөрт оногдсон үүрэг, хариуцлагыг биелүүлэх нь тийм ч хүнд даалгавар биш. Нөгөөтэйгүүр үүрэг хариуцлагаа сайн биелүүлэх нь хэн нэгэнд гайхуулахын нэр бус зөвхөн өөрөө өөрийнхөө төлөө амьдарч байгаа гэдгээ ойлгож буй хэрэг юм.

Ард түмэн тэр даргын шийдвэр сайн байсан, энэ даргын шийдвэр тааруу байсан гэж хэзээ ч харахгүй. Зөвхөн танай Засгийн шийдвэр зөв байсан уу, буруу байсан уу гэдгээр л түүхэнд үлдэнэ.Тиймээс төр засаг сахилга баттай, нэг амтай, нэг шийдвэртэй байх хэрэгтэй байна. Хотын шийдвэр, Засгын шийдвэр үргэлж хоорондоо зөрчилдөөнтэй гарч, ард иргэдэд хүнд тусч байна. Үүнийгээ хурдан залруулах хэрэгтэй байна. Түүнээс хот бүдүүн хүзүүлээд, засаг түүнтэй нь тэрсэлдээд унавал үхэл хагацал л нүүрлэх болно. Энэ нь та бүхний өрсөлдөж байх талбар биш, аль хэзээний алдаа гаргаж гурван сая хүнийхээ амь насыг эрсдэлд оруулчихаад байгаа юм биш үү. Тиймээс одоо үүнээсээ сургамж авч ард түмнийхээ төлөө ажиллах цаг болсон.

“Би өвдвөл чи өвдөнө. Чи өвдвөл бид өвдөнө. Бид өвдвөл Монгол Улс минь өвдөнө” гэх хэлц цар тахлын энэ үед олонтаа сонсогдох болсон. Үүнтэй адил чи бид хичээж чадвал бултаараа хичээхийн эхлэл болж, сайн сайханд хүрэх, хэцүүг даван туулах үндэс болно. Хариуцлагатай байж аюулыг гэтлэн сайн цагтай золгохын тулд дор бүрнээ хичээцгээе.

Онцлох нийтлэлүүд