Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Дөрвөн бөхийн допингийн шинжилгээний хариу ирээгүй байна DNN.mn Богд хааны ордон музейн хашааг буулгаж, гоёлын бут суулгажээ DNN.mn “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль үргэлжилж байна DNN.mn “Qpay” ашиглан цахим “Өдрийн сонин”-ыг уншаарай DNN.mn Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна DNN.mn Хотын төвийн явган замыг 7 метр хүртэл өргөсгөн тохижуулж байна DNN.mn ​Өдрийн сонины ЧАТБОТ танд үйлчилж байна DNN.mn Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд DNN.mn "Өдрийн сонин"-ы цахим хувилбарыг нэг өдрөөр захиалж уншаарай DNN.mn Дэлхийн шатрын олимпиадын аварга Б.Мөнгөнзулын багш Н.Баттулга: Шавь маань 17 насандаа дэлхийн олимпиадын аварга болж шатарчиддаа “Монгол хүн чадна” гэдгийг үлгэрлэж, зориг өглөө DNN.mn Дөрвөн бөхийн допингийн шинжилгээний хариу ирээгүй байна DNN.mn Богд хааны ордон музейн хашааг буулгаж, гоёлын бут суулгажээ DNN.mn “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль үргэлжилж байна DNN.mn “Qpay” ашиглан цахим “Өдрийн сонин”-ыг уншаарай DNN.mn Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна DNN.mn Хотын төвийн явган замыг 7 метр хүртэл өргөсгөн тохижуулж байна DNN.mn ​Өдрийн сонины ЧАТБОТ танд үйлчилж байна DNN.mn Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд DNN.mn "Өдрийн сонин"-ы цахим хувилбарыг нэг өдрөөр захиалж уншаарай DNN.mn Дэлхийн шатрын олимпиадын аварга Б.Мөнгөнзулын багш Н.Баттулга: Шавь маань 17 насандаа дэлхийн олимпиадын аварга болж шатарчиддаа “Монгол хүн чадна” гэдгийг үлгэрлэж, зориг өглөө DNN.mn
Нийгэм
2021.06.02 09:06

Аж үйлдвэрийн гавьяат ажилтан С.Цэцэгнэмэх: Анх мах шулагчаар ажилд ороход ээж маань “Боль, үр минь. Охин хүүхэд байж ийм ажилд дурлаж байдаг” гэж зэмлэж билээ

Мах импэксХК-ийн Хиам консервийн үйлдвэрийн Бэлтгэх цехийн ажилтан Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Сүрэнхорын Цэцэгнэмэхтэй ярилцлаа.


-Юуны өмнө танд төрдөө ажил хөдөлмөрөө үнэлүүлж Аж үйлдвэрийн гавьяат болсонд баяр хүргэе. Баярт мэдээг дуулсан агшнаасаа хуваалцахгүй юу?

-Баярлалаа. Би шагнал авна ч гэж мэдээгүй. Шагнал гардуулахын өмнөх орой 20:00 цагийн орчимд ажил дээрээ байхад захирал утасдаад “Тань руу хүн ярина шүү” гэсэн. Тэгээд өөр юм хэлсэнгүй. Тэгсэн 21:00 цаг дөхүүлээд утас дуугараад Аж үйлдвэрийн гавьяат болсон талаар хэлсэн. Баярлах, балмагдах зэрэгцдэг юм байна. Хүн чинь яг тулахаар өөртөө итгэдэггүй юм билээ. “Би ингээд гавьяат боллоо гэж үү” гээд итгэж өгдөггүй. Маргааш нь Монгол Улсын Ерөнхийлөгч шагнал гардуулаад энгэрт маань гавьяатын тэмдэг зүүж өгөхдөө “Та энэ салбарт хэдэн жил ажиллаж байна” гэж асуусан. Би “43 дахь жилдээ ажиллаж байна” гэтэл “За тэгвэл баяр хүргэе. Сайн ажиллаарай” гэж хэлэхэд их сайхан сэтгэгдэл төрсөн. Төрийн тэргүүнээсээ тийм сайхан үг сонсоод гавьяатынхаа тэмдгийг зүүгээд гараад иртэл бөөн хүмүүс баяр хүргээд ирэхээр хүн чинь сандраад яах ухаанаа олдоггүй юм билээ(инээв). Миний дөчин хэдэн жил ажилласан хөдөлмөрийг төр ингэж үнэлж байна гэж бодохоор өөрийн эрхгүй нулимс дүүрээд ирдэг юм билээ. Сая хамт олон маань хүлээж авлаа. Одоо болтол баярлахтай зэрэгцээд сандрал балмагдал арилахгүй л сууж байна.

-Та Аж үйлдвэрийн салбараас төрсөн гурав дахь гавьяат боллоо. Энэ салбартай хэрхэн амьдралаа холбож, ажил амьдралынхаа гарааг эхэлж байв?

-Тийм ээ. Энэ сайхан салбартай хувь заяагаа холбож гавьяат гэх эрхэм цолыг хүртсэн гурав дахь хүн болсондоо баяртай байна. Би 1981 онд Хөнгөн хүнсний ТМС-ийн махны ангийг төгссөн. Төгсөөд 18-хан насандаа л “Мах Импэкс” компанид Хиам, консерив үйлдвэрийн Бэлтгэх цехэд ажилд орж байлаа. Үүнээс хойш тасралтгүй 40 жил ажиллаж байна.Анх мах шулагчаар ажилд орж байлаа. Мах шулагчаар 30 гаруй жил ажиллаж байгаад сүүлийн хэдэн жил ангилагч, сортлогчоор ажиллаж байна. 40 жил энэ байгууллагадаа ажилласан болохоор миний хоёр дахь гэр бүл минь гэсэн үг.

-Дөнгөж 18 настай охин мах шулагчаар ажиллана гэдэг амаргүй байсан болов уу. Шантрах үе байв уу?

-Сургуулиа төгсөөд л хуваарилагдаад ирсэн. Би Цэвэлмаа гээд ахлахтай брагидад орлоо.Тухайн үед мах шулагчаар ажиллах болоход үнэхээр хүнд санагдсан. Хүнд ч байсан. Тэгээд нэгэнт л мэргэжлийг нь эзэмшээд, сургуулийг төгссөн юм чинь өөр юу хийх билээ. Би хичнээн хүнд байсан ч энийг л хийж сурах ёстой юм байна гэж бодсон. Дөнгөж сургуулиа төгссөн 18-хан настай охин чинь ажлын туршлагагүй нялцгай байхаас ч яахав. Шантрах үе ч их. Гэхдээ их сайхан ахмад ажилчдын дунд бишгүй ихийг сурсан. Зэмлүүлэх ч зүйл ихтэй байлаа. Нэг удаа айхавтар зэмлүүлсэн нь санаанаас гардаггүй юм. Бид чинь дандаа үхрийн мах шулдаг байлаа. Ингэхдээ жишиг загварын дагуу ясанд нь ямар ч махны цөвдөлгүй шулах ёстой. Ахмад ажилчид махаа шулаад л “За яг ингэж шулна” гээд л харуулна. Гэхдээ тэд нэг л удаа заана уу гэхээс хоёр удаа заана гэж байхгүй шүү дээ. Тиймээс шууд нэг хараад л цэмбийтэл шулчихаж чадахгүй ш дээ. Тэгээд шантарна, мэрийнэ, хичээнэ. Сүүлдээ сурна. Одоо би боддог юм. Тэр үед бид дөнгөж ажлын талбар дээр гараад ахмадууддаа загнуулаад “Чи чадахгүй байна”, “Дахиад хий” гэж зэмлүүлж байсан хэдий ч өдий зэрэгтэй яваа нь тэдний минь ач гавьяа байж. Хэдий загнуулсан ч сурсан эрдэм нь намайг өдий зэрэгт хүргэсэн учраас үе үеийн ахмадууддаа би үнэхээр их баярлаж, талархаж явдаг. Тиймээс би одоо цехийнхээ шинэ залуу үеийнхэнд хэлдэг. Бид та нарын төлөө хэлж, ярьж, зэмлэж байжээ гэдгийг ойлгох цаг ирнэ. Залуучуудыг сайн сураасай, чанартай хөдөлмөрлөж сураасай, цалин мөнгө ахиухан аваасай. Түүгээрээ гэр бүлээ сайхан аваад яваасай л гэсэндээ хэлж байна гэж. Хүний сурч, мэдсэн зүйлийг хэн ч булааж авч чадахгүй шүү дээ.

-Анх мах шулагчаар ажилд ороход гэрийнхэн нь таатай хүлээж аваагүй гэж байсан?

-Эхэндээ эсэргүүцэх маягтай байсан. Ажилд ороод өдөржин хутгатай ажиллаж гараа энд тэнд нь исгэчихээд боогоод л гэртээ орно. Манай ээж “Боль, хүү минь. Гар хөлгүй боллоо. Охин хүүхэд байж ийм ажилд дурлаж байдаг” гэж зэмлэж билээ. Уг нь намайг анги сонгох үед гурил, талх чихэр, сантехникч зэрэг олон мэргэжил байсан. Дуртайгаа сонгоод орох боломжтой. Тэр дундаас яагаад ч юм махны ангийг сонгосон. Одоо бодоход миний л хийх ёстой ажил байж л дээ.Би Дундговь аймгийн Адаацаг сумынх. Эхээс тавуулаа. Манай аав малчин Базарсүрэн, ээж цэцэрлэгийн тогооч Сүрэнхор гэж хүмүүс байсан. Одоо бурхны оронд дэвшсэн. Миний ижий аав хоёр амьд сэрүүн байсан бол энэ их баяраа хуваалцаж, ямар их баярлаж талархсанаа хэлэхсэн. Охиноо хараад ямар их баярлаж хөөрөх байсан бол гэж дотроо зураглаж л сууна.

-Тухайн үед ажлын төлөвлөгөө, нормтой байсан уу. Нэг хүн өдөрт тэдэн үхрийн мах шулах ёстой гэдэг ч юм уу?

-Нормтой. Өдөрт нэг хүн арван үхрийн мах шулах ёстой. Арван үхэр шулахад нийтдээ тэдэн килограмм мах гаргана гээд төлөвлөгөө норм тавина. Эхний үед нормоо биелүүлж чадахгүй ш дээ. Тэгээд л заавал нормоо биелүүлнэ гээд л хичээнэ. Нэг л мэдэхэд ажил гарт ороод нормоо төвөггүй биелүүлдэг болсон. Ер нь тарган туранхай, сортлогооноос хамаарч нэг үхрээс дунджаар 120 килограмм мах гардаг. 1980, 1990-ээд оны үед дандаа бодын мах шулдаг байсан. Сүүлд богийн мах шулдаг болсон. Одоо бол аль алийг нь шулдаг. Бодын мах шулах, бог малын мах шулах хоёр ялгаатай. Бод малын махыг шулахад том ястай учраас илүү амар. Харин бог малын мах шулахад жаахан ажиллагаа ихтэй.Мах сэврээх хэсгээс өлгөөтэй махнууд дамжлагаар ороод ирнэ. Тэрийг цэвэрлэгээний хүмүүс сайхан цэвэрлэнэ. Үүний дараа дахиад өөр хүн жинлээд ширээн дээр эвдэж, шулахад бэлэн тавьж өгнө. Шулсан мах канивер дээр тавигдаад сортлогооны хэсэг рүү явна. Сортлогооноос ангилагдаад махны машинд орно. Ингээд хиамны цех, бууз, баншны цех рүү хүргэгдээд бүтээгдэхүүн болж гарна даа. Хэрэглэгчдэд бүтээгдэхүүн хүрэх хүртэл олон дамжлага давж олон ч хүний хөдөлмөр шингэдэг юм шүү дээ.

-Ер нь нэг үхрийн махыг хэр хугацаанд шулдаг вэ?

-Залуу байхад Үйлдвэрийн аварга шалгаруулахад тав зургаан хүн өрсөлдөнө. Бүтэн үхрийн мах шулна. Би анх аварга болохдоо нэг үхрийн махыг 12 минутад шулсан байдаг.

-Таны ажлын багаж зэвсэг бол хутга. Бэртэж гэмтэх тохиолдол их байх уу?

-Оёдолчин хүний ажлын гол зэвсэг зүү утас байдаг бол миний ажлын зэвсэг ерөөсөө л хутга шүү дээ(инээв).Анх хутгатай харьцаж чадахгүй, хутгаа ашиглаж мэдэхгүй гар хуруугаа исгэх үе байсан. Ямар ч байсан энэ миний амьдралыг тэжээж буй, надад мөнгө олж өгч буй багаж минь. Тиймээс үүнийг л сайн ашиглаж сурах ёстой гэж бодож хичээдэг байлаа.Одоо бол мах шулахад даавуун цагаан бээлий өмсөөд гадуур нь төмөр бээлийтэй, төмөр хормогчтой ажилладаг. Манай үйлдвэр аюулгүй байдлыг маш сайн хангаж ажилладаг. Тийм болохоор одоо гараа исгэх, гэмтээх асуудалгүй л дээ. Нэг удаа найзыгаа ажил дээрээ авчраад ажлаа харуулж, танилцуулаад “Найз нь ийм л ажил хийдэг дээ” гэсэн чинь “Яасан хүнд ажил вэ. Ёстой чанга юм байна” гэж дуу алдаж билээ. Орчин үед эмэгтэй хүнд хүчир л санагдах ажил харагдах боловч намайг анх ажиллаж байхад ихэвчлэн эмэгтэйчүүд л энэ ажлыг хийдэг байлаа. Одоо харин эмэгтэй хүн ховор. Дийлэнх нь залуучууд байна.

-Та энэ олон жил ажиллахдаа ажлынхаа байрыг солих, арай хөнгөн ажилтай цехэд шилжих талаар ер нь бодож байгаагүй юу. Нэг местэнд 30 гаруй жил ажилласан гэж бодохоор сонирхол татахаас гадна их тэвчээр шиг санагдаж байна?

-Би 30 гаруй жил мах шулахдаа ерөөсөө “Өөр цехэд ажиллах юмсан”, “Бууз баншны цех рүү орох юмсан”, “Хиам руу орж ажиллая” гэж бодож байгаагүй. Харин ганц халгадаг зүйл нь гэртээ хариад хутга барих(инээв). Өдөржин хийдэг ажил учраас тэгдэг байх л даа. Ер нь гэртээ нэг их хоол хийгээд байх цаг зав ч олдохгүй дээ. Өглөө ажилдаа ирээд орой ажлаа дуусгаж байж л харьдаг учраас төдийлөн гэрийн ажил хийгээд байх ч боломж гардаггүй. Би ганц хүүтэй. Хүүгийнхээ гэр бүлтэй буюу бэртэйгээ, ачтайгаа амьдардаг. Бэр маань ч хоол унд, гэрийн ажилд нэг их ойртуулаад байдаггүй.

-Тэгэхээр таны амьдралын бүхий л сайхан дурсамжМах Импэксгэх энэ их айлтай холбоотой байх. Байгууллагын, үйлдвэрийн гээд олон ч удаагийн аварга гэж сонссон?

-Тэгэлгүй яахав. 40 жил гэдэг бага хугацаа биш болов уу. Олон ч удаа байгууллагын аварга, үйлдвэрийн аварга, цехийн аварга боллоо. Хүнсний тэргүүний ажилтан, Хөдөлмөрийн хүндэт медаль, одоо гавьяат гэсэн эрхэм цолыг авлаа. Миний хувь заяа энэ байгууллага, тэр дундаа Хиам, консеривны үйлдвэрийн Бэлтгэх цехтэй салшгүй холбоотой. Хамт олон маань л миний хөдөлмөр хичээл зүтгэлийг үнэлж тодорхойлоогүй бол өнөөдөр би Төрдөө үнэлүүлээд, түмэн олондоо хайрлагдаад явахгүй байсан болов уу. Үнэхээр сэтгэл зүрхнийхээ гүнээс та бүхэндээ баярлаж талархсанаа илэрхийлж байна. Мөн эгч ах, дүү нар, үр хүүхдүүддээ бүгдэд нь баярлаж явдгаа илэрхийлье.

-Ер нь залуу үеийнхэндээ юу аминчлан захидаг вэ?

-Манай Бэлтгэх цехийн хамт олон дандаа залуучууд. Үнэхээр ажилдаа сайн. Ажлаас хойш суудаггүй. За энийг нэг ингэсхийгээд дуусгачихъя гэсэн сэтгэлээр ажилдаа ханддаггүй. Нэгнийхээ үгийг маш сайхан хүлээж авдаг. Тийм болохоор би хамт олондоо үнэхээрийн хайртай. Ажилдаа мэрийгээд, хичээгээд л байх юм бол амжилт, гавьяа шагнал өөрөө хүрээд л ирнэ. Гол нь ажлыг цалгардуулахгүй, чанартай хийх хэрэгтэй. Хоёрын хооронд аргацаагаад хүний нүд хуураад сурчихвал өөрийгөө ч гэсэн хуурч байгаа л хэрэг. Цаашдаа ажлыг дутуу хийгээд сурчихна шүү гэж би ажлынхандаа ч захидаг даа.

Онцлох нийтлэлүүд