Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Гадаад улсаас ирж буй зорчигчдын анхааралд DNN.mn Улаанбаатарт шөнөдөө 13 хэм дулаан Хонконг гаднаас ирж буй иргэдийг ажиглах байранд 3 хоног тусгаарлахаар болжээ DNN.mn АТГ: Төрийн албан хаагчийн ёс зүйд хамаарах 9 гомдол, мэдээллийг шалгав DNN.mn Цэцэрлэгийн элсэлт, бүртгэлтэй холбоотой мэдээлэл өгөх утасны дугаарууд DNN.mn ОХУ цөмийн зэвсгийн байгууламжуудын үзлэгийг түр зогсоосноо мэдэгджээ DNN.mn Хөшигийн хөндийд шинэ хот байгуулах инженерийн дэд бүтцийн ажлыг баасан гаригт эхлүүлнэ DNN.mn Замын төлбөр хураах цэгүүдийг цахимжуулснаар одоогийн орлого 30 хувиар нэмэгдэх боломжтой DNN.mn Монгол Улсад долдугаар сарын 30-ныг хүртэлх хугацаанд гадаадын 121.741 жуулчин иржээ DNN.mn Энхтайваны гүүрний зүүн талаас Махатма Гандийн гудамж хүртэлх замыг 2 хоног хаана DNN.mn Гадаад улсаас ирж буй зорчигчдын анхааралд DNN.mn Улаанбаатарт шөнөдөө 13 хэм дулаан Хонконг гаднаас ирж буй иргэдийг ажиглах байранд 3 хоног тусгаарлахаар болжээ DNN.mn АТГ: Төрийн албан хаагчийн ёс зүйд хамаарах 9 гомдол, мэдээллийг шалгав DNN.mn Цэцэрлэгийн элсэлт, бүртгэлтэй холбоотой мэдээлэл өгөх утасны дугаарууд DNN.mn ОХУ цөмийн зэвсгийн байгууламжуудын үзлэгийг түр зогсоосноо мэдэгджээ DNN.mn Хөшигийн хөндийд шинэ хот байгуулах инженерийн дэд бүтцийн ажлыг баасан гаригт эхлүүлнэ DNN.mn Замын төлбөр хураах цэгүүдийг цахимжуулснаар одоогийн орлого 30 хувиар нэмэгдэх боломжтой DNN.mn Монгол Улсад долдугаар сарын 30-ныг хүртэлх хугацаанд гадаадын 121.741 жуулчин иржээ DNN.mn Энхтайваны гүүрний зүүн талаас Махатма Гандийн гудамж хүртэлх замыг 2 хоног хаана DNN.mn
Цаг үе
2014.12.02 10:12

Америкийн Монголчууд Их эзэн Чингис хаанаа 27 дахь удаагаа тахилаа

ЧИНГИС ХААНЫ ТАХИЛГА АНУ-Д ИРСЭН НЬ

Хорьдугаар зууныг хүртэл монголчууд их эзэн Чингис хаанаа тогтсон дэг уламжлалынхаа дагуу тахисаар иржээ. Монгол нутгийн урд хязгаар болсон Ордос нутгийн Эзэн хорооноо энэхүү тахилгыг үйлдэнэ. Тахилгыг жилд дөрвөн удаа, улирал бүрд, билгийн гуравдугаар сарын 21-ний өдөр хийдэг уламжлалтай. АНУ-д энэхүү тахилгын зан үйлийг авчирсан Хангин Гомбожав гуай 1947 онд Хятадад коммунист засаг тогтсоноор, ялангуяа 1954 онд Алтан Ганжир байгуулан, эд өлөг, соёлын бүхий л зүйлийг нэг дор байрлуулснаар жинхэнэ зан үйл нь байхгүй болсон хэмээн үздэг юм билээ. Нэг үгээр бол тайлга, тахилгыг чухам удирдан явуулдаг Дархад монголчуудын мэдлийн асуудал биш болсон гэсэн үг.

Тусгаар тогтносон манай Монголд бол байдал бүр хэцүү байв. Тахих нь байтугай магтан сайшааж ч болдоггүй үе байсан билээ. Тэр цагт буюу 1986 онд Индианагийн их сургуулийн монгол хэлний багш Хангин Гомбожав гуай эх нутгаасаа гарсаар 40 жил болсны дараа анх удаа Эзэн Хороондоо очжээ. Гомбожав гуайн овог болох Хангин нь Ри багшийн тэмдэглэн үлдээснээр бол Ордосыг бүрдүүлэгч долоон аймгийн нэг (Даруй Далд, Зүүн гар, Хангин, Ван, Засаг, Үүшин, Нутаг), мөн Чингис хааны шүтээнийг харж хадгалж байхаар томилсон Дархад нэрт 1000 өрх айл байсны нэг гол сурвалжит (жонон цолт) овог нь байжээ. Тийм ч учраас Хангин Гомбожав гуай нутагтаа очуутаа Чингис хааныг тахих өв уламжлалаа судлан сурвалжилж, баримт бичиг, тэмдэглэл зэргийг АНУ-д авчирсан байна. Ирээдүйд улс төр хэмээх яаж ч хөрвөсөн бай, АНУ-д дэлхий даяарх монголчууд цуглан Чингис хаанаа чөлөөтэй тахисаар байх боломжтой гэдгийг зөгнөн харж чадсаны учир тэрбээр Цорж лам, Лувсан Хиёод нартай хамтран Америкийн Монголчуудын Соёлын Холбоог үүсгэн байгуулж, Чингис хааны тахилгыг эртний уламжлал ёсоор нь үйлдсэн аж. Гэхдээ бас АНУ-д хийж байгааг нь бодолцон, бага зэрэг нэмэлт засвар оруулсан байна.

ЕСӨН ЯМТАН-ДЭЛХИЙН МОНГОЛЧУУДЫН ТӨЛӨӨЛӨЛ

Бидний хэсэг нөхөд Чингис хааны уламжлалт 27 дахь удаагийн тахилгад ороцохоор Нью - Жерси мужийн Принстон хотыг зорилоо. 11 сарын 8-ны өдөр. 27 дахь гэдэг нь АНУ-д тахиж эхэлсээр 27 шүү дээ. Өмнө өгүүлсэн Хангин Гомбожав гуайн Эзэн хорооноос авчирсан зан үйлийн дагуу болдог тахил л даа.

Тахилыг "Есөн ямтан" гүйцэтгэдэг юм байна. Есүүл өөр өөрийн нэр цолтой, хүлээсэн үүрэгтэй аж. Үүнд, Жонон, Хонжин, Тайш, Тайбуу, Хөх, Манлай, Тууль, Хасага, Чэрби гэх агаад Хөх нь Их эзэнд зул өргөсөн бол Тууль нь сархад барих гэх мэтээр тус тусын ёслолыг гүйцэтгэдэг, ингэхдээ бүгд өөр өөрийн хэлдэг үгтэй аж. Тухайлбал хамгийн эхэнд Жонон "Жээ, Богд Чингисийн минь зохиосон Бүгд Монголын зан журам минь" хэмээхэд үлдсэн найман ямтан бүгд зэргээр "Жээ, байжухуй" хэмээнэ. Үйлдсэн зан үйл бүрийг энд нэгд нэгэнгүй тайлбарлавал хэвлэлийн сурвалжилга биш угсаатны зүйн тэмдэглэл болчихын учир дараа өөр газар бичихээр амлаад цааш нь үргэлжлүүлье.

Тахилгыг зохион байгуулагчид дэлхий даяар тархан суурьшсан монголчуудаа аль болох татан оролцуулахыг хичээсний илрэл нь есөн ямтаны угсаатны бүрэлдэхүүн байлаа. Тухайлбал, Жонон, Хөх, Хонжин, Тууль нар нь Өвөр Монгол, Тайбуу нь Буриад, Тайш нь Тува, Чэрби нь Халимаг, Хасага нь Хазара, Манлай нь Тусгаар Монгол улсаас ирэгсэд байсан юм.

ГҮНЗИЙН ХҮРЭЭЛЭН ГЭЖ БАЙДАГ ШИГ ЧИНГИСИЙН ХҮРЭЭЛЭН БАЙГУУЛАХ ХЭРЭГТЭЙ

Үүний дараа тархан суурьшсан монголчуудын төлөөлөл үг хэлэв. Хазара Монголчуудыг төлөөлөн түүхч Ишак Мохаммади, Халимаг Монголчуудыг төлөөлөн "Билгийн далай" төвийн судлаач Цэцэн Надбитов, Тува иргэдийг төлөөлөн Андрей Кужугет үг хэллээ. Өвөр Монголчуудын төлөөлөл болсон зохиолч Б.Түмэн -Өлзий Монгол Улсын Ерөнхийлөгч гадаад дахь монголчуудаа нутагтаа ирэх уриалга гаргасан боловч яг өнөөгийн нөхцөлд улс төрийн боломж нь бүрдээгүй байгааг онцлов. Буриад Монголын эрдэмтэн Владимир Хамутаев Хятадын Гүнзийн Хүрээлэн дэлхий даяар Хятад соёлыг түгээж байдгийг дурдаад үүн шиг монголчууд бид "Чингисийн хүрээлэн"-г үүтгэж, хэл соёлоо түгээн дэлгэрүүлж явах ёстойг өгүүллээ. Миний бие эцэст нь тусгаар Монгол улсаа төлөөлөн мэндчилгээ хүргэхдээ Нармай Монгол үзэл улс төрийн хувьд биелэх боломжгүй ч оюун санаанд хил хязгаар гэж байдаггүйг, мөн дэлхий даяар тархсан олон монголчуудыг нэгтгэх үзэл санааны цөм нь хэл, соёл, шашин гэхээсээ илүүтэй Чингис хаан болж буйг дурдлаа.

ОНГОД ОРШДОГ УУ,

СҮНС БАЙДАГ УУ?

Тахилгын үеэр судлаач нар мөн илтгэл тавив. Профессор Николас Гайер Хазара нарыг шашных нь хувьд гадуурхан хэрхэн хөнөөсөөр ирсэн тухай тайлагнасан бол Массачусеттсийн Технологийн Хүрэээлэн (MIT) хэмээх нэртэй сургуульд хичээл зааж буй багш Буяндэлгэрийн Мандухай буриадууд бөө дээр яагаад очдог, бөөд хонио өргөснийхөө хариуд чухам юу хүлээн авдаг талаар сонирхолтой илтгэлээ. Тэрбээр орон нутагт очиж, бөөлөх ёслолыг нүдээр үзэн судалсныхаа эцэст онгод сүнс хэмээгч буусан үедээ болж өнгөрсөн түүхийг хэлдэг, сануулдгийг, жишээлбэл гучаад оны их хэлмэгдүүлэлтийг өгүүлж байсан нэгэн онгодын тухай яриад үнэхээр онгод байдаг эсэхийг мэдэхгүй, гэхдээ өнгөрсөн явдлыг ийнхүү өгүүлж буй нь мартсаныг сануулах, болж өнгөрснийг ном сонинд бичсэнээс өөрөөр хэлж өгөх ач холбогдолтой, тэр бүгдийг цуглуулаад байвал нэг сонин дүр зураг гарч ирэх боломжтойг ярив. Өөрөөр хэлбэл сүнс онгод гээч болж өнгөрснийг эргэн санах дуртгал хэлбэрээр оршдог гэсэн үг. Ингээд Мандухай буриадуудыг бөөд өргөсөн хониныхоо хариуд эрүүл мэнд, эд баялаг, амжилт гэхээсээ илүү аман түүх, домог сэлтийг хүлээн авдаг хэмээн дүгнэлээ.

НАРМАЙ МОНГОЛ ТОГЛОЛТ

Илтгэлийн дараа газар газрын монголчууд авьяас чадлаа үзүүлэн, ёстой л нөгөө "өвдөг газрыг өлчиртөл" бүжиглэн наадав. Вашингтон Хотын Монгол Сургуулийн хүүхдүүд Дашмагт, Ботго, Шигшрэгт, Цаатан, Уургатай адуучин бүжгүүдээр мэндчилгээ дэвшүүлсэн бол Буриад дуучин Аюуша, Дарина хоёр хурсан олныг уриалан дуудаж ёохор хатируулав. Тэр хоёр мөн "Түрүүшын дуран" хэмээх сайхан дуугаа өргөлөө. 17 настай Роберт гэж багашаархан америк залуу тува нараас хөөмий сурснаа үзүүлэв. Халимаг Монголчуудын "Орон нутаг" хэмээх хамтлаг дуу, бүжиг, хөөмий бүхий бүтэн тоглолт сонирхууллаа. Манай тусгаар Монгол улсын төлөөлөл мэргэжлийн жүжигчид учраас үнэхээр ялгарч байв. Дуучин Эрдэнэбатын Саран, Батчулууны Дэлгэрмаа, морин хуурч Хатанболд нар Хэлхээ аялгуу, Икэлийн аялгуу, Аягатай бүжиг, Үелзүүр, Монголын тал нутаг зэрэг аялгуу, дуу бүжгээрээ хурсан олон монголчуудын цөсийг хөөргөж, Чингис хаан хэмээх их өвгөөрөө бахархах сэтгэлийг нь бадраасан билээ.

ӨНЧИН ХҮҮХДҮҮДЭД ӨГЛӨГ ИЛГЭЭВ

Их эзэн Чингис хаанаа тайна, тахина гэдэг бол зүгээр нэг "саглагар модны доор найрладгийг" нь дуурайх төдий хэрэг биш, үйл хэрэг, үзэл бодлыг нь үргэлжлүүлэхийн нэр билээ. Өнчдийг асрах, ядуусыгг тойлох хааны бодлогыг Америкийн Монголчууд бас үл мартан үйлдэж, Монгол дахь Асрамжийн газарт хандив илгээх зорилгоор уран зургийн дуудлага худалдаа зохион байгууллаа. Худалдааг зохион байгуулсан Чимид Энхээ, Палжий нар уран зургуудыг дуудлагаар авсан мөнгө ямар нэг шимтгэл хуваарилалтгүйгээр 100 хувь Монгол дахь асрамжийн газарт хүрнэ гэдгийг онцлон хэлж байлаа. Арваад зураг дуудлагаар худалдсаны дотор Ардын зураач Амгалан гуайн гурван ч бүтээл байв. Худалдааг зохион байгуулагчдын хувийн цуглуулга ажээ.

Мундаг өрсөлдөөн болно хэмээн бодож байсан боловч тэгсэнгүй. Өрсөлдөөн өрнөсөнгүй гэсэн нь зургууд үнэд хүрсэнгүй гэсэн үг биш л дээ. Давид Содбинов гэж Принстоны их сургуульд ажилладаг халимаг эр дуудсан зураг бүрийн үнийг зуу зуугаар нэмэн, өрсөлдөгч гарч ирсэн тохиолдол бүрд хоёр, гурван зуугаар нэмж дуудсаар бүх зургийг авчихдаг юм байна. Доод тал нь 1000, дээд тал нь 5000 хүрсэн тэр бүх хөрөнгө Монголын өнчин хүүхдүүдэд хүрнэ гэж бодохоор бас л буянтай үйл хийлээ дээ, Давид Содбинов гуай.

Ийнхүү Америкийн монголчууд их эзэн Чингис хаанаа 27 дахь удаагаа тахилаа. Өнгөрсөн энэ бүх үйл ажиллагаа, зохион байгуулалт, хөрөнгө мөнгөний голыг Санж Алтан гуай нуруун дээрээ үүрсээр иржээ. Түүний нас өндөр болж, их ажилд түүртэн чилээрхэх болж. Тиймээс дараа жилээс тахилгыг Америкийн Монголчуудын Соёлын Холбоо бус, шинээр буй болох Чингис Хааны Дуртгалын Сан хэмээх байгууллага үргэлжлүүлэн хийж байхаар шийдвэрлэлээ.

"Өдрийн сонин"-ы Вашингтон хот дахь

тусгай сурвалжлагч

М.САРУУЛ-ЭРДЭНЭ

Гэрэл зургийг Т.ӨСӨХБААТАР

Онцлох нийтлэлүүд