Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Шар бич өдөр Улаанбаатар хотод өдөртөө 13-15 хэм дулаан байна Өдрийн сонинд нэрт нийтлэлч Баабар "Монгол-Зөвлөлтийн 1921 оны хэлэлцээр" хэмээн өгүүллээ Улаанбаатарт шөнөдөө 5 хэм хүйтэн байна 11 дүгээр ангийн сурагч галаас хүний амь аварчээ 1.374.796 ширхэг хувьцаа арилжжээ Тайланд хэрэглэсэн эмнэлгийн бээлийгээ АНУ-д экспортложээ Нийслэлийн 10 га газрыг нийтийн эзэмшилд бүртгэхээр болжээ “Gazprom” энэ онд Европт нийлүүлэх байгалийн хийн экспортын төлөвөө хэвээр үлдээлээ Шуурхай бүлэг Говьсүмбэр, Дорноговь, Өмнөговь аймагт ажиллаж байна Шар бич өдөр Улаанбаатар хотод өдөртөө 13-15 хэм дулаан байна Өдрийн сонинд нэрт нийтлэлч Баабар "Монгол-Зөвлөлтийн 1921 оны хэлэлцээр" хэмээн өгүүллээ Улаанбаатарт шөнөдөө 5 хэм хүйтэн байна 11 дүгээр ангийн сурагч галаас хүний амь аварчээ 1.374.796 ширхэг хувьцаа арилжжээ Тайланд хэрэглэсэн эмнэлгийн бээлийгээ АНУ-д экспортложээ Нийслэлийн 10 га газрыг нийтийн эзэмшилд бүртгэхээр болжээ “Gazprom” энэ онд Европт нийлүүлэх байгалийн хийн экспортын төлөвөө хэвээр үлдээлээ Шуурхай бүлэг Говьсүмбэр, Дорноговь, Өмнөговь аймагт ажиллаж байна
Цаг үе
2015.02.24 10:02

Амьдралын даатгал нь хүний эрх хэрэгжүүлэх санхүүгийн хэрэгсэл юм

Бид дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэхээр шийдэн хүний эрхийг дээдэлснээс хойш 20 гаруй жил өнгөрлөө. Монгол улсын Үндсэн хуулийн 2 дугаар бүлэг “Хүний эрх, эрх чөлөө” гэдэг нэртэй бө­гөөд энд монгол хүний амьд явах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах, хөрөнгө эзэм­ших, өмчлөх, ажил мэр­гэжлээ чөлөөтэй сонгох, өндөр наслах, эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тус­ламж авах, сурч боловсрох, халдашгүй, чөлөөтэй байх зэрэг эрхүүдийг тунхагласаныг бид бүхэн мэдэж байгаа.

Энэ тунхаг хэрхэн хэрэгжиж байна вэ. Хүмүүнлэг нийгэмд хүний эрхийг цаасан дээр тунхаглах нь нэг хэрэг, харин түүнийг хэрэгжүүлэх баталгаа буюу механизмыг бүрдүүлэх нь тийм амар хэрэг биш гэдэг нь өнгөрсөн хугацаанд харагдлаа.

Барууны өндөр хөгжил­тэй орнуудад хүний эр­хийг баталгаажуулах олон механизмуудыг зах зээлийн зарчимд нийцүүлэн хэрэгжүүлж байдгийн гол хэ­сэг нь даатгал юм байна. 1966 онд НҮБ-ын Ерөнхий ассамблейн 2200А тоот тог­тоолоор баталсан “Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн талаархи олон улсын гэрээ”-нд “Энэ­хүү гэрээнд оролцогч улс орнууд нийгмийн даатгалыг оролцуулан хүн бүрийн нийг­мийн хангамж эдлэх эрхийг хүлээн зөвшөөрнө” гэж заажээ.

Манай улсад социализмын үеэс эхлэн нийгмийн даат­галыг хэрэгжүүлж ирсэн бө­гөөд одоо хэрэгжиж байгаа даатгалын тогтолцоо нь түүнээс улбаатай. Энэ утгаараа одоогийн даатгалын тогтолцоо нь социализмын үеийн халамжийн шинжийг агуулсан хэвээрээ байгаа бөгөөд энэ ч утгаараа зах зээлийн зарчмыг бүрэн хан­гахгүй, учир дутагдалтай бай­гааг судлаачид сүүлийн үед ихээхэн шүүмжилж байгаа. Мэргэжлийн хүмүүс ингэж шүүмжлэхийн хамтаар одоо­гийн даатгалын тогтолцоо зах зээлийн шинжид төдийлөн нийцэхгүй байгаагаас цааш­даа явцгүй болж байгааг төр засаг ч ойлгож, ярьдаг болсон байна билээ.

Амьдралын даатгал нь эрдэнэт хүний амь нас, эрүүл мэндийг өргөн хүрээгээр даат­­гадаг ажиллагаа юм. Одоогийн нийгмийн даат­галтай харьцуулбал гэнэтийн ослоос гадна бүх төрлийн өвчин эмгэгээс даатгадгаараа давуутай. Мөн амь насыг тань таны эд хөрөнгөтэй, тухайлбал,орон сууцны зээл төлөх хугацаатай уялдуулсан зээлдэгчийн амь насны даат­гал ч байна.Таны амь насыг зөвхөн Монголдоо даатгаад зогсохгүй, дэлхийн аль ч оронд өдөр шөнөгүй үйлчлэх амь нас, эрүүл мэнд, хөдөлмөрийн чад­вар алдалтаас даатгах үйлчилгээнд ч хамруулна.

Амьдралын даатгал нь амь нас, эрүүл мэндээс гад­на хүний амьдрал ахуй, амь­жиргааг мөн даатгаж байна. Амьжиргаа гэдгийн доор нэ­мэлт тэтгэвэр, тэтгэврийн даатгалын өв залгамжлал, эрүүл мэндийн онцгой даат­галууд, хүүхдийн их, дээд сургуулийн төлбөрийн ху­римт­лал зэргийг хамруулан хэрэгжүүлдэг ажээ.

Амьдралын даатгалын энэ онцлогийг товчлон то­дор­хойлбол, эд баялаг, эд хөрөнгийг ердийн даатгалд даатгадаг бол хүний амь нас, ахуй амьжиргаа, бая­лаг бүтээгчдийг өөрийг нь амьдралын даатгалд даат­гадаг юм байна. Амьдралын даатгал нь ингэж Үндсэн хуульд заасан хүний амьд явах эрхийг илүү өргөн хүрээ­тэй хэрэгжүүлдэг.

Европод 17-18-р зууны зааг дээр амьдралын даат­галыг далайн тээврийн даат­галд нэмэлт болгон бие даа­сан бизнес хэлбэрээр үүсгэн байгуулжээ. Өөрөөр хэлбэл, далайн хөлөг он­гоц болон ачаа барааг даат­­гахын хажуугаар хөлөг онгоцны ахмадын амь насыг урт хугацаагаар даатгадаг байжээ. Ийнхүү эрдэнэт хүний амь насыг ачаа бараанаас илүүгээр үнэлж, түүгээр ч барахгүй, олон жилээр, урт хугацаанд даатгадаг болсноор даат­галын тогтолцооны хөгжилд чанарын нэг алхам хийгдэж, амьдралын даатгал үүссэн түүхтэй юм.

Амьдралын даатгал нь үнэхээр хүний амьдралын боломжит хэрэгцээ шаард­лагыг аль болох бүрэн дүү­рэн хангах зорилгоо улам бүр биелүүлэх болж, 1740 онд “Сайхан амьдралын ний­гэм­лэг”-ийг байгуулсан бол дараагаар анхны даат­галын компани “Шударга амьд­ралын даатгалын нийгэмлэг”нэртэйгээр үүгсэн байгуулагдаж, өнөөг хүртэл үйл ажиллагаагаа явуулж байна.

Цюрихт байрладаг Швей­царийн давхар даатгалын Swiss Re компанийн мэдээгээр 2013 онд дэлхийн хэмжээгээр амьдралын даатгалын нийт хураамжийн хэмжээ 2.6 их наяд ам.долларбайгаа бол ердийн /амьдралын бус/ даатгалын хураамжийн хэмжээ 2.0их наяд ам.доллар байгаа ажээ. Энэ нь зах зээлийн эдийн засагт амьдралын даатгал илүү ач холбогдолтой байдгийг харуулж байгаа юм.

Хүний эрхэд илүү нийц­сэн амьдралын даатгалын ердийн даатгалаас ялгагдах нэг зарчмын шинж бол түү­ний хуримтлалын шинэ ча­нар юм. Чухамхүү хүний амьдрал цаг хугацааны хувьд тасралтгүй үргэлжилдэг уч­раас мөнгөн хөрөнгийг ху­римт­луулан нэмэгдүүлэх за­маар хүний эрхийг эрсдлээс хамгаалдагаараа амьдралын даатгал гарцаагүй давуу талтай байдаг.

Одоогийн манайд хэрэг­жиж байгаа нийгмийн даат­гал нь хүн бүрийн эрхийг бүрэн дүүрэн хангах батал­гаа болж чадахгүй байгаа юм. Судлаачдын хийсэн тооцоогоор иргэд нийгмийн даатгалд төлсөн мөнгөнийхөө маш бага хэсгийг хүртэж бай­­гаа бөгөөд хуульд заас­ны дагуу хүүтэйгээр өсгө­сөн тохиолдолд ч гэсэн тэтгэв­рийнхэн нийгмийн даатгалд төлсөн мөнгөнийхөө сарын хүүгийнтодорхой хувийгл хүр­тэх боломжтой ажээ. Германы эрдэмтэн Эрнест Бендагийн үзэж байгаагаар хүний нэг чухал эрх болох өөрөө өөрийгөө мэдэх эр­хийн үүднээс авч үзвэл, ир­гэдийг амьдралын даатгалд хамруулсан тохиолдолд даат­галын шимтгэл төлөгч хувь хүн мөнгөө өөрөө өөртөө зо­риу­лан хуримтлуулж, хүссэн үедээ хуримтлуулсан мөнгөө зарцуулах эрхээ эдэлж, энэ эрхээ даатгалын механизмаар хам­гаалуулснаар хүний эрх илүү баталгаажих болно.

Орчин үеийн судлаачдын үзэж байгаагаар, нэг хүний эрх, эрх чөлөө таньтай зэрэгцэн амьдарч байгаа бусад хү­мүүсийн эрх, эрх чөлөөгөөр хязгаарлагдаж байдаг бо­ловч ийм хязгаарлалт аль болох бага байвал хүний эрх илүү хэрэгждэг ажээ. Энэ утгаараа, одоогийн манай нийгмийн даатгалын тогтолцоонд хэрэгжиж байгаа “эв санааны нэгдлийн зарчим” нь амьдралын даатгалтай харьцуулахад хүний эрхийг хязгаарлаад байгаа юм.

Үүнтэй холбогдуулан амьдралын даатгалын зарим төрлүүдийг авч үзье.

Одоогийн тэтгэврийн даат­галын хувьд даатгал төлөгч нь хуулиар тогтоосон, өөрийнхөө цалингаас хамаарсан, тогтмол хэм­жээний даатгалын шимтгэл төлж байгаад тэтгэвэртээ гарахаараа шимтгэлийн хэм­жээнээс хамааруулан улсаас тогтоосон тэтгэвэр авдаг. Ийм тэтгэвэр авч байгаад амь нас нь эрсэдсэн тохиолдолд тодорхой хэмжээний мөнгөн төлбөр аваад л зогсоно. Өмнө нь ажил хөдөлмөр эрхэлж байсан бүх хугацаанд төлсөн даатгалын хураамж тэр хүний ар гэрт ногдохгүй дуусна.

Манай оронд сүүлийн үед амьдралын даатгалын нэг төрөл болгон хэрэгжүүлж бай­гаа тэтгэврийн хуримт­лалын даатгал бол тэтгэ­вэрт гарахаараа авах тэтгэв­рийнхээ хэмжээг хувь хүн өөрөө урьдчилан тогтоогоод түүндээ дүйцсэн даатгалын хураамжийг тогтмол төлж, энэ хураамж нь урт хугацаанд хуримтлагдах юм. Ингээд тэтгэвэртээ гарсан хүн урьд­чилан тогтоосон тэт­гэврээ авна. Тэтгэвэр авч байгаад амь нас нь эрсдвэл хуримтлуулсан даатгалын хураамжийнх нь үлдсэн хэсгийг ар гэрт нь олгоно. Даатгуулагч нь энэ үлдсэн хэсгээ урьдчилаад хэн нэгэнд өвлүүлэн үлдээж болно. Хуримтлуулсан хураамжаа өөрийн хүссэн үед авч зарцуулж болно. Хуримтлал үүсгэж байх явцад гэнэтийн осолд орсон тохиолдолд мөн холбогдох хамгаалалтуудыг авч хэрэглэнэ.

Энэ бүхэн нь амьдралын даатгал нь хүний эрх, эрх ашигт илүү нийцэж, Үндсэн хуульд заасан өндөр наслах эрхийг илүү хэрэгжүүлж байгааг то­дор­хой харуулж байгаа юм. Сүүлийн жилүүдэд амьдралын даат­галын энэ чухал шинжийг хэрэгжүүлэх зорилгоор төрийн бай­гуул­лагаас “хамтын тэтгэврийн даатгал”-ыг хуульчлах талаар санаачилга гаргаж байна.

Амьдралын даатгалын бас нэг төрөл бол хүүхдийн сургалтын төлбөрийн ху­римт­лалын даатгал юм. Энэ тохиолдолд эцэг, эх нь хүүхдийнхээ их, дээд сур­гуулийн сургалтын төлбөрийн хуримтлалд сар шимтгэл төлж даатгал хамрагдсанаар 18 нас хүрсэн хүүхэд их, дээд сургуульд суралцах 4 жилийн хугацаанд сургалтын төлбөрөө бүрдүүлнэ. Их, дээд сургуульд ороогүй хүүхдүүд хуримлуулсан даатгалын хураамжаа авна. Даатгал үйлчлэх хугацаанд эцэг, эхийн аль нэгний амь нас эрсдвэл хүүхдэд 18 нас хүртэл даатгалаас тэтгэмж авна. Даатгалын хугацаанд хүүхдэд эмчилгээний зардал шаардлагатай болсон тохиолдолд хуримтлалаасаа зардал авч болно.

Энэ нь бас л Үндсэн хуульд заасан сурч боловсрох эрхийг илүү үр дүнтэй, санхүүгийн хувьд ачаалал багатай хэрэгжүүлж болдогийн тодорхой жишээ юм.

Ийм учраас зах зээлийн эдийн засаг хөгжсөн, хүмүүнлэг нийгэм бүрдүүлсэн гэгддэг өндөр хөгжилтэй орнуудад хүний эрхийг хэрэгжүүлдэг гол механизм болсон амьдралын даатгалд илүү ач холбогдол өгч байдаг юм байна.

Эдийн засагч С.ЭНХБААТАР

Онцлох нийтлэлүүд