ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Улс төр
2014.05.15 11:05

Анхан шатны гишүүдээ чадавхижуулна

Ардчилсан намаас сар бүрийн хоёр дахь долоо хоногт уламжлал болгон зохион байгуулдаг видео хурал өчигдөр болжээ. Хуралд Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь болон Нарийн бичгийн дарга Э.Батсуурь, О.Чулуунбилэг, Т.Мягмарсүрэн, Д.Анхбаяр нар оролцож, орон нутаг дахь намын удирдлагуудтай яриа өрнүүлсэн байна.
Энэ удаагийн видео хурлаар Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй “Сумын чуулган” сургалт хэлэлцүүлгийн талаар аймгийнхаа удирдлагуудад удирдамж, чиглэл өгчээ. Ардчилсан намын Хэрэг Эрхлэх Газраас  2014 оныг “Дотоод сургалтын жил” болгон зарлаж энэ онд 331 сумаар сургалт зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Намын байгууллагуудаас гаргасан саналын дагуу “Сумын чуулган” сургалт хэлэлцүүлэгт Ардчилсан намын анхан шатны намын бүх гишүүд, сум орон нутгийн иргэд хөдөлмөрчид, сонгуулийн насны сонгогч бүр оролцох бөгөөд сум бүрээс дэмжигч гишүүд хамрагдах юм.
Тус сургалт хэлэлцүүлэг нь Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн сумдаас эхлэх бөгөөд орон нутгийн намын гишүүдийг идэвхжүүлэх, сургалтанд хамруулах, чадавхжуулах, анхан шатны намуудын эв нэгдлийг сайжруулж уялдаа холбоог бэхжүүлэхээс гадна туршлага солилцуулах ач холбогдолтой юм.  Мөн Засгийн газар болон УИХ-ын хийсэн ажлыг авч хэлэлцэх бөгөөд цаашид хэрхэн ажиллах талаар гишүүд, анхан болон дунд шатны намын удирдлагын санаа бодлыг тусгах, Ардчилсан намын мөрийн хөтөлбөрийн хэргэжилтийг авч хэлэлцэж үнэлэлт дүгнэлт өгөх, мэдээлэл солилцох зорилготой аж.
Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь Шинэчлэлийн Засгийн газрын үйл ажиллагаа болон УИХ дахь олонхийн бүлгийн үйл ажиллагаа бодлого чиглэлийг гишүүд дэмжигчидэд тайлбарлах, орон нутагт сурталчилах, намын эв нэгдлийг хангах зорилготой талаар дурьдаад энэхүү үйл ажиллагаанд намын гишүүдийг идэвхитэй оролцохыг уриалав.

Онцлох нийтлэлүүд