Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Гадаад улс руу зорчих иргэдийн анхааралд ​Олон улсын математикийн олимпиадад Монгол Улсын баг 2 алт, 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ УОК: Хурдан морины уралдааныг орон нутаг тус бүрд нь зохион байгуулна "Вакцин хийлгэсэн ахлах ангийн хүүхдүүдийг танхимаар хичээллүүлэхээр төлөвлөж байна" гэв М.Уранцэцэг медалийн төлөө барилдахаар боллоо Токио-2020: Японы уран бүтээлчид улс орнуудын далбааг самурайн дүр болгон анимэ хэлбэрээр дүрсэлжээ МҮБХ: 128 бөхийн барилдааныг задгай талбайд зохион байгуулна М.Уранцэцэг ялалт байгуулж, шөвгийн наймд шалгарлаа ЭМЯ: 1442 хүнээс халдвар илэрч, зургаан хүн нас баржээ Өндрөөс үсрэхийг завдсан хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг аварчээ Гадаад улс руу зорчих иргэдийн анхааралд ​Олон улсын математикийн олимпиадад Монгол Улсын баг 2 алт, 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ УОК: Хурдан морины уралдааныг орон нутаг тус бүрд нь зохион байгуулна "Вакцин хийлгэсэн ахлах ангийн хүүхдүүдийг танхимаар хичээллүүлэхээр төлөвлөж байна" гэв М.Уранцэцэг медалийн төлөө барилдахаар боллоо Токио-2020: Японы уран бүтээлчид улс орнуудын далбааг самурайн дүр болгон анимэ хэлбэрээр дүрсэлжээ МҮБХ: 128 бөхийн барилдааныг задгай талбайд зохион байгуулна М.Уранцэцэг ялалт байгуулж, шөвгийн наймд шалгарлаа ЭМЯ: 1442 хүнээс халдвар илэрч, зургаан хүн нас баржээ Өндрөөс үсрэхийг завдсан хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг аварчээ
Нийгэм
2021.07.22 09:07

Арвайхээрийн талаас Алтайн их уулс хүртэл

Алтайн өндөр уулсаар хүрээлэгдэх Ховд аймгийн Булган сум

Сүүлийн гурван жилийн хугацаанд Дарханы замын хэцүүг мөн ч их шуугив. Зөвхөн Дарханы замд тэдэн хүн ослоор эндээд байна, тэдэн хүн осолдож гэмтэл авчээ, төдөн сая төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан, Засгийн газраас нөхөн төлбөр авна гэхчлэн дээрх замтай холбоотой хэл ам тасралтгүй явсаар өнөөдөртэй золгосон. Харин энэ их шуугианд Арвайхээр хүртэлх аймшигтай замын нөхцөл байдал дарагдсаар ирсэн юм уу даа.

Сөрөг урсгалаас ирэх тээврийн хэрэгсэл зөрөхөд ч бэрх нарийхан зам онгорхой цоорхойгоор дүүрчихэж. Удаанаар уухилан зүтгэх том тэргийг гүйцэж түрүүлэхэд өндөр эрсдэл дагуулах энэ замд засвар үйлчилгээ хийх цаг аль хэдийнэ иржээ. Хамгийн эмзэглэмээр нь “там” шиг болчихсон энэ зам аялагчдын хөлд дарагдчихаад байгаа юм.

Дугуйгаа солихоор зам чөлөөлсөн жижиг тэргүүд ар араасаа эгнээд зогсчихсон дүр зураг энд олон тааралдана. Хөл хорионд хэдэн сар суусан хүмүүс ч бөөн бөөнөөрөө хөдөөг зорьж байгаа бололтой. Гадаа үзэгдэх орчин хязгаарлагдмал болмогц бидний баг учирч болох эрсдэлээс сэргийлж ойр хавиараа хоноглоод ургахын улаан нарнаар аяллаа цааш үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн юм.

Ингээд аяллын маршрутаа бага зэрэг өөрчилж Архангайн Хашаат сумын Номгон багт саатлаа. Зам дагуух гэрээр орвол сумын алдарт уяач н.Сүрэнхорлоо гуайнх ажээ.

Арвайхээрийн тал

Цай цүй болсон бид ширээ тойрч суугаад гал дээр тавьсан мах болохыг хүлээх зуурт халуун яриа дэлгэлээ. Наадмын орой байж таарсныг ч хэлэх үү бидний яриа төд удалгүй Нийгмийн хонгор, Н.Дарамренчингийн алаг, Э.Эрдэнэчулууны шарга гээд л домогт хурдан хүлгүүд рүү явж орчихлоо. 20 гаруй жил адууны дэл сүүл боож буй уяач ах ч хурдан морь гэхэд л нүд нь гэрэлтээд ирэх юм билээ. Хөдөөний хөх уяач ах ковидын эрсдэлтэй бүсээс очсон биднээс цэрвэх болов уу гэх бага зэргийн айдас байсан ч огт тоосонгүй. “Манай багийн гурван ч хүн өнөөх гайхлыг зооглосон талаар энэ голоор л нэг шуугьсан. Сумын эмнэлэгт очиход нь витамин c уулгаж байгаад хэд хонуулаад гаргачихсан гэнэ лээ. Өнөө хэд нь ч тоосон шинжгүй явж л байна” гээд гаансаа нэрлээ.

Хашаат суманд энэ жил хүн малын зоо тэнэгэр дэлгэр сайхан зун айлсчээ. Эрт ногоо зуусан морьд нь ч тамиртай, баргийн наадамд л гүйцэгдэхээргүй хурдан байсан гэнэ.

Наадам үзэгчгүйгээр тэмдэглэх Засгийн газрын шийд сонссон Номгон багийнхны зарим нь ч 100 жилийн ойдоо тоосоо өргөхөөр улсын нийслэлээ зорьж. Харамсалтай нь Засгийн газар амнаасаа буцаж хулхидсанд нь өвгөн уяач сэтгэл дундуур байгаагаа хэлнэ лээ. Морь уях малчдын тоо сүүлийн жилүүдэд эрс цөөрснийг н.Сүрэнхорлоо гуай онцолж байна. Энэ нь өнөөх л цус холилдсон эрлийз адуунуудтай шууд холбоотой гэв. Малчин хүний их ажлын хажуугаар эрлийз адууг бөөцийлнө гэдэг боломжгүй талаар ярина лээ. “2000 оны дунд үед манай суманд нэг насанд л 80 орчим

морь уралддаг байлаа. Айл бүрийн эрчүүд л адууны сүүл боодог байсан юм. Сүүлийн жилүүдэд морь уядаг хүн байхаа больжээ. Эрлийз адуутай уралдуулж монгол адуугаа тамлахыг боддоггүй биз. Сумын наадамд нэг насанд эрлийз хурлийз нийлсэн 20 орчим амьтад л давхидаг болж. Малчид ч зарим нь тоохоо больсон байна. Нөгөө талд хүүхдийн аюулгүй байдлын асуудал хурцаар яригдах болж. Унаач хүүхэд эндсэн тухай мэдээлэл чих дэлсэх болж. Энэ нэг талаараа янз бүрийн тариа хэрэглэж бордуулаад газлуу юм шиг давхидаг эрлийз адгуустай холбоотой. Монгол адууны давхил зөөлөн учраас зайдан унаад л уралддаг байлаа шүү дээ. Мориноос хүүхэд унаж гэмтлээ гэж дуулдаггүй л байсан. Эрлийз адуу монгол өв соёлд нэвтэрснээс хүүхдийн амь нас эрүүл мэндэд заналхийлэх боллоо.

Энэ нь даамжирч хурдан морины уралдааныг хориглох дээрээ тулж ирээд байна. Эрлийз адууг мөнгөөр бөөцийлж уралддаг бизнесмэн улс тусдаа морин тойруулгад уралдаж байх нь зөв болов уу. Шинэ цагийн монгол адуу гэх цус холилдсон эрлийзүүдээс болж энэ их өв соёлд аюул нүүрлээд байна” гэж сэтгэл дундуур өгүүлж байна. Малчид морь уяхаас цааргалдаг болсон шалтгааныг н.Сүрэнхорлоо гуай ийн тайлбарлаж байна. Унаач хүүхдийн амь нас аюулгүй байдал ч нэг талаараа галзуу юм шиг хурдалдаг эрлийз адгуустай салшгүй холбоотойг тэрбээр шулуухан хэлсэн юм. Залуусыг хөдөөд уядаг зүйл нь хурдан морь гэдгийг энэ нутгийнхан дор бүрнээ л ярьж байна. Энэ өв соёл орхигдвол хөдөөд мал дагасан хэдэн хөгшчүүлээс өөр хүн үлдэхээргүй байгаа нь эндээс харагдаж ил тод байна. н.Сүрэнхорлоо гуайн хэд хэдэн ач зээ ч хот бараадсан гэнэ. Цаашид хэдэн малыг маань хэн адуулж явахыг хэлж мэдэхгүй байгаа талаараа өвгөн уяач халаглаж сууна.

Өглөө эртлэн боссон бид Арвайхээрийн уудам талаар аажуухан явсаар аймгийн төвийн бараа харлаа. Постоор нэвтрэхэд янз бүрийн зүйл асууж шалгаасангүй. Арвайхээр хотоос цааш гарангуут баахан морьдын хөшөө босгочихсон нь содон харагдана.

Байтаг богдын тулгаралт энд болсон

Цааш тонгойгоод Нарийнтээл сум орох замаар айлууд ярайтал буужээ. Хүн малын зоо тэнэгэр дэлгэр сайхан зун Өврийн хангайд болж байна. Харин Баянхонгорын Өлзийтийн суурин дөхөж ирээд зэлүүд талтай угтаж байна. Хаа нэг л ганц нэгээрээ буусан айлууд харагдана. Ногооны гарц дажгүй байгаа ч малчид нь бүгд нүүжээ. Малчидтай уулзахад энэ бүс нутагт өвсний чанар муудаж, шарилж их ургах болсон гэж байв. Бороо хур элбэг байгаа ч ургамлын чанар муу байгаа гэнэ. Үндсэндээ дүүрэн шарилж л ургаж. Энэ нь бэлчээрийн даац хэтэрсэнтэй шууд холбоотойг иргэд онцолсон юм. Малын тоо бус чанарт анхаарах цаг аль хэдийнэ ирснийг ч хэлж байлаа. Өөрөөр хэлбэл, олон мал өсгөсөн малчныг шагнаж урамшуулах бус, малынхаа үүлдэр угсаанд анхаарч ач холбогдол өгсөн малчдыг засгаас урамшуулах цаг ирснийг Хонгор нутгийнхан хэллээ. Дээрх жишиг рүү нэн даруй шилжихгүй бол нийт нутгаар бэлчээрийн хомсдол үүсэх эрсдэлтэй байна. Энэ янзаараа явбал Улаанбаатар тойроод битүү шарилж ургах аюул ойрхон байгаа аж. Магадгүй бид шарилжин дунд салхилдаг цаг үе ч ирж мэдэх нь.

Баянхонгор аймгийн төв рүү ороход цэрэг хувцастай нөхдүүд машины хаалганд лац хадчихаад “Битгий зогсоорой, гарахад чинь лац шалгана шүү” гэж ёоз муутайхан хэлээд хурдхан холдоно лээ. Аймгийн төвөөр ороход ч аж ахуйн нэгжүүд нь хаалттай байсан юм. Тус орон нутгийн иргэдийн зарим нь зуны цагт, тэр дундаа наадмын үеэр нь гайгүй ашиг орлоготой ажилладаг юм. Баруун аймгийг чиглэсэн аялагч нар зам дагуух зоогийн газраас хоол идээд, дэлгүүрээр орж жаал жуул хүнс базаагаад гарахад л шаггүй ашиг хийчихдэг талаар иргэд хэлж байлаа. Энэ зуны тухайд аймгийн удирдлагууд аж ахуйн нэгжүүдийнхээ ашиг орлогыг түгжиж хаячихаад байгаа аж.

Цааш явсаар Говь-Алтай аймгийн төв рүү ортол аялагчид дэлгүүрүүдийнх нь лангууг хоослоод орхижээ. Зоогийн газрууд нь аялагчдын хөлд дарагдаж. Дугуй засвар зэрэг газрууд нь ч дараалал ихтэй харагдлаа. Дэлгэрийн тал, Шаргын говь гээд газруудаар зуншлага тааруу, эл хуль байна лээ. Мал бүхий иргэд нь ч ногоо бараадаад нүүгээд явчихаж. Хаа нэг тааралдах хэдэн тэмээнээс өөр амьд амьтан энд алга.

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн нутаг Ховд аймгийн Зэрэг сум, Алтан тээлийн хөндийд хүрч очлоо. Баатархайрханы өвөр Жаргалант хайрхан уулсын бэлд орших энэ сум баяр наадмын өдрүүдэд эл хуль байна. Сумын төвийн айлууд нь бүгд шумуулнаас дайжиж уул руугаа нүүгээд явчихсан. Уулан дээрээ бол дэлгэр сайхан зун болж байгааг сумаа сахиж үлдсэн дэлгүүрийн худалдагч эмэгтэй ярьж байсан юм. Ингээд орой дээр үүл хурсан Сутай хайрханы барааг алсаас харчихаад баруун хязгаар Ховд аймгийн Булган сумыг зорихоор хүлгийн жолоо заллаа. Замдаа Манхан, Цэцэг, Мөст гээд сумдаар дайрч сүрлэг хадан хясаанууд сүлжиж явсаар Алтай суманд очлоо. Энд газар бүрийн аялагчид Бодончийн хавцал үзэхээр цуглажээ.

Тэнгэр баганадсан өндөр уулсын завсраар сэрүүн горхи мяралзан урсаад баруун Алтайн үзэмжийг эндээс л харах юм билээ. Саяхныг хүртэл хад асга дамжиж, хэцүү зам туулж хүрдэг байсан Бодончийн хавцал руу хар зам тавьснаар аялагчдын хөлд дарагдах болжээ. Энэ хавийн айл өрхүүд ч аялагчдад сүү цагаан идээ борлуулаад хөөрхөн ашиг олоод байх боломж бүрдчихэж. Сумын төвийн иргэд нь ч үндэсний дээл хувцсаа аялагчдад борлуулаад ойр зуурын хэрэгцээний мөнгөө зохицуулчихдаг бололтой юм. Баруун Алтайн гайхамшгийг сонирхсон аялагчдын цуваа ч энд тасрахгүй шинжтэй юм билээ. Өвлийн цагт илүү үзэмжтэй гэж нутгийнхан яхьж байлаа. Өгсөж уруудсан зам нь өвлийн цагт мөстчихвөл эрсдэл өндөртэй санагдсан. Ямартаа ч дэд бүтэц хөгжсөнөөр сумын иргэдийн амьжиргааны түвшин үлэмж хэмжээгээр дээшилснийг тэндхийнхэн дуу нэгтэй хэлж байна.

Алтай сумаас цааш 100 хүрэхгүй километр давхиад торгууд түмний нутаг Булган суманд хүрч очлоо. Булган голын хөвөөнд орших энэ сум БНХАУ-тай хиллэдэг. Сумын иргэдийн олонх нь жимс ногоо тариалж аж амьдралаа залгуулдаг гэнэ. Булган голынхоо салаа татаж усалгааны асуудлаа бүрэн шийджээ. Энд цар тахал гэж ажлаас хойш сууж байгаа хүн алга. Жимс ногоогоо

тордож, зэрлэгийг нь зулгааж тонголзсон хүмүүсийн дүр зураг олон тааралдсан юм. Сумын төвөөрөө битүү мод тарьчихсаныг нь харахад Өмнөд Монголын аль нэг аймагт ирчихсэн билүү ч гэж эргэлзэхэд хүргэх юм билээ. Энд тарвас, гүзээлзгэнэ, алим, лийрээс өгсүүлээд тарихгүй жимс гэж бараг алга. Удахгүй ургацаа хураах гэнэ. Заримыг нь БНХАУ-ын зах зээлд нийлүүлдэг аж. Заримыг нь долоо хоног бүр Улаанбаатар руу том оврын хүнсний машин ачаад явуулдаг гэв. Ямартаа тарьсан жимс ногоог нь хүн авахгүй муудах эрсдэл тариа ногоо эрхлэгчдэд байдаггүйг нутгийн иргэд хэлж байна. Эндээс харин хот руу дайжаад байх хүн бараг байдаггүй аж. Хөдөлмөрлөж хөлсөө гаргах л юм бол амьжиргаагаа өөд нь татаад явах боломж нээлттэй байдаг ажээ. Түм түжгэнэж, бум бужигнасан баруун хязгаарын Булган суманд 11 мянган хүн аж төрж байна. Аялагч нартайгаа нийлэх юм бол үүнээс ч хол давахаар юм билээ. Иргэд нь цаашид цар тахалтай хөл нийлүүлж алхахаа аль эрт ухамсарлажээ. Аялахаар ирсэн хүмүүст жимс, ногоо, талх тариагаа борлуулах талаар тархиа гашилгах юм билээ. Аялагч нарын тав тухыг хангах үүднээс буудлууд нь ч тав тухтай санагдсан.

Улсын нийслэлээс 1855 км-ийн алс баруун хязгаарт Алтайн уулсаар хүрээлэгдэн орших Булган сумыг жуулчид зорьж байгаа шалтгаан нь Байтаг богд уул. Саявтар тус газарт “Байтаг богд” уран сайхны киног бүтээснээс хойш очиж үзэх хүмүүсийн тоо ч эрс нэмэгджээ. Сум орон нутгийн удирдлагууд ч тулгаралт болж байсан газарт сүүдрэвч байршуулж, шат тавьж тохижуулсан байна. Тус тулаанд оролцсон 10 баатрын хөшөөн дээрээс гоминдануудын орж ирсэн Бүдүүн харгайтын гол болоод хилийн манаанд гарч байсан дайчдын байрлалаа эзэлж байсан хоёр толгой зэргийг бүрэн харах боломжтой юм билээ. Энэ газар нутаг ямар их үнэ цэнээр олдсоныг Байтаг богд ууланд очсон хүн бүр мэдрээд буцдаг байна.

Алс баруун хязгаар торгууд түмний нутаг Минжит Булганы хөдөлмөрч иргэд сумандаа сайхан амьдарч байна. Энэ нутгийн хөдөлмөрч зон олны дундаас төрсөн нэрт бизнесмэнүүдийн цуваа “Таван богд групп”-ийн захирал Ц.Баатарсайхан, “Номин Холдинг”-ийн захирал А.Шагдарсүрэн, “Дашваанжил ХХК”-ийн захирал Н.Баатаржав нараар үргэлжилнэ.

Онцлох нийтлэлүүд