Өдрийн сонин үнэнийг хэлнэ
АНУ пуужингийн туршилтаа зогсоож, хэлэлцээгээ үргэлжлүүлэхийг БНАСАУ-д уриалжээ Улаанбаатарт шөнөдөө 5 хэм хүйтэн Зөвлөгөө: ​Халдварын авсны дараа хэт ачаалалтай дасгал хийх нь уушгинд сөргөөр нөлөөлнө ОБЕГ: 75 настай иргэн гэртэйгээ шатаж нас баржээ Улсын Харцага Т.Баасанхүү Лигийн анхны барилдааны аварга боллоо Хогийн цэгийг хүүхдийн тоглоомын талбай болгон өөрчилжээ БНХАУ болон ОХУ-ын тэнгисийн хүчин Номхон далайд хамтарсан эргүүл хийв "Арьс шир, ноос ноолууран бүтээгдэхүүн-2021" үзэсгэлэн худалдаа болж байна Монгол Улс аж ахуйн нэгжүүдээ тоолно Наса “Артимес-1” хөлгийг сар луу хөөргөх хугацааг хойшлууллаа АНУ пуужингийн туршилтаа зогсоож, хэлэлцээгээ үргэлжлүүлэхийг БНАСАУ-д уриалжээ Улаанбаатарт шөнөдөө 5 хэм хүйтэн Зөвлөгөө: ​Халдварын авсны дараа хэт ачаалалтай дасгал хийх нь уушгинд сөргөөр нөлөөлнө ОБЕГ: 75 настай иргэн гэртэйгээ шатаж нас баржээ Улсын Харцага Т.Баасанхүү Лигийн анхны барилдааны аварга боллоо Хогийн цэгийг хүүхдийн тоглоомын талбай болгон өөрчилжээ БНХАУ болон ОХУ-ын тэнгисийн хүчин Номхон далайд хамтарсан эргүүл хийв "Арьс шир, ноос ноолууран бүтээгдэхүүн-2021" үзэсгэлэн худалдаа болж байна Монгол Улс аж ахуйн нэгжүүдээ тоолно Наса “Артимес-1” хөлгийг сар луу хөөргөх хугацааг хойшлууллаа
Цаг үе
2018.12.20 08:12

Ардын жүжигчин Н.Сувд: Би театрт, урлагт муу ажиллах эрхгүй хүн

Монгол Улсын төрийн соёрхолт, ардын жүжигчин Намсрайн Сувдтай ярилцлаа.


- Монголын орчин цагийн түүхэн уран сайхны Мандухай сэцэн хатан кино дэлгэцийн уран бүтээл болоод 30 жилийг үджээ. Киноны хөгжим Монгол Улсын төрийн хошой шагналт, ардын жүжигчин Н.Жанцанноровын шилдэг бүтээлүүдийн нэг. Энэ киноны хөгжмийн концерт болох гэж байгаа. Киноны хөгжмийн талаарх таны сэтгэгдлээр ярилцлагаа эхэлье?

- Анх Мандухай хатны дүрд намайг шууд сонгочихоогүй л дээ. Шихэр хатанд тоглоно гээд хуваарилчихсан байсан шүү. 1987 онд хөгжмийг тухайн үеийн дуурийн симфони найрал, найрал дуучид, чуулгын үндэсний найрал хөгжим, уртын дуучин Н.Норовбанзад, Д.Баттөмөр, Д.Түвшинжаргал, Д.Банзрагч, хөөмэйч Д.Сундуй зэрэг гоцлоочид оролцож Ж.Чулуун ерөнхий удирдаачаар ажиллан бичлэг хийлгэж байсан юм. Киноны хөгжмийг би түүхийн, үндэсний, уламжлалт хөг аялгуу дээр хэрхэн шинэчлэл оруулсан тод жишээ гэж боддог. Орчин үеийн болгон чихэнд наалдацтай сэтгэлд хүрэхүйцээр хийж чадсан бүтээл. Анх “Мандухай сэцэн хатан” кино бүтэх үед Н.Жанцанноров маань кино үйлдвэрт ирж хөгжмөө төгөлдөр хуур дээр тоглож өгч байсан нь санаанаас гардаггүй. Үндсэн аялгууг нь чамд зориулж бичиж байгаа юм гэж билээ. Үүнийгээ цохиур, хөөмий, морин хуур гэх зэрэг олон янзын хөгжим хослуулж, хоолойгоор аялгуу оруулна гэж ярьж байсан. Яг л тэр загвараараа их нийцтэй болгож бичсэн, сайхан аялгуутай хөгжим.

-Мандухай сэцэн хатан кинонд та 40 настайдаа тоглож байсан. Анхны дүрээ хэдэн онд бүтээж байсан бэ?

- Островскийн “Инжгүй хүүхэн” жүжгийг драмын театрт 1973 онд тавьсан юм. Ларисагийн дүрийг бүтээсэн. Үнэхээр гайхалтай, эмэгтэй жүжигчин бүрийн мөрөөддөг жүжиг л дээ. Паратовын дүрийг хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Ц.Гантөмөр бүтээсэн. Хөдөлмөрийн баатар Г.Гомбосүрэн гуай бас тоглосон. Ардын жүжигчин Д.Цэрэндулам, соёлын тэргүүний ажилтан Б.Баатархүү, гавьяат жүжигчин З.Жарантав, Латиф, Ж.Норолхоо, Я.Оюунцэцэг, Д.Гомбожав, Шагдаржав гээд манай театрын аваргууд хамт тоглосон доо. Оюутан үедээ би телевизийн киноны янз бүрийн бүтээлд дадлагын ажлаар оролцдог байлаа. Төгсөөд баримтат кино зохион байгуулах ажилд оролцсон. Монголд ирээд тоглосон уран сайхны хамгийн анхны кино маань “Эхлэл”. Манай холбооны 50 жилийн ойд зориулсан кино байгаа юм. Тухайн үед Уран сайхны зөвлөл чанар муутай кино болсон гэж шүүмжилж байсан ч өнөөдөр үзэгчид энэ киног сайхан болж гэдэг. Энэ кинон дээр жүжигчин Б.Баатархүү, ардын жүжигчин С.Гэндэн гуай нартайгаа хамтарч ажилласандаа баяртай байдаг. Мөн кино урлагийн сургууль төгсөж ирсэн найруулагч Г.Жигжидсүрэн оператор Баатар, Л.Батцэрэн гэх мэт дан залуу уран бүтээлчид хамтарч ажиллаж байсан юм.

- Та тайз, дэлгэцийн олон уран бүтээлд дүр бүтээж байсан. Тэр дундаа Хань кинонд бүтээсэн дүр тань үзэгчдийн сэтгэл зүрхэнд тод үлдсэн дүрүүдийн нэг гэж боддог?

-Ч.Гомбо гээд кино зохиол сайхан бичдэг зохиолч байсан юм. Найруулагч Б.Сумхүү гуай, оператор Баатар, Б.Балжинням хамтарч энэ киног бүтээсэн. Найруулагч маань анх надад санал тавихдаа энэ киноны зохиолыг бичихээс эхлэн чамайг гол дүрд нь тоглуулахаар бодож бичсэн гэж хэлж байсан. Айх, санаа зовох хэрэггүй гэж хэлж байлаа. Б.Балжинням маань киноны зохиомжыг дүрслэлээрээ гаргаж чаддаг мундаг хүн байсан даа. Энэ кино маш олон хүмүүсийн хүч хөдөлмөрөөр бүтсэн учраас үзэгчдэд тод үлдсэн байх. Хань гэж ямар байх ёстой вэ гэдгийг тод томруун сайхан гаргаж өгсөн кино.

-Социализмын үе, ардчиллын он жилүүд гэж ирээд ярьдаг. Урлагт хуучин нийгмийн, шинэ цагийн гэсэн ялгаа байна уу, урлагийн бүтээл гэх үнэ цэнэ талаас нь асууж байгаа юм шүү?

-Би бол ялгаа олж хардаггүй. Ур чадварын өндөр түвшинд хийсэн киног өнөөдөр ч бай өнгөрсөн цаг хугацаанд ч, аль ч цаг хугацаанд шаардагддаг зүйл. Үзэгчдийн эрэлт хэрэгцээг хангаж чадаж байна уу, үгүй юу гэдэг тухайн үед ажиллаж явсан уран бүтээлчдийн ур чадварын түвшин, сэтгэх чадвар, цаг үеэ хэр мэдрэхээс их шалтгаалдаг гэж боддог. Өнөөдөр ч тэр хуучин цагийн бүтээл, кинонуудыг үзэгчид үзээд бахархдаг. Урлаг нэг л хэмжүүртэй. Аль ч цаг хугацаанд уран бүтээлийн өндөр чанартай, ур чадварын өндөр түвшинд бүтсэн байх ёстой. Өдгөө киноны хувьд техник технологийн шинэ ололт, амжилтууд нөлөөлж байна. Дан ганц кино бус тайзан дээр ч мөн адил шинэ техник технологи нэвтэрч өөрчлөгдөж байгаа. Өнөөгийн нийгэм энэ салбарынхнаас ур чадвар, техникийн өндөр мэдлэг, хурдацтай хөгжлөөс хоцролгүй салбараа авч явах чадварыг шаардаж байна.

-Түүхэн кино мэдээж маш том багийн хийх ажил. Үзэгчдийн хамгийн их үздэг түүхэн кинонуудад Мандухай сэцэн хатан, Мөнх тэнгэрийн хүчин дор хоёр нэн тэргүүнд бичигдэх байх. Түүхэн дүрүүдээ хараад өөртөө ямар дүн тавьдаг вэ?

- Бүхий л кино маш том албыг бүрдүүлж байж бүтдэг. Хийсэн бүтээсэн бүх зүйлээ эргээд харахад сэтгэл 100 хувь дүүрэн байхгүй л дээ. Мэдээж дүрээ хараад энэ үйлдэл дээр арай өөр байх байж гэх бодол төрдөг. Ялангуяа дэлгэцийн урлагийн дүрээ эргээд засах боломжгүй. Тайзны уран бүтээлийг өдрөөс өдөрт шинэчлэгдэж, сайжруулж болдог. Тайзан дээр ажиллах үедээ өдөр болгон шинэ байх, дутуугаа гүйцээх гэж ажиллах бололцоотой.

-Таныг жүжигчний гараагаа эхэлж байх цагийн уран бүтээлчдийг алтан үеийнхэн гэж тодотгодог. Монголын урлагийн түүхэнд тод мөртэй тэдний тухай ярих хүмүүсийн нэг нь та. Алтан үеийнхний тухай дурсамжаар тань ярилцлагаа үргэлжлүүлье?

- Тэр үеийн уран бүтээлчид хоорондоо хамтарч их ажилладаг байсан. Миний хувьд мэндэлсэн цагаасаа л уран бүтээлч гэр бүлийн орчинд төрж, өсөж, одоо өтөлж байна. Анх намайг урлагт ороход Ц.Цэнд-Аюуш гуай, Р.Дамдинбазар гуай, У.Осор гуай, Товчин эгч, Бадамгарав гуай, Б.Дамчаа гуай гээд ахмад үеийн мундаг хүмүүс маань тосож авч байлаа. Энэ хүмүүсийн түшиж тулсан тэр их хайр халамжид өдий зэрэгт хүрсэн дээ. 1970-1973 оны хооронд Кино үйлдвэрт, 1973 оноос хойш өнөөдрийг хүртэл Драмын театртаа ажиллаж байна. УДЭТ-т ажиллаж эхлэхэд Э.Оюун гуай, Д.Цэрэндулам, Т.Хандсүрэн, А.Долгор, Д.Долгорсүрэн гуай, Цэвээнжав гээд л хар багаас мэдэх алдартай хүмүүс төрсөн хүүхдээсээ ялгалгүйгээр сайхан хайр, сэтгэлээр өлгийдөн авч загнаж, зандарч, зөвлөж, намайг урлагийн хүн болгосон. Хуучин ахмад уран бүтээлчид өөр өөрийн тусдаа ширээтэй. Тэр нь их том. Одоо бол шинэчлэгдээд л байгаа. Сүүлд 1980-аад оны үед шинэчилж тэр ширээнүүдийг өөрчилсөн. Бидний үеийнхэн өөр өөрсдийнхөө эзэмшиж байсан ширээ, гэрэл, толио залуу хойч үедээ өгдөг уламжлалтай. Одоо хүртэл энэ уламжлал үргэлжлээд л явж байна. Анх намайг театрт ажилд ороход Долгор, Хандсүрэн гуай хоёр “Сувд аа, чи бид хоёрын ширээн дээр суугаад юмаа хуваагаад хийчих” гэж хэлж байж билээ. Дараа нь Ч.Цэнджав гуай ширээ, толь, гэрлээ надад өгч байсан. Би театрт, урлагт муу ажиллах эрхгүй хүн. Ахмад үеийн мундагуудын сэтгэл шингэсэн оюун бодол надаар дамжиж хойч үедээ үлдэх ёстой гэж боддог доо.

-Танай гэр бүлийн гурван гишүүн Төрийн соёрхолт болсон. Бас л давтагдашгүй түүх дээ... ?

-Манай аав И.В.Сталины “Ленинизмийн асуудлууд” номыг монгол хэлнээ хэвлүүлж Төрийн шагнал хүртсэн. Ээж маань бие даасан тоглолтоороо Төрийн шагнал авсан. Би “Мандухай сэцэн” киноны дүрээрээ Төрийн шагнал хүртсэн. Дээрээс нь аав маань хэвлэл мэдээллийн салбарт олон жил ажиллаж Соёлын гавьяат зүтгэлтэн болсон. Ээж Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин болтлоо явлаа. Миний дүү Н.Ганхуяг СГЗ цол авсан. Ийм сайхан гэр бүлд төрж өссөндөө баярладаг. Энэ бол дааж явах ёстой үүрэг хариуцлага гэж боддог. Миний уран бүтээлийг хамгийн их шүүмжилдэг хүн бол ээж, дүү нар маань. Ээж маань мэргэжил нэг учраас маш их түшиг тулгуур болдог.

-Урлагийн гэр бүлийн амьдрал таныг урлагт ороход нөлөөлсөн үү?

- Нөлөөлөлгүй яахав. Миний ээж уран бүтээлч хүн. Аль ч мэргэжлийн эцэг эхчүүд хүүхдэдээ нөлөөлнө. Өссөн орчин хүүхдийг мэргэжлээ сонгоход, өөрийн гэсэн үзэл бодолтой болоход гэр бүлийн орчин хамгаас их нөлөөлнө.

-Урлагийн хүмүүс тэр тусмаа эмэгтэй хүмүүс гоо сайхандаа их анхаардаг. Та гоо сайхандаа яаж анхаардаг вэ?

- Эмэгтэй хүн аль болох л сайхан харагдахыг хичээдэг. Тэрний л адил хүсэлтэй. Урлагийнхан олны нүдэнд ил байгаа болохоор сайхан харагдах нь үүрэг гэж ойлгодог. Би гоо сайханд тэр болгон ордоггүй. Хааяа нэг найз нөхөдтэйгөө гоо сайханд ордог.

-Баянхонгор аймгийн Жаргалант сумын сургууль таны аав Цэндийн Намсрайгийн нэрэмжит болсон. Та аавынхаа нутгаар очдог уу?

- Тэгэлгүй яахав. Тэр 10 жилийг байгуулагдсаны 70 жилийн ойг тэмдэглэхэд очсон. Энэ жил аавынхаа 100 насны ойгоор наадмын үеэр аавынхаа нутагт наадам зохион байгууллаа. Дүү нар маань ч хамт очсон. Аавынхаа 100 жилийн ойг саяхан тэмдэглэлээ. Жил өнгөрөх тусам миний аав үнэхээр биширмээр хүн байжээ гэдгийг мэдэрч байна. Аавынхаа 90 жилийн ойг тэмдэглэхэд ямар мундаг хүний хүүхэд байсан бэ гэж гайхаж байлаа. Одоо 100 жилийн ойг нь хийхэд бүр аавыгаа таньж мэдэх шиг санагдаж байна даа. Аав маань нэг үе “Үнэн” сониныг хариуцан ажиллаж байсан. Залуучуудыг дэмжиж гаргаж ирдэг хүн байсан юм байна лээ. Тэр үед Намын төв хороо, Засгийн газарт ажиллана гэдэг амаргүй байсан цаг. Аавыгаа олон улсын харилцаанд ч томоохон нөлөө үзүүлж байсан гэж боддог юм. Монгол Улсыг НҮБ-д элсч ороход гар бие оролцож, бүх үгийг нь боловсруулж хоёр сар гаруй хугацаанд ажилласан хүн дээ. Орчуулагч хүний хувьд ааваас өөр сайн орчуулдаг хүн олоход бэрх гэж нөхөд нь ярьдаг байсан. Манай аав олон улсын сэтгүүлчдийн холбооны дэд ерөнхийлөгч, Азийн шатрын холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан. Шатрын холбооноос гаргадаг алтан дэвтэрт нэр нь бичигдсэн хүн. Аавынхаа 100 жилийг тохиолдуулан ном гаргасан. Одоо удахгүй баримтат кино хийх гэж байгаа. Аавын минь төрсөн ах 1937 онд хамгийн анх хэлмэгдсэн 13 хүний нэг нь байсан. Гэгээрлийн сайдаар хоёр ч удаа томилогдон ажиллаж байсан юм билээ. Манай удмынхан Монголын боловсрол, соёл, шинжлэх ухааны салбартай эртнээс холбогдсон хүмүүс юм байна гэдэг нь эндээс анзаарагддаг. Би ааваараа их бахархдаг даа.

-Удахгүй шинэ жил боллоо. Та шинэ жилийг хэрхэн тэмдэглэдэг вэ?

-Театр болоод сургуулийнхаа шинэ жилд орно. “Саран ээж” нийгэмлэг маань бас шинэ жилээ хийнэ. Ихэнхдээ гэртээ шинэ жилдээ угтдаг. Энэ жилийн хувьд би шинэ жилээр Монголдоо байхгүй байх.

-Та саяхан Тэрбумын хэрэг кинонд залуу уран бүтээлчидтэй хамтарч тоглосон. Залуу үеэ хэр дэмжиж ажилладаг вэ?

- Манай драмын театрт мэргэжлийн сургууль төгсөж ирсэн шилдэг залуус маань ажилладаг. Тэдний гурван уран бүтээлч маань хамтлаг байгуулаад хамтарч уран бүтээлээ хийсэн. Энэхүү киноны найруулагчаар А.Миеэгомбо ажилласан. Эдгээр залуус маань хамтарч кино хийх төсөл бичлээ. Энэ кинондоо тантай хамтарч ажиллах саналтай байна. Бидэнтэй хамтарч ажиллаж туслалцаа үзүүлээч гэж урьсан. Тус болох зорилгоор кинонд тоглосон лдоо. Үзэгчид үнэлт дүгнэлтээ өгөөд эхэлчихсэн байна. Сайн бүтээл болж хэмээн үнэлж байгаад би баяртай байгаа. Цаашдаа залуу уран бүтээлчид маань илүү туршлагажиж ихийг хийж бүтээнэ байх. Тайз дэлгэцийн уран бүтээл ижил төстэй зүйл их байдаг ч өөр зүйл олон. Хөгжлийн энэ их хурдацтай үед маш хурдан сэтгэдэг сайн зохион байгуулдаг менежерүүдийн үүрэг роль их болж байна. Энэ салбарт залуучуусаа амжилт гаргана гэж боддог. Бид урд үеийнхээ туршлагыг авч тэднийхээ хийсэн бүтээсэн зүйл дээр үндэс сууриа тавьж өдий зэрэгт хүрсэн. Хойч үеэ мэргэжлийн чадвартай боловсон хүчин болгоход бидний үүрэг их шүү дээ. Тиймээс дэмжиж оролцохгүй ахмад үе байхгүй гэж бодож байна. Хэн ч байсан хүн бүр өнгөрсөн, ирээдүй үе хоёрынхоо хооронд холбогч болж оршин байдаг. Тиймээс залуу үеэ дэмжих нь бидний үүрэг.

-Одоо та ямар нэгэн уран бүтээл дээр ажиллаж байна уу?

-Одоогоор ямар нэгэн уран бүтээл дээр ажиллаагүй байна. Театр дээрээ хэрэгтэй үед нь очиж ажилладаг. Соёл урлагийн их сургууль, КУДС-д цагийн багш хийж байна.


Онцлох нийтлэлүүд