Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Хамгийн олон ямаатай Баацагаан сумынхны буйд амьдрал DNN.mn Депо, зам засварын цехийн барилгын ажлын гүйцэтгэл 93 хувьтай байна DNN.mn НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: “Аналог эргэн ирсэн нь” номын тухай товчхон өгүүлэхэд... DNN.mn ​Төв талбайд иргэд эрх баригчдаас алдсан боломжоо нэхэж, жагсаж байна DNN.mn Улаанбаатар-Замын-Үүд чиглэлд зорчигчдын анхааралд DNN.mn Ханх сумын нутагт 4.4 магнитудын хүчтэй газар хөдөлжээ DNN.mn Ирэх 7 хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлын тов дараалал... DNN.mn Хөдөлмөрийн гэрээгээр гадаадад зуучлагдсан иргэдийн 29.8 хувь эмэгтэйчүүд байна DNN.mn Аргентины хөлбөмбөгийн од Месси 1000 дахь тоглолтдоо 789 дэх гоолоо орууллаа DNN.mn Монголд орж ирэх 224 автобус үйлдвэрээс ачигдаж эхэлжээ DNN.mn Хамгийн олон ямаатай Баацагаан сумынхны буйд амьдрал DNN.mn Депо, зам засварын цехийн барилгын ажлын гүйцэтгэл 93 хувьтай байна DNN.mn НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: “Аналог эргэн ирсэн нь” номын тухай товчхон өгүүлэхэд... DNN.mn ​Төв талбайд иргэд эрх баригчдаас алдсан боломжоо нэхэж, жагсаж байна DNN.mn Улаанбаатар-Замын-Үүд чиглэлд зорчигчдын анхааралд DNN.mn Ханх сумын нутагт 4.4 магнитудын хүчтэй газар хөдөлжээ DNN.mn Ирэх 7 хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлын тов дараалал... DNN.mn Хөдөлмөрийн гэрээгээр гадаадад зуучлагдсан иргэдийн 29.8 хувь эмэгтэйчүүд байна DNN.mn Аргентины хөлбөмбөгийн од Месси 1000 дахь тоглолтдоо 789 дэх гоолоо орууллаа DNN.mn Монголд орж ирэх 224 автобус үйлдвэрээс ачигдаж эхэлжээ DNN.mn
2022.10.26 06:10

Ардын уран зохиолч Дөнгөтийн Цоодол: Яруу найргийн номоо гаргаж, ард түмэндээ амьд байгаагаа мэдрүүлнэ DNN.mn

Нийтлэлч: Норовын Гантулга


Яруу найрагч Цээнзэнгийн Галбадрахын хамт. 2022.10.15

Ардын уран зохиолч Дөнгөтийн Цоодолтой цөөн хором ярилцсанаа хүргэе.


-Сүүлийн хэдэн жил Та орчуулга дээр багагүй суулаа. Олон ч ном гаргалаа. Гэхдээ шүлгээ бол бичээд л байгаа харагддаг. Таны яруу найргийн номыг ард түмэн хүлээж л байгаа даа?

-Пунцагийн Бадарч маань “Чи надаас ганц хоёр дүү юм байна. Сонин хэвлэлд шүлэг найргаа гаргаж, өөрийнхөө амьд явааг мэдрүүлж байгаарай. Хүмүүс намайг “Өнөө Бадарч гуай амьд уу” гэж асуудаг болсон байна. Чамайг бас тэгнэ, энүүнийг хэдүүлээ бодох хэрэгтэй юм байна” гэж нэгэнтээ хэлж байсан. Бадарчийнхаа хэлснээр би шүлгээ гаргаж, өөрийгөө амьд байгааг мэдэгдье гэж бодсон хэрэг. Би чинь Бэлхийн ууланд ирээд сураг алдарсан хүн болчихоод байна. “Уулын өвгөн” гэдэг шиг л юм боллоо. Энд долоо дахь намраа угтаад сууж байна. Манай энэ Бэлх бол аварга газар. Нутгийн хуучин хөгшид “Бэлхийн мянган уул” гэж хэлдэг. Мянган уул нь хаана байгаа юм гэтэл нэг хүн надад хэлсэн юм. “Чи нэг хар даа, энүүхэн хавьд танай гаднаас гэхэд 40, 50 уулын толгой харагдана” гэсэн. Нээрээ л үнэн. Мааньт, Үхэрт өндөр гээд тоолох юм бол гарцаагүй 40, 50 уул нэрлэгдээд явчихна.

-Та бид хоёр Явуу багшаасаа аваад утга зохиолын бүх л бурхдын тухай ярьсан. Одоо харин нэг хөгжөөнтэй юм асууя. Таны “Саруул талын ногоо”, Бямбажавын Хүрэлбаатар ахын “Хүлгийн зоонд одод гялалзана”, Зундуйн Доржийн “Өглөөний агаар” гээд гурван номын баяр болжээ. Тэр тухай Хүрлээ ах бичсэн. Их адармаатай баяр болсон байдаг?

-Миний анхны ном “Нутгийн зургаан өнгө”-ийг Явуу багш, хоёр дахь номыг Пүрэвдорж гуай, гурав дахь номыг Эрдэнэ баавай эх барьж авсан юм. Тэр чинь “Саруул талын ногоо” юм. Гурвуулаа хэн хэнийг урих уу гээд 17 хүний нэр гаргалаа. Зочдоо урих газар байхгүй. Би гэхэд оюутны байранд байсан үе. Хотын захиргааны байшинд Өндгөнхүүгийн Мөнхөөгийнд цуглалаа. Бид гурвын зочид ямар юмнууд байх нь ойлгомжтой. Тэр хэддээ амсуулах тавгийн чихэр, хатуу юмны даруулга хуруун чинээ галавсай ч байхгүй. Харин хүн хүний нэг шил юмтай. Түүнээ барьчихлаа. Өнөө өлөн юмнууд чинь хурдан согтоно. Лу.Дашнямаас болоод зодоон гарсан юм. Хэн нь ч билээ нэг нь “Энэ Дашням ч нямбай, бидэн шиг хамаа замбараагүй уухгүй, Зөвлөлтөд төгссөн мундаг амьтан” гээд хэлчихгүй юу. Тэгтэл Зундуйн Дорж Лу-г хусаад авдаг юм. Агсам хүн чинь шалтгаан хайгаад, ямар нэг өө хайгаад байдаг юм байна. Тэгтэл Очирхүү хашгираад ороод явчихлаа. Шөвгөр гоё хар ботинктой, түүгээрээ хүмүүсийг амбаардаад эхэллээ. Манай муу Лочин хөөрхий минь, Ө.Мөнхөөгийн оронд бушуухан ороод хөнжлийг нь нөмрөөд хэвтээд өгсөн. Зундуйн Дорж, Очирхүү хоёр баригдаад явсан. Тийм маапаантай баяр болсон.

-Очирхүү гуайн “Тоомой панк миний аав” номыг сая олж уншлаа. Мөн ч зөөлөн сэтгэлтэй, хүнлэг гоё найрагч байжээ, бурхан минь?

-Яриа юу байхав, манай Очир гоё найрагч байсан юм. Элсний 13 гэдэг шиг Дэндэвийн Пүрэвдоржийн яруу найргийн танхимын хэдэн нөхдийн нэг юм.

“Хүмүүсээ бие биедээ урам хайрла

Хүсэл зориг бадраах халуун дулаан үг хайрла

Анх хөлд орж байгаа алдрайхан жаахан хүүд

Алхаарай, алхаарай гэж дэм хайрла

Анхныхаа цалинг аваад баярлаж яваа хөвгүүнд

Аавын хүү эр хүн болж гэж шан хайрла

...Өндөр нас ч дарлаа даа гэж гунисхийж суугаа бууралд

Өвөө та ануухан байна гэж итгэл хайрла...”.

Ингэж л шүлгэндээ ч нөхдөдөө ч халуун сэтгэлээр ханддаг найрагч байсан юм. Очирхүү, Урианхай бид гурав 1974 онд Залуу зохиолчдын төлөөлөл гээд Зөвлөлтөд явсан юм. Москва ороод тэндээс Армян, Азербайжен ороод, Азербайжаны Самед Вургун гэж манай Нацагдорж шиг алдарт зохиолчийн 70 жилийн ойд оролцож явлаа. Бид гурав их ч юм үзсэн, том орны зохиолчид гэдэг ямар их эрх мэдэлтэй, хүндэтгэлтэй байдгийг үзсэн. Гамзатовтой анх хундага тулгасан нь тэр. Расул Гамзатов, Мустай Карим гуай, Беларусийн Максим Танк гуай гээд аварга амьтад Зөвлөлтийн нэг л орны зохиолчид. Бид болохоор тусдаа унаатай, хурал болоход хамгийн хүндэтгэлийн ширээнд очоод суучихна. Гамзатов тэргүүтэй мундагууд маань зрительд сууж байна. Тэднийг хараад бид гурвын санаа зовж байгаа гэдэг жигтэйхэн. Ямар сайндаа манай Урианхай, энэ аваргууд бидэнд уурлавал яана аа гэж байхав. Бие даасан орны зохиолчид гэдэг тийм л хүндтэйг мэдэрсэн. Бие даасан эх оронтой, тусгаар улсын иргэн байх сайхан юм аа гэж бодогдсон. Армяны төв музейг үзэж байхад “Энэ япончууд уу” гэж гадны нэг зохиолч асуухад, Зөвлөлтийн зохиолчдын холбооны эмэгтэй “Үгүй ээ, энэ бол хөх тэнгэрийн орны зочид байна аа” гэж хэлэхэд нь бахархал төрж байлаа. Харин биднийг буцаад ирэхэд манай зохиолчдын хороонд онигоо гарсан байлаа. “Та гурвыг залуу зохиолчдын төлөөлөлөгч гээд явлаа гэсэн чинь Пүрэвдорж “Ээ мэдэхгүй. Тэр гурваас залуу зохиолчдын шинж харагдаагүй шүү” гэж хэлсэн дээ" гэв. Пүүжээтэй бид Москвад таарсан юм. Пүүжээ “Та гурвын тухай нэг онигоо гарсан байна, би сая дууллаа” гэж байна. Юуных нь дуулахав, өөрөө гаргачихаад хэлж байхгүй юу. Нэг нь хангинатал дуулаад байдаг тэр нь би юм байна. Нэг нь хүнгэнэтэл бөөлжөөд байдаг, тэр нь манай Очирхүү, нэг нь хэнгэнэтэл уйлаад байдаг, тэр нь Урианхай юм байна. Ийм онигоо биднийг угтсан.

-Та Сүүеэгээ санах юм уу?

-Санах юм аа. Байхгүй болсон нөхдөө бүгдийг санадаг юм байна. Хүнд чинь дурсамжаар амьдарна гэж нэг юм байдаг. Тэр дурсамжийн дотор чинь явж байсан газар ус, эдэлж хэрэглэж байсан юмнаас илүүтэй хэнтэй хамт газрын холыг туулсан юм бэ гээд бодохооро нөхөд минь л бодогдох юм. Сүрэнжав бид ойр дотно явалгүй яахав. Юм гэдэг хурдан юм даа. 2015 онд Төв аймагт “Болор цом” “Уран үгсийн чуулган” болсон. Тэгэхэд Төв аймгийн таван Ардын уран зохиолч байлаа. Энэ хэдэн жил биднээс хоёр маань буцжээ. Бадарч, Дулмаа бид гурав байж байна. Мөн Санжийн Пүрэвийгээ, Долгорын Нямаагаа санах юм. “Сүүдэр нь ихэдсэн юм шиг бараан царайтай ч сүү нь ихэдсэн юм шиг цагаахан сэтгэлтэй” гэж би Пүрэвийнхээ амьдад бичиж байсан. Тэр хүн надад их бодогдоно, гунигтай. Пүрэв бол их том зохиолч байсан даа. Алдар хүнд гээч юм хэрэг байдаг юм бол Пүрэвт маань жаахан гар татчихсан. Төрийн соёрхлыг нь өгчих л байх байсан. Харин ард нь үлдсэн өвийг нь аваад үзэх юм бол аргагүй том юм. Охин Нямцэцэг нь аавынхаа өмнө, их утга зохиолын өмнө гавьяа байгуулж байна. Тэр хүний ачаар “Би их уулын эрх хүү” гэж Пүрэвийн маань дурсамжийн ном гарлаа. Тийм их соёлтой, уужим амгалан, халуу оргисон ном ойрдоо гарсангүй. Ер нь тэгээд хүний бичсэн юм, гэрэл зураг л үлддэг юм байна. Би сүүлд Чеховын нэг зохиолыг орчуулж гаргасан. Тэр дунд “Мөрий” гэж өгүүллэг бий. Чехов бол том зөнч, агуу мэргэн хүн гэдэг нь тэр өгүүллэгээс харагддаг. Түүнийг уншихад ертөнц гэж хязгаар хярхаггүй юмыг нүдний өмнө авчирч тавьсан. Сайн зохиолч тэгж бичдэг юм байна. Шавьтайгаа ингээд ярьж суугаагийнх надад нэг хэлэх юм байна.

-Юу билээ?

-Яруу найрагч их олон жил сонин хэвлэлд ажиллавал хэл нь мохоо болдог, муугаар нөлөөлдөг гэх утгатай зүйлийг хүмүүс хэлээд байдаг. Би энэ дээр нэг бодлоо хэлэх гэсэн юм. Би энэ тухай өөрийн бодолтой явдаг хүн. Энэ яриа бол ерөөсөө худлаа. Би бол муухан найрагч яваа бол тэр нь сониноос болоогүй. Харин сонин намайг яруу найрагч, үгийн урлагийн хүн болгосон гэдгийг баттай хэлэх байна. Дээрээс нь сонин бол хүнийг амьдралтай болгодог. Хүнийг хоцрогдох, дүлий дүмбэ юм шиг амьдрахыг нь хүлээн зөвшөөрдөггүй. Ийм л алт шиг сайхан хувь заяаг сонины гал тогоо өгдөг юм. Би чинь Төв аймгийн сонинд очиж яруу найрагч болсон хүн. “Говийн эхийн хүүд хүргэх шүлэг”-ээс аваад олон шүлгээ сонины томилолт өвөртөлж хол ойр замд явахдаа бичсэн байдаг.

-Төв аймгийн сонинд гэснээс манай Мягаа эрхлэгчийг (“Өдрийн сонин”-ы Ерөнхий эрхлэгч, СГЗ Жамбалын Мягмарсүрэн) Та хөдөөнөөс авчирсан гэдэг?

-Тэгсэн юм. Балдорж нэг өдөр хэлэхгүй юу. “Манай сониныг их хуучинсаг, Ардын намын гишүүд голдуу байдаг, албан хаагч байсан юмнуудыг авдаг. Ардчилсан хүчнийхнийг өөдтэй гаргахгүй байна гээд байх юм. Ардчилсан хүчинд явдаг, энэ талын хүн байна уу” гэхээр нь би Төв аймагт Ардчилсан намын чигийн нэг хүн бий. Авьяастай хүн бий гэсэн юм. Тэгтэл “Чи миний машиныг унаад Төв аймаг яв, аль болохоор авчрахыг бод” гэдэг юм. Ингээд Төв аймаг руу тавиад буучихлаа. Очоод Мягмарсүрэнгээ суртал захын хүн таньж байна. Танихаар барах уу, бүр саяхан Төв аймагт болсон өлсгөлөнг удирдан зохион байгуулсныг нь хэлж байна. Мягмарсүрэн маань ч намайг явуулдаг болов уу гэсэн юм хэллээ. Би буцаж ирээд Балд хэлтэл “Хи хи хи. Тэрийг чинь авъя. Яг таарна” гэсэн. Ингэж Мягмарсүрэн төрийн төв хэвлэл “Ардын эрх”-д ирж байсан. “Мал дагавал мал болно”, “Гэдгэр гуйлгачин”, “Чив чимээгүй Туул” өөр юу юу ч билээ түймэр дэгдээсэн нийтлэлүүд бичиж шуугиан тарьсан. Амьтдын тухай цуврал нийтлэлүүдийг уншигч түмэн мэдэх учир би юугаа хэлэхэв. Төв аймгаас тэгж авчирсан хүн маань “Өдрийн сонин”-оор өглөө бүр Монголыг сэрээж яваад нь баярлах юм аа.

Ингээд их найрагчийн сүүлд бичсэн шүлгүүдээс уншигч олондоо толилуулж байна.

Сарваа цуцахын шар тал

Малдаа л яваа улсын мэнд хүндийн үгс

Манантай нөгөө хаяанд нь сонсогдож мэдмээр тэгшхэн

Марлын доогуур жинчин өвлийн шөнө алхуулаад

Маргаашийн улаан нарнаар гэрээ хүрэхгүй уужим

Манхан чиг шар тал минь

Сариг цагаан ингэ хаана ч хүрч зарагд

Яриг цагаан ботгондоо яваад ирсэн л байдаг

Салж ядсаар найрынхан зундаа хичнээн ч дуулалд

Санаа амар хойтон нь гэгэлзтэл л дуулж суудаг

Сарваа цуцахын шар тал минь

Луу хүлэглэсэн үүл цэцгэнд нь бороотойгоо ирдэг

Лунхгар лунхгар эрс овоонд нь хадагтайгаа буудаг

Тасман чинээ горхид нь ганд автах худлаа

Тарж хэвтсэн толгод нь айлгүй харагдах худлаа

Талаар нэг айл, малын бараа

Тасарлаа гэвэл бас худлаа

Чимээгүй талдаа хүмүүс нь өнгөн дээрээ намуухан ч

Чингис Богдын үр би гэж өвөртөө ноцох нь үнэн

Чиг чигтээ тэнгэр Сарваа цуцахын тал минь

Танд минь санаархаж хичнээн хар санаатан

Тангараг тасран гэтэж ирсэн юм бэ

Шазууртай хичнээн эр чиний төлөө босч

Шаргын шаргал талаа дэрлэж унасан юм бэ

Дэлхий дээр тал хөндий төд өд л гэдэг

Дэндүү баян чам шиг чухамдаа хэд юм бэ

Төөрсөн гэрээс ижлээ олоод очиход хэцүү

Төрсний эцэст хүн орхиод буцахад бүр хэцүү

Сарваа цуцахдаа төрж ганцхан амьдарчихаад буцахад

Сайн морь үнэнд нь хэдийг өгөх ёстой юм бэ

Сарваа цуцахын шар тал аа

Харьд яваа ачдаа явуулсан эмээгийнх нь захидал

Ховдын өндөр ууланд алтан гургалдай жиргэнэ

Хорвоод төрсөн газраа тэр дуулж байна

Сөөнгө муухай гэв үү, надаасаа сураг тасарсан

Сөөсгөрхөн ач минь эмээдээ ирж дуулаач ээ

Бор л халиун говьдоо хавтгайн сүрэг тэшнэ

Ботго л явсан газраа тэд бэлчиж байна

Мөөгөн чинээ нь яахав, гэр минь чинийх шүү

Мөлхөж өссөн хоймортоо хүү минь чи ирээч

Саальтай агар хувингаа эмээ нь чирсээр ээ

Сайр дээр өссөн өндөр тогоруу болсон ч ирсээр ээ

Санаж байна эмээдээ чи ирээч

Салахын өндөр даваан дээр толгой дээр минь байгаач ээ

Үе тэнгийнхэндээ

Хар сайхан үс чинь намрын ой шиг шингэрч

Харсаар байтал өвлийн уул шиг бууралтавч бууралтаг

Хөөрхөн охидыг дальдруулж явсан нүдний чинь харц

Хөгшин морины нүд шиг номхорч гүйцвэл ч гүйцэг

Хөөцөлдөх цагийн эрхээ, хашрууд минь битгий тоо

Айлын сайхан бэр гунхаж явсан Нансалмаа

Ач гучдаа ноолуулсан нэргүй асрагч болвол ч болог

Чарлаа хөгжим, гадсан өсгийт тэртээд үлдэж

Чамайг их багагүй эмээ гэж дуудаг

Агаар муудахад бие хөшдөг, янгинадаг

Алддаггүй брометр хэн хүнгүй болвол ч болог

Анзаараад яахав, таминь цагийн дураа

Дайраад өнгөрдөг хорвоог мэдэхгүй биш

Дандаа хэвээрээ байдаг уул ч гэж байхын биш

Зуурхан ч хайрлалгүй эх орныхоо төлөө

Зул шиг насаа өргөснийг чинь бурхан мэднэ ээ

Гадаадад царай алдаж хэн нэгний

Гарын үзүүрт бөндгөнөж, гахай хариулж

Гайгүй сайндаа эмгэн асарч, нохой бөөцийлж

Галтай насаа унтрааж яваагүйд чинь баярлана

Сайн үрсээ гэж та нарыг эх орон үнэлдэг

Сангануулж гүйцсэн зарим нь л харин чамладаг

Морины тамга хаа гуянд нь тодрох шиг

Монголдоо алдар чинь хасбуу тамга шиг үлдэнэ

Мөнгөн мөнгөн толгойтой алтан алтан хүмүүс минь

Мөнхийн усаар шагнамаар аугаа их та нар минь ээ

Говь заншил

Хавтгай өлдөм шуурганд тооройн толгой уруудаж

Халиун толгод элсээ цастай зуурах

Салхинд дэрвэсэн өрх удган бөө шиг цамнаж

Сандарсан талаар хамхуул боохой шиг цогих

Шилний хонхор шиг талын нугачаан дунд

Шигдээстэй бор гэрүүд уллаж тогтох

Хотын хүн галын захад бээрчих гэж суухад

Ходоогоо гаргасан жаал тоох ч үгүй нь доогтой

Үүл ховор зундаа манханы орой хуурай

Үндсэн тагш шиг тойрмын ёроол хагсаатай

Төмөр шиг хатуу заг бударгана

Төрсөөр үг алдаагүй сайн эрсийн янзтай

Зоргоороо орчлонгийн хатуу гараар

Зодуулж говь тэвчээртэй болсон

Зовлон гэдгийг үзэхээрээ нэг үзэж

Зоо тэнүүн говь энэрэнгүй болсон

Сүүдрээсээ ч айдаг хавтгайн ботго өнчрөхөд

Сүрэгтээ явсан айлын ингэ хөхүүлдэг

Мөнхийн тэнүүлч мазаахай өлдөхөд

Мөөм шиг сүү орж гоёо нь тэжээдэг

Гуунд унтаж хоцорсон зээрийн янзагыг

Гурвансайханы янгир бууж ирж дагуулдаг

Биднээс болоод ядарсан эх орноо одоо

Биеэ тасчин тасчин говь маань тэжээж байна аа

Хуульч Сандагийн шүлэг байдаг даа. Үг зохиол гэж. Байгаль, амьтан юманд эзэн оноогоод тэр ингэж байгаа гэж байдаг. Түүн шиг ээмэг үг гэсэн юм хийж байгаа юм (Д.Ц).

Төрийн тэргүүний сэнтий дээрх үг

Чадал эрдэм, эрх мэдлээрээ бүү бард

Чамайг өмнө энд Чингис ч заларч байсныг бод

Дэмий энэхэн сэнтийгээ уужимд битгий тооц

Дэлхийн талыг тэр дэвсэж суудаг байсан юм аа

Хулсан ташуур дээрх үг

Зурайх замыг тоосруулагч морио би гуядмааргүй байна

Зугтаж яваа чонын гавал дээр буумааргүй байна

Зутарч эх орон минь бусдын ард гэлдэрнэ

Зугаалж дампуурч ханадаггүй ноёдыг л ороолгомоор байна

Цагаачийн ганзаганд зүүх үг

Эх орон төр түмнээ голсон

Эрхэм цагаач танай улсад очлоо

Сугадаарай, хүндлээрэй, хүлээж аваарай

Суут дэлхийн иргэн явж би энд амарлаа

Гоо хатагтайн толин дээрх үг

Бахдам гоо царай, нүд, шүд, уруулыг чинь

Байгаагаар нь харуулъяа би, надад итгээрэй

Баясалт царайн цаадах сэтгэлийг чинь үзүүлж

Барахгүй нь ээ би, өөрөө харж яваарай

Хутагт Равжаагийн гавал аяган дээрх үг

Хэн үүгээр ууж явсныг мэдсэнгүй ээ

Хэл дарвигнуулсан дарс хүртэж орхилоо

Говийн ноён хутагт шиг цэцэн мэргэн болсонгүй ээ

Годил толгой мансуурч бүтэн өдөр тэнэг явлаа



Хөөрөлдсөн Н.ГАНТУЛГА