Өдрийн сонин үнэнийг хэлнэ
​“Өдрийн сонин”-д бүх төрлийн шуурхай зар, зар мэдээ өдөр тутам хэвлэгдэж байна DNN.mn "Өдрийн сонин"-ы аппликэйшн шинэчлэгдлээ DNN.mn "Дүрэмт хувцсаа хандивлая" аяныг эхлүүллээ DNN.mn Дөрвөн бөхийн допингийн шинжилгээний хариу ирээгүй байна DNN.mn Богд хааны ордон музейн хашааг буулгаж, гоёлын бут суулгажээ DNN.mn “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль үргэлжилж байна DNN.mn “Qpay” ашиглан цахим “Өдрийн сонин”-ыг уншаарай DNN.mn Хотын төвийн явган замыг 7 метр хүртэл өргөсгөн тохижуулж байна DNN.mn ​Өдрийн сонины ЧАТБОТ танд үйлчилж байна DNN.mn Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд DNN.mn ​“Өдрийн сонин”-д бүх төрлийн шуурхай зар, зар мэдээ өдөр тутам хэвлэгдэж байна DNN.mn "Өдрийн сонин"-ы аппликэйшн шинэчлэгдлээ DNN.mn "Дүрэмт хувцсаа хандивлая" аяныг эхлүүллээ DNN.mn Дөрвөн бөхийн допингийн шинжилгээний хариу ирээгүй байна DNN.mn Богд хааны ордон музейн хашааг буулгаж, гоёлын бут суулгажээ DNN.mn “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль үргэлжилж байна DNN.mn “Qpay” ашиглан цахим “Өдрийн сонин”-ыг уншаарай DNN.mn Хотын төвийн явган замыг 7 метр хүртэл өргөсгөн тохижуулж байна DNN.mn ​Өдрийн сонины ЧАТБОТ танд үйлчилж байна DNN.mn Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд DNN.mn
Онцлох нийтлэл
2016.02.07 10:02

​Ахмад нь удирдаж, залуус нь гүйцэлдүүлнэ​

Монголын парламент бол төлөөллийн парламент. Энэ нь та, би, манай хорооныхон, дүүргийнхэн, бүр сонгуулийн тойргоороо нэг хүнийг төрд төлөөлөл болгож түмэн олны өмнөөс шийдвэр гаргаарай гэж явуулж байгаа хэрэг. Харин хэнийгээ явуулахаа бид УИХ-ын сонгуулиар шийддэг. Түмэн олны нэрийн өмнөөс ажиллаж, төр улсын хэмжээнд хууль баталж бодлого боловсруулж явдаг хүмүүсээ бид мөн ч их шүүмжлэх юм даа. Мэдээж, өөрсдийгөө төлөөлүүлж явуулсан юм чинь тэр хэрийн шүүмжлэл байж таарах л байх. Гэхдээ парламентад буг болтлоо суулаа, УИХ-ын гишүүнээр өчнөөн жил сонгож өглөө гээд загнах нь их.

Үнэндээ парламентад удаан суух нь муу юм биш юм аа. Харин ч аль болох урт удаан сууж, туршлагажсан хүмүүст бид өөрсдийнхөө өмнөөс шийдвэр гаргах эрхээ өгдөг байх нь чухал юм. Үдлээд өнгөрөхийн дайтай төрийн хэргийг шийдэж, тохиолдол, хувийн эрх ашгийн үүднээс сонгогдоод нүүдлийн шувууд шиг хаяад явах хүмүүсээр төрийн алтан аргамжааг зангидуулж боломгүй.

Шинэхэн сонгогдсон гишүүд хүүхэд шиг “хөөрхөн” байдаг. Хаашаа явахаа мэдэхгүй, эхний, эцсийн хэлэлцүүлгээ ч ялгаж мэдэхгүй. Тийм байхаас ч яах билээ. Бүгд л тийм замыг туулж боловсорсон. Зарим нэг сүрхий нь дорхноо учраа олоод асуудлыг гартаа аваад явчихдаг бол зарим нь дөрвөн жил дуугүй сууж байгаад элдэв нэр хоч авах нь ч бий. Үнэндээ учрыг нь олохыг хүлээж, олоод хэсэгтээ хөөрч бас дээш доош хөвсөлзөж явдаг үеийг ч тэд туулдаг. Юмныхаа учрыг олоод ирэхээр гэнэт дуу орж, сүүлдээ энд тэндхийн юмыг хамж яриад ам авч давхидаг адуу шиг дүүхэлзэх нь ч бий. Гэхдээ төрийн ачааг даах шалгаралд бүхий л талаар үл тэнцэх зарим нэг хүмүүсийг сонгуулийн хөөрөлд автаж сонгочихоод дөрвөн жил сургаж, дөрвөн жил татварын мөнгөөр цалинжуулж, хооллож ундалчихаад хортой хөнөөлтэй, бодлогогүй үйлдлийн нь илдэнд сүлбүүлэх мэт хорлогдоод байх л хэцүү дээ. Тиймээс бид хэнийг яаж сонгохоо зөв тунгааж, сонголтоо хийх нь чухал юм. УИХ-д сонгогдож, төлөөлж ирсэн хүмүүсийнхээ өмнөөс шийдвэр гаргах гэж байгаа тэр хүмүүс баян байх, нэр алдартай байх эсвэл залуу сайхан байх тийм чухал биш. Харин зөв байж, ямагт эх орон, үндэстнийхээ эрх ашгийг хамгаалж, хайрлаж, ухаалаг шийдвэр, бодлогыг тодорхойлж чаддаг байх нь гол зарчим юм даа. Өөрөөр хэлбэл, цагийн шалгуурыг давж чадсан, ончтой, цэцэн бодлогыг тодорхойлж ирсэн, ямар ч үед ноён нуруугаа алддаггүй, хат ширээгдсэн тийм л хүмүүсээр Монголын парламент бүрдэх ёстой. УИХ-ын гишүүн Р.Гончигдоржийг хэн одоо болно гэж хэлэх юм бэ. Тэрбээр 1990-1992 онд Монгол Улсын Дэд Ерөнхийлөгч, Улсын Бага Хурлын дарга, 1992-2000 онд УИХ-ын гишүүн, 1996-2000 онд УИХ-ын дарга, 2004-2008 онд УИХ-ын гишүүн, байнгын хорооны дарга, 2008-2012 онд УИХ-ын гишүүн, 2013 оноос Монгол Улсын Их Хурлын дэд даргаар ажиллаж ирсэн байдаг. Д.Лүндээжанцан гишүүн бол 1990-1992 онд Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурлын гишүүн болсноос хойш тасралтгүй Монголын хууль тогтоох байгууллагад ажиллаж ирлээ. Энэ хугацаанд байнгын хорооны дарга, УИХ-ын дэд дарга, УИХ-ын даргаар ажиллаж байсан. Д.Дэмбэрэл гишүүн байна. 1992 оноос хойш тасралтгүй хууль тогтоох дээд байгууллагад ажиллаж ирсэн хүн. УИХ-д бүлгийн дарга, байнгын хорооны дарга, Засгийн газрын гишүүн, УИХ-ын даргын албыг хашиж ирсэн. Ц.Нямдорж гишүүн мөн адил. 1992 оноос хойш сайдыг хэдэнтээ, УИХ-ын даргын албыг ч хашиж ирсэн нэгэн. Ийм хүмүүсийн хэлж байгаа үг, чиглүүлж байгаа зам мөрийг сонсохгүй, дагахгүй гээд яах ч билээ. Угаасаа тэдний хэлж байгаа нь яах аргагүй жин дарж, бодож хэлэх нь илүү цараатай байдаг. Улс төрийн ашиг сонирхол, бүлэглэл фракцийн нүдээр харвал тэднийг үл тоомоор мэт санагдавч үнэндээ монгол төрийн бодлогыг тодорхойлоход тэдний л хараа илүү уужим байж чаддаг. Тэдний хэн ч Үндсэн хуулийн Цэцэд очоод, эцэг хуульд зааснаас гажиж зөрвөл засан тохинуулж чадах хүмүүс. Сүүлийн үед аливаад насаар нь ялгаварлах чиг хандлага нэлээд ажиглагдах боллоо. Үндсэн хуулийн Цэцийн гишүүдийг сонгоход насны хязгаар тавьж, 65 болгов. Х.Тэмүүжин гишүүн хуульч хүн. Хуулийн мэргэжлийн сургуульд багшилж байгаад хууль тогтоох байгууллагад хоёр ч удаа сонгогдсон, дахиад олон ч жил Монголын төрд зүтгэх нэгэн гэж харагддаг. Бас улс төрийн хатуу хүтүүг ч туулж, усаар бол жавар нь гарч, галаар сан бол хоруу чанар нь хоцорч үлдсэн нэгэн байх. Үндсэн хуулийн Цэцэд сайн хуульч, сайн мэргэжилтэн ажиллах ёстой бол Х.Тэмүүжин шиг хүн ирээдүйд хэрэг болж ч болох юм. Гэтэл түүний санаачилсан төслөөр хууль өөрчлөгдсөнөөр түүн шиг анзааны төрийн хар хүн Цэцэд ирэхээргүй болсон нь харамсмаар л санагдана.

Оюун ухаант хүн нас явах тусам, алив бүхий л алдаанаас нэгэнт ангижирдгийг бид угтаа мэдэх л. Дэлхийн түүхэнд нас дээр гарч ирээд парламентын гишүүнээр ажилласаар байх байтугай анх шинээр болж байсан түүх арвин. Сонгодог парламентат Их Британид гэхэд Самуэл Янг 1892 онд 70 настайдаа парламентын гишүүн болж, 97 нас хүртлээ буюу насан эцэслэтлээ төрийн албыг залгуулж байсан байдаг. Тэгэхээр тэр 26 жил парламентын гишүүнээр ажиллаж байсан байх нь. Одоо ч гэсэн Их Британийн парламентад 1930 онд төрсөн Жеральд Кауфман гишүүнээр сонгогдоод ажиллаж л байна. 1970 онд 40 настайдаа анх парламентын гишүүн болж байсан тэрбээр Сүүдрийн Засгийн газарт орж ажиллаж, сөрөг хүчний байр сууринаас хандаж, улс төрийн үй түмэн үйл явдлыг үзсээр 2015 онд 85 настайдаа дахиад гишүүн болж байх жишээтэй.

Ер нь дэлхий дээр 46552 парламентын гишүүн байдгийн хамгийн олон нь буюу 3000 нь Хятадынх гэсэн статистик бий. Бас дэлхийн бүх парламентын гишүүдийн дундаж наслалт нь 53 гэж байгаа. Дундаж нь шүү дээ. Гэтэл манайд 50 хүрээд ирэхээр нь хавчаад, 60-65 хүрэнгүүт нь хуулиар л “зохицуулчих” гээд байх шиг.

Дорнын орнуудад улстөрчдийн нас бүр ч өндөр байдгийг бид юу эс андахав. Хятадад ахмад улстөрчдийн үг үнэ цэнтэй хэвээр. Энэтхэг бол нас дээр гарсан, өндөр настай туршлагатай улстөрчдөөрөө төрөө захируулж ирсэн гэдгээрээ алдартай бас өөрсдөө үүгээрээ бахархаж омогшдог үндэстэн. Бас л дэлхийн олон хүн амтай том гүрэн. Сүүлийн үед ардчилсан тогтолцоо, эдийн засгийн өсөлт, дэлхийн том тоглогчдын эгнээнд баттай зогсох болсон зэрэг нь эдний имиж болсон. Гэтэл үнэндээ Энэтхэг 1947 онд л тусгаар тогтносон. Саяхныг болтол Энэтхэгт “Манай Ерөнхий сайдууд дотор тусгаар тогтносон Энэтхэг улсад мэндэлсэн Ерөнхий сайд байхгүй” гэж яригддаг байлаа. Ердөө жил гаруйхны өмнө 1950 онд төрсөн Нарендра Моди Ерөнхий сайд болсноор тэд энэ яриагаа эцэслэсэн билээ. Нөгөө талаас энэ баримтаас аугаа их Энэтхэгийг үеийн үед дандаа ахмадууд нь удирдаж иржээ гэж уншигдахаар байгаа юм. Модигийн өмнөх Ерөнхий сайд 1932 онд төрсөн Манмохан Сингх байлаа. Тэрбээр 72 настайдаа Ерөнхий сайд болж, арван жил энэ албыг хашсан. Өөрөөр хэлбэл 82 нас хүртлээ шүү дээ. Түүний өмнөх Атал Важпай байна. Бүр 1924 оны хүн. Бас л 74 настайдаа энэ албыг авч 80 нас хүртлээ ажилласан. Тэднээс ч өмнө 77, 81 насандаа ч энэ албанд очиж байсан хүмүүс бий. Энэтхэгчүүд тэднээрээ бахархдаг. Олсон амжилтынх нь үндэс тэд ч байсан гэдэг юм билээ.

Энэтхэгт дундаж наслалт манайхаас доогуурхан буюу 65 гэгддэг. Төрийн алба хаагчид 60 насандаа тэтгэвэрт гардаг орон гэдгийг санаарай. Тэгэхээр тэд төр улсаа ахмадуудаараа удирдуулахын чухлыг эртнээс мэддэг үндэстэн ажээ.

Их сэтгэгч Плато “The Rebublic”-даа “Ахмад нь удирдаж, залуус нь гүйцэлдүүлнэ” хэмээн бичиж үлдээсэн нь нэгийг хэлнэ. Эртнээс ингэж сургаж, шалгаруулж ирсэн байхад бид буг болтлоо суусан, буурал болтлоо ажилласан гэж хоорондоо толхилцож муудалцаж суух зөвгүй. УИХ нь ч, Үндсэн хуулийн Цэц нь ч ингэх завгүй баймаар. Эвийг эрхэмлэн хууль тогтоох дээд байгууллага нь дээд байгууллага шигээ, Үндсэн хуулийг сахин манах улсууд нь бас сахин манагчид баймаар байна. Төр улсад туулсан туршлагатай, хатуужиж тунгаагдсан шилмэл хүмүүс хэрэгтэй. Төрд чадалтай, цагийн шалгуурыг давсан хашрууд засаглах болохоос хэт идэр залуу, үйлс, сэтгэл хатаагдаагүй, шалгагдаагүй хүмүүс тэнцэхгүй, ачааг нь даахгүй юм.

Онцлох нийтлэлүүд