Өдрийн сонин үнэнийг хэлнэ
UBCab хүүхэд, ахмад настнуудад үнэгүй үйлчилж байна DNN.mn Оросууд түүхэн дээд амжилт тогтоов DNN.mm Цагдаагийн алба хаагч пүүзний төлбөрийн хахууль авсан гэх хэргийг шүүхэд шилжүүлжээ DNN.mn Хятадын сансрын хөлөг тойрог замын станцад амжилттай залгагджээ DNN.mn НЗДТГ: Ирэх жил тохижилтгүй 626 автобусны буудлыг шинэчлэнэ DNN.mn Д.Амарбаясгалан: Дарханы төмөрлөгийн үйлдвэрээс 1.2 их наяд төгрөгийн зөрчил илэрсэн DNN.mn “World Masters”-ийн 2022 оны улирлын шилдэг 12 багийн нэрс тодорлоо DNN.mn Хүүхдийн паркийн урд хэсэг дэх төмөр замын түр гармыг арванхоёрдугаар сарын 1-нээс хаана DNN.mn Халтиргааны улмаас ГССҮТ-д хоногт 500 хүн хандаж байна DNN.mn Хар тамхины “супер картель” илрэв DNN.mn UBCab хүүхэд, ахмад настнуудад үнэгүй үйлчилж байна DNN.mn Оросууд түүхэн дээд амжилт тогтоов DNN.mm Цагдаагийн алба хаагч пүүзний төлбөрийн хахууль авсан гэх хэргийг шүүхэд шилжүүлжээ DNN.mn Хятадын сансрын хөлөг тойрог замын станцад амжилттай залгагджээ DNN.mn НЗДТГ: Ирэх жил тохижилтгүй 626 автобусны буудлыг шинэчлэнэ DNN.mn Д.Амарбаясгалан: Дарханы төмөрлөгийн үйлдвэрээс 1.2 их наяд төгрөгийн зөрчил илэрсэн DNN.mn “World Masters”-ийн 2022 оны улирлын шилдэг 12 багийн нэрс тодорлоо DNN.mn Хүүхдийн паркийн урд хэсэг дэх төмөр замын түр гармыг арванхоёрдугаар сарын 1-нээс хаана DNN.mn Халтиргааны улмаас ГССҮТ-д хоногт 500 хүн хандаж байна DNN.mn Хар тамхины “супер картель” илрэв DNN.mn
Нийгэм
2021.08.19 09:08

А.Ариунзаяа: Цар тахлын нөхцөл байдал сайжирсны дараа хүүхдийн мөнгийг бууруулах нь зүйтэй гэж үзэж байгаа


Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяатай ярилцлаа.

- Хүнсний талонаас хасагдсан иргэдийн 94 хувь нь 200-гаас дээш малтай өрх байсан-


-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны төлөвлөсөн ажлууд хэр урагшилж байна. Сүүлийн үед та ямар ажилд төвлөрч байна вэ?

-Манай салбарт маш том, өргөн хүрээний асуудал хамаардаг. Хүн амын хөгжил, хөдөлмөр эрхлэлт, мэргэжлийн боловсрол, нийгмийн хамгаалал гээд нарийвчилж яривал олон зүйл бий. Тиймээс аль алиныг нь орхигдуулахгүй урагшлахыг л эрмэлзэн ажиллаж байна. Засгийн газрын болоод манай салбарын хэмжээнд халамжаас хөдөлмөр эрхлэлтэд шилжих цогц бодлогыг хэрэгжүүлж, иргэдийн хөдөлмөрлөх, хөгжих таатай орчин бий болгох, нийгмийн баталгааг дээшлүүлэх, хүний хөгжлийг хангах гэх мэт олон асуудалд бидний бодлого чиглэж байгаа. Мөн манай салбарын цахимжуулалтын ажлуудыг ч онцолж болох юм.

Эдгээрээс онцолж дурдвал, маш удаан хүлээлттэй байсан, ирэх оноос хэрэгжиж эхлэх Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-аар батлууллаа. Хүүхдийн хөгжил, хамгаалал, оролцоог дэмжих Хүүхдийн төлөө санг сэргээн байгуулж, Хүүхдийн эрхийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Авто тээврийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг батлуулсан. Ингэснээр Хүүхдийн төлөө сангийн хөрөнгө нэгдсэн зохицуулалтаар хүүхдэд зориулсан бүтээн байгуулалт болон хүүхдийн хөгжлийг дэмжих чиглэлд олон нийтэд нээлттэй, хяналттай зарцуулагдах эрх зүйн орчин бүрдсэн. Мөн сүүлийн үед олон нийтийн анхаарлыг ихэд татаж байгаа халамж, тэр дундаа хүнсний талон олгох журамд өөрчлөлт оруулсан зэрэг яриад байвал маш олон асуудал бий. Нэг талаас бид халамжаа цэгцлэхээр, нөгөө талаас хөдөлмөр эрхлэлтээ нэмэгдүүлэхээр ажиллаж байна.

-Хувьдаа хоёр машинтай, хаустай иргэд хүнсний талон авч байсан нь шүүмжлэл дагуулж байна. Энэ чиглэлд ямар арга хэмжээ авч байгаа вэ. Халамжийг цахим системийн хяналттай болгосноор цаашид ийм зөрчил илрэхгүй болсон уу?

-Хүнс тэжээлийн дэмжлэг олгох хөтөлбөрийг 2013 оноос хойш хэрэгжүүлж байгаа.

Тэр үеэс өрхийн орлогыг орлуулан тооцох судалгаанд суурилж өрхийн оноог бодож амьжиргааны түвшнээс доогуур өрхөд хүнс тэжээлийн дэмжлэг, хүүхдийн мөнгө олгодог байсан. Одоо хүүхдийн мөнгийг хүсэлт гаргасан хүн бүрд олгож байгаа. Цар тахлын үед гадаадад оршин сууж, амьдарч байгаа манай улсын хүүхдүүд ч энэ үйлчилгээнд хамрагдаж байна.

Засгийн газраас “Цахим Монгол” арга хэмжээний хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарыг бүхэлд нь цахимжуулж, иргэдэд үзүүлэх үйлчилгээг ил тод, шуурхай, хүртээмжтэй, хяналттай болгох зорилт дэвшүүлсэн. Үүний хүрээнд төрд байгаа мэдээллээ ашиглаад Хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээний журамд өөрчлөлт оруулсан. Ил тод, тэгш хүртээмжтэй, сонголттой, хяналттай болгох зорилгоор цахимжуулж бусад шаардлагатай зохицуулалтыг тусгасан байгаа. Тодруулбал, тус үйлчилгээнд хамруулах шийдвэр гаргахад оролцдог нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага, түүний ажилтан болон Амьжиргааг дэмжих зөвлөлийн гишүүд, үүнд хэсгийн ахлагч зэрэг хүмүүсийг тус үйлчилгээнд хамрагдахыг хориглосон. Мөн 200-гаас дээш малтай өрх, хоёроос дээш орон сууцны байшин, хоёроос дээш бие даасан тохилог сууц, хоёроос дээш автомашинтай өрх болох нь холбогдох төрийн захиргааны мэдээллийн сантай хийсэн сар бүрийн тулгалтаар тогтоогдвол тус үйлчилгээнд хамруулах эсэхийг дахин нягталж шалгах зохицуулалтыг тусгасан. Үүний үр дүн эхнээсээ гарч эхэлсэн. Тухайлбал, энэ оны наймдугаар сард 1435 өрхийн 8475 иргэн тус үйлчилгээнээс хасагдсан. Эдгээр иргэдийн 94 хувь нь 200-гаас дээш малтай малчин өрх. Түүнчлэн сонгон шалгаруулалтад шалгарсан зөвхөн гэрээ бүхий заасан дэлгүүрээр үйлчлүүлдэг байсныг болиулж, НӨАТ-ын баримт буюу и-баримт хэвлэдэг хүнсний дэлгүүр, зах, бөөний төвөөр үйлчлүүлэх боломжтой болж байна. Иргэд, аж ахуйн нэгж, төрийн байгууллагууд хамтран ажиллаж байгаа гэсэн үг. Үүнээс гадна бараа, бүтээгдэхүүнийг зураасан кодоор бүртгэж, цахим хэлбэрт шилжүүлснээр бараа бүрийг нэг бүрчлэн кодлох, хэрэглэгч тус бүрээр бүртгэх, хяналтын системийг сайжруулах, дата судалгаа, тайланг үнэн зөв, хурдан шуурхай болгох зорилгоор 10 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг бар коджуулах гээд томоохон ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Энэ ажил нь Монгол Улсын хүнсний бүтээгдэхүүнийг бар коджуулах ажлын эхлэл болж буйгаараа онцлогтой.

Дээрх ажлыг нийгмийн хариуцлагын хүрээнд Үндэсний статистикийн хороо, Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төв, Төрийн банк болон бусад арилжааны банкууд, Хэрэглэгчийн систем нийлүүлэгчдийн холбоо, Жи Эс-1 Монгол ТББ хамтран 2021 оны наймдугаар сард багтаан хэрэгжүүлж эхлэхээр ажиллаж байна. Хамгийн гол зорилго болох халамж хүртэгчээс хөдөлмөр эрхлэгч болгох бодлогын шинэчлэлийн хүрээнд тус үйлчилгээнд хамрагдаж байгаа хөдөлмөрийн насны иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн зохицуулалтууд ч туссан.

Мөн аймаг, нийслэл, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан байгууллага, хөдөлмөрийн биржээс тухайн иргэнд хоёр буюу түүнээс дээш ажлын байранд зуучлахад ажил эрхлэхээс татгалзвал тухайн өрхийн хөдөлмөрийн насны иргэний мөнгөн дүнг хасна. Иргэн өөрөө хичээхгүй бол төр засгаас ч мөн байнгын халамж олгохоо зогсооно гэсэн үг.

-Таны хувьд халамжаас хөдөлмөрт шилжих ёстой гэсэн бодлогоо тодорхойлж ажиллаж байгаа. Халамж хавтгайруулан олгож байгаагаас ажил хийх хүн олдохгүй байна гэх шүүмжлэл ч нийгэмд их байна. Энэ тухайд одоо ямар ажлууд хийхээр төлөвлөн, хэрхэн ажиллаж байна вэ?

-Тийм ээ. Манай салбарын хэмжээнд халамжаас хөдөлмөрт гэсэн зорилтын хүрээнд ажиллаж байгаа. Халамжийн хүрээнд хийж байгаа ажлуудыг дээр нэлээд дэлгэрэнгүй дурдсан. Харин нөгөө талаас хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх чиглэлд мөн анхаарч байгаа.

Манай улсын “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого”-ын баримт бичиг, “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т Хүн амын хөдөлмөр эрхлэлтийг дэмжин өрхийн орлогыг тогтвортой нэмэгдүүлж, дундаж давхаргыг бүрдүүлэх, Өрхийн амьжиргааны түвшинг тогтоох аргачлалыг боловсронгуй болгож, нийгмийн халамжийн үйлчилгээг зорилтот бүлэгт чиглүүлэн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, ядуурлыг тууштай бууруулна гэж тусгасан.

Хамгийн эхлээд бид хөдөлмөрлөхөд гарах бэрхшээл, тэдгээрийг зохицуулах хууль эрх зүйн орчноо бүрдүүлээд авлаа. Гурван парламент, таван Засгийн газар дамжиж удаан хугацаанд хэлэлцэж сайн боловсруулсан хууль маань батлагдсан. Нийгмийн түншүүд тулгамдаж буй асуудлаар маш идэвхтэй хэлэлцүүлэг зохион байгуулж оролцсон. Тал бүрийн саналыг тусган хамтарч ажилласнаараа онцлог байлаа. Тухайлбал, уурхайчдаас ирсэн санал хүсэлт 14 хоног ажиллаж, 14 хоног амарна гэдэг заалт орсон. Түүнээс бага хугацаагаар ажиллах бол түүнтэй ижил хоногоор амраана гэж зохицуулсан. Мөн ээлжийн амралтыг хэвээр үлдээсэн гэх мэт хүний хөдөлмөр эрхлэх хууль эрх зүйн орчин маш чухал. Хууль ирэх оноос хэрэгжиж эхлэх ч тэрнээс наана бид хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бусад ажлуудаа хэвийн үргэлжлүүлж байгаа. Тухайлбал, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрүүд байна. Ажил хайж байгаа иргэн, ажилтан хайж байгаа аж ахуйн нэгж байгууллагыг www.ejob.gov.mn-ээр холбож байна. “Хөдөлмөр эрхлэлтийн системийн динамик загвар”-ыг боловсруулж, ашиглан хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлого зохицуулалтыг судалгаа, дүн шинжилгээ, хувилбарт тооцоонд түшиглэн гаргах боломжтой болж байна. Мөн өчигдөрхөн бүртгэл нь эхэлсэн залуусыг хөдөлмөрт бэлтгэх “Оролцоо” төсөл гэх мэт.

-Халамжийн цахимжуулалтын тухайд?

-Нийгмийн халамжийн салбарын цахимжуулалтын тухайд Нийгмийн халамжийн нэгдсэн систем”-ийг 2020 оны наймдугаар сарын 26-ны өдрөөс нэвтрүүлж, “Жирэмсэн эхийн тэтгэмж”, “0-3 хүртэлх насны хүүхэд асарсны тэтгэмж”, “Ихэр хүүхдийн тэтгэмж”, “Өрх толгойлсон эх (эцэг)-ийн тэтгэмж”, “Насны хишиг”, “Эхийн алдар” одон зэрэг нийгмийн халамжийн зургаан үйлчилгээг иргэдэд цахимаар хүргэх ажлыг эхлүүлсэн.

2021 оны эхний хагас жилд Нийгмийн халамжийн сангаас олгодог Хүүхдийн мөнгөн тэтгэмж, Ахмад настны тэтгэвэр, Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд олгох тэтгэвэр, Одой иргэнд олгох тэтгэвэр, Өрх толгойлсон эцэг, эхэд олгох халамжийн тэтгэврийг тус системээр дамжуулан олгож эхэлсэн.

Ингэснээр нийт 11 төрлийн халамжийн үйлчилгээг цахим системээр дамжуулан олгох нөхцөл бүрдлээ. Энэ ондоо багтаад асаргааны тэтгэмж, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөнгөлөлт, тусламж гээд 10 төрлийн үйлчилгээг нэмснээр нийт 21 үйлчилгээг цахимд шилжүүлэхээр ажиллаж байна. Цаашид нийгмийн халамжийн бүх үйлчилгээг шат дараалалтай цахим хэлбэрт шилжүүлнэ.

-Хүүхдийн зуун мянган төгрөгийг он дуустал олгохоор болсон. Цаашид хүүхдийн мөнгийг олгох асуудал хэрхэх бол?

-Коронавируст халдварын цар тахлын үед хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа шаардлагатай иргэдийн нийгмийн хамгааллыг сайжруулах, орлогыг нэмэгдүүлэх зорилгоор 2020 оны тавдугаар сараас 2021 оны зургадугаар сарыг дуусталх хугацаанд хүүхдийн мөнгөн тэтгэмжийг тав дахин нэмэгдүүлэн 100 мянган төгрөгөөр олгож байгаа. Харин коронавируст цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 2021 он дуустал нэмэгдүүлсэн дүнгээр үргэлжлүүлэн олгохоор Монгол Улсын Засгийн газраас холбогдох шийдвэрийг гаргасан.

Энэ оны эхний зургаан сарын байдлаар хүүхдийн мөнгөн тэтгэмжид 517.4 мянган өрхийн 1,208.5 мянган хүүхэд хамрагдаж байна. Түүнчлэн цар тахлын үед гадаадад оршин сууж байгаа Монгол Улсын иргэний хүүхдэд хүүхдийн мөнгөн тэтгэмжийг олгохоор Засгийн газрын 2020 оны тавдугаар сарын 13-ны өдрийн хуралдаанаар шийдвэрлэсэн бөгөөд 6643 гадаадад амьдарч байгаа хүүхэд хүүхдийн мөнгөн тэтгэмж авч байна. Засгийн газраас авч хэрэгжүүлсэн эдгээр арга хэмжээ нь иргэдийн амьдралд дэм болж, цар тахлаас хамаарсан ядуурал, тэгш бус байдлыг бууруулахад хамгийн үерэг нөлөө үзүүлсэн гэсэн олон улсын байгууллагуудын судалгааны дүн гарсан байна. Тухайлбал, АХБ-ны хийсэн судалгаагаар хэрэв эдгээр арга хэмжээг авч хэрэгжүүлээгүй бол ядуурлын түвшин 36.7 хувь болж нэмэгдэх байсан бөгөөд зөвхөн хүүхдийн мөнгөн тэтгэмжийн нөлөөлөлд дүн шинжилгээ хийхэд ядуурлын хувь 24.7 болж буурч байна. Нийгмийн халамжийн тэтгэвэр орлогын дахин хуваарилалтын бодлого болж чадсан байна.

НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран хийсэн судалгаанаас харахад хүүхдийн мөнгөн тэтгэмжид Монгол Улсын нийт өрхийн 98 хувь хамрагдсан нь цар тахлын үед хүүхэдтэй өрхүүд суурь хэрэгцээгээ хангахад бодит дэмжлэг болсон гэсэн дүгнэлт гарсан. Нийт хүүхэдтэй өрхүүдийн 60 гаруй хувь нь хүүхдийн мөнгөн тэтгэмжийн нэмэгдлийг хүнсэндээ зарцуулсан байна. Хүүхдийн мөнгө болон хүнсний эрхийн бичгийн нэмэгдлийн эхэлсэн цаг хугацаа болон нэмэгдлийн хэмжээнд үр шим хүртэгчдийн 96.1 хувь нь уг нэмэгдэл цаг үеэ олсон арга хэмжээ болсон гэж үзжээ. Тус яам хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 100 мянган төгрөгөөр олгоход өрхийн орлогод, ядууралд, ажилгүйдэлд, улсын төсөвт, хөдөлмөр эрхлэлтэд нөлөөлөх нөлөөллийг динамик загвараар тооцоход нэг хүн ногдох бодит орлого 2021-2023 онуудад жилд дунджаар 120.0 төгрөгөөр нэмэгдэх, ядуурлын түвшин 2021 онд хоёр хувиар, 2022 онд 1.3 хувиар буурах, ажилгүйдлийн түвшин 2022 онд 1.01 хувиар өсөх, Ажил эрхлэлт жилдээ 17000 орчим буурахаар байна. Иймд тус яам коронавируст цар тахлын нөхцөл байдал сайжирсны дараа хүүхдийн тэтгэмжийг 100 мянган төгрөгийг бууруулах, харин өмнө олгож байсан 20 мянган төгрөгийг (2012 онд тогтоосон) инфляцийн түвшинтэй уялдуулан нэмэгдүүлэх нь зүйтэй гэж үзэж байна.

Онцлох нийтлэлүүд