Нийгэм
2021.05.13 02:05

А.НАРАНГАРАВУУ: Ялангуяа залуучуудад сонин унших соёл түгээхийг хүсдэг

Little heaven in UB”-ийн үүсгэн байгуулагч А.Нарангаравуутай ярилцлаа.

Кофе шоп, цэцэг, бэлэг дурсгал, керамик урлан, эко эдлэл гээд олон төрлийг хослуулан “Little heaven in UB" гэх өвөрмөц газрыг байгуулжээ. Тэд эрүүл, эерэг, урлаглаг байдлыг эрхэмлэдэг гэнэ.


No description available.-Танай байгууллага хэзээнээс үйл ажиллагаагаа эхлүүлсэн бэ?

-Манайх одоогоос хоёр жилийн өмнө байгуулагдаж байсан. Цэцэг, эко шаазан худалдаа болон кофе шоп, керамик урлан давхар ажиллуулдаг.

Бид анх байгаль орчинд ээлтэй амьдралын хэв маягийг дэлгэрүүлэхийг зорьсон. Өөрсдөө керамик сургалтад хамрагдаж шаазан эдлэл хийж сурсан. Үүгээрээ хүмүүсийг урлагт илүү ойртуулахыг хичээсэн.

No description available.-"Өдрийн сонин"-оор цэцгийн баглаа хийсэн нь их сонирхолтой санагдсан шүү?

-Анх бор цаасаар цэцгээ боодог байсан. Сониныг уншаад хаях бус дахин ашиглах боломжтой гэдгийг хүмүүст ойлгуулахыг зорьсон юм. Хүмүүс бодит зүйлийг илүү хэрэглээсэй гэж хүсдэг. Жишээлбэл, аливаа мэдээллийг ганцхан цахимаар уншихаас илүүтэйгээр сониныг уншаасай. Цахим ном уншихаас илүү цаасан ном унших нь илүү таашаалтай байдаг шүү дээ. Түүн шиг л мэдээ мэдээллийг олж авахдаа цахимаас бус цаасан сониныг мөн адил ашиглах юм. Сонин хэрэглэдэг боловсролтой хүмүүст бараа бүтээгдэхүүнээ хүргэхийг хүсдэг. Аливаа юмны чанар, ач холбогдол, үнэ цэнийг бусдад хүргэхийг зорьдог болохоор сонин ашигласан. Энэ маань хоёр утгатай. Нэгдүгээрт, хаягдал гаргахгүй. Сониныг уншаад хаяхгүйгээр дахин ашиглаж байгаа явдал юм. Хоёрдугаарт, мэдээ болон бусад зүйлийг баттай аль болох чанартайг сонгох. Сониноос уншсан мэдээлэл гэдэг илүү бодитой эх сурвалж болдог гэдгийг сурталчилсан юм. Ер нь бүхий л төрлийн үйлчилгээнд чанарыг чухалчилаасай гэж боддог. Цаашид ч гэсэн “Өнөөдрийн баглааг Өдрийн сониноос” гэдэг санааг илүү ашиглахаар зорьж байгаа.

-“Өнөөдрийн баглааг “Өдрийн сонин”-оос” гэдэгтэй адил өөр ямар санааг ашигладаг вэ?

-Бид өмнө нь “Краштай нь үерхүүлдэг цэцэг” гэдэг давлагаа үүсгэж байсан. Манайхаас цэцэг аваад өөрт таалагдсан хүндээ бэлэг болгон өгвөл илүү гоё гэдэг санааг гаргахыг зорьсон юм л даа. Ирэх зургадугаар сарын 1-нээс үйл ажиллагаагаа дахин шинэчлэх гэж байгаа. Тиймээс боловсролтой, мэдээлэлд ойр байдаг хүмүүстэй хамтарна. Мөн залуусыг чанартай зүйл рүү тэмүүлэхийг уриална.

No description available.-Та манай сонины байнгын уншигч уу?

-Өөрийн оффис дээрээ байнга захиалж уншдаг. Учир нь "Өдрийн сонин" олон талын мэдээллийг хүргэдэг болохоор их таалагддаг. Бусад өдөр тутмын сониноос хамгийн их захиалж, уншиж байсан. Нэлээд цар хүрээтэй, олон хуудастайгаар хүргэдэг. Миний хувьд мэдээллийн сайт гэхээс илүү сонины уншигч л даа. Ялангуяа залуучуудад сонин унших соёлыг түгээхийг хүсдэг.

-Өдрийн сониноор цэцэг боолгох хүсэлтэй захиалагч хэр их ирж байна вэ?

-Сүүлийн үед сониноор цэцэг боолгох хүсэлтэй иргэд маш их ирж байгаа. Манайх өнгөрсөн жилээс эхэлж сониноор цэцэг боож эхэлсэн. Энэ төрлийн баглаа цэцгийг найз охиндоо, ээждээ гээд хүмүүс их авдаг. Этгээд бөгөөд эрүүл эко гэх үүднээс сониноор боосон цэцгийн худалдаалдаг.

-Little heaven in UB кофе шофын онцлог юу вэ?

-Улаанбаатар хотын хамгийн жижиг кофе шоф гэдгээрээ хүмүүст танигдсан. Зай талбайн хувьд их жижигхэн. Хажуудаа керамик урлантай. Дэлгүүртээ цэцгийн баглаа болон гар аргаар хийсэн шаазан эдлэл худалдаалдаг.

Мөн биеийн браш, эко саванг өөрсдөө хийж борлуулж байна. Ерөнхийдөө минимал хэв маягийг баримталдаг гэсэн үг. Эрүүл, эерэг, урлаглаг амьдралыг хүмүүст түгээн сурталчлах туйлын зорилготой.

No description available.

Бас үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжиж, бүтээгдэхүүнийг нь зах зээлд нийлүүлдэг. Байгаль орчинд ээлтэй бизнесийн жишээ болж ажиллаж байгаа. Тэр хүрээндээ удахгүй хог хаягдлыг ангилж хаях аян зохион байгуулна. Манайх хуванцар соруул ашиглахаас татгалзаж төмөр соруул ашигладаг. Хуванцар хэрэглээнээс аль болох татгалздаг.


-Танайх хэдэн төрлийн цэцгээр баглаа боодог вэ?

-Одоогийн байдлаар 7-8 төрлийн цэцэг байгаа. Баяр ёслолын үеэр ховор төрлийнхөөс оруулж ирж, худалдаалдаг.

-Аяга, цэцгийн суурийг өөрсдөө хийдэг гэсэн үү?

-Байгалийн гаралтай шавраар керамик эдлэлээ хийдэг. Нэн ховордож байгаа говийн зургаан амьтны зургийг ашиглан аяга хийж байгаа. Мөн соронзон наалт, таваг хийдэг. 

Сургалтад хамрагдсан залуучууд маань дуртай аяга, таваг гэх мэт зүйлээ хийж өөрсдөө авдаг. Түүгээрээ хүмүүст их танигдаж байгаа шүү. Сүүлийн үед залуучууд чөлөөт цагаа зөв өнгөрүүлэхийг эрмэлздэг болсон. Керамик урлаг маань анхаарал төвлөрөх чадвар шаарддаг учир хүмүүс их сонирхдог.

Керамик урлаг нь зөвхөн хийж буй зүйлдээ анхаарч, стресс бууруулахад их нөлөөлдөг. Энэ талын урлагийг хүмүүст ойртуулах нь чухал юм байна гэдгийг ойлгосон. Тиймээс гар урлагийн талаар сургалт зохион байгуулж байгаа.

-Ер нь байгаль орчин, керамик урлагийн чиглэлийн мэргэжилтэй найзууд нэгдэж байгуулсан байх нь ээ?

-Үйл ажиллагаа явуулж буй багт маань керамик урлаач найз байдаг. Би өөрөө байгаль орчны чиглэлээр ажилладаг. Уур амьсгалын өөрчлөлт чиглэлийг хариуцдаг. Мөн зураач интерьер дизайнер Э.Билигт гээд найз бий. Бид мөн гар доорх материалаар гэрээ хэрхэн тохижуулах вэ гэдэг сургалт зохион байгуулж, зөвлөгөө өгдөг. Манайх эрүүл, эерэг амьдралын хэв маягийг түгээх газар гэдэг болно.

-Өдөрт хичнээн хүн үйлчлүүлдэг вэ?

-Кофе шоп, дэлгүүр хоёрыг нийлүүлбэл өдөрт 40-50 үйлчлүүлэгч ирдэг. Хүмүүс ихэвчлэн шаазан эдлэл худалдаж авдаг.

-Танай дэлгүүрийн зохион байгуулалт их чамин юм?

-Монгол уламжлалт хэв маягийг орчин үеийн дизайнтай хэрхэн зохицуулж болохыг шигтгэж өгсөн. Анх үйл ажиллагаагаа эхлүүлэхдээ монгол хээтэй буйдан, ор, шүүгээ гаргаж байсан. Эрүүл мэндэд ээлтэй бүтээгдэхүүнийг худалдаалж байгаа.

Мөн эко бүтээгдэхүүн, үнэртэн сонирхдог эмэгтэйчүүдийг дэмжиж ажилладаг. Үйлчлүүлэгчид маань ч гэсэн танайхаас өвөрмөц гоё үнэр үнэртэх юм аа гэдэг. Ямар үнэртэн бэ гэж их асуудаг л даа. Манайх эфирийн тос худалдаалдаг. Энэ тос маань тархийг амрааж, илүү олон төрлийн мэдээллийг өгдөг. Хүн гэдэг ганц зүйлд тэмүүлэхгүйгээр тэнцвэртэй байдлыг бий болгох ёстой.

-Хүн ном, сонин унших ёстой гэдэг ч орчин үед компьютер, утас ширтэх болж. Энэ тал дээр ямар бодолтой явдаг вэ?

-Сүүлийн үед хүмүүс их дэлгэцийн хамааралтай болж байна. Ер нь дэлгэцээс хол байж л өөртөө цаг гаргаж чадна. Амьд харилцааг бий болгодог. Өдөр тутмын хэрэглээнд утас, компьютер ширтэхээс илүүтэйгээр амьдралаас ойлгох олон зүйлсийг мэдрэх хэрэгтэй. Жишээлбэл, үнэртэнг мэдрэх, хоол хүнсэндээ юуг хэрэглэх гэх мэтийг судлах хэрэгтэй байх. Залуучууд маань дэлгэцнээс хол байгаасай. Утас ширтэхээс илүү ном, сониныг уншиж, амьд харилцааг эрхэмлээсэй гэж хүсдэг.

No description available.

No description available.

No description available.



Д.ОТГОНТУЯА

Онцлох нийтлэлүүд