ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Улс төр
2019.12.12 04:12

А.Ундраа: Монгол Улс Үндэсний номын баярын өдөртэй болно


Монгол Улсын Их Хурлын гишүүн А.Ундраагийн санаачилгаар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг өнөөдөр (2019.12.12) Төрийн ордонд зохион байгууллаа.

Хууль тогтоомжийн тухай хуулийн 9.5. “Хууль тогтоомжийн төсөл боловсруулах явцад холбогдох төрийн болон төрийн бус байгууллага, мэргэжлийн болон судалгааны байгууллага, шинжээч, эрдэмтэн, иргэн, хуулийн этгээдээс санал авч, төсөл боловсруулахад харгалзан үзнэ” гэж заасны дагуу энэхүү хэлэлцүүлгийг “Номын соёлт ертөнц” төрийн бус байгууллагатай хамтран зохион байгуулсан юм.


Уг хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн А.Ундраа, Б.Саранчимэг болон Монголын зохиолчдын эвлэл, Монголын орчуулагчдын эвлэл, Монголын номын сангийн холбоо, хэвлэлийн газар, зохиолч, судлаач, эрдэмтэд, оюутан залуусын төлөөлөл болсон 80 гаруй хүн оролцов.

УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн А.Ундраа нарын санаачлан боловсруулж буй уг хуулийн төслийн хүрээнд Монгол Улсад албан ёсны Үндэсний номын баярын өдөртэй болох юм. Ингэснээр нийтээр амрах өдрийн тоонд өөрчлөлт орохгүйгээр жил бүрийн тавдугаар болон есдүгээр сарын гурав дахь долоо хоногийн амралтын өдрийг Үндэсний номын өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлж байхаар төсөлд тусгажээ.

Хэлэлцүүлэгт Монголын орчуулагчдын эвлэлийн ерөнхийлөгч, Хэл шинжлэлийн ухааны доктор О.Чинбаяр “ОХУ-ын номын бодлого”, зохиолч, сэтгүүлч Н.Энхсайхан “Номын баяр олон улсад”, Монголын номын сангийн холбооны гүйцэтгэх захирал М.Даваасүрэн “Хил хязгааргүй номын сан”, “Тагтаа” хэвлэлийн газрын үүсгэн байгуулагч, утга зохиолын орчуулагч Б.Баясгалан “Төр үндэсний уран зохиолоо хэрхэн дэмждэг вэ?” сэдвээр тус тус илтгэл тавив.

Хэлэлцүүлэгт оролцогчдод төрөөс утга зохиол, хэл, соёлыг салбарыг хөгжилд нэгдсэн бодлого дутагдаж байгааг хэлж байлаа. Хэдийгээр энэ удаад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, Үндэсний номын баярын өдөртэй болох асуудлыг хөндөж байгаа ч үүний цаана хэл соёлоо түгээн дэлгэрүүлэх, олон нийтийн соён гэгээрүүлэх, үндэсний уламжлал, танин мэдэхүй, зохиолчдын уран бүтээлийг олон улсад сурталчлах, хэвлүүлэх, дотооддоо үндэсний уран зохиолын хөгжлийг дэмжих, уншигчдыг багаас нь бэлтгэх, номын зах зээлийг хөгжүүлэх, татварын орчин зэрэг олон асуудлыг төрийн бодлого, дэмжлэгтэйгээр шийдвэрлэх шаардлага зайлшгүй байгааг тэд хөндөж ярилцсан юм.


“Номын соёлт ертөнц” төрийн бус байгууллагаас санаачлан Үндэсний номын баярын өдрийг жил бүрийн тавдугаар болон есдүгээр саруудад зохион байгуулдаг бөгөөд өдгөө 13 дахь жилтэйгээ золгож буй. Энэ хугацаанд олон бэрхшээлтэй тулгарсны хамгийн энгийн жишээ нь өдөрлөг зохион байгуулах газрын зөвшөөрөл байжээ. 13 жилийн хугацаанд долоон удаа бууриа сэлгэсэн бөгөөд хамгийн тохиромжтой, уншигчдад хүртээмжтэй байдаг газар нь Жанжин Д.Сүхбаатарын талбай аж. Олон нийтэд зориулсан соён гэгээрүүлэх, ном уншдаг соёлыг дэлгэрүүлэхэд Үндэсний номын баярын өдрийг хуульчлах нь чухал ач холбогдолтой болохыг зохиолч, судлаачид санал нэгтэй хэлж байлаа.

Дэлхийн хэвлэн нийтлэх зах зээлд 814 мянган хэвлэлийн компани байдаг. Энд жилд 103 тэрбум ам.доллар эргэлддэг том зах зээл юм. Мөн 64 хувь нь цаасан хэвлэл, 36 хувь нь е-book, audio book зэрэг бусад хэлбэрийн бүтээлүүд байдаг байна. Дэлхийн нийт номын 28 хувийг БНХАУ жилд дангаараа хэвлэдэг бол АНУ 20 хувийг хэвлэдэг гэсэн судалгаа байдаг.

БНХАУ жилдээ 470 мянга, АНУ 379 мянган шинэ нэр төрлийн ном хэвлэдэг. Харин Монгол Улсын хувьд өнөөдрийн байдлаар бүртгэлтэй 40 хэвлэлийн компани үйл ажиллагаагаа явуулж байна. Жилд 87 тэрбум орчим төгрөгийн бүтээгдэхүүн хэвлэдэг. Үүний 27.3 тэрбум төгрөгийн борлуулалт хийдэг аж. Энэ салбар 4000 орчим хүнийг ажлын байртай байлгадаг. Жилдээ 15 мянган нэр төрлийн ном зах зээл дээр идэвхтэй худалдаалагддагаас жилд дунджаар 600 гаруй нэр төрлийн ном шинээр зах зээлд гардаг гэдгийг “Тагтаа” хэвлэлийн газрын үүсгэн байгуулагч, утга зохиолын орчуулагч Б.Баясгалан илтгэлдээ дурдав.

Олон улсад соёлд суурилсан “зөөлөн хүчний” бодлого хүчтэй өрнөж эхэлсэн энэ цаг үед манай улсад ч ийм бодлого байх шаардлагатай. Үндэсний номын баярын өдрөөр зохиолчид өөрсдийн бүтээлийг хямдралтай үнээр худалддаг арилжааны үйл ажиллагааг явуулахаас илүүтэй Яармагийн соёлыг нэвтрүүлж, үндэсний утга зохиолын салбараа хөгжүүлэх, соёлын дархлаагаа бэхжүүлэхэд чиглэсэн арга хэмжээ болгох хэрэгтэй. Цаашдаа төрөөс ном, соёлын салбарт баримтлах урт хугацааны хөгжлийн бодлогыг гаргаж, бие даасан хууль эрх зүйн орчинтой болохыг хүсэж буйгаа хэлэлцүүлэгт оролцогчид хэллээ.

Онцлох нийтлэлүүд