Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Ерөнхийлөгч Б.Хурц, Д.Дамба-Очир нарын 13 хүнд уучлал үзүүлжээ 470.139 ширхэг хувьцаа арилжжээ МАН-ын УЗ: Л.Оюун-Эрдэнийг намын даргад дэвшүүлэхээр болжээ Хүнсний үйлдвэрлэл, зоогийн газрын төлөөллийг СТӨ-нд хүлээн авч, гэрээ хийнэ Сэтгүүлч, нийтлэлч А.Баатархуяг Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор шагнуулав Д.Сумъяабазар: ААН-үүд хариуцлага алдахгүй дэглэмээ мөрдөөд ажиллавал бид дэмжинэ Монголын баг Олон улсын мэдээлэл зүйн олимпиадад оролцож байна Хотын дарга Монголын ресторан, зоогийн газрын холбооны удирдлагуудтай уулзаж байна Ажил идэвхтэй хайж байгаа 15-34 насныханд зориулсан хөтөлбөр хэрэгжүүлнэ Сүүлийн таван сарын байдлаар 67 хүн зам тээврийн ослоор амиа алджээ Ерөнхийлөгч Б.Хурц, Д.Дамба-Очир нарын 13 хүнд уучлал үзүүлжээ 470.139 ширхэг хувьцаа арилжжээ МАН-ын УЗ: Л.Оюун-Эрдэнийг намын даргад дэвшүүлэхээр болжээ Хүнсний үйлдвэрлэл, зоогийн газрын төлөөллийг СТӨ-нд хүлээн авч, гэрээ хийнэ Сэтгүүлч, нийтлэлч А.Баатархуяг Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор шагнуулав Д.Сумъяабазар: ААН-үүд хариуцлага алдахгүй дэглэмээ мөрдөөд ажиллавал бид дэмжинэ Монголын баг Олон улсын мэдээлэл зүйн олимпиадад оролцож байна Хотын дарга Монголын ресторан, зоогийн газрын холбооны удирдлагуудтай уулзаж байна Ажил идэвхтэй хайж байгаа 15-34 насныханд зориулсан хөтөлбөр хэрэгжүүлнэ Сүүлийн таван сарын байдлаар 67 хүн зам тээврийн ослоор амиа алджээ
Нийгэм
2021.05.09 09:05

А.Эрхэмбаяр: Шуудан хүргэлтийн үйлчилгээ гурав дахин өссөн. Цаашид ч өснө

Цар тахлын үед хамгийн эрэлттэй нь шуудангийн үйлчилгээ байгаа аж. Энэ талаар Монгол шуудан ХК-ийн Бизнес төлөвлөлт, хөгжлийн газрын захирал А.Эрхэмбаяртай ярилцлаа.


-Хөл хориотой үеэр хамгийн эрэлттэй үйлчилгээ шуудан болжээ. Энэ төрлийн үйлчилгээ өмнөхөөсөө хэр өссөн бэ?

-Хөл хориотой холбоотойгоор хот доторх гараас гарт, онлайн худалдааны хүргэлтийн эрэлт жирийн үеэс гурав дахин өссөн үзүүлэлттэй байна. Бид он гарснаас хойш хүчин чадлаа хоёр дахин нэмэгдүүлсэн. Гараас гарт хүргэлтийнхээ машиныг арав байсан бол 20 болгосон. Хөл хориотой холбоотойгоор орон нутагт тээврийн автобус болон ложистик тээврийн машинууд явахгүй байгаатай холбогдуулан манай орон нутагт явж байгаа чиглэлийн тоо болон ачаалал нэмэгдээд байна.

-Хүргэлтийн төрөл гэдэг юмуу аль ангилал нь илүү эрэлттэй байна вэ?

-Манай шуудангийн үйлчилгээ дөрвөн төрөл.Нэгдүгээрт хэвлэл буюу сонин, сэтгүүл хүргэлт, хоёрдугаарт албан бичиг, захидал, гуравдугаарт, илгээмж. Үүнд онлайн худалдааны бараа хүргэлт орно. Дөрөвдүгээрт, орон нутгийн ложистик тээвэр буюу том оврын бараа хүргэлт гэж ангилдаг. Ерөнхийдөө жигд л хөгжиж байна. Улаанбаатар хотод карантинтай холбоотойгоор байгууллага хооронд цахимаар албан бичиг солилцож байгаа ч биетээр явуулах тохиолдолд шуудангаар илгээж байна. Шүүхийн бүх бичиг явж байна. Дээр нь орон нутаг руу ачаа тээвэр бас нэлээн нэмэгдсэн. Манай аль ч салбар дээр очоод аль ч сум, аймаг руу шуудан илгээх боломжтой болсон. Ер нь дэлхийн бусад хөгжсөн орнуудтай харьцуулахад манай шуудан холбоо хөгжиж яваа. Нэмэлтээр оруулах үйлчилгээ зөндөө бий. Өмнө нь ачаа бараагаа яаж нэмэгдүүлэх зэрэг хэрэглэгчээ нэмэх тал дээр илүү анхаардаг байсан. Тухайлбал, орон нутгийн тендерийн машин гэж байдаг шүү дээ. Мөн хот хоорондын нийтийн тээврийн автобус байна. Эдгээртэй орон нутгийн тээврийн хүргэлтийн үйлчилгээнд өрсөлдөхөд хүндрэлтэй байсан. Автобуснууд хүнээ тээвэрлэхийн хажуугаар жижиг хайрцагтай хүргэлтийг 5000 төгрөг гээд авчихдаг. Автобусанд 3000 ч, 5000 төгрөг ч ашигтай. Гэтэл манайх тогтсон үнэ ханштай учраас тэгж буулгах боломжгүй. Тиймээс иргэдэд манайх үнэтэй санагдаад бид энэ тал дээр өрсөлдөж чадахгүй байсан. Тиймээс яаж бараагаа хүргэх вэ гэж зохион байгуулалтын тал дээр нэлээн ажиллаж тээврийн хүчин чадлаа нэмэгдүүлж байна. Улаанбаатар хотод бол онлайн худалдаа нэлээн хурдтай өсч байна. Тэгээд ч иргэд нэг юм хүргэхийн тулд хотын нэг захаас нөгөө зах руу өөрөө явахгүйгээр шууданд өгчих сонирхолтой болсон. Ингэснээр тухайн хүндээ ч цаг зав хэмнэхээс эхлээд давуу талуудыг дурдвал их.

-Хаягжилтын асуудал өмнөх жилүүдийнхээс сайжирсан уу. Энэ тал дээр асуудал байна уу?

-Ер нь дэлхийн 7.5 тэрбум хүн амаас таван тэрбум хүн хаягжилтын асуудалтай амьдардаг гэсэн судалгаа бий. Үүний нэг манай Монгол Улсын хаягжилтын асуудал. Шуудан илгээхдээ албан ёсны хаягаа бичих ёстой. Гэтэл хаягаа Таван шар, Дөрвөн зам, Саппоро гэдэг ч юм уу ерөнхий байршлын нэрээр хэлдэг. Оршин суугчид маань ч гэсэн албан ёсны хаягаа мэдэхгүй байх тохиолдол их байдаг. Шуудангийн байгууллагын зүгээс бол албан бүртгэлийн хаягжилтаар нь хүргээд өгчихдөг. Гол нь үйлчлүүлэгчид буюу илгээмж илгээж байгаа хүмүүс хүлээж авах хүнийхээ албан хаягийг мэдэхгүй байх нь түгээмэл. Гэр хорооллын тухайд гэвэл түргэний машин хүртэл айлаа олохгүй төөрдөг хүндрэлтэй шүү дээ. Тэгэхээр хаягжилт дээр харилцагч, үйлчлүүлэгчдэдээ хаягжилтын мэдээллийг маш сайн хүргэх, сургалт явуулах чиглэлээр ажил хийхийг боддог. Хаягжилтын тал дээр E-Mongolia системтэй хамтрахад ч тэр, ер нь бүхэл байгууллагатай хамтарч ажиллахад тулгардаг гол асуудал иргэний үнэмлэх дээрх хаяг. 100 хүн тутмын 25 нь иргэний үнэмлэхний хаяг дээрээ байдаггүй. Хүргэлт очиход “Тийм хүн байхгүй” гэдэг ч юм уу. Нүүсэн, худалдсан, шилжсэн хэрнээ хаягаа солиогүй байдаг. Тэр нь бидэнд багагүй ажлын ачаалал нэмдэг.

-Шуудан хүргэлтийг хүлээж авч буй үйлчлүүлэгчдийн соёл хэрхэн дээшилсэн бол?

-2016 онд бид судалгаа хийсэн. Нийт хүргэж байгаа шуудангийн хүргэлтийн тоог Монголын хүн амд хувааж үзэхэд нэг хүнд сард нэг удаа шуудан хүрсэн байдаг. Нэг хүнд 30 хоногт нэг удаа шуудан хүргэлт хүрсэн гэсэн үг шүү дээ. 2020 онд тэр судалгааг ахиж хийхэд нэг хүнд долоо хоногт нэг удаа хүрдэг болсон байсан. Тэгэхээр энэ хэрээр шуудангийн үйлчилгээ эрс нэмэгдсэн, хүмүүс хүргэлтийн үйлчилгээг илүү сонгодог болжээ гэж харж болно. Харин шуудангийн үйлчилгээг хүргэж өгөхдөө хүлээн авах хүнтэй гурван удаа холбогдох оролдлого хийдэг. Тухайн шуудан гурван удаа очиход байхгүй тохиолдолд илгээсэн хаяг руу буцаагддаг. Гэхдээ энэ тохиолдол ховор. Бид илгээмж авахдаа хүлээж авах хүний утасны дугаарыг тэмдэглэж авч урьдчилан холбогдож мэдэгддэг байгаа.

-Төрийн үйлчилгээг шуудангаар хүргэхэд ямар хүндрэл бэрхшээл тулгарч байна. Ер нь төрийн өөр ямар үйлчилгээг шуудангийн үйлчилгээнд шилжүүлж болохоор харагдаж байна?

-Төрийн байгууллагуудын хоорондын, эсвэл хувь хүнд чиглэсэн үйлчилгээнд алхам алхмаар ахиц гарч байгаа. Манайх шүүхийн байгууллагатай сүүлийн таван жил ажиллаж байна. Цар тахалтай холбоотойгоор тус байгууллагатай холбоотой албан бичгийн шуудан хүргэлт мэдээж хэд дахин нэмэгдсэн. E-Mongolia систем буюу төрийн цахим үйлчилгээнээс иргэний үнэмлэх, гадаад паспорт, жолооны үнэмлэхийг орон даяар хүргэж өгч байна.Улсаараа цахим системд шилжих зорилт тавиад ажиллаж байгаатай холбоотой ажлуудын нэг л дээ. Ингэхдээ тухайн иргэн холбогдох бичиг баримтын талаар цахимд хүсэлт гаргана. Үүний дараагаар хүргэх ажлыг манайхаас хийж байгаа. Дэлхий нийт ийм л жишгээр явж байна. Иргэдийн хувьд маш их сэтгэл хангалуун байгаа. Сүүлд сонсоход “E-Mongolia” систем нэг сая хэрэглэгчтэй болсон байсан. Тэгэхээр төрийн үйлчилгээ энэ мэтчилэн улам л цахим хэлбэрт шилжих байх.

-Шуудан, хүргэлтийн үйлчилгээг сайжруулахын тулд, иргэдэд илүү ойр, хялбар болгохын тулд хийж буй өөр шинэ ажил, төлөвлөгөөнөөсөө хуваалцаж болох уу?

-Манайх стратеги төлөвлөгөөгөө дөрвөн жил тутамд шинэчилдэг. Өнгөрсөн жил ирэх дөрвөн жилийн төлөвлөгөөгөө гаргасан. Үүнээс хамгийн гол зорилтоо хуваалцахад цахим шилжилт. Жишээлбэл, манайд банкууд бүрэн цахимжчихлаа, төрийн үйлчилгээнүүд цахимжиж байна. Тэрийгээ дагаад шуудангийн үйлчилгээ ч гэсэн цахимжих ёстой. Бид он гарсаар гар утасны аппликэйшн хөгжүүлж, вэб сайтаа шинэчилж байна. Эрэлт нэмэгдэхийн хэрээр салбарууд дээрх ачаалал нэмэгдсэн. Оочер дараалал ихэссэн. Дээрх шинэчлэлтүүдийг хийснээр хүмүүс үйлчилгээгээ цахимаар авдаг болно. Жишээлбэл, би гадагшаа, эсвэл орон нутаг руу юм явуулахаар бол гэрээсээ цахимаар илгээмжийн хаягаа бөглөөд, төлбөрөө төлөөд бэлдчихнэ. Өмнө нь бэлдчихсэн учраас илгээмжээ шуудангийн салбар дээр дугаарлахгүйгээр үлдээгээд л явчихна. Ингэснээр дугаарлалт багасах юм. Энэ мэтчилэн аль болох иргэдэд чирэгдэл учруулахгүйгээр цаг хэмнэсэн ажлуудыг шат шатандаа хийж байна.

-Үнэ тарифтай холбоотой асуудал их гардаг. Ялангуяа карантины үеэр иргэд хөдөөнөөс нэг хонины мах шуудангаар авахын тулд дахиад нэг хонь авах хэмжээний мөнгө төлсөн. Энэ талаар тайлбар өгөхгүй юү. Шуудангийн бодит үнэлгээг хэрхэн гаргадаг вэ?

-Монгол шуудан компани 2013 оноос хойш үнээ өөрчлөөгүй. Харилцаа холбооны зохицуулах хорооноос манай үнийг баталдаг. Хөл хорионы үеэр иргэд орон нутгаас идшээ авахтай холбоотойгоор сая таны хэлсэн хэл ам нэлээд гарсан. Өмнө нь манайх орон нутгийн хэмжээнд том оврын ложистик тээврийн үйлчилгээг бага үзүүлдэг байсан гэж түрүүн хэлсэн дээ. 50 кг-аас дээш бол том оврын илгээмж гэж үздэг. Гэтэл дээрх махны тухайд илгээмжийн тарифаар бодохоор үнэтэй болоод байсан. Өмнө нь бид долоон аймаг руу ложистик тээвэр хийдэг байсан бол тухайн үеэс эхлэн 21 аймаг руу хийдэг болж хүчин чадлаа өргөтгөсөн. ХХААЯ-тай гэрээ байгуулж хамтран ажиллан махны тээвэр хийсэн. Үүнтэй холбоотойгоор тусдаа үнэ гаргасан л даа. Үүнээс өмнө үнэтэй тусаад асуудал үүссэн. Тухайн үед бидний хувьд ч махны тээвэр шинэ үйлчилгээ болсон. Тиймээс тэр үед нь дээрх арга хэмжээг даруй аваад үнэ батлаад асуудал багассан. Гэхдээ алслагдсан Увс, Ховд зэрэг баруун аймгуудад километрт хуваагаад боломжит гэсэн үнээ гаргахад л холоос шалтгаалж бас л үнэтэй тусаад байлаа. Учир нь хөл хорионоос өмнө тухайлбал, Увс руу том оврын машин хотоос ачаа авч явахдаа хоёр талын үнээр явдаг. Яагаад гэхээр эргэж ирэхдээ хоосон ирдэг учраас хоёр талын үнэ авдаг болохоор эндээс үнэтэй. Харин эргээд ирэхдээ хоосон явж байхаар гээд ачаа олдвол хямд аваад ирдэг. Тийм болохоор иргэд тэрэнтэй харьцуулаад манайхыг үнэтэй байна гэж ойлгоод байсан тал бий. Үүнтэй холбоотойгоор бид сая тавдугаар сарын 1-нээс үнээ дахиад хямдруулсан байгаа.

-Жишээлбэл, Сүхбаатар аймгаас нэг хонины мах явуулъя, мөн Дархан-Уулаас бас нэг хонины мах шуудангаар явуулъя гэж бодъё. Тэгвэл хол ойроос хамаарч шуудангийн үнэ харилцан адилгүй гарах уу?

-Тэгнэ. Манай цахим хаяг дээр ойрын болон холын аймгууд, хот доторх үнэ тариф дэлгэрэнгүй байгаа. 30-100 кг ачааны үнэ нэг килограмм тутам нь ойрын аймгуудад 450 төгрөг бол холын аймгуудад 800 төгрөгийн үнэтэй. Тэгэхээр Дарханаас 100 кг ачаа илгээхэд 45000 төгрөг гэсэн үг. Энэ үнэд нь НӨАТ болон гэрт нь хүргэж өгөх хүргэлт орсон байгаа. Гэтэл зарим хүн үнэтэй байна гэж бодоод байдаг. Дарханаас тендерийн ч юм уу автобусанд өгөхөд багадаа 20000 төгрөг төлнө. Дээр нь хотод ирэхээр нь очиж авна гээд чирэгдэл ихтэй. Бараг дүндээ дүн болж байгаа биз. Гэхдээ иргэд иймэрхүү ялгааг ойлгодог, шуудангийн давуу талыг нэг үеэ бодоход мэддэг болсон. Энэ үнэ гэхдээ тавдугаар сарын 1-нээс өмнөх үнэ. Одоо дахиад бага зэрэг хямдарсан байгаа. Ер нь иргэд мэддэг болсон учраас баталгаатай, найдвартай гээд шуудангийн үйлчилгээг их сонгодог болоод байна.

-Монголоос гадаад руу нэг килограмм ачааг бараг 40 мянган төгрөгөөр явуулж байна гэж санал гомдол гардаг...?

-Монгол шуудан ХК Дэлхийн шуудангийн холбооны гишүүн байгууллага. Тус холбоотой байгуулсан гэрээний дагуу дэлхийн аль ч орон руу шуудан явуулна. Тус холбооноос нэг килограммын үнийг нэгжээр тогтоож өгдөг. Тухайн орноос хамаараад үнийн хувьд харилцан адилгүй. Тухайлбал, Солонгос руу шуудан явуулахад нэгж тарифын үнийг бид төлнө. Тиймээс гадаад руу илгээх шуудангийн үнэд тус улсад төлөх үнэ, каргоны зардал, үйл ажиллагааны зардлыг нэмээд гардаг дүн багтсан байдаг. Анх үнэтэй холбоотой хэл ам гарсан л даа. Ихэнхдээ Солонгос улс руу илгээмж явуулахад иргэд шууд карго үйлчилгээ явуулдаг газруудтай харьцуулдаг байсан. Карго үйлчилгээний газрууд нэг кг ачааг 8000 вон буюу 18000 гаруй төгрөгөөр явуулдаг. Харин манайх нэг кг нь 36000 мянган төгрөг. Тэгэхээр хүмүүс шуудан хоёр дахин үнэтэй байна “шулаач” гэж боддог. Тэгвэл каргогоор хоёр кг ачаа явуулахад 36000 мянган төгрөг болно, манайх 46000 мянга хавьцаа болно. Үнэтэй юм шиг боловч 5 кг ачааг каргогоор явуулахад манайхаас үнэтэй болно. Ялгаа нь юундаа байна гэхээр карго килограмм тутамдаа нэг нугарч нэмэгддэг. Харин манай Монгол шуудангийнх нэмэгдэх тусам үнэ нь хямд тусдаг. Солонгост ачаа нь очлоо гэхэд каргоны үйлчилгээ бол таны ачаа ирсэн гээд хэрвээ хүн очиж авах завгүй бол дахиад тухайн улсын хүргэлтийн үйлчилгээгээр мөнгө төлж авдаг. Харин манайхаас очсон бол шууд эндээс өгсөн хаягаар гэрт нь хүргэгддэг байгаа. Энэхүү ялгааг иргэд ойлгодог болсон учраас тогтмол илгээмж явуулдаг үйлчлүүлэгчийн тоо нэмэгдэж байна. Харин зарим орон руу Дэлхийн шуудангийн холбооноос энэ сард ачаалалтай байна, зөвхөн буухиа үйлчилгээ авна гэвэл тэр дагуу л үйлчилгээг авдаг.

Буухиа үйлчилгээ нь энгийнээс арай үнэтэй тарифтай. Энэ учрыг мэдэхгүй иргэд мөн л эднийх ачаалал нэмэгдэнгүүт орлогоо бодоод зөвхөн үнэтэй үйлчилгээгээ авч байна гэж ойлгоод байдаг.Биднээс хамаарахгүйгээр иймэрхүү үйлчилгээний өөрчлөлтүүд бол хааяа гардаг. Ямартаа ч бид энэ бүхний цаана Монголынхоо иргэдэд шуудан, хүргэлтийн үйлчилгээг чирэгдэлгүй, хурдан шуурхай хүргэх тал дээр үргэлж анхаарч ажиллаж байна. Сүүлийн үед иргэд ч Монгол шуудангийн үйлчилгээнд сэтгэл хангалуун байх болсон.

Онцлох нийтлэлүүд