ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Онцлох нийтлэл
2019.10.22 09:10

Баянгол зочид буудалд амьдрах Баянхошууныхны нэрс тодорч байна


Үнэгүй байр авахаар ингэж цуглажээ

2017 оноос хойш Монголын улс төр дэх попролт хэрээс хэтэрлээ. Үл бүтэх зүйл амалж, эрүүл нийгэмд хэзээ ч бүтэхгүй хийсвэр лоозон ашиглан массд нэр хүндээ өсгөдөг энэхүү жүжгийн голлон тоглогч нь манай Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар. Ерөнхийлөгч Х.Баттулгын хувьд Монголын хөрөнгөтэй, чөмөгтэй эрчүүдийн нэг. Түүний эзэмшлийн компаниудын нэрс “Мах импекс”, “Талх чихэр”, “Баянгол зочид буудал” гээд цааш үргэлжилнэ. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хувьд ч хоосон хүн биш. Хотын төвийн Хүрээ төвөөс эхлээд энд тэнд бишгүй л хөрөнгө сонсогддог. Энэ хоёр хүн Монголын хөрөнгөлөг хүмүүсийн тоонд яах аргагүй орох ч өдөр тутамдаа хамгийн ядуу хүний дүрд чадварлаг тоглож, улс төрийн үйл ажиллагаагаа явуулж байна.

Дээрх хоёр хүний амнаас гарсан үг бүхэн нэг агуулгатай байдаг. “Баячуудын хөрөнгийг хурааж ядууст өгнө” гэсэн үгээр тэд гурван жил поп жүжгийнхээ гол санааг илэрхийлжээ. Гурван жил тэд ингэж л ярьсан. Тэдний эх оронч, ядуусын төлөө дуугарч, хамгаалж байгаа мэт хуурмаг дүрийн цаана нэр алдар олох, олон нийтэд таалагдах ганцхан зорилго бий. Зорилгодоо хүрэхийн тулд тэд тасралтгүй ийм утгатай зүйлс ярьж, ядуу ард түмнээ өрөвдөж хайрлаж буй дүр эсгэж байна. Энэ нь тэрүүхэндээ ард түмний толгойг эргүүлж, улстөрчийн нэр хүндийг өсгөөд зогсдог бол хамаа алга. Гэтэл мөнгөгүй ард түмэн нь тэдэнд туйлаас итгэх юм. Нийтээрээ энэ попролтыг нь дагаж баясч, бодит зүйл мэт төсөөлж эхэлжээ. Ийм явцуу, хуурмаг тоглолтын горыг одоо бид нийтээрээ амсах гэж байна.

Баячуудын байрыг хурааж, үнэгүй байртай болох гэсэн хүмүүсийн тоо өдгөө 30 мянга хол гараад явчихаж. Ард нь үнэгүй байрны төлөө хэдэн мянгаараа дугаарлаж байна. Улс төрийн сонгуулиар МАХН мэтийн жинхэнэ поп улс төрийн хүчин гарч ирвэл Монголын нийгэмд ямар аюул нүүрлэх гэж буйн дохио энэ биш гэж үү. “Хэний хаусыг хэн хурааж авч надад өгөх нь үү” гэж харж байгаад масс тэр хүчинд саналаа өгөх нь тодорхой байна. Хэрэв ийм улс төрийн хүчин сонгуулиар гарч ирвэл юу хийх вэ? Хамгийн түрүүнд Үндсэн хууль өөрчилж, Ерөнхийлөгчийн засаглалтай болно. Гадаадын хөрөнгө оруулагчдыг хөөж гаргана. Ингээд авторитор дэглэмтэй, гадаад харилцаагүй, харанхуй бүдүүлэг Хойд Солонгосынх шиг нийгэм бүрэлдэнэ. Мэдээж, хоёр хөршийн гар хөл, бодлого шууд нөлөөлж, тоглоомын улс болно. Өмнө ч ийм нөлөөлөл байгаагүй гэж хэлэхгүй.

Ийм болох үндэс суурийг Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар болон АН, МАН хоёр бэлдээд сууж байна. Харин одоо энэ алдаагаа засахын тулд дээр нэр дурдсан эрхмүүд болон Монголын улс төрийн голлох хоёр нам нийгмийн хариуцлагаа ухамсарлан ачааны хүндийг үүрэх цаг иржээ. АН, МАН хоёр намд тусгаар тогтнолоо хамгаалах, тусгаар байхын үндэс болсон ардчилал, парламентын засаглалаа авч үлдэх үүрэг хариуцлага ирлээ. Энэ бол голлох хоёр нам болон улс төрийн зүтгэлтнүүдэд бүгдэд нь хамааралтай хэрэг юм.

Хамгийн түрүүнд АН, МАН хоёр эвлэж зөвлөж байгаад Сонгуулийн хуулиа зөв хийж, ирэх парламентад олонх болох хэрэгтэй байна. Ингэж байж л ардчиллаа авч үлдэнэ. Бусад нам, хөдөлгөөний үйл ажиллагаа, гаргаж буй ааш аягийг харахад тэдэнд найдах арга алга. Монголын шинэ үеийн түүхийн ганц ололт амжилт болсон ардчиллыг хамгийн түрүүнд алга хийхээр тэд зэхэж байна. Ардчилалгүй оронд мэдээж, парламентат ёс алга болно. Ийм тохиолдолд тусгаар улсын тухай ярихад хэцүү болох нь тодорхой.

Туулсан замналаа эргэн харахад голлох хоёр намын зүтгэлтнүүд асан хүмүүс хэзээ ч өнөөдрийнх шиг попорч, ардчилсан тогтолцоог нурааж, хувийн өмчийг хураана гэж хашгирч байсангүй. Түүх бидний нүдэн дээр үргэлжилж байна. Ерөнхийлөгч асан Н.Багабандийг өнөөдөр муулах хүн олон. Гэтэл энэ эрхэм хэзээ ч “Парламент хэрэггүй. Хувийн өмчийг хураана. Ерөнхийлөгчийн засаглалтай болно” гэж хэлээгүй. Захын хүн л ална хядна гээд муулаад байгаа Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн ингэж ярихыг сонссон хүн байна уу. Р.Гончигдорж, Э.Бат-Үүл, Д.Дэмбэрэл, С.Төмөр-Очир нар парламентат ёс хэрэггүй гэж ярьж байл уу. Хэн ч ардчиллыг ад үзсэн ийм зүйл ярьж байгаагүй юм шүү.

Итгэж найдахаас өөр гарцгүй улс төрийн энэ хоёр том хүчнийг хагаралдуулж байгаад дундаас нь гарч ирэхээр улс төр хийж байгаа хүмүүсийг та нар харж байгаа байх. Октябрийн хувьсгал юугаараа тэгж Оросын ард түмний сэтгэлийг татаж, амжилт олж чадсан бэ гэвэл газрын эздийг баривчилж, тариачдад үнэгүй газар олгоно гэсэн амлалт л байсан. Үнэгүй газрын төлөө үгээгүй ядуус давалгаалан дайрцгаасан. Тэгвэл олон байртай хүний байрыг хурааж ард түмэнд өгнө гэж байгаа энэ амлалт Октябрийн хувьсгалын үнэгүй газар өгөх уриатай утга нэг байгаа юм. Орост 100 гаруй жилийн өмнө биеллээ олсон энэ үг одоо Монголд амилахад тун ойрхон болжээ. Өөрөөр хэлбэл, Баянголд орох Баянхошууныхны нэрс тодорхой болж байна гэсэн үг. Манай талын хөрөнгөтөн гэж байдаггүй. Байргүй хүмүүс үнэгүй байр авахын төлөө эхнээсээ Баянгол зочид буудал, Хүрээ төв рүү дайрна. “Би үлдчих юм чинь” гэж битгий горьдоорой. Хамгийн том, сайхан байрлалтай байшин нүдэн дээр ил байхад тойроод гарна гэж байдаггүй юм.

Монголын нийгэмд ийм л нөхцөл байдал бий болоод байна. Энэ бүхнийг биежүүлж, амилуулахгүйн тулд АН, МАН хоёр хоорондоо учраа ололцож, ирэх жилүүдэд парламентын олонхыг бүрдүүлэхээс өөр арга алга. Өөр хоорондын хэрүүл, хагарлаа зогсоож, төдийгөөс өдий хүртэл ард түмнийг шулж ирсэн увайгүй зангаа өөрчилж, шударга ёсыг тогтоож, тусгаар тогтнол, ардчилал, парламентат ёсоо авч үлдэх түүхэн үүрэг танай хоёр намд ирж байна.


Онцлох нийтлэлүүд