Улс төр
2015.06.22 10:06

Баянзүрх дүүрэг дахин төлөвлөлтөөр 840 хүүхдийн цэцэрлэгтэй болно

Баянзүрх дүүргийн 8 болон 16 дугаар хорооны гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн хэрэгжилт болон барилгын ажлын явц байдалтай УИХ-ын дарга З.Энхболд болон УИХ-ын гишүүд, Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл,дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа болон албаны бусад хүмүүс өнгөрсөн бямба гарагт танилцлаа.

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлэхдээ иргэд, төр, хувийн хэвшлийн оролцоо, хамтын ажиллагааг хангах зарчмыг баримталж байгаа бөгөөд Монгол Улсын Их Хурлын 2013 оны 23 тоот тогтоолоор батлагдсан “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн чиг хандлага”-тай уялдуулан хэрэгжүүлж байна.

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолоор Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх 24 байршлыг баталсан бөгөөд Улаанбаатар хотын 8 дүүрэг, 37 хорооны 1506.1 га талбайн 16109 нэгж талбар буюу нийслэлийн гэр хорооллын нийт нутаг дэвсгэрийн 14 хувь, хүн амын 9 хувь нь дахин төлөвлөлтийн төсөлд хамрагдаж байгаа талаар УИХ-ын даргад танилцуулав.

Түүнчлэн гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд энэ оны эхний ээлжинд Баянзүрх дүүргийн 8, 16 дугаар хороонд төсөл хэрэгжүүлэгч “Баганат өргөө” ХХК-ийн 144 айлын орон сууц ашиглалтад орох юм. Тус байршил нь 51 га газар нутагтай, нийт 275 нэгж талбарыг хамарч байгаа бөгөөд одоогийн байдлаар төсөл хэрэгжүүлэгч “Баганат өргөө” ХХК нь 120 айлын 6 га газрыг чөлөөлж, инженерийн дэд бүтцийн болон автозамын угсралтын ажил болон нийт 288 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг гүйцэтгэж байгаа.

Төсөл хэрэгжсэнээр Баянзүрх дүүргийн 8, 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт 3214 айлын орон сууц, 1680 хүүхдийн сургууль, 840 хүүхдийн цэцэрлэг мөн 21 га ногоон байгууламж бүхий цогцолбор хороолол сүндэрлэх юм.

Онцлох нийтлэлүүд