Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Ц.Цогтбаатар аваргын төлөө барилдана Энхийг сахиулагчдыг “Багабаян” амралтын газарт тусгаарлалаа Аймаг, цэргийн цолтой 256 бөхийн барилдаан болно "MPDU Fashion Week" загварын шоу боллоо Согтуу жолооч осол гаргаж 4 хүн гэмтээжээ "Модерна" компани “Омикрон”-ы эсрэг вакцин гаргах ажлыг яаралтай эхлүүлжээ Улаанбаатарт шөнөдөө 16 хэм хүйтэн ДХБ-ын Сайд нарын бага хурлыг хойшлуулжээ Монголын агрономчдын "Өндөр ээж" гавьяат боллоо Нефтийн үнэ буурчээ Ц.Цогтбаатар аваргын төлөө барилдана Энхийг сахиулагчдыг “Багабаян” амралтын газарт тусгаарлалаа Аймаг, цэргийн цолтой 256 бөхийн барилдаан болно "MPDU Fashion Week" загварын шоу боллоо Согтуу жолооч осол гаргаж 4 хүн гэмтээжээ "Модерна" компани “Омикрон”-ы эсрэг вакцин гаргах ажлыг яаралтай эхлүүлжээ Улаанбаатарт шөнөдөө 16 хэм хүйтэн ДХБ-ын Сайд нарын бага хурлыг хойшлуулжээ Монголын агрономчдын "Өндөр ээж" гавьяат боллоо Нефтийн үнэ буурчээ
Нийгэм
2021.03.20 10:03

БНМАУ-ын баатар Т.Дүүдэй “Хоёр фронтын дайчин”


БНМАУ-ын баатар Түүвэйн Дүүдэйн охин Үржинханд хуучны сонины шарласан хуудсууд хадгалжээ. Энд чөлөөлөх дайны үеэр Жанчхүүгийн давааны төлөө тулалдаанд гавьяа байгуулж, хожим баатар цолоор шагнуулсан Т.Дүүдэйн яриа хадгалагдаж үлдсэн байлаа. Тэрбээр БНАГУ, Монголын залуучуудын найрамдлын хоёрдугаар их наадамд хүндэт зочноор мордохын өмнө хэвлэлд ярилцлага өгч байжээ. “Хоёр фронтын дайчин” хэмээх гарчигтай уг ярилцлагад чөлөөлөх дайны ахмад дайчин Т.Дүүдэй 1971 онд Марксизм-Ленинизмийн оройн их сургууль төгссөн тухайгаа дурджээ. Баатруудын салаа Жанчхүүгийн даваанд хэрхэн тулалдсан тухай сэтгүүлчийн асуултад Т.Дүүдэй ийнхүү хариулжээ.

-Наймдугаар сарын 19-нд Жанчхүүгийн даваанд өглөөний 10 цагийн үеэс цус асгаруулсан ширүүн тулаан болсон юмдаг. Дайсан тэнд таван жилийн өмнөөс дөчөөд мянган хүний хөлс хүчийг шавхан байж, асар том бэхлэлт барьж, түүнээ “эвдэгдэшгүй” хэмээн тооцоолсон байв. Бид гурван өдөр, шөнө нойр хоолгүй байлдсан юм. Салаа маань уг нь 38 хүнтэй. Түүн дээр миномет, хүнд пулемёт, танк эсэргүүцэгч бууны тасаг (15 орчим хүн) хүч нэмэгдүүлэн өгч билээ. Манай буудлагын салаа “Аюуш” туужид гардаг гүүрийн зүүнтэйгүүр 500 метр газар давшин тулалдсан юм. Салааны маань эрэлхэг дайчид С.Дампил, Д.Данзанваанчиг, Л.Аюуш нар энд гавьяа байгуулсан. Түүнийг манай залуус андахгүй мэднэ.


-Дашдондог?

-Ээ дээ. Тэр чинь л бас баатар болох учиртай хүн гэж би өнөө хэр бодож явдаг юм. Аюушийн туслах наводчик, Аюуш пулемёттой, Дашдондог маань автоматтай. Тэд нэг нутаг усны хоёр. Дашдондог гэж монхордуу хамартай, биерхүү бас чадалтай, бичиг үсэг сайтай, зураг сайхан зурдаг байлдагч байсан юм. Намын гишүүн. Мөнөөх гүүрийн төлөө тулалдаанд Дашдондог маань биендээ үхлийн таван шарх авч, гэлээ ч гүүрийг гатлаад нас барсан байж билээ. Аргагүй л гавьяатай хүн.

-Танай салаанаас одоо хэн, хаана байдаг вэ?

-Энд тэнд хөөрхийс өвгөн настай болцгоосон байж л байна. “Залуу насандаа ямаршуухан эрчүүд явлаа даа, эд маань” гэж бодохоор харамсах ч, бахархах ч юм. Манайхнаас миний мэдэх арваад хүн бий.

Увсад С.Оросоо байгаа. Пулемётын наводчик, Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн (ХТАЗ), Улаан тугийн одонтой. Б.Сахьяа бол Аюушийн дарга байсан хүн. Аюушаа амь үрэгдэхэд пулемётыг нь авч, дайныг дуусгасан юм. Одоо Говь-Алтай аймгийн Хөх морьт суманд байгаа...

-Та хүний ямар чанарыг хүндэлдэг вэ?

-Дайн тулааны үед ч, энх тайван цагт ч өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь чин сэтгэлээс биелүүлдэг хүнд. Ажилсаг, төлөв даруу занг.

-Танд тохиолдсон хамгийн баярт мөч

-Тулалдаан эхэлсэн өдөр МАХН-д элсэх өргөдөл гаргаж, маргааш нь ротын улс төрийн орлогч намд элсүүлсэн тухай мэдэгдсэн тэр өдөр. Наймдугаар сарын 21. Дөчин нэгэн жил төрөлх намынхаа эгэл жирийн байлдагч гэж бахархан санаж явна. Ялалтын 40 жилийн ойгоор БНМАУ-ын баатар цол шагнасан тухай анх сонсоод баярласан, эргэлзэн гайхсан алин болохыг одоо хүртэл ер санадаггүй юм. “Баатруудын салааны дарга л байснаас биш баатар болох ямар гавьяа байгуулсан билээ” гэж бодсон шүү.

-Таны үргэлж баярлаж явдаг зүйл

Би дан залуучуултай ажилласаар өдий хүрлээ. Цэргийн хуаранд ч, их барилгын талбарт ч ялгаагүй хэмээн баатар маань өгүүлжээ.

Т.ДҮҮДЭЙ БААТРЫН ОХИН ҮРЖИНХАНД: ТӨРСӨН ӨДӨР НЬ БОЛДОГ, ААВ МААНЬ НАМДАА ТАТВАРАА ӨГНӨ ГЭЭД ЯВДАГ БАЙСАН

Т.Дүүдэй баатрын охин Д.Үржинхандтай ийнхүү ярилцлаа.


-Та Т.Дүүдэй баатрын хэд дэх хүүхэд вэ?

-Би дөрөв дэх охин нь. Бид эхээс тавуулаа. Одоо бол эмэгтэй дүүтэйгээ хоёулаа л үлдсэн.

-Т.Дүүдэй баатрын 100 жилийн ой болох гэж байгаа гэсэн шүү дээ. ойгоор нь юу хийхийг хүсч байгаа вэ?

-Аав маань 1921 оны долдугаар сард Увс аймгийн Зүүнговь суманд төрсөн. 1985 онд БНМАУ-ын баатар болсон шүү дээ. 1945 оны чөлөөлөх дайнд явж байсан. Салаанаасаа гурван баатар төрүүлсэн. Улсад 42 жил ажилласан хүн. 16 жил нь барилгын салбар буюу улсынхаа бүтээн байгуулалтад ажиллаад 26 жил нь армид ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан. Сая МАН-ын 100 жилийн ой боллоо. Аавын 100 жилийн ойг нутагт нь долдугаар сард тэмдэглэх санаатай байгаа. Зүүнговьт аавын цээж хөшөө байдаг. Увс улсын гурван баатартай. Улаангомд Ю.Цэдэнбал, Б.Гиваан баатрын хөшөө бий. Улаангомд хөшөөг нь босгоё гэж бодоод байгаа юм. Би ойн асуудлаар аймаг, сумын Засаг дарга, ИТХ-ын дарга, нутгийн зон олон, нутгаас төрсөн бизнес эрхлэгчдэд хандсан. Хамгийн гол нь хөшөө босгох, музейд булан байгуулах, ном товхимол гаргах, жижиг хэмжээний баримтат кино хийх, телевизийн нэвтрүүлэг хийх ажлууд төлөвлөөд байна. Хуучин цэргийн анги нь аавын нэрэмжит гэж явдаг. Дарга нь солигдохоос биш болоод байх юм. Энэ жил бас Батлан хамгаалах яаманд хандсан. Баатар хүний ойг тэмдэглэх хүрээнд хамтарч ажиллах тухай Засгийн газрын тогтоол бий. Тэр талаар хандсан байгаа. Цэргийн ангийг нэрэмжит болгох, Увс аймгийн Зүүнговь сумын сургуульд аавын нэрэмжит булан байгуулах юм. Эх орон, тусгаар тогтнолынхоо төлөө амь хайргүй тэмцэж явсан энэ улсуудаа мартаад байна. Тийм учраас энэ хүмүүсийнхээ нэрийг мөнхжүүлэх, хойч үеийнхэнд эх оронч үзэл суугаасай гэж эх орныхоо төлөө тулалдаж явсан ийм хүмүүс байсан шүү гэдгийг таниулахын тулд хөшөөг нь босгох, музейд булан нээж, өөрийнх нь хэрэглэж байсан эд зүйлс, зургаар нь үзэсгэлэн гаргах санаатай байна.

-Чөлөөлөх дайны түүхийг өгүүлэх цөөн хүмүүсийн нэг шүү дээ. Т.Дүүдэй баатар дурсамж бичиж үлдээсэн үү?

-Бичиж үлдээсэн дурсамж байдаггүй. Аавыг байхад гарсан жижиг ном байдаг. Архивын баримтад түшиглэн ном гаргах юм. Дээр үед тавдугаар ангийн сурах бичигт “Аюуш” тууж ордог байсан. Тийм болохоор хүмүүс сайн мэддэг. Уулзалт зохион байгуулдаг байлаа.

-Намдаа татвараа өгнө гээд гараад явдаг байсан гэж та дурссан байна лээ. Т.Дүүдэй баатар амьд сэрүүндээ төрсөн өдрөө яаж тэмдэглэдэг байв?

-Би аавыгаа гуравдугаар сарын 1-нд төрсөн гэж бодож явсан юм. Коронагаас болоод олон хүн цуглуулж тэмдэглэж болохгүй нь гэж санаа зовж байв. Бичиг баримтуудыг нь гаргаж ирээд үзсэн чинь долдугаар сарын 7 гэж байна. Гуравдугаар сарын 1 болохоор аав маань цэргийн хүн болохоор их догдолдог. Намдаа их үнэнч хүн байлаа. 1947 онд элссэн намын батлах байна лээ. Намын татвар өгөх өдрийг ерөөсөө мартдаггүй. Төрсөн өдөр нь болдог, намдаа татвараа өгнө гээд явдаг байсан. Яг ийм дадал зуршилтай хүн байсан. Цэргийн хүн болохоор яг л хэлсэн ярьсанаа биелүүлдэг. Тавдугаар ангид байхдаа би хичээлээ тасалчихаад та багшид очоод намайг ханиад хүрсэн гээд хэлчих гэсэн чинь “Манай хүүхэд ханиад хүрсэн гээд хэлчих гэж байна аа” гээд хэлчихсэн байсан. Үнэнч шударга, за гэвэл ёогүй хүн байсан даа. Дайнд явж байсан хүмүүсээ цуглуулдаг, уулздаг. Тэднийгээ тодорхойлж өгдөг байсан. Зөвхөн миний аав биш л дээ. Нэр нь тодроогүй олон мундаг дайчид байгаа шүү дээ. Эх орныхоо төлөө, эрх чөлөө тусгаар тогтнолынхоо төлөө тулалдсан эрэлхэг зоригт хөвгүүдээ эх орон, хойч үе нь битгий мартаасай л гэж хүсч байна.

-Т.Дүүдэй гуай дайны дараа гэр бүлтэй болсон гэсэн үү. Дайны үеийн тухай дурсдаг байв уу?

-Ээж маань Дорноговийн хүн шүү дээ. Дорноговьд барилгын ажлаар явж байгаад гэл үү дээ ээжтэй танилцсан юм билээ. Гэр бүл болж, таван хүүхэд гарсан. Гучин жил ханилаад, ээж 1978 онд өнгөрсөн юм. Баатар болох үедээ өөр хүнтэй амьдарч байсан юм. Тэтгэвэрт гарах үедээ баатар болсон шүү дээ. Аав цэргийн ангиуд, дунд сургууль, аймгуудаар явж уулзалт яриа хийж байгаа зургууд нь надад бий. Хуучны сонинуудад гарсан ярилцлагууд нь байдаг. Өөрийнх нь хадгалж байсан юмнууд нь байгаа. Тэрсхэн таван хүүхэдтэй, дөрвөн охин, нэг хүүтэй хүн шүү дээ. Цэргийн хүн болохоор нэг нь л буруу хэрэг хийвэл тавууланг нь жагсаадаг, загнаж, шийтгэдэг байлаа.

“Суман дундуур би үхчих болов уу гэж боддоггүй. Бүгдээрээ л чигээрээ урагшаа, эх орноо яаж хамгаалах вэ, яаж ялан дийлэх вэ л гэж боддог” гэж ярьж байсан. Аав бас хоолоо их хурдан иднэ. Тэгэхээр бид дагаад их хурдан идэцгээнэ. Энэ бүр зуршил болчихсон. Ааваас “Та яагаад ийм хурдан иддэг юм бэ, таны чих яагаад ийм хатуу болчихсон юм” гэж асуудаг байлаа. Тэгэхээр аав, дайны үед хоолтой хоолгүй, нойртой нойргүй явна. Хоол олдсон дээр нь хурдан идэхгүй бол дахиад хэд ч хоног хоосон явах аюултай байлаа. Дайн тулаанд орж явахад дэргэд мина дэлбэрэх энүүхэнд. Тэгээд л чих хатуу болсон байх” гэдэг байсан. Аавын дэргэд мина дэлбэрээд хөл нь шархдаж байсан юм билээ.

-Баатар болсны дараа аавын чинь амьдралд ямар өөрчлөлт гарсан бэ?

-Дээр үед “Эх оронч” гэж цөөн хэдэн хүнийг хэлдэг байсан. Дайнд гавьяа байгуулсан хүмүүсийг л тэгж нэрлэдэг байсан. Баатар болоогүй байхдаа ч их хүндлэгдэж тувт уулзалтад уригдаж, ярилцлага өгдөг байсан. Хамт байлдаж явсан хэдэн өвөгчүүл “Салаан дарга” гээд хөөрхөн уулздаг байв. Аав маань ч энэ өвчтэй байгаа юм, тэрийгээ амралтанд авч явна гээд л явдаг байсан.

-Дайнд явж байсан хүмүүс цуглахаараа юу ярьдаг байв?

-Дайны үеийг нэг их дурсаад яриад байхгүй дээ. Ер нь нэг гожин тавьчихаад хол ойрын юм ярьж суудаг байсан санагдаж байна. Бие биенээ цаашлуулж, хөзөр тоглож суудаг байсан.

-Дайнд оролцсон ахмадуудаа улсаас харж ханддаг байсан болов уу?

-Аавыг 1985 онд Улсын баатар болоход Батлан хамгаалах яамнаас гурван өрөө байр өгсөн шүү. Цэргийн парад болоход хүндэтгэлийн арга хэмжээнд оролцдог. Хоёрдугаар төв эмнэлгээр үйлчлүүлдэг байсан.

-Та ямар мэргэжлийн хүн бэ, өөрийнхөө тухай яриач?

-Би бараа судлаач, худалдааны мэргэжилтэй. Дээр үед долларын дэлгүүр гэж байхад ажилладаг байлаа. Одоо бол би тэтгэврийн хүн шүү дээ. Хүүхдүүдийнхээ ажилд туслаад л байж байдаг.

-Т.Дүүдэй баатрын амьдралын сүүлийн жилүүд ямархуу өнгөрсөн бэ?

-Аав маань амьдралынхаа сүүлийн жилүүдэд Л.Аюуш баатрынхаа хөшөөнд цэцэг өргөхийг хүсдэг байсан. Хөшөө нь байлдаж явсан газар нь л байсан юм болов уу даа. Тухайн үедээ Хятадын Элчинд өргөдөл хүсэлт өгөөд яваад байдаг байсан. Тэр үед хилийн цаана очихыг зөвшөөрдөггүй байсан. Сүүлд зөвшөөрөл өгөөд аав хүслээ биелүүлсэн. Аав бас Хар далайд очиж амарч байсан. Аав маань 2000 онд 79 хүрээд өнгөрсөн. Сүүлийн хэдэн жил би харж асарч байлаа. Явъя гэсэн газраа явж, уулзъя гэсэн хүмүүстэйгээ уулзсан. Ямар ч л байсан улс баатрыгаа мартаагүй байсан.

Одоо аавын маань 100 жилийн ой болж байна. Нутгийн зон олон маань аавынхаа хөшөөг босгоход туслах байх гэж найдаж байна. Төрсөн нутгийнхан нь хойч үе нь энэ хүнийг мэддэг дурсдаг байгаасай. Миний хүсч мөрөөдөж байгаа юм энэ л байна даа.

Онцлох нийтлэлүүд