Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Улаанбаатар хотод өдөртөө 15-17 хэм дулаан байна Улаанбаатарт шөнөдөө 12 хэм дулаан байна Дуучин Элтон Жон бэртэл авч, Дэлхийн аялан тоглолтоо хойшлуулав Д.Батгэрэлийн ээлжит тулаан цуцлагдлаа Сумдын "Хамтарсан баг"-ийн гишүүдийг чадавхжуулав Үүрэн телефоны 5 дахь оператор "ОНДО" тусгай зөвшөөрлийн гэрчилгээгээ авлаа Инженерийн хангамж, үйлчилгээний байгууллагуудын шилдгүүд тодорлоо Тээврийн хэрэгслийг ачих журамд өөрчлөлт оруулна Ф0Т0: Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр Мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх сорил, сургалт дадлага эхэллээ Улаанбаатар хотод өдөртөө 15-17 хэм дулаан байна Улаанбаатарт шөнөдөө 12 хэм дулаан байна Дуучин Элтон Жон бэртэл авч, Дэлхийн аялан тоглолтоо хойшлуулав Д.Батгэрэлийн ээлжит тулаан цуцлагдлаа Сумдын "Хамтарсан баг"-ийн гишүүдийг чадавхжуулав Үүрэн телефоны 5 дахь оператор "ОНДО" тусгай зөвшөөрлийн гэрчилгээгээ авлаа Инженерийн хангамж, үйлчилгээний байгууллагуудын шилдгүүд тодорлоо Тээврийн хэрэгслийг ачих журамд өөрчлөлт оруулна Ф0Т0: Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр Мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх сорил, сургалт дадлага эхэллээ
2021.07.03 10:07

“Болор цом”-ын эзэн О.Цэнд-Аюуш: Түмэн олондоо, эх орондоо л хамгийн сайн сайхныг хүсч шүлэг бичдэг дээ

Нийтлэлч: Өдрийн сонин

Монголын зохиолчдын эвлэл (МЗЭ)-ээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдагБолор цомнаадам энэ жилСүлдчуулгад болж өнгөрлөө. Тэгвэл оны шилдэг яруу найрагчийг тодруулах 38 дахь удаагийнБолор цомнаадам халдвар хамгааллын дэглэмийг сахин, үзэгчгүй зохион байгуулагдаж, хоёрдугаар шатанд шалгарсан 30 найрагч шүлгэн хүлгээ уралдууллаа. Өнөө жилийн наадмаар Монголын үндэсний олон нийтийн радиогийн редактор, яруу найрагч О.Цэнд-Аюуш түрүүлж, “Болор цом”-ын эзэн яруу найрагч М.Отгонбаяр аман хүзүүдэж, яруу найрагч С.Начин, Ч.Ууганбаяр, Д.Одгэрэл нар айргийн тавд орлоо.


Ингээд өнөө жилийнБолор цомнаадмын эзэн О.Цэнд-Аюуштай холбогдож цөөн хором ярилцлаа.

-Юуны өмнө танд баяр хүргэе...

-Баярлалаа.

-Таны хувьдБолор цомнаадамд тасралтгүй 12 жил оролцож байна. Олон ч удаа атгаад алдсан түрүүгээ энэ жил хүртлээ. Сэтгэл их хөдлөв үү?

-Би Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын хүн. Жирийн малчин ардын л хүүхэд. Учиргүй түмний манлайд гарчихсан юм биш ч гэсэн яруу найргийн энэ наадмынхаа манлай болсонд баяртай байна.Эх орон, Эрдэнэ хайрхан, ижийдээ баярлалаа. Зээ хүүгээ арагт үүрч өсгөсөн эмэг ээждээ баярлалаа. Тал нутгийн хоньчин хүүг "Болор цом"-ын эзэн болгосон та бүхэнд баярлалаа.

-Жилээс жилдБолор цомнаадмын оролцогчид залуужиж байна. Энэ бас л нэг шинэ өнгө төрх, үзэгдэл биз?

-Энэ жил залуучууд их түрлээ. Цар тахалтай үе ч таарлаа. Үүгээрээ өмнөх жилүүдээс онцлог байлаа. Залуучууд их сайхан оролцлоо. Цаг хугацаа гээч агуу юм байна. Энэ утгаараа сүүлийн үед залуучууд маань яруу найргийн энэ сайхан наадамд хүчтэй түрж орж ирж байна. Үүнийг дунд үеийнхэн маань ч хүлээн зөвшөөрч байгаа болов уу гэж би бодож байна. Өмнөх үе үеийн ах эгч нартаа, монгол түмэнд амар амгаланг, залуучууддаа амжилт бүтээлийг ерөөе өө.

-Үе үеийн яруу найрагч шүлэг, найргаараа дамжуулж нийгэмдээ үзэл бодлоо илэрхийлдэг, шүүмжилдэг. Өөрийн дотоод мэдрэмжийг шүлгээр дайдаг. Таны хувьд шүлгээрээ юу илэрхийлэхийг зорьдог вэ?

-Заримдаа яруу найргаар үнэн мөнийг, бодит амьдралыг илэрхийллээ гэдэг. Үнэн л энэ юм чинь үнэнийг л өгүүллээ гэдэг. Шүлгээр дандаа үнэнг хайж олдоггүй юм аа. Шүлгээр гоо сайхныг хайж олдог байх гэж би боддог шүү. Би түмэн олондоо, эх орондоо л хамгийн сайн сайхныг хүсч шүлэг бичдэг дээ. Та бүхэнд сайн сайхныг ерөөе.

-Таны наадмын түрүүг авсанЦасан шуургахэмээх шүлгийг гүн утга агуулгатай шүлэг гэж байхад өөр нэг хэсэг тааруу илэрхийлэлтэй ч гэж л байна. Та энэ шүлгээрээ юу өгүүлэхийг хүсэв?

-Янз янзын хувьсгал, улс төр зэрэг олон юм бодоогүй ээ. Зүгээр л энэ хаврын карантинтэй өдрийн хаа нэгтээ айхавтар цасан шуурга тавихад л...

Орхиод явсан амраг чинийхээ араас

Орчлон хорвоо сүйрч байна... гэж бичмээр санагдаад л бичсэн. Тэрийгээ “Болор цом”-ын тайзнаа уншмаар санагдаад л уншсан. “Хүннү хүн” шүлэг ч гэсэн миний л дотоод сэтгэл, илэрхийлэл. Саяхан л тэрлэсэн. Чиний дотор, миний дотор Хүннүгийн ард түмний яс янгинаж, цус буцалж, мах шархирч байдаг юм байна аа л гэж би бодсон юм. Би цэнгэлийн манлайд хүрээгүй ээ. Угаасаа тийм бодол санаа ч алга. Ерөөсөө цэнгэлийн манлайд хүрнэ ч гэдэг холын зүйл байх. Яахав загнуулж, аргадуулаад л явна даа.

-“Хүннү хүншүлгийнхээ тухайд. Үгийн урнаар хэлхэгдэж буй энэ шүлэг яруу найраг оюун санааны хувьд уншигч түмэнд чухам юу өгдөг бол. Бид сэтгэлийн таашаал гэж их ярьдаг шүү дээ?

-Би өөртөө томдсон гэмээр нэг үг хэлчихье. Хүмүүсийн дагаж хуйлраад байгаа улс төр, нам эвсэл чинь аз жаргал өгдөггүй юм. Аз жаргал гэж ер нь энэ зарим хүмүүс юуг нэрлээд байна. Аз жаргал гэдэг чинь сэтгэлийн амар амгалан, сэтгэлийн амгалан тайвантай байхыг л хэлдэг гэж би боддог. Тэр сэтгэлийн жаргалтай, сэтгэлийн амгалантай хэдхэн хормыг танд өгч чадаж байвал энэ яруу найргийн буян байх. Тиймээс сэтгэлийн амар амгалан, жаргалангаа л бодоцгооё. Баярлалаа, та бүхэнд, эрүүл энхийг ерөөе.

Хүннү хүн

Хүннү хүний яс

Булшин дотор байхгүй

Хүмүүн болж төрсөн

Бидний дотор байна

Энэ л алтанхан ясыг бид

Хугарахад нь дуу алдан харамсаж

Хавталзахад нь дуугаа хураан гэмшиж

Халахад нь инээд алдан баярлаж

Хөрөхөд нь эмгэнэн гашууддаг аа

Хүннү хүний цус

Цагаан хэрмэн дээр байхгүй

Хүн болж төрсөн бидний

Улаан бие дотор байна

Энэ л ариухан цусыг бид

Асгарахад нь нүд халтиран шимширч

Урсахад нь шүд зуун тэсч

Буцлахад нь эрт урьдын цаг шигээ болж

Бүлэгнэхэд нь эрт оройн дурсамж болдог оо

Хүннү хүний сэтгэл

Өөр хүнд үгүй ээ

Хүй цөглөж төрсөн бидний

Амин дотор байна

Энэ л сайхан сэтгэлийг бид

Гунихад нь нугаран унаж

Баярлахад нь сугаран ургаж

Асахад нь хүлэг мориндоо мордож

Амирлахад нь хөх тэргэндээ ачдаг аа

Хүннү хүний зүрх

Хүний, хүний энгэрт байхгүй

Хүйтэн, халуунд дассан

Бидний цээжинд байна

Энэ л алагхан зүрхийг бид

Цохилоход нь ээжийдээ ирж

Цочиход нь аавыгаа алдаж

Булгилахад нь амрагаа олж

Бууралтахад нь хорвоогоос буцдаг аа

Хүннү хүний дуу

Харийн хэлэнд байхгүй

Хүний л ээ үр болж төрсөн

Бидний л ээ хоолойд байна

Энэ л гунигтайхан дууг бид

Сонсохдоо зангиран хөндрүүрлэж

Аялахдаа ахыгаа санаж

Дуулахдаа алсыг харуулдаж

Дуусахад нь адуу тангаралдахыг үздэг ээ

Хүннү хүний зовлон

Хан улсын шар сударт байхгүй ээ

Хүч чадлаа алдаж яваа бидний

Гашуун нулимсан дотор байна

Энэ л мөнхийн зовлонг бид

Мөрнөөсөө мөр дамжуулан үүрч

Гарнаасаа, гар дамжуулан дүүрч

Бөхийсөн эцгээсээ өвлөн авч

Бөгтийхөөрөө хүүдээ өгдөг өө

Ай Хүннү хүн

Алаг морьдоо

Алтайн нуруунд орхисон

Ай Хүннү хүн

Хар морьдоо

Хангайн нуруунд орхисон

Ай Хүннү хүн

Хээр морьдоо

Хэнтийн нуруунд орхисон

Ай Хүннү хүн

Алдар суугаа

Монгол хүнд л орхисоон